Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00445

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02342 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.С, хариуцагч “К” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 3 130 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, нэмэлт захиалга хийж тавилга зөөж угсруулсан болон материалын үнэ нийт 565 500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Мишээл төв дээр тус компанийн захиалгын байранд очиж үзээд гал тогооны тавилгыг яг энд үзүүлснээр ийм материалаар хийлгэвэл болох уу гэхэд болно гэсэн, захиалга миний үзсэн тэнд байгаа тавилга энэ материалаар хийгдэнэ гэж хэлсэн. Шар өнгөөр болно гэж надад тайлбарлаж өгсөн учраас би захиалгаа өгөөд 3 330 000 төгрөгөөр үнэ тохироод явсан. “К” ХХК-ийн дизайнер манайд 2017 оны 06 сарын 25-ны өдөр ирж хэмжээ аваад, газар дээр нь зургаа хийгээд, урьдчилгаа төлбөр аваад, 14 хоногийн дотор хийнэ гээд явсан. 2017 оны 7 сарын 10-ны өдөр тавилгыг угсраад зарим нэг түгжээ нугас дутуу гадаадаас ирнэ, ирэхээр нь наадам дөнгөж өнгөрөөгөөд угсарна гэж хэлээд дутуу орхиод явсан боловч ирээгүй. 2017 оны 08 сарын сүүлээр би өөрөө “К” ХХК-руу хэд хэдэн удаа ярьсан, аргаа бараад өөрөө очиж, үйлдвэрийн даргатай нь хоёр ч удаа уулзсан. Түгжээ нь байхгүй, хүлээгдэж байгаа гэж хэлсэн, түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн. Түгжээ нь 15, 16 ширхэг байхгүй. Анх цагаан түгжээгээр тохирсон, гэтэл саарал түгжээг түр тогтоолоо гэсэн, тэр нь үнэхээр муу амархан эвдэрдэг юм байна лээ. Энэ компани дэндүү хариуцлагагүй. Өөр компани 14 хоногийн дотор бүх зүйлээ хийгээд өгсөн. Эднийх хаалгыг далий угсарсан учраас хоорондоо үрэгдээд хаалганууд унаад байгаа. Дахиад шүрүүпдэх гэхээр өмнөх нүх нь онгорхой үлдэнэ. Аяга тавга хатаагч нь томдоод ил тавиад орхисон, энэ шургуулга дутуу ажиллагаагүй гал тогооны тавилгыг би огт хэрэглээгүй. Будаг үсэрдэг гэсэн бол би захиалахгүй байсан, дотор тал нь алаг цоохор шар будаг болсон. Нөгөө компани мөн адил шар будагтай хаалга ямар ч будаг цацруулахгүй хийж өгсөн. Цагаан түгжээ гэдэг нь бүдүүн цагаан түгжээ саарал гэдэг нь нарийхан саарал, бас тавцанг нийлүүлж наадаг гэсэн бол би бас захиалахгүй байсан. Хэрэг шийдвэрлэгдэж байх хугацаанд бид харилцан тохиролцоод би хамаатны дүүдээ үзүүлээд эднийх бүрэн болгож угсарч өгнө гэсэн тул энэ тавилгыг 7 давхраас 9 давхар луу зөөхөөр тохиролцоод эвлэрэхээр болсон. “К” ХХК-ийн 3 ажилтан ирсэн. Зөөх явцад хагархай тавцангаа соль гэж хэлсэн. Тэгээд цаасан дээр бичиж би няравтаа өгнө гэсэн. Шургуулганы унасан хаалга зэргийг 7 хоногийн дотор янзалж өгнө гэсэн. Бүгдийг нь салгаж аваад дахиад тааруулна гэж явсан ч холбогдоогүй. Тэр хугацаанаас нь хойш 4 сар болж байна. Иймээс төлсөн 3 130 000 төгрөг авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай хамаатны дүү тухайн тавилгыг авахаар надтай тохирсон боловч “К” ХХК-ийн гал зуухны тавилгыг гүйцээж өгөхийг хүлээсээр байгаад больсон. Далий угсрагдсанаас унасан хаалга шургуулга зэргийг боосон боолтыг тайлж аваад буцаагаад тэгшлэхийн тулд дахиад боохоор нүхнүүд гарна. Хагарсан тавцангаа солихгүй гэсэн учраас би “К” ХХК-тай эвлэрэх боломжгүй болсон учир гэрээнээс татгалзаж үндсэн гэрээний мөнгөө буцааж авна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: 2017 оны 06 сард Н.Саас захиалга авсан. Загварын байранд ирж бүх зүйлээ хараад захиалгаа өгсөн. Би ийм өнгө загвартай хийлгэнэ гээд зураглалаа гаргаж, 7 сард хүргэж өгөөд захиалагч маань өөрөө хүлээж аваад зөвшөөрсний үндсэн дээр төлбөрөө төлдөг. Тухайн үед түгжээ цагаан өнгөтэй нь тасраад саарал нь очсон. Тавилганд 2 жилийн баталгаа өгсөн. Энэ тавилга дээр гарч байгаа гэмтэл, тухайн үед хаалгаа солиулах талаар яриагүй. Нугас байхгүй байсан бол хаалга хаагдахгүй байх байсан. Манайх ашиглах бүрэн боломжтой тавилга хүлээлгэж өгсөн. Шургуулганы нүүр салж унах зэрэг эвдрэл гэмтэл гардаг. Тэрийг бол 2 жилийн дотор сольж өгдөг. Энэ тавилгад түгжээ дутуу байсан. Чулуун тавцан цуурсан байсан. Аяга хатаагч бэлгэнд өгдөг болохоор таарахгүй байсан. Хэрэглээний явцад гарсан гэмтлийг засварладаггүй. Хэрэглээгүй байж байгаад нүүлгэсэн бол бидний буруу байх байсан. Гэрээг бол 2 тал харилцан тохиролцоод хийсэн гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Иргэн Н.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 9 сард надтай яриад гал тогооны тавилгаа тус байрны 10 давхарт зөөгөөд суурилуулаад өгчих. Тэгээд энэ нэхэмжлэлээсээ татгалзаад эвлэрье гэхээр зөвшөөрөөд өөрийн компанийн ажилтан н.Наранбаатарыг явуулж 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 7 давхраас 3,5 м хэмжээтэй гал тогооны тавилгыг тус байрны 10 давхарт зөөж суурилуулсан. Гал тогооны тавилга суурилуулахыг Н.С нэмэлтээр захиалга өгсөн. Нэмэлтээр захиалсан хаалга нь будганд ороод гарахад 14-21 хоног шаардагддаг. Ингээд хаалга гарахад Н.С шүүх хурлаа зарлуулаад эвлэрхээ больсон. Манай компанийг дэндүү их хохироож байна. Иймд манай компанийн зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр маргааны зүйл болох гал тогооны тавилгыг 7 давхраас 10 давхар руу зөөж нүүлгэн суурилуулсан хөлс 280 000 төгрөг, 4 ширхэг хаалга 212 500 төгрөг, 10 ширхэг нугас 28 000 төгрөг, 3 ширхэг түлхдэг зам 45 000 төгрөг, нийт 565 500 төгрөгийг Н.Саас нэхэмжилж байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Талуудын хооронд гүйцэтгэсэн ажил талуудын тайлбар, гэрээний гол гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Гал тогооны тавилга доголдолтой тул хэрэглэх боломжгүй байгаад байна. Ажил гүйцэтгэгчийг доголдлыг арилгаж өгөх үүрэгтэй тул хүлээсэн, шаардсан. Доголдолтой бүх зардлыг хариуцах ёстой. Гэтэл сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй. Шаардлага хангахгүй. Захиалагчийн гомдлыг арилгах боломж байсан. Хугацаа хангалттай хэмжээнд олгосон. Энэ бүгд хангалттай хэмжээнд байхад доголдлыг арилгаагүй учраас гэрээнээс татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “К” ХХК-аас 2 850 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ст, гэрээний зүйл болох 3,5 м хэмжээтэй дутуу хийгдсэн гал тогооны тавилгыг “К” ХХК-д буцаан тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 280 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 285 500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65 030 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17 615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-аас 47 415 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд:

