2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2026/00365

 

 

 

 

 

 

 

 

      2026           01              07                                            192/ШШ2026/00365

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ...........

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, .............. тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн ................. /............./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл хотхоны .................. тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн .................. /............../-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 396,795,486 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................, өмгөөлөгч ................, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжиж өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн ................. би БНХАУ-ын иргэн ..................-д 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүхдийн сургалтын төлбөр төлөх хугацаа боллоо, бусдын төлбөрийг төлөх гэсэн юм, хоолны газар ажиллуулах гэсэн юм гэсэн гуйлтаар нийт 19 удаагийн үйлдлээр 779,173 юанийг зээлдүүлсэн. Зээлийг хариуцагчийн данс руу шилжүүлэх, зээлийн картаар төлөх, хариуцагчийн Таобао болон Алибаба худалдааны программ ашиглан худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөх зэргээр шилжүүлсэн. 2025 оны 4 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нар нь зээлийн тохирлыг баталгаажуулах тухай гэрээг байгуулж, зээлдэгч нь 779,173 юанийг зээлдэгчид 2025 оны 5 сарын 25-ны өдрөөс өмнө төлөх, зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд үндсэн зээлээс жилийн 3 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсон. Зээл төлөх хугацаа дууссан ба зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрөө төