Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1293

 

 

 

 

                        

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Бт холбогдох 1806 04589 1497 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1973 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон Их амын хэсэгт оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх заалт, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Авжийнхан овогт Цэрээгийн Баасанжав /РД:ХМ73090818/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.Баасанжав нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Саранцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Саранцэцэгийн өгсөн: “... Би гэрээсээ гараад Гачууртын голын тэнд явж байхад Баадай таараад гэр рүүгээ чирээд байсан, намайг гэртээ аваачсан, би явахгүй гэхэд намайг хүчээр чирээд гэртээ аваачсан, гэр нь манайхаас хойшоогоо байдаг... хаалгаа цоожлоод намайг зодсон би гэрээс нь гарах гэтэл намайг гарвал чамайг ална шүү гээд хөл гараараа нүүр, толгой, гэдэс хөл рүү цохиод байсан... намайг бас голын эрэг дээр уржигдар зодсон, өмнө нь 2 удаа зодож байсан, сая бас хүчиндэх гээд байсан тэгээд үгүй гэхээр зодсон...” гэх мэдүүлэг /хх.9/,

“... 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул фермийн хойд талд байдаг хүнсний ногоо тарьдаг хашааны хажууд зүс таних Цэрээ овогтой Баасанжавтай таараад намайг манай гэр рүү хамт очих уу? гэхээр нь би очихгүй гэсэн чинь миний биеийн баруун тал руу өшиглөөд цохисон, дараа нь намайг гэр рүүгээ чирж авчираад хаалга түгжээд миний толгой руу гараараа цохисон, тэр үед миний баруун, зүүн хоёр нүд хавдсан, би харин шөнө нь Баасанжавыг унтаж байхад гэрээс гараад найз Отгоогийн гэрт хоносон маргааш нь цагдаад өргөдөл өгсөн... Би Ц.Бтай үерхээд 5 жил болж байна энэ хугацаанд би гэрт нь ирэн очин байдаг. Өмнө нь намайг зодож байгаагүй. Тэр өдөр намайг гэр лүүгээ хамт очих уу гэхээр нь би очихгүй гэхэд маргалдаад зодсон...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Наранцэцэгийн өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай ах хажуу айлд ороод сурагласан чинь танай дүү чинь өдөр зодуулсан байна лээ хоёр нүд нь хөхөрсөн байсан гэж хэлсэн. Тэгээд бид нар хайгаад Отгоо гэгчийн гэрээс нь бид нар очиж аваад цагдаад мэдэгдсэн... Төмөрөө гэдэг хүн зодож байхад нь хажууд нь байж байгаад салгасан гэж хэлсэн, зодсон хүнийг нь Баадай гэсэн, уурын зуухны слесарь Оошгоо гэгчийн дүү нь байгаа юм... ил харагдаж байгаагаар 2 нүд хөхөрсөн байна, толгой руу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Баасанжавын яллагдагчаар өгсөн: “... 3 сарын үед шиг санагдаж байна... Баяраа гэх залуутай манай гэрт шөнө нь цуг хэвтээд шивэр, авир хийгээд хувцас хунараа тайлаад байна гэж Отгоо гэдэг хүүхэн надад хэлсэн, тэгэхээр нь би босоод асаагуурын гэрэл тусгаж Сарааг нэг алгадан нуруу руу нь нэг удаа өвдөглөж, гэр орон янханы газар болголоо гэж уурлаж зодсон...” гэх мэдүүлэг /хх.18/,

“... 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундаа хэтрүүлж хэргэлсэн байсан дээр нь тэр өдөр Саранцэцэг бид хоёр хамт манай гэрт хоносон. Тэр үед би согтуу маргалдаж ганц хоёр цохисон байх гэж бас санаад байгаа. Тэгэхдээ тэр шөнө Саранцэцэг бид хоёр л гэрт байсан болохоор би л согтуу цохиж зодсон байх... Би зодож гэмтэл учруулсан нь үнэн, надаас өөр зодох хүн байхгүй, хэрэг болсон цаг хугацаа ч гэсэн Саранцэцэг бид хоёрын хамт байсан нь таарч байгаа...” гэх мэдүүлэг /хх.21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6252 дугаартай дүгнэлтэд:

“1. О.Саранцэцэгийн биед баруун, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, хөхний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.23/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.Баасанжав нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Саранцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Саранцэцэгийн өгсөн: “... хаалгаа цоожлоод намайг зодсон би гэрээс нь гарах гэтэл намайг гарвал чамайг ална шүү гээд хөл гараараа нүүр, толгой, гэдэс хөл рүү цохиод байсан... намайг бас голын эрэг дээр уржигдар зодсон...” гэх мэдүүлэг /хх.9/,

“... би очихгүй гэсэн чинь миний биеийн баруун тал руу өшиглөөд цохисон, дараа нь намайг гэр рүүгээ чирж авчираад хаалга түгжээд миний толгой руу гараараа цохисон, тэр үед миний баруун, зүүн хоёр нүд хавдсан... Би Ц.Бтай үерхээд 5 жил болж байна энэ хугацаанд би гэрт нь ирэн очин байдаг. Өмнө нь намайг зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Наранцэцэгийн өгсөн: “... Төмөрөө гэдэг хүн зодож байхад нь хажууд нь байж байгаад салгасан гэж хэлсэн, зодсон хүнийг нь Баадай гэсэн, уурын зуухны слесарь Оошгоо гэгчийн дүү нь байгаа юм... ил харагдаж байгаагаар 2 нүд хөхөрсөн байна, толгой руу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Баасанжавын яллагдагчаар өгсөн: “... 3 сарын үед шиг санагдаж байна... тэгэхээр нь би босоод асаагуурын гэрэл тусгаж Сарааг нэг алгадан нуруу руу нь нэг удаа өвдөглөж гэр орон янханы газар болголоо гэж уурлаж зодсон...” гэх мэдүүлэг /хх.18/,

“... Би зодож гэмтэл учруулсан нь үнэн, надаас өөр зодох хүн байхгүй, хэрэг болсон цаг хугацаа ч гэсэн Саранцэцэг бид хоёрын хамт байсан нь таарч байгаа...” гэх мэдүүлэг /хх.21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6252 дугаартай дүгнэлт /хх.23/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Ц.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ц.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч О.Саранцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага шүүгдэгчид хүлээлгэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч О.Саранцэцэг нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ц.Быг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ц.Быг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ц.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Авжийнхан овогт Цэрээгийн Баасанжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ц.Бт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Саранцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 С.ӨСӨХБАЯР