Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/77

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

Нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/518 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2518003610585 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

яллагдагч ******* нь 2025 оны 5 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын ******* ******* гэх газарт *******-******* ******* улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замын руу унаж тээврийн хэрэгслийн бүхээгт зорчиж байсан насанд хүрээгүй хохирогч биед сээрний 4,10,11-р нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 2 нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн талын 12-р хавирганы хугарал, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зулгаралт, доод эрүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч ургийн овогт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,

Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос эмчилгээний зардалд 4,052,2000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 14,580,000 төгрөг, нийт 18,632,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Би ам бүл 2-лаа аавтайгаа амьдардаг. Аав маань одоо 60 настай, тэтгэвэр групп аль алыг нь авдаггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, чи нь хатуу сонсдоггүй, хөл нь хугархай учраас ажил хийж чаддаггүй. Би 18 настай ажил хийдэггүй, өмнө нь  ажил хийж үзээгүй. Энэ жил Дархан-политехникийн коллежийг авто механикаар төгссөн, 5 сард цэргийн зарлан ирээд эмчийн үзлэгээр орсон, тэгсэн намайг сүрьеэтэй байна гэж оношилсон.

Өнөөдрийн байдлаар дархан сүрьеэгийн эмчийн хяналтад эм ууж байгаа, өвчин маань хүндэрч цээжиндээ хөндийтэй болсон учраас цээжний хөндийн хагалгаанд яаралтай орох болсон. Одоогоор оочроо хүлээгээд байж байгаа, миний эрүүл мэндийн дээрх байдлыг харгалзан үзээд торгох ялаар шийтгэж өгнө үү гэж гуйж байна. Манай эгч миний өмнөөс сая төгрөгөөр 2 удаа эмчилгээний зардал шилжүүлсэн, үүнийг эмчилгээний зардлаас хасаагүй байсан, үүнийг хасаж өгнө үү  ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө буюу зам тээврийн осол гарсны дараа 2,000,000 төгрөгийг төлсөн.

Үүнээс гадна шинээр гаргаж өгсөн баримт нь анхан шатны шүүх хуралдаанд амаар хэлж байсан баримт байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм бурууг хянан хэлэлцээд хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын “******* *******” гэх газарт *******-******* ******* улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу унаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч биед хүндэвтэр хохирол учирсан болох нь хэргийн газрын үзлэг, тэмдэглэл /хх11-13/, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх16/,  Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 465 дугаартай шинжээчийн дүгнэлт-“ биед сээрний 4, 10, 11 дүгээр нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 2 нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн талын 12 дугаар хавирганы хугарал, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зулгаралт, доод эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо”-ээр /хх41-*******/, насанд хүрээгүй хохирогч ...”шарын гол сум руу явж байхад Тулга нь зүүрмэглээд байсан олохоор нь замын хажууд зогсоод бид хоёр машин дотроо 30 минут унтаж сэрээд цааш явж байтал Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг ******* ******* гэх газрыг өнгөрөөд 2 км орчим явж байтал Тулга зүүрмэглээд замын зорчих хэсгийн баруун тал руу гараад машинтай жалга руу онхолдсон юм” гэх мэдүүлгээр /хх*******/, яаралтай түргэн тусламжийн хуудас /хх46/ зэргээр нотлогджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм дэх хориглосон болон үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээнүүдийг зөрчсөн болгоомжгүй үйлдэл нь насанд хохирогч биед учирсан хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 07 сарын хугацаагаар зорчих эрхийг эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо...” Өнөөдрийн байдлаар Дарханд сүрьеэгийн эмчийн хяналтад эм ууж байгаа, өвчин маань хүндэрч цээжиндээ хөндийтэй болсон учраас цээжний хөндийн хагалгаанд яаралтай орох болсон. Одоогоор дарааллаа хүлээгээд байж байгаа, миний эрүүл мэндийн дээрх байдлыг харгалзан үзээд торгох ялаар шийтгэж өгнө үү гэж гуйж байна. Манай эгч миний өмнөөс сая төгрөгөөр 2 удаа эмчилгээний зардал шилжүүлсэн, үүнийг эмчилгээний зардлаас хасаагүй байсан, үүнийг хасаж өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо түүний амьдран буй Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас гарч явахыг хориглосныг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь: анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ял эдлэх бүсээ өөрчлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлж байх талаар тогтоолд тусгайлан зааж өгсөн байна.

Шүүгдэгч *******оос насанд хүрээгүй хохирогч эмчилгээний зардалд 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1000000 төгрөг,  2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 500000 төгрөг,  2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 500000 төгрөг нийт 2000000 төгрөг өгсөн болох нь Хаан банкны дугаартай дансны хуулга, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байх ба хохирогчийн эмчилгээний зардалд тухайн мөнгө зарцуулагдаж байсан гэх нотлох баримт бодитойгоор авагдаагүй байх тул Саран-Элит, Хангай клиник, Интернэшнл медикал центр эмнэлэгт үзлэг, хэвтэн эмчлүүлсэн, шатахууны зардал зэрэгт нэхэмжилсэн 4052000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

   Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/518 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч *******ын давж заалдсан гомдлын заримыг хангаж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/518 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг:

-“7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос эмчилгээний зардалд 4,052,2000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 14,580,000 төгрөг, нийт 18,632,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгож гэснээс, шүүгдэгч *******оос эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлснийг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын заримыг хангасугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

         ШҮҮГЧИД                                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                          З.ТӨМӨРХҮҮ