Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0441

 

Г.З, Д.Д, Б.Н, А.Ж,

Д.М, Н.Э, Э.О, Б.Ч нарын

 итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Г.З, Д.Д, Б.Н, А.Жаргалсайхан, Д.М, Н.Э, Э.О, Б.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.З, Д.Д, Б.Н, А.Ж, Д.М, Н.Э, Э.От, Б.Ч нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаартай “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай”, А/437 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгчдэд хамаарах хэсгийг тус тус илт хууль бус актад тооцуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага захиргааны актын талаар үндэслэлгүй дүгнэлт өгч шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Тодруулбал:

1.    Нэхэмжлэгч тал Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжийн улмаас өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо зөрчигдсөн гэж үзээд шүүхэд 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, захиргааны акт түүний үндэслэлийн талаар шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт дүгнэхдээ зөвхөн маргаан бүхий актын үндэслэлд тусгагдсан хуулийн заалтуудыг бичээд “... засаг дарга хуулиар олгоогүй эрхийг эдэлж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй” гэснээс өөрөөр нотлох баримт, хууль зүйн хувьд ямар нэгэн дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Учир нь аливаа шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, үндэслэлтэй байх ёстой боловч анхан шатны шүүхийн шийдвэр энэ шаардлагад нийцээгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

2.    Захиргааны байгууллага захиргааны акт гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах ёстой бөгөөд хуульд заасан журам хэрхэн хэрэгжсэн, захиргааны акт гаргах болсон үндэслэл, түүнийг нотлох эх сурвалж болсон бичгийн нотлох баримтаар иргэн, хуулийн этгээдийн эрхэнд халдах үндэслэл бүрдсэн байсан эсэх зэрэг асуудлын талаар шүүх бүрэн дүүрэн нотлох ажиллагааг явуулах ёстой атал шийдвэртээ “...Хэрэв нэхэмжлэгчид хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хариуцагч тал тэдний нэхэмжлэлийг зөвшөөрөх байсан мэт, мөн хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байсан” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь мөн л ойлгомжгүй, үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хууль зүйн үндэслэлүүдийг няцааж чадаагүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар  эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” А/437, мөн өдрийн “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай” А/438 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт хамаарах хэсгийг илт хууль бус актад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

Гэтэл анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн зарим зүйл, заалтыг жагсаан бичээд “...Засаг дарга хуулиар олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан, хуулиар олгоогүй эрхийг эдэлж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт нь хуульд заасан журмыг захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гаргах хуулиар эрх олгоогүй байхад шийдвэр гаргасныг, мөн захиргааны акт нь хуульд үндэслэгдсэн байх, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байхыг ойлгохоор байна” гэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж заасан бөгөөд шүүх захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны эцэст хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх ёстой.

Мөн “Илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шинжүүдийн аль нэгийг агуулсан байхыг заавал шаарддаг.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шинжүүдийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөн байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт дүгнэхдээ зөвхөн маргаан бүхий актын үндэслэлд тусгагдсан хуулийн заалтуудыг л бичсэн, ойлгомжгүй дүгнэлт хийсэн” гэх гомдол үндэслэлтэй.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх зохицуулалт нь газар эзэмшиж, ашиглаж буй харилцаанд хэрэглэгдэх зохицуулалт байх бөгөөд харин газар өмчлүүлэх харилцаанд хэрэглэгдэх эсэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээр хангалгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд уг алдаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болох тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                 Н.ХОНИНХҮҮ

                               ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР