| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Билгүүн |
| Хэргийн индекс | 192/2025/11512/И |
| Дугаар | 192/ШШ2026/00682 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2026/00682
2026 01 14 192/ШШ2026/00682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ............ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хороо, зүүн наран ........... тоот хаягт оршин суух, ............ ............... /РД:............/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хороо, зүүн наран ..........тоот хаягт оршин суух,.......... ................... /РД:................ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн .................... тоот хаягт байрлах, ................/........../-д холбогдох,
Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 76,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 3,600,000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 3,692,609 төгрөг, алданги 1,596,000 төгрөг, нийт 84,888,609 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............., өмгөөлөгч ................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .............. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь хариуцагчтай 2024 оны 3 сарын 21-ний өдөр “6 ээлж” дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу гүйцэтгэгчийн барьж буй Баянгол дүүрэгт байрлах Төгс хотхон орон сууцы хотхоны 6-р ээлж барилгын 16 давхар байрны .......... давхарт ............ тоот орон сууцны зориулалттай нийт 68.49 м.кв талбайтай 2 орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,800,000 төгрөгөөр тооцон нийт 191,772,000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар нийт 40,000,000 төгрөгт тооцон төлсөн. Тодруулбал, 5,000,000 төгрөгийг хариуцагч компани руу 2024 оны 3 сарын 21-ний өдөр шилжүүлж, 15,000,000 төгрөгт приус маркийн автомашин, Баянгол дүүргийн 10-р хороо, 10-138 тоот хаягт байрлах газрыг 20,000,000 төгрөгөөр зарж тус төлбөрийг хариуцагч компанийн ажилтан Ганцэцэгт бэлнээр хүлээлгэн өгсөн. Мөн гэрээ байгуулснаас хойш 2024 оны 4 сараас 2025 оны 10 сар хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөгийг төлж, нийт 76,000,000 төгрөгийг төлсөн. Ингээд гэрээний 1.2-т заасны дагуу гүйцэтгэгч нь орон сууцыг 2024 оны IV дүгээр улиралд багтаан барьж дуусган, хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд барилын явц 30-40 хувьтай байх бөгөөд хэзээ баригдаж дуусч, хүлээлгэн өгөх нь тодорхойгүй болсон. Энэ талаар барилгын компаниас нь тодруулахад ямар ч үндэслэлтэй, албан ёсны хариу хэлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд бид гэрээгээр тохиролцсон үүргийн дагуу сар бүр 2,000,000 төгрөгийг хугацаандаа төлж гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн. Гэтэл гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ ноцтойгоор зөрчсөн. Энэхүү үүргийн зөрчлөөс болж миний бие банканд их хэмжээний хүү болон түрээсийн төлбөрийн хохирол амссаар байна. Үүнийг тодруулбал: Орон сууц захиалгын гэрээний урьдчилгааг бүрдүүлэхийн тулд нэхэмжлэгч.................... нь банкнаас цалингийн зээл авсан байсан бөгөөд үүний 5,000,000 төгрөгийг хариуцагч компанид төлж, 15,000,000 төгрөгийг өөрийн дүү ......... шилжүүлж,................ Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг барилгын компанид шилжүүлэн өгсөн. Иймд 20,000,000 төгрөгийн банкны хүү нь өнөөдрийн байдлаар 3,692,609 төгрөг болсон. Нэхэмжлэгч нар гэрээ байгуулах үед амьдарч байсан хашаагаа 20,000,000 төгрөгөөр бусдад худалдаж, уг мөнгийг бэлнээр компанийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Бид хашаагаа зарснаас хойш 2024 оны 3 сараас эхлэн одоогийн амьдарч байгаа хашаа байшинг нэг сарын 200,000 төгрөгөөр түрээслэж байгаа бөгөөд 2024.04-2025.10 сар хүртэл 18 сарын хугацаанд түрээсийн төлбөрийн зардалд нийт 3,600,000 төгрөг төлөөд байна. Мөн гэрээний 5.5-д заасны дагуу 2024 оны IV улиралд орон сууцыг дуусгаж хүлээлгэн өгөх байсан ч түүнээс хойш хүлээлгийн 90 хоногийн хугацааг хасч 2025.04.01-2025.10.29-ний өдрийг хүртэлх хугацаа буюу нийт 210 хоногийг 76,000,000 төгрөгийн 0,01 хувиар тооцсон алданги болох 1,596,000 төгрөгийн (нэг өдрийн 7,600 төгрөг) алданги үүссэн байна. Мөн энэ хугацаанд нэхэмжлэгч Л................ миний бие ходоодны хорт хавдраар оношлогдсон бөгөөд БНСУ руу явж эмчилгээ хийлгэх шаардлага үүссөн. Ингээд барилгын компанийг гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул өөрийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тул хариуцагч компанитай байгуулсан гэрээг цуцалж байгаа талаараа мэдэгдсэн. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор талууд гэрээ цуцалсан талаар баримт үйлдсэн бөгөөд (надад тэрхүү баримтын хувийг өгөөгүй компани өөртөө авсан) өнөөдрийг хүртэл төлсөн нийт 76,000,000 төгрөгийг маань бөөнд нь нэг дор гарган өгөх боломжгүй гэх тайлбарыг хэлж байгаа тул шүүхэд хандаж гаргуулахаас өөр аргагүй байна. Хариуцагч нь шүүхийн мэдэгдэх хуудсыг авсан атлаа ирээгүй тул шүүхээс албадаж ирүүлсэн байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд мөн л ирээгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Л................ийн хувьд эрүүл мэндийн шалтгаантай учраас өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа тухайгаа шүүхэд бичиж ирүүлсэн байгаа. Иймд хариуцагч компаниас орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 76,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 3,600,000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 3,692,609 төгрөг, алданги 1,596,000 төгрөг, нийт 84,888,609 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2025 оны 12 сарын 18-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч нараас Орон сууц захиалан бариулах гэрээ /хэргийн 5-7-р тал/, төлбөр төлөлтийн хуваарь /хэргийн 8-р тал/, түрээсийн гэрээ /хэргийн 9-10-р тал/, ............. шилжүүлгийн мэдээлэл /хэргийн 12-16, 21-38-р тал/, ............. дансны хуулга /хэргийн 17-18-р тал/, цалингийн зээлийн гэрээ /хэргийн 19-20-р тал/, шинжилгээний баримтууд /хэргийн 39-41-р тал/,
хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлж оролцох итгэмжлэл /хэргийн 55-56, 62-р тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ................, ........... нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 76,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 3,600,000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 3,692,609 төгрөг, алданги 1,596,000 төгрөг, нийт 84,888,609 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд үндэслэлээ “...орон сууц захиалгын гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлж байсан, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг гэрээгээр тохиролцсон хугацаанд ашиглалтад оруулж хүлээлгэж өгөөгүй, бид урьдчилгаа төлбөр төлөх гэж өөрсдийн амьдарч байсан хашаагаа зарсан, мөн цалингийн зээл авч өгсөн, эрүүл мэндийн шалтгааны улмаас гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж хариуцагчид мэдэгдэж гэрээг цуцалсан тул дээрх төлбөрүүдийг гаргуулна...” гэж тодорхойлжээ.
3. Шүүх хариуцагчийг дуудан ирүүлж нэхэмжлэлийн хувийг гардуулахаар 2025 оны 11 сарын 07-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлснийг 2025 оны 11 сарын 12-ны өдөр хариуцагч компанийн ажилтан хүлээн авсан /хэргийн 46-р тал/, мөн тус компанийн ................... дугаарын утсаар мэдэгдсэн боловч товлосон хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй тул шүүх 2025 оны 11 сарын 25-ны өдрийн 50423 дугаартай захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулан хариу тайлбар ирүүлэх хугацааг 2026 оны 01 сарын 01-ний өдрөөр тогтоосон боловч дээрх хугацаанд хариуцагч нь хариу тайлбараа өгөөгүй. Тус өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Мөн дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу шийдвэрлэсэн болно.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч нар нь хариуцагч .............. 2024 оны 3 сарын 21-ний өдөр №6-ээлж дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, гүйцэтгэгч компанийн барьж буй төгс хотхон орон сууцны .................. тоотод байрлах, 26,7+41,79=68,49 м.кв талбай бүхий 2 орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,800,000 төгрөгөөр тооцож, нийт 191,772,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцжээ.
4.2. Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нар нь урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг бэлнээр, 15,000,000 төгрөгт тээврийн хэрэгсэл, 2024 оны 3 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч ............ Худалдаа хөгжлийн банкны ............... тоот данснаас 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, 2024 оны 4 сарын 24-ний өдрөөс 2025 оны 9 сарын 26-ны өдөр хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөг, нийт 76,000,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан орон сууц ашиглалтад орохоос өмнөх төлбөр төлөлтийн хуваарь, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Тодруулбал, дээрх хуульд заасныг үндэслэж талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээгээр хариуцагч ..................... нь Төгс хотхон орон сууцны 6-р ээлж 16 давхар байрны 14 давхрын ........... байрлах 68,49 м.кв талбайтай 2 орон сууцыг өөрийн материалаар барьж, ажлын үр дүн буюу орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нар нь захиалсан орон сууцны төлбөрийг тогтсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
6. Хариуцагч нь дээрх гэрээний дагуу баригдах орон сууцыг 2024 оны 4-р улиралд багтаан зураг төслийн дагуу техникийн шаардлагыг бүрэн хангасан материалаар Монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм, дүрэм, стандартын дагуу барьж ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр талууд хугацаагаа тохиролцжээ.
7. Талууд Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно...” гэж заасны дагуу ажлын үр дүн болох орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх хугацааг 2024 оны 4-р улиралд гэж тохиролцсон боловч хариуцагч компани нь дээрх хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөөгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн байна.
8. Нэхэмжлэгчийн зүгээс “...хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц 30-40 хувьтай байгаа бөгөөд хэзээ дуусч хүлээлгэн өгөх нь тодорхойгүй болсон..., бид хуваарийн дагуу төлбөрийг 2025 оны 9 сарын 26-ны өдөр хүртэл төлсөн..., хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй талаараа хариуцагчид мэдэгдэж, гэрээ цуцалсан талаар талууд баримт үйлдсэн...” гэж тайлбарлан, хариуцагч нь орон сууцыг тохиролцсон хугацаанд хүлээлгэж өгөх гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах болсон гэж үндэслэлээ тайлбарлажээ.
8.1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “...Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй...”, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “...Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй...” гэж заасны дагуу дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нар нь гэрээг цуцлах эрхтэй байна.
8.2. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагчийн хүлээх гол үүрэг нь ажлын үр дүн буюу орон сууцыг гэрээгээр тохиролцсон хугацааны дотор барьж ашиглалтад оруулан, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх байсан бөгөөд хариуцагч нь 2024 оны 4-р улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нар нь ийнхүү гэрээг цуцлах эрхтэй.
9. Талуудын хооронд 2024 оны 3 сарын 21-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний 6.4 дэх хэсэгт “...орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх хугацаа 6 болон түүнээс дээш сараар хэтэрсэн тохиолдолд захиалагч гэрээнээс татгалзаж, үнийг алданги, учирсан хохирлыг хамт гаргуулна...” гэж талууд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах журмаа тохиролцсон байх бөгөөд гэрээ цуцалсантай холбоотойгоор орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн төлбөр болох 76,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
10. Нэхэмжлэгч нар нь тус гэрээний дагуу урьдчилгаа төлбөр бүрдүүлэх үүднээс өөрсдийн амьдарч байсан хашааг 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, 2024 оны 3 сараас хойш одоогийн амьдарч байгаа хашаа, байшинг сарын 200,000 төгрөгөөр түрээсэлж байгаа, мөн нэхэмжлэгч Н.Мөнхтуяа нь 2024 оны 3 сарын 21-ний өдөр 32,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, тус мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг нь орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд хэрэглэсэн гэх тайлбарыг гаргаж, түрээсийн төлбөрт 3,600,000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 3,692,609 төгрөгийг гаргуулна гэж мөн шаарджээ.
