Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

 

                                       Д.О, Б.Ө нарт холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

      Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

              прокурор Б.Ануужин,

              хохирогч Б.Б,

              хохирогч, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нар /цахимаар/,

               шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нарыг оролцуулан,

           Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж шийдвэрлэсэн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ануужингийн эсэргүүцэл, хохирогч Б.Б гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.О, Б.Ө нарт холбогдох 2417001310065 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 19 оны - дүгээр сарын -ны өдөр Дундговь аймгийн - суманд төрсөн, - настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргаа удирдлагын менежмент мэргэжилтэй, “-” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, С дүүргийн - дугаар хороо, - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгүүлж байсан Б овогт Д О.

            Монгол Улсын иргэн, 19 оны - дүгээр сарын -ны өдөр Дундговь аймгийн Д суманд төрсөн, - настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх Г овогт Б Ө.

             Яллагдагч Б овогт Д О нь Б.Ө бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А0102 дугаартай авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах албан үүрэг гүйцэтгэж байсан аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б “цагдаагийн хэсгийн байранд очиж шалгуулах” тухай тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, хоолойг нь боох, газар унагах зэргээр биед нь халдаж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,

          яллагдагч Г овогт Б Ө нь Д.О бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А0102 дугаартай авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах албан үүрэг гүйцэтгэж байсан аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б “цагдаагийн хэсгийн байранд очиж шалгуулах” тухай тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, биеэрээ түлхэх, цохих зэргээр биед нь халдаж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,

          мөн 2025 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02-03 цагийн үед иргэн Ц.Ч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - тоотод байх гэрт хамтран амьдрагч Д.О “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь зүүн гуяны ар дунд хэсэгт цус хуралт, баруун гуянд, баруун шилбэнд зулгаралт, дээд уруулын дотор салстад өнгөц язрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Яллагдагч Д.О, Б.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч Б.Ө үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

           Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овогт Б Ө үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овогт Д О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г овогт Б Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Д.О, Б.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, ногоон өнгийн 1 ширхэг футболкыг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүгдэгч Д.О оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан шүүхийн шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, Б.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

           Хохирогч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор цагдаагийн албан хаагч гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүнийг шалгах саатуулах хохирол хор уршиг учруулахгүй байх зорилгоор албан үүргээ биелүүлж, хэрэв эсэргүүцэл үзүүлбэл аливаа этгээдийг зохих журмын дагуу албадлага хэрэглэх үед түүний гэр бүлийн гишүүн хамаарал бүхий этгээд, цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэх биед нь халдах үйлдлийг  гэмт хэрэг, зөрчил биш буюу зүй ёсны үйлдэл мэтээр дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн үеийг харуулсан энгэрийн камерын бичлэгт шүүгдэгч Б.Ө нь миний толгой хэсэг руу гараараа цохиж, түлхэж байгаа нь тодорхой харагдаж байхад, шүүх шүүгдэгч Б.Ө миний биед халдсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буруу байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Ө хувьд миний болон цагдаа Г.З хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад эсэргүүцэл үзүүлж болохгүйг сануулсаар байхад, өөрийн нөхөр Д.О цагдаагийн хэсгийн байр руу явуулахгүй байх, түүнтэй адил санаа зорилготой байсныг шүүх үнэлээгүй нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагдаагийн алба хаагчийн биед бүлэглэн халдсан үйлдэлд хариуцлагыг шударгаар оногдуулж өгнө үү гэв.

           Прокурор Б.Ануужин давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Шийтгэх тогтоолыг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн:

            Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бичсэн “...энэ үед эхнэр нь ирж миний толгой хэсэг рүү цохиж авсан би босож эхнэрийг нь хоёр гараараа хойш түлхэн та битгий миний биед халдаад бай гэхэд нөхөр Д.О нь босож ирэн намайг боож хавсарч унаган хоолой боосон...” гэх илтгэх хуудас 1-р хх-ийн 10-р хуудас,

         Гэрч Г.З “...Б нөгөө залууд мэх хэрэглээд гарыг нь ард нь гаргаад газар хэвтүүлээд хөдөлгөөнийг нь хязгаарлаад байж байхад нөгөө эмэгтэй нь дэслэгч Б толгой хэсэг рүү түлхэж хувцаснаас нь татсан...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 63-р хуудас,

