| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1274/Э |
| Дугаар | 1321 |
| Огноо | 2018-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 1321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б д холбогдох эрүүгийн 1806 06515 1577 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Б , /РД:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.А үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Э.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 автобусны буудлаас 500-ийн унаанд суугаад хутгийн орчим буугаад явж байхад хүүхэд тэвэрсэн 20 гаран насны согтуу залуу араас дуудаад дээшээ хүргээд өг гэж хэлсэн. Ард талд нь машинтай 2 эмэгтэй зогсоод машинд суулгах гээд байсан. Би цаашаа үргэлжлүүлээд алхаад явж байсан тухайн залуу намайг дахиад дуудахаар нь зогссон. Тэгтэл 20 орчим насны залуу хүүхдээ тэврээд хүрч ирээд дээш нь хүргээд өг гээд байхад яагаад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд чи хүүхэдтэй явж байж юу яриад байгаа юм гэж хэлсэн. Буцаж дээшээ алхахад араас 2-3 удаа дуудсан. Эргэж хартал хүүхдээ үлдээчихсэн ирээд чи ямар овоо пизда вэ гэж хэлээд нүүрэн тус газар 1 удаа цохисон. Дахиад цохих гээд дайрахаар доошоо суугаад тэвэрч газарт унагаасан. Босож ирээд нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Би дахин тэвэрч аваад доошоо тонгойход шар үстэй 20 орчим насны залуу цаанаас гүйж ирээд нүүрэн тус газар цохиж, өшиглөсөн. Цагаан цамцтай эмэгтэй ирж салгасан. Эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг авсан. Цаашид гомдол, санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-13 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн ¹9342 дүгнэлтэд “Э.А ийн биед хамар ясны хугарал, таславчийн хугарал гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 21 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.А үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.