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ‘...ажил гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Үүний дагуу ажил гүйцэтгэгч болох “К” ХХК нь гал тогооны тавилгаа бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгсөн Нэхэмжлэгч Н.С гол тогооны тавилга хүлээн аваад авч өөрийн анх захиалсан түгжээг аваад очиход энэ түгжээ таалагдахгүй байна гээд өөр түгжээ санал болгож. үүний дагуу түгжээг өөрчлөхөөр үлдэгдэл 200 000 төгрөгийг төлөөгүй байдаг. Тухайн үед гал тогооны тавилга өөрийн захиалсан хэмжээ болон загварт таарч өөрөө хүлээн авсан баримт хэрэгт байгаа.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон хэмжээ таарахгүй байсан аяга хатаагчийг анхнаасаа Н.С захиалаагүй, түүнийг урамшуулал болгон гал тогооны тавилгад дагалдуулж өгсөн гэдгийг гэрч нар гэрчилсэн. Гал тогооны тавилгыг бүхэлд нь доголдолтой хүлээлгэж өгсөн гэж шүүх дүгнэсэн нь хэргийг бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж гомдолтой байна. Нэхэмжлэгч анх хэдэн ширхэг ямар түгжээ захиалснаа нотолж чаддаггүй. Мөн ямар аяга хатаагч захиалсан эсэхээ ч мөн нотолдоггүй, гал тогооны тавилга хүлээн авахдаа л түгжээ таалагдахгүй гэдэг мөн шинжээчийн дүгнэлтээр бүтэн жил хэрэглэсэн гал тогооны тавилгад хэрэглээний явцад хаалга унасан гэсэн байхад шүүхээс гал тогооны тавилгыг ашиглах боломжгүй гэж бүхэлдээ доголдолтой гэж үзсэн хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар нотлогдоогүй.

Шүүгээний 4 ширхэг хаалга дахин хийгдсэн гэх асуудал нь нэхэмжлэгч Н.С нь манай гал тогооны тавилыг манайхаас зөөвөрлөөд 9 давхрын байранд оруулаад угсраад өгчих, тэгээд шүүхийн асуудлаа дуусгая гэхээр түүний хэлснээр /2018 оны 9 сар буюу гал тогооны тавилга Н.Сын гэрт хэрэглэж эхэлснээс хойш 1 жилийн дараа болж байгаа / гал тогооны тавилгыг 9 давхарт болон Н.Сын дүү гэх Б Төгөлдөрийн гэрт зөөсөн, зөөж угсрах явцад Н.С 4 хаалга солиулах захиалга өгсний дагуу шинээр хийсэн.

 

Н Сүхбаатарын гомдлын гол шалтгаан нь е-баримт өгсөнгүй гэх шалтгаанаар манай байгууллагыг татвар болон бусад бүх холбогдох газраар шалгуулсан, түүнээс хойш манай ажилчдыг очихоор түгжээгээ хийлгэхгүй өдий хүрснийг гэрч гэрчилсэн. Тус гал тогооны тавилгыг Н.С 2017 оны 6 сарын 25-наас 2018 оны 9 сар хүртэл ашигласан үүнээс харахад Н.С гал тогооны тавилгыг ашиглаж хэрэглэсэн. Биет байдлын доголдолтой эсэхийг тогтоохын тулд эхлээд талуудын хоорондын тохиролцоог анхаарч үзэх хэрэгтэй. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо хэмжээ чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үрд дүнг биет байдлын доголдолгүй талаар заасан ба нэхэмжлэгч гал тогооны тавилгаа хэрэглэсээр ирсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа түгжээний чанарын талаар гэрээнд заасан зүйл байхгүй, угсралтын явцад чанар муу байна гэхээр л солиод өгч болно гэсэн. Түүнээс анхнаасаа ямар чанартай ямар улсад үйлдвэрлэсэн ямар маркийн түгжээ захиалснаа нотолж ч чаддаггүй. Зохигчдын хоорондын зориулалтын талаарх тохиролцоо бол гал тогооны тавилга, ажил гүйцэтгэгч нь үр дүнг зохих ёсоор бий болгох үүрэгтэй болохоос биш түүний хийсэн зүйл бүтээл нь түүний зорилгод нийцсэн байх албагүй нэхэмжлэгч Н.С чанарыг өөрөө сонгосон Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02342 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж,  зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3 130 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэмэлт захиалга хийж тавилга зөөж угсруулсан болон материалын үнэ 565 500 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэртээ гал тогооны тавилга хийж, угсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр хариуцагч “К” ХХК-тай тохиролцож, гэрээний урьдчилгаа төлбөрт 3 130 000 төгрөг төлсөн, хариуцагч тавилгыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчийн гэрт угсарч өгсөн үйл баримт тогтоогдсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. /хх5, 6-12, 19/

 

Талуудын хүсэлтээр шүүхээс гал тогооны тавилгын чанарын талаар шинжээч томилж, гэрчээс мэдүүлэг авчээ.

 

Хэргийн 39-43, 123-129 дүгээр талд авагдсан “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийн “... хаалганы түгжээ нугас дутуу, хаалганы нугасыг тохируулж хийгээгүйгээс хаалга хоорондоо жигд биш зайтай, чулуун тавцанд наалт хийсэн нь илт мэдэгдсэн, хавтангуудыг тэгш жигд зайтай угсраагүй, чулуун тавцанг суурьлуулахдаа тэгш биш суулгасан, тавилгын холбоос түгжээ хийх явцад хавтангийн дотор талаас эмтэрч унасан, төмөр тавиур нь шүүгээндээ багтаагүйгээс ил тавьчихсан, дээд тавилгын хаалга унжсан, будаг нь ховхорч унасан, доод тавилгын шүүгээний өнгөлгөөний хавтан унасан, шүүгээний дотор талд будаг шүршсэн ...” зэрэг доголдолтой, энэ нь “... гал тогооны тавилгыг хийхдээ иж бүрэн тохируулга хийх, шалгах ажлыг хийгээгүйгээс гарсан байна ...” гэх дүгнэлт, гэрч М.Лхагвасүрэн, С.Бямбацэрэн нарын мэдүүлгээр хариуцагч нь ажлын гүйцэтгэлийг чанарын доголдолтой хүлээлгэж өгсөн нь тогтоогдож байх бөгөөд гүйцэтгэгч нь ажлын үр дүнг бий болгохоос гадна түүнийг ямар нэгэн доголдолгүйгээр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг захиалагч хүлээн аваад ямар нэгэн саадгүйгээр хэрэглэх, ашиглах боломжийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн ба ажлын гүйцэтгэл буюу гал тогооны тавилгыг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Ажлын доголдлыг арилган өгөхийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардсан байх боловч тогтоосон хугацаандаа засч өгөөгүйгээс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий гал тогооны тавилгыг хариуцагч нь бүрэн болгож угсарч өгөхдөө нэхэмжлэгчийн заасан хамаатны дүүгийн гэрт буюу уг тавилгыг 7 давхраас 9 давхар руу зөөсөн нөхцөлд эвлэрэхээр талууд харилцан тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбар, гэрч Б.Төгөлдөрийн “... энэ хүмүүс 8 сарын сүүлээр манайд орж ирээд тавилгыг угсарсан ...” “...манайх тэнд байр аваад ах энэ тавилгыг авах уу гэж санал болгосон, би харж үзээд ерөнхийдөө авахаар болсон ...”, “... тавилга доголдолтой байсан боловч засч янзлагдаад манайд суурилуулагдана гэж бодсон, манайд 8 сарын сүүлээр тавилгыг угсрах үед тавцан хагархай наасан байсан, түүнийгээ янзалж өгөөгүй, хаалганы дотор тал будагтай байсан ...” гэх, гэрч М.Лхагвасүрэнгийн “ ... манай менежертэй Н.Сүхбаатар гуай ярьсан байх ..., ... тэгэхдээ дээд айл руу нүүлгэн шилжүүлэхээр тохиролцсон ..., намайг хөдөө яваад ирэхэд дээш нь зөөсөн байсан ..., 4 хаалгыг нь янзлаад өгнө гэсэн ..., будагтай хаалга хурдан хатдаггүй, ... ингээд будагнаас гаргаад аваачиж өгөх хооронд энэ маргаан үүссэн ...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх125,128,129/

 

Хариуцагч нь тохиролцсон ёсоор тавилгыг бүрэн угсарч өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид үүргийн зөрчлийг засах хугацаа олгосон гэж үзэх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй ба мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт талууд гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаахаар заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд тавилга зөөж угсруулсан хөлс 280 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн, энэ нь өмнөх гэрээний үүрэгтэй хамааралгүй бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр харилцан тохиролцсон байх тул мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын хөлс 280 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Харин 4 ширхэг хаалга 212 500 төгрөг, 10 ширхэг нугас 28 000 төгрөг, 3 ширхэг түлхдэг зам 45 000 төгрөг, нийт 285 500 төгрөгт холбогдох хэсгийг анхны өгсөн захиалгын доголдолтой хэсгийг засч сайжруулсан зардал, уг зардлыг хариуцах нь ажил гүйцэтгэгчийн үүрэг гэж  шүүхээс дүгнэсэн нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасантай нийцжээ.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн боловч тухайн маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүй, мөн 280 000 төгрөгийн хэмжээнд тавилгыг зөөх ажлыг гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь эргүүлэн өгөх боломжгүй учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар  нэхэмжлэгчээс 280 000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Түүнчлэн зохигчид өөрсдөө үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох бөгөөд талууд ямар нэгэн үүргийг харилцан тооцох талаар шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн дураар харилцан тооцож найруулгын алдаа гаргасныг залруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02342 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “К” ХХК-аас 3 130 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ст, гэрээний зүйл болох 3,5 м хэмжээтэй дутуу хийгдсэн гал тогооны тавилгыг нэхэмжлэгч Н.Саас гаргуулж хариуцагч “К” ХХК”-д олгож, нэхэмжлэгч Н.Саас 280 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “К” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 285 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож гэж, 2 дахь заалтын хариуцагчаас “47 415” гэснийг “65 030” гэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид “9 050” төгрөг гаргуулж хариуцагчид олгож гэж өөрчлөлт  оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 030 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

   ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

                                             А.МӨНХЗУЛ