            Хохирогч Б.Б “...Тэгээд байж байтал хамт явж байсан эмэгтэй нь ирээд чи болиоч гээд миний толгой хэсэг рүү цохиод хувцаснаас татаад босгосон...” мэдүүлэг 1-р хх-ийн 49-50-р хуудас,

           2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн “...Ө эргэн харж дэслэгч Б.Б татаж түлхэж байгаа харагдаж байх бөгөөд дэслэгч Б.Б Ө цааш түлхэв...” гэх тэмдэглэл 1-р хх-ийн 42-44-р хуудас,

           2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.З энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн “...Ө, Б араас очин нуруун хэсгээс нь хувцаснаас нь татах үед ...” гэх тэмдэглэл 1-р хх-ийн 40-41-р хуудас болон хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харуулсан цагдаагийн албан хаагч нарын энгэрийн камерын бичлэг /эд мөрийн баримтаар тооцсон сиди/ буюу шууд нотлох баримтаар шүүгдэгч Д.О согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх, шүүгдэгч Б.Ө тээврийн хэрэгслийн жолоо сольсон эсэхийг шалгахаар Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б зохих журмын дагуу шаардлага тавихад шүүгдэгч Д.О шалгуулахаас татгалзаж эсэргүүцэл үзүүлэхэд зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б түүнийг авч явахаар албадлагын арга хэмжээ хэрэглэх явцад нь Д.О хамтран амьдрагч Б.Ө нь тухайн албадлагын арга хэмжээг таслан зогсоохоор хохирогч Б.Б толгойн тус газар гараараа цохих, биеэрээ түлхэх зэргээр хүч хэрэглэсэн нь эргэлзээгүй тогтоогдсон.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж гэмт хэрэгт хамтран оролцох талаар хууль зүйн ойлголтыг хуульчилж өгсөн ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж заасан. Шүүгдэгч Б.Ө, Д.О нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тухайн цаг үед буюу 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үйлдлээрээ санаатай нэгдэж, шүүгдэгч Д.О нь цагдаагийн хэсгийн байранд очиж шалгуулахгүй байх, яллагдагч Б.Ө нь шүүгдэгч Д.О цагдаагийн хэсгийн байранд очиж шалгуулахгүй байх, цагдаагийн албан хаагчдыг албадлагын арга хэмжээ хэрэглүүлэхгүй байх зорилгоор шүүгдэгч нарын хэн аль нь хохирогч Б.Б биед хүч хэрэглэсэн нь тогтоогдож байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон яллагдагч Б.Ө хохирогч Б.Б цохих, түлхэх зэргээр идэвхтэй хүч хэрэглэсэн үйлдэл, үйл баримтыг нотлох баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн үндсэн шинж нь “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн...” шинжтэй бөгөөд тус гэмт хэргийн хамгаалагдсан ашиг сонирхол нь нийтийн албаны хууль ёсны ашиг сонирхол, хууль сахиулах албан хаагчийн хэвийн үйл ажиллагаа, халдашгүй байдал байдаг. Хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож цохих, зодох, түлхэх гэх зэргээр хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илрэх ба шүүгдэгч Б.Ө нь албан томилгоо, хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан хохирогч Б.Б толгойн тус газар гараараа цохих, биеэрээ түлхсэн үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн шинжтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Ө, Д.О бүлэглэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэж заасан үндэслэлд хамаарах буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл гаргасан гэв.

              Шүүгдэгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс намайг цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гээд шийдвэр гарсан байгаа. Миний хувьд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Б.Ө болохоор надтай бүлэглэж хохирогч Б.Б биед халдсан зүйл байхгүй. Энэ нь цагдаагийн энгэрийн камерын бичлэгээр нотлогддоггүй. Анхан шатны шүүхэд миний үйлдэлд хийсэн 5 видео бичлэг байсан. Цагдаагийн энгэрийн камерын бичлэгт бүгдийг нь бичсэн байдаг. Энэ дээр анхан шатны шүүх хангалттай нотлогдохгүй байна гэсэн шийдвэр гарсан. Б.Б, Г.З нар нь миний биед халдсан гэж мэдүүлээд байдаг болохоос биш тэр хүмүүсийн биед халдаж байгаа бичлэг байдаггүй гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

            1. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.

