Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00427

 

                                                        СВС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01235 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : СВС ХХК

Хариуцагч : Вагнер ази автомотив ХХК

Үндсэн нэхэмжлэл:  55.000.000 төгрөг гаргуулах  

Сөрөг нэхэмжлэл: 110.797.500 төгрөг гаргуулах 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Манай компани нь хариуцагч Вагнер ази автомотив ХХК-иас 2014.5.15-ны өдөр Дисковери 4 маркийн автомашиныг худалдан авах гэж гэрээ байгуулсаны дагуу автомашины урьдчилгаа 55 сая төгрөгийг 2014.5.14-ний өдөр шилжүүлсэн юм. Манай компанид өнөөдрийг хүртэл автомашин ирээгүй байх тул бидний урьдчилгаанд төлсөн 55 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манай компани нь СВС ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр WF-1269 тоот Автомашин худалдах-худалдан авах гэрээг байгуулж, Их Британи Улсад үйлдвэрлэсэн, SАLLАААF6ЕА703352 арлын дугаартай, 2014 оны хар өнгөтэй Дисковери 4 автомашиныг худалдсан. Тус гэрээнд зааснаар дээрх автомашины нийт үнэ 128.865.000 төгрөг, гэрээний 2.1.1-д зааснаар нийт төлбөрийн 43 хувь буюу 55.000.000 төгрөгийг худалдагч талд төлөх бөгөөд энэхүү төлбөрийг төлснөөр худалдан авагч талд гэрээний зүйлийг хүлээн авах эрх үүсэх, мөн гэрээний 2.1.2-т зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 57 хувь буюу 73.865.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хүүгүйгээр Хавсралт 1-д заасан хуваарийн дагуу худалдагч талд төлөхөөр тохиролцсон. Тухайн өдөр буюу гэрээ байгуулагдсан 2014.5.15-ны өдөр СВС ХХК-ийн захирал А.Билгүүнд манай компанийн худалдааны төлөөлөгч уг автомашиныг Автомашин хүлээлцэх хуудсаар шалган баталгаажуулж хүлээлгэн өгсөн. Тус компани нь уг автомашиныг хүлээн авснаас хойш 1 жил гаруй хугацаанд унаж ашиглаж байсан төдийгүй гэрээний хугацаа дуусахад гэрээний үлдэгдэл төлбөр болох 73.865.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Ингээд манай компанийн зүгээс уг автомашиныг 2015.6.26-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдөж гэрээний үүрэг биелэгдэх хүртлэх хугацаанд түр буцаан авснаар манай компанид хадгалагдаж байгаа гэжээ.

 Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээнд зааснаар автомашины нийт үнэ 128.865.000 төгрөг, гэрээний 2.1.1-д зааснаар нийт төлбөрийн 43 хувь буюу 55 сая төгрөгийг худалдагч талд төлөх бөгөөд энэхүү төлбөрийг төлснөөр худалдан авагч талд гэрээний зүйлийг хүлээн авах эрх үүсэх, мөн гэрээний 2.1.2-т зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 57 хувь буюу 73.865.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хүүгүйгээр Хавсралт 1-д заасан хуваарийн дагуу худалдагч талд төлөхөөр тохиролцсон. Тухайн өдөр буюу гэрээ байгуулагдсан 2014.5.15-ны өдөр СВС ХХК-ийн захирал А.Билгүүн манай компанийн худалдааны төлөөлөгчөөс уг автомашиныг "Автомашин хүлээлцэх хуудсаар шалган баталгаажуулж хүлээн авсан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2-т заасан үлдэгдэл төлбөр төлөх хугацаа буюу 2014.8.15-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 73.865.000 төгрөг төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн учир СВС ХХК-д 2015.8.19-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт 2015.8.26-ны дотор төлж барагдуулах, төлбөрүүдийг дурдсан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд автомашиныг 2015.8.26-ны өдрөөс эргүүлэн татах болохыг мэдэгдэж №15/08-07 тоот албан бичиг хүргүүлсэн. Гэтэл СВС ХХК-ийн зүгээс дурдсан хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, төлж барагдуулах талаар санаачилга гаргахгүй байсан ба автомашиныг 1 жил гарангын хугацаанд унаж ашигласан тул манай компанийн зүгээс уг автомашиныг 2015.8.26-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдөж гэрээний үүрэг биелэгдэх хүртлэх хугацаанд түр буцаан авснаар манай компанид хадгалагдаж байгаа болно. Мөн тус гэрээний 2.3-т худалдан авагч тал нь гэрээний 2.1.2-т заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнгээс 0.3 хувийн алдангийг худалдагч талд төлнө гэж үүрэг хүлээсэн. Иймд хариуцагч СВС ХХК-иас автомашин худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 73.865.000 төгрөг, алданги 36.932.500 төгрөг, нийт 110.797.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01235 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д заасныг баримтлан  Вагнер ази автомотив ХХК-иас 55 сая төгрөг  гаргуулж СВС ХХК-д олгох, СВС ХХК-иас 110.797.500 төгрөг гаргуулах  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, SАLLАААF6ЕА703352 арлын дугаартай,  хар өнгөтэй Дисковери 4 маркийн 35-33УНИ улсын дугаартай автомашин Вагнер ази автомотив ХХК-д байгааг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид СВС ХХК-с  төлсөн 432.950 төгрөг, Вагнер ази автомотив ХХК-иас  төлсөн  711.940 төгрөг тус тус  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж улмаар Иргэний хуулийн 262, 264 дүгээр зүйлд заасныг баримтлаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдэл болж чадаагүй. Автомашин худалдах, худалдан авах гэрээний 2.1 дэх хэсгийн: "гэрээний зүйлийн нийт үнэ 128.865.000 төгрөг байна" гэсэн заалт, 2,1.2 дахь хэсгийн: "гэрээний зүйлийн үлдэгдэл төлбөрийг 3 сарын хугацаанд хүүгүйгээр төлнө" гэсэн заалт, 2.3 дахь хэсгийн: "...төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнгээс өдрийн 0.3 хувийн алданги төлнө" гэсэн заалт, 3.2.2 дахь хэсгийн: "худалдан авагч тал нь гэрээгээр тохирсон нөхцлөөр төлбөрөө төлөх үүрэгтэй" гэсэн заалт, 5.5 дахь хэсгийн: "худалдан авагч тал гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөхгүй хугацаа хэтрэх нь ...гэрээний зүйлийг буцаах үндэслэл болохгүй" гэсэн заалтаас үзэхэд энэхүү гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан "Худалдах, худалдан авах гэрээ" болох нь тодорхой байгаа юм. Автомашины төлбөрийн үлдэгдлийг төлөх хүртэл хугацаанд автомашиныг хадгалж буй үйлдэл нь Иргэний хуулийн 258.2 дахь хэсгийн: "худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй" гэсэн зохицуулалтад нийцсэн үйлдэл болно. Зөвхөн автомашин одоо худалдагчид хадгалагдаж байгаа гэдгийг татгалзал гэж шууд дүгнэж болохгүй бөгөөд "гэрээнээс татгалзаагүй" гэсэн худалдагчийн тайлбарыг анхаарах ёстой. Нөгөө талаас нэхэмжлэгч тал хүртэл худалдан авагч тал гэрээнээс татгалзаж автомашинаа буцаан авсан учраас түүний үр дагаварыг арилгуулж урьдчилгаанд төлсөн мөнгөө авмаар байна гэсэн маргаан гаргаагүй болохыг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Шинэ автомашинаа бүтэн жил гаран ашиглуулчихаад эцэст нь урьдчилгаанд төлсөн мөнгийг нь буцаан өгөхөөр болж байгаа шүүхийн энэхүү хууль бус шийдэл нь хэтэрхий шударга бус байгаагийн зэрэгцээ хууль хэрэглээний хувьд маш буруу практик тогтоох үр дагаварыг бий болгож байна. Магадгүй зохигчдын зүгээс "гэрээнээс татгалзсан эсэх, татгалзсаны үр дагаварыг арилгуулах эсэх" асуудлаар маргалдсан бол үүнд хамаарах хохирлын баримт нотолгоог бүрдүүлэн, мэтгэлцэх боломжийг олгох ёстой байсан. Мөн анхан шатны шүүх манай компанийн зүгээс худалдан авагчид хандан төлбөрөө төлөх талаар хүргүүлсэн албан шаардлагыг гэрээнээс татгалзсаны нотолгоо мэтээр үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь заалтыг зөрчсөн. 2. СВС ХХК-тай байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээ нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ. Иргэний хуулийн 243.1-т заасны дагуу 110.797.500 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

СВС ХХК нь Вагнер ази автомотив ХХК-иас автомашины урьдчилгаанд шилжүүлсэн 55 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. 

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа, СВС ХХК-иас 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “автомашин худалдах-худалдан авах” WF-1269 дугаар гэрээний үүрэг буюу SАLLАААF6ЕА703352 арлын дугаартай, хар өнгөтэй, Дисковери 4 автомашины үлдэгдэл төлбөр 73.865.000 төгрөгийг алданги 36.932.500 төгрөгийн хамт нийт 110.797.500 төгрөг шаарджээ. 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч хариуцагч гэрээнээс татгалзсан гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр  үлдээсэн байна.

 Вагнер ази автомотив ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбатын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Хоёр шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд нийцээгүй тул энэ тухай  гомдлоор шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулна. Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн хүүгийн хамт төлөх талаар тохиролцон, үүрэг хүлээнэ. СВС ХХК нь автомашины үнийг хэсэгчлэн төлөхөөр Вагнер ази автомотив ХХК-тай WF-1269 дугаар гэрээ байгуулахдаа  хүү төлөхөөр тохиролцоогүй тул зохигчид зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхгүй.  

 Талууд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн WF-1269 дугаар гэрээнд Их Британи Улсад 2014 онд үйлдвэрлэсэн, SАLLАААF6ЕА703352 арлын дугаартай, хар өнгөтэй Дисковери 4 маркийн автомашиныг худалдах, СВС ХХК нь 128.865.000 төгрөг төлөх талаар тохиролцсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар  зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. Худалдах-худалдан авах гэрээгээр талууд худалдсан эд хөрөнгийн үнийг төлөх хугацааг тусгайлан  тохиролцох боломжтой бөгөөд энэ нь Иргэний хуулийн 189, 208-р зүйлийг зөрчихгүй.

2.  Хариуцагч Их Британи Улсад 2014 онд үйлдвэрлэсэн, SАLLАААF6ЕА703352 арлын дугаартай, хар өнгөтэй Дисковери 4 маркийн автомашиныг худалдан авагчид хүлээлгэн өгсөн, СВС ХХК урьдчилгаа 55 сая төгрөг төлсөн боловч үлдэх мөнгийг төлөөгүйгээс худалдагч гэрээний зүйлийг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр буцааж авсан /хх 17/ буюу гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогджээ.

Худалдан авагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч  үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Хариуцагч автомашины үлдэгдэл 73.865.000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд автомашиныг буцааж авах тухай мэдэгдэж, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр  автомашиныг  буцааж авснаас хойш WF-1269 дугаар гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардсан баримт хэрэгт байхгүй тул Вагнер ази автомотив ХХК нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэж хоёр шатны шүүхийн дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Вагнер ази автомотив ХХК нь гэрээний зүйлийг буцааж авсан тул урьдчилгаанд авсан 55 сая төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх  үүрэг хүлээнэ.

Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т худалдагч тодорхой нөхцөлд эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах талаар зохицуулсан тул хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг  буцааж авсан тохиолдлыг үүнд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хангуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.   

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243, 205, 232-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хангах заалтыг шийдвэр болон магадлалд оруулж, бусад заалтыг нь хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “... 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1...” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 711.940 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