Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 251

 

Ц.Ж, С.О нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай  

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1347 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 229 дүгээр магадлалтай, Ц.Ж, С.О нарт холбогдох 1802002530169 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1972 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Шаргалжуутийнхан овогт Цийн Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Сийн О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Жг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, шүүгдэгч С.Оийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ц.Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд төлөх,

шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд төлөхөөр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 400.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатар гаргасан гомдолдоо:

1.Ц.Ж нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт С.Оээс 100.000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч уг мөнгө нь “авилга” мөн эсэх нь дараахь нөхцөл байдлаар эргэлзээтэй байгаа юм.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол...” гэж хахууль авах гэмт хэргийн объектив талын шинжийг хуульчилж өгсөн байна. Прокурорын яллах дүгнэлтэд гэрч Дгийн мэдүүлэг, С.Оийн мэдүүлэг, ажилд авсан тушаал зэргээр нотлогдсон гэж үзсэн байна. Уг үйлдэлд Ц.Ж нь С.Оийг ажилд оруулах ашиг сонирхлын үүднээс ажилд оруулахын тулд хахууль өгөхийг шаардах, эсвэл нэхсэн, эцэст нь мөнгө авсан байх шаардлагатай юм. Ц.Ж нь С.О, Д нартай урьд нь өөр цэцэрлэгт хамтдаа ажиллаж байсан “найзын харьцаатай” бөгөөд 2017 онд 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажил хүлээн авах үед тус цэцэрлэг нь орон тоо дутуу байсан тул эхлээд Дг дуудаж “угаагчаар” ажилд авсан. 8 сард хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө эмч байхгүй байсан тул “шуурхай зар” сонинд “эмч болон өөр бусад ажилчин авах” талаар зар өгсөн боловч зарын дагуу эмчээр ажиллах хүн ирээгүй тул С.Оийг Дгээр дамжуулан дуудан ирүүлж, ажилд авсан талаар бүгд шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн юм. Мөнгө өгөхийг шаардсан талаар дан ганц Дгийн Авилгатай тэмцэх газарт өгсөн өргөдөл, мэдүүлэгт дурьдсан бөгөөд энэ талаар С.Оийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт "...мөнгө нэхсэн асуудал байхгүй, харин ч мөнгө өгөхөд эхлээд авахгүй гэсэн...” байгаа нь Ж мөнгө нэхсэн буюу авах сонирхол анхнаасаа байгаагүй болох нь харагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” гэж заасны дагуу “хахууль өгөхийг шаардсан” гэдэг нь дан ганц Дгийн мэдүүлгээр нотлогдох боломжгүй юм. Харин мөнгө өгсөн, авсан асуудал нь С.Оийн мэдүүлэгт дурьдсанаар “...баярласнаа илэрхийлээд өгсөн. Манай нөхөр баярлалаа гээд заавал өгөөрэй гэсэн юм...” гэсэн нь Хахууль уу? Бэлэг үү? гэдэг дээр дүгнэлт хийх шаардлагатай. Жгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт "...Д нь хажуунаас нь наад мөнгө аваад цэцэрлэгийн үйл ажиллагаандаа зарцуулчаач гээд байсан тул цэцэрлэгийн үйл ажиллагаа буюу хаалга авах, солиулахад зориулсан...” гэсэн бөгөөд энэ талаарх баримт материал болох хаалга худалдан авсан мөнгөний анхан шатны баримтыг хэрэгт гаргаж өгсөн байна. Мөн гэрчээр мэдүүлэг өгсөн ня-бо Нэргүй нь “...камер болон хаалга авах мөнгийг төсөвт байгаагүй учраас хандив, тусламжаар авсан...” гэсэн нь уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаагүй гэдэг нь тогтоогдож байгаа юм. Авилгын эсрэг хуулийн 3.1.1-д “...“авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох,... аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ...” гэж заасны дагуу хувийн ашиг хонжоо олох зорилгоор хахууль авах байтал Ц.Ж нь С.Оээс авсан мөнгийг нийтийн болон хүүхдийн эрх ашгийн үүднээс байгууллагтаа зарцуулсан үйлдэл нь “ХАХУУЛЬ” мөн эсэхэд эргэлзээтэй байгаа юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.1-д “...Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно...” гэж заасны дагуу Жгийн С.Оээс 100.000 төгрөг авсан нь захиргааны зөрчил байтал уг үйлдэлд Эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

2.Таас 300.000 төгрөг авсан гэдгийг Ж нь Авилгатай тэмцэх газарт анх мэдүүлэг өгөхөөр очих үед анх мэдсэн байна. Уг үйлдлийн талаар Дгийн мэдүүлэгт "...өгсөн байх гэж бодож байна...” гэсэн бөгөөд С.Оийн мэдүүлэгт “...Жг мөнгө нэхсэн. Ааваас нь аваад би өрөөнд нь оруулж өгсөн ...” гэсэн мэдүүлэгт үндэслэн прокуророос яллах дүгнэлт ирүүлсэн. Яллах дүгнэлтэд дурьдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтууд нь уг 300.000 төгрөгийг С.О нь Тын аав Боос авсан гэдгийг л нотолж байгаа бөгөөд уг мөнгийг Ж авсан гэдгийг нотолж чадахгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрч Б.Дгийн мэдүүлэг, шүүгдэгч С.Оийн мэдүүлгээр тогтоогдсон, тэдгээр мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй байна...” гэж дан ганц дээрх 2 хүний мэдүүлэгт үндэслэн Ц.Жг 300.000 төгрөг авсан үйлдлийг нотлогдсон гэж дүгнэсэн нь нотлох баримтыг бусад баримтуудтай харьцуулан шалгалгүйгээр шийдвэрлэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэхэд эргэлзээтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд 300.000 төгрөгийг С.О нь Тийн аав Боос өөрийн дансанд 2017 оны 10 сарын 23-нд авсан байх бөгөөд өөрийн данснаасаа 2017 оны 10 сарын 25-нд 250.000 төгрөгийг зарлагдаж авсан нь дансны хуулгаар тогтоогдсон юм. Гэтэл С.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй бөгөөд анх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Быг мөнгө шилжүүлсэн өдөр нь аваад Жд өгсөн...” гэсэн бол дансны хуулгаар 2 хоногийн дараа 250.000 төгрөг зарлагдсан болох нь тогтоогдсоны дараа өгсөн мэдүүлэгтээ “...өдрийг сайн санахгүй байна. Данснаас 250.000 төгрөг аваад, өөрөөсөө мөнгө аваад тэр өдөртөө Жд оруулж өгсөн. Би өдөрт болсон зүйлээ тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэдэг...” гээд тэмдэглэлийн дэвтрийн 1 ширхэг хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. Гэтэл уг дэвтэрт 2017 оны 10 сарын 26 гэсэн огноотой бичилт хийсэн байсан бөгөөд С.Оийн 2 удаагийн өгсөн мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадаагүй, худал мэдүүлэг тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Гэрч Б, Б нарын мэдүүлэг нь 300.000 төгрөгийг С.От өгсөн гэдгийг нотолж байхад мөнгө шилжүүлсэн баримт, дээрх гэрч нарын мэдүүлгийг Жг 300.000 төгрөг авсан гэдгийг нотолсон баримт гэж үнэлсэн нь нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд С.Оийг 300.000 төгрөгийг Боос “залилан мэхлэх” замаар авсан гэж үзэн яллагдагчаар татах саналыг прокурорт хүргэж байсан бөгөөд прокурорын зүгээс мөрдөн байцаагчийн саналыг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй байна.

Мөн тус шүүх хуралдаанаар С.Оийг хахууль өгсөн гэмт хэрэгт буруутайд тооцсон бөгөөд мөнгө гаргасан хүн нь Б байтал ямар баримтад үндэслэн С.Оийг хахууль өгсөн гэж дүгнэсэн талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдаагүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед С.О нь мэдүүлэг өгөөгүй, мөн “гэм буруугийн” талаар “маргахгүй” гэсэн бөгөөд хэрэв С.О нь “залилан мэхлэх” гэмт хэрэгт буруутгагдсан тохиолдолд 2 өөр зүйл ангиар ял шийтгэл, торгууль авч эрх зүйн байдал нь дордох тул ийм байр сууринаас шүүх хуралдаан дээр хандсан байх магадлалтай юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр С.Оийн нөхрийг гэрчээр асууж, Ц.Жд 100.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн талаар тодруулах, С.Оийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийлгэж тэмдэглэсэн зүйл нь үндэслэлтэй эсэхийг шалган тогтоолгох, мөн С.О, Т нарыг ажилд авсан тушаалаар өөр бусад 4 хүнийг ажилд авсан тул тэдгээр хүмүүсээс мэдүүлэг авч, мөнгө нэхсэн, авсан зүйл байгаа эсэх талаар тодруулах, цэцэрлэгт камер болон хаалга худалдан авсан талаар тодруулах зэрэг шүүх хуралдааны үед тогтоох боломжгүй асуудлаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэх талаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээн авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэн, хэргийг хэлэлцсэн асуудал нь хэргийн талаар үнэн зөв, бодитой дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэж байна.

Иймд дээр дурьдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1347 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 229 тоот магадлалыг хүчингүй болгож, Ц.Жг гэм буруугүйд тооцон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Ц.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар С.Оийг эмчээр ажилд авч албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнээс 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 100.000 төгрөгийн хахууль авсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар Б.Тийг туслах багшаар ажилд авахдаа тус цэцэрлэгт эмчээр ажиллаж байсан С.Оээр дамжуулан Б.Тийн аав Д.Боос хандив хэрэгтэй нэрийдлээр албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 300.000 төгрөгийн хахууль авсан, С.О нь Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт эмчээр ажилд орсны төлөө өөртөө давуу байдал бий болгох зорилгоор цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жд 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 100.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Ц.Ж нь 2 удаагийн үйлдлээр 400.000 төгрөгийн хахууль авсан, С.О нь хахууль өгсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон, түүнээс цааш гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө Ц.Ж нь хэрхэн юунд зарцуулсан асуудал нь гэмт хэргийн шийдвэрлэлт болон хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгах ажиллагааг бүрэн хийсэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгуулийн ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Ж, С.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.        

Шүүгдэгч Ц.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар С.Оийг тус цэцэрлэгийн эмчээр ажилд авч албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр С.Оээс 100.000 төгрөгийн хахууль авсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар Б.Тийг тус цэцэрлэгт туслах багшаар ажилд авч, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус цэцэрлэгт эмчээр ажиллаж байсан С.Оээр дамжуулан Б.Тийн эцэг Д.Боос хандив нэрээр 300.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч С.О нь Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт ажилд орсны төлөө өөртөө давуу байдал бий болгох зорилгоор цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жд 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 100.000 төгрөгийн хахууль өгсөн, мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Тийг туслах багшаар ажилд оруулсны төлөө Б.Тийн эцэг Д.Боос хандив нэрээр 300.000 төгрөг авч, уг мөнгийг Б.Тт давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жд хахуульд өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Жг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутайд тооцож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Оийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг харгалзан шүүгдэгч Ц.Жг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Оийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь шүүгдэгчийн нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Ц.Жг гэм буруугүйд тооцон цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг дараахь үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дгийн өгсөн “...Ц.Ж нь надад Оийг ажилд оруулж өгсний шовгорыг өгөөрэй, 300.000 төгрөг өг гэж байна лээ гэж хэлээрэй гэсэн. ...Ингээд О 2017 оны 10 дугаар сард миний хажууд “Миний дэлгүүр” дотор хамт явж байхдаа 100.000 төгрөгийг Ц.Жд ажилд авсанд баярлалаа гээд өгсөн... 5 ширхэг 20.000 дэвсгэртээр нийт 100.000 төгрөгийг авсан. Үүний дараа О нь хамаатныхаа Тунгалагийг туслах багшаар 2017 оны 10 дугаар сарын сүүлээр ажилд оруулахдаа Ц.Жд 300.000 төгрөгийг өгсөн талаараа хэлсэн...” гэх /1xx-11/,

гэрч Б.Бын өгсөн “...Үүнээс хойш 7-8 хоногийн дараа О нь Тийг цэцэрлэгт хандив өгч байгаа гээд би хэлчихсэн, та нар хандив өгөх шаардлагатай гээд ...300.000 төгрөгийг Оийн данс руу утасны интернет банкаар шилжүүлсэн...” гэх /1хх-14/,

гэрч Д.Бын өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажил дээр нь очиж уулзаад ...300.000 төгрөгийг мобайл банкаар дамжуулан шилжүүлсэн...” гэх /1-хх-15/,

гэрч Г.Нн өгсөн “...2017 оны 11 дүгээр сард 2 ширхэг вакум хаалгыг  шинээр хийлгэсэн. Ямар компаниас хаалга авсан, хэдэн төгрөгөөр хийлгэсэн талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх /1хх-182/,

шүүгдэгч С.Оийн өгсөн “...Би цэцэрлэгийн эрхлэгч Жд найзын хувиар 100.000 төгрөг өгсөн. Манай хамаатан Ту гэдэг хүүхдийг 80 дугаар цэцэрлэгт туслах багшаар оруулсан, үүний дараа Ж эрхлэгч 500.000 төгрөг өгөхийг шаардаад, дарамтлаад, ...би ганцаараа мөнгө авч байгаа юм уу, бүх цэцэрлэгийн эрхлэгч нар мөнгө авч байгаа ш дээ гээд уурлаад байхаар нь ...Бын данснаас миний данс руу орсон мөнгөнөөс 250.000 төгрөгийг аваад өөрийн түрийвчинд байсан 50.000 төгрөгийг нэмээд 300.000 төгрөг болгоод цэцэрлэгийн эрхлэгч Жд өрөөнд нь байхад нь өгсөн...” /1хх-212-213/ гэх мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Шүүгдэгч Ц.Ж нь цэцэрлэгийн хаалга солиулахад 100.000 төгрөгийг зарцуулсан тухай баримт гаргаж өгсөн нь /1хх-55-56/ нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1347 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 229 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Жгийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                  ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН   

                                                                                                                       Б.БАТЦЭРЭН    

                                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                                       Ч.ХОСБАЯР