              2. Яллагдагч Б овогт Д О нь Б.Ө бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А0102 дугаартай авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах албан үүрэг гүйцэтгэж байсан аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б “цагдаагийн хэсгийн байранд очиж шалгуулах” тухай тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, хоолойг нь боох, газар унагах зэргээр биед нь халдаж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,

           яллагдагч Г овогт Б Ө нь Д.О бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А0102 дугаартай авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах албан үүрэг гүйцэтгэж байсан аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б “цагдаагийн хэсгийн байранд очиж шалгуулах” тухай тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, биеэрээ түлхэх, цохих зэргээр биед нь халдаж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,

           мөн 2025 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02-03 цагийн үед иргэн Ц.Ч Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар баг, - тоотод байх гэрт хамтран амьдрагч Д.О “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь зүүн гуяны ар дунд хэсэгт цус хуралт, баруун гуянд, баруун шилбэнд зулгаралт, дээд уруулын дотор салстад өнгөц язрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.О, Б.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

             3. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Ө холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  үйлдлийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч  Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

               4. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокуророос “... шүүгдэгч Б.Ө нь тухайн албадлагын арга хэмжээг таслан зогсоохоор хохирогч Б.Б толгойн тус газар гараараа цохих, биеэрээ түлхэх зэргээр хүч хэрэглэсэн нь эргэлзээгүй тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө, Д.О бүлэглэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” гэсэн, хохирогч Б.Б “... шүүгдэгч Б.Ө нь миний толгой хэсэг руу гараараа цохиж, түлхэж байгаа нь тодорхой харагдаж байхад, шүүх шүүгдэгч Б.Ө миний биед халдсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй  байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагдаагийн алба хаагчийн биед бүлэглэн халдсан үйлдэлд хариуцлага оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах эсэргүүцэл, гомдол  гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

                5. Шүүгдэгч Б.Ө цагдаагийн албан хаагчаас ямар нэгэн шаардлага тавиагүй, яллах дүгнэлтэд дурдсан “биеэрээ түлхэх, цохих” үйлдлийг хийгээгүй болох нь хэрэгт авагдсан камерын бичлэг, хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон ба анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж Б.Ө холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

               Тухайлбал, камерын бичлэгт цагдаагийн албан хаагч Б.Б нь, Б.Ө хамтран амьдрагч Д.О хүзүүн дээр нь өвдөглөж суусан, Д.О  “ёо ёо” гэх дуунаар Б.Ө “хүн аллаа” гэж хэлээд хувцаснаас нь татсан үйлдэл хийсэн нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

             6. Харин шүүгдэгч Д.О нь, хохирогч Б.Б биед нь халдаж хүч хэрэглэсэн үйл баримт нь Б.Ө нь “...хүн аллаа” гэж хэлээд Б.Б нуруун хэсгээс нь хувцаснаас нь татах үйлдэл хийхэд Б.Б зөрүүлээд түүнийг түлхэсний дараа “миний эхнэрийг зодлоо” гэж хэлээд хавирч унагасан болох нь камерын бичлэг болон бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

             Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-т зааснаар “цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн” тохиолдолд биеийн хүч хэрэглэж болно. “Биеийн хүч хэрэглэх” гэдэг нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар “цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг” хэлдэг

             Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Цагдаагийн албан хаагч Б.Б нь, шүүгдэгч Д.О цагдаагийн алба хаагчийн зогсох дохиогоор зогсоогүй үндэслэлээр араас нь машинаараа хөөж зогсоон, цагдаагийн хэлтэст очиж шалгуулах шаардлагыг тавьж, улмаар биеийн хүч хэрэглэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д заасантай нийцэх боловч ийнхүү хуульд заасан албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хуулийн нийтлэг шаардлага болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмыг баримтлаагүй байна.  

             Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар “...жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бусад холбогдох бичиг баримтыг ...нягталж, ...шалгана”, 32 дугаар зүйлийн 32.1.3-т зааснаар “...согтуурсан эсэхийг нь зориулалтын тусгай хэрэгслээр шалгаж тогтоох”, 48 дугаар зүйлийн 48.1.1-д “зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх”, 48.1.2-т “нэн тэргүүнд хэрэглэхгүй байх”, 48.1.3-т “тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх”, 48.2-т “Албадлагын арга хэмжээг бусдыг гутаан доромжлох, залхаан цээрлүүлэх, шийтгэх зорилгоор хэрэглэхийг хориглоно”, 48.6-д “Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг шууд хэрэглэхээр хуульд зааснаас бусад тохиолдолд урьдчилан сануулж, хууль ёсны шаардлагыг биелүүлэх хангалттай хугацаа олгоно” гэснийг баримтлаагүй, мөн дээрх журмын 2.24.1-д зааснаар “харилцааг эхлүүлэхдээ Амрыг эрье, Би ... /албан тушаал, нэр, цолоо хэлэх/“ гэж танилцуулах харилцааны зааврыг мөрдөөгүй байна.

             Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/244/, А/102 тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан хаагч, биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ын 2.1-д зааснаар ...үйл явдал өрнөж байх цаг мөчид өөрийн ойлгож үнэлсэн хүчин зүйлс, тухайн нөхцөл байдалд тохируулан биеийн хүч хэрэглэх замаар гэмт этгээдийг хяналтдаа авах зорилгоор биеийн хүч хэрэглэх бөгөөд 2.4-т зааснаар алба хаагч гэмт этгээд хоёрын хоорондын харьцааг илэрхийлэх хүчин зүйл /нас, хүйс, биеийн хэмжээ, эсэргүүцэл үзүүлэх чадвар, гэмтэл, хүний тоо/, биеийн хүч хэрэглэх шаардлагатай болсон нөхцөл байдал, өөр сонголт хийх боломж,тухайн хүний үйлдсэн зөрчлийн шинж, учруулж болзошгүй хор хохирол гэх мэт хүчин зүйлийг харгалзах байтал тухайн нөхцөл байдалд тохирсон, бодитой дүгнэлт хийлгүй, үйл явдлын эхний шатанд Д.О зүгээс ямар нэгэн эсэргүүцсэн үйлдэл хийгээгүй байхад илтэд дээрэнгүй, түрэмгий хандаж, машины түлхүүрийг нь булааж авч, шууд машинаас нь татаж буулган биеийн хүч хэрэглэсэн болох нь камерын бичлэгээс тодорхой харагдаж байна.

                  Иймд, цагдаагийн албан хаагч хуульд зааснаар биеийн хүч хэрэглэсэн нь үндэслэлтэй боловч анхан шатны шүүх, шүүгдэгч Д.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан гэмт хэрэг гарахад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл” нөлөөлсөн байдлыг харгалзан үзээгүй байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч Д.О оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил болгон хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

              7.  Шүүгдэгч Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй байна.

           8. Харин хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Г.Ц оролцуулахаар томилсон байх боловч анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

             Иймд, иргэний нэхэмжлэгчийн зүгээс хохирогч Д.О эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 35,396 төгрөгийг нэхэмжлэхдээ ирүүлсэн нотлох баримт /2 хх-ийн 075/ нь гэмт хэрэг гарахаас өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зардал байгаа нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх шаардлагыг хангахгүй байх тул шийтгэх тогтоолд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж өөрчлөлт орууллаа.  

          9. Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулсан өөрчлөлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хамаарна.

       10. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн шүүгдэгчийн биеийн байцаалтад шүүгдэгчийн ял шийтгэлийг хуульд зааснаас өөрөөр “450,000 нэгжтэй тэнцэх ..., 850,000 нэгжтэй тэнцэх ...” гэж буруу бичсэн, мөн шийтгэх тогтоолын индексийн дугаарыг “ 2024 ...” гэж  алдаатай бичсэнийг анхааруулж, зөвтгөх нь зүйтэй байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

               4, 10  дугаар заалтын “... 2 /хоёр/...” гэснийг “...1 /нэг/...” гэж,

            8 дугаар заалтыг “... Д.О, Б.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь шүүгдэгч Б.Ө Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.НАРАНЧИМЭГ

                                      ШҮҮГЧ                                                 Д.МӨНХБҮРЭН

                                      ШҮҮГЧ                                                 О.ОДНЯМАА