10.1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “...Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй...”, 227.3 дахь хэсэгт “...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно...” гэж тус тус заасан.
10.2. Хэрэгт авагдсан 2024 оны 3 сарын 21-ний өдрийн .............., ............... нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр 2 жилийн хугацаатайгаар Баянгол дүүргийн 10-р хороо, ЗН-11-79 тоот хаягт байрлах хашаа, байшинг нэг сарын 200,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байх бөгөөд түрээсийн төлбөрт 2024 оны 11 сарын 25, 2025 оны 01 сарын 25, 2025 оны 5 сарын 18, 2025 оны 7 сарын 23, 2025 оны 9 сарын 26-ны өдрүүдэд тус тус төлбөр төлсөн болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хэргийн 9-10, 12-16-р тал/
10.3. Мөн нэхэмжлэгч ............. нь 2024 оны 3 сарын 21-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж, 32,000,000 төгрөгийг, жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээ байгуулсан өдрөө 5,000,000 төгрөгийг хариуцагч компанид “................. 107, 108 toot” гэсэн утгатайгаар, 15,000,000 төгрөгийг “mashini une” гэсэн утгатайгаар ............ рүү тус тус шилжүүлжээ. /хэргийн 17-20-р тал/
10.4. Дээрх цалингийн зээлд авсан 32,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд хэрэглэсэн тул зээлийн хүүг жилийн 14,4 хувиар тооцож, зээл хаах хүртэлх хугацаагаар тооцоход 3,692,609.34 төгрөг болж байгаа гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа бөгөөд дээрх зээлийн мөнгө болон хашаа, байшин худалдсан төлбөр нь талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 3 сарын 21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээтэй холбоотой буюу орон сууц захиалан бариулах төлбөр бүрдүүлэхэд зарцуулагдсан, мөн уг гэрээнээс шалтгаалж нэхэмжлэгч нар нь түрээсийн төлбөр болон зээлийн хүү төлж байгаа болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн зөрчлийн улмаас орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдсантай холбоотойгоор түрээсийн төлбөр 3,600,000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 3,692,609 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт тус тус заасанд нийцнэ.
11. Нэхэмжлэгч нарын зүгээс гэрээний 5.5 дахь хэсэгт “...орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 90 хоногийн хугацаанд шилжих бөгөөд уг хугацаанаас хэтэрсэн тохиолдолд төлөгдсөн мөнгөн дүнгийн 0,01 хувийн алдангийг захиалагчид төлнө...” гэж тохиролцсоны дагуу 2025 оны 4 сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 1,596,000 төгрөгийг гаргуулахаар мөн шаардсан.
11.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “...Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ...” 232.4 дэх хэсэгт “...Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна...” 232.6 дахь хэсэгт “...Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ...” гэж тус тус заасан бөгөөд талууд гэрээний үүргээ биелүүлэх баталгаа болгож 5.5 дахь заалтаар гүйцэтгэгч нь 2024 оны 4-р улиралд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний дагуу төлөгдсөн төлбөрөөс 0,01 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
11.2. Талуудын дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгчийн тооцоолсон гэрээ цуцлан төлбөр гаргуулахаар шүүхэд хандсан хүртэлх хугацааны буюу 210 хоногийн алданги болох 1,596,000 төгрөгийн алдангийг гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор мөн хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
12. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 84,888,609 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 583,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 583,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ........ ХХК-аас 84,888,609 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................, ............ нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 583,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....... ХХК-аас 583,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................, ......... нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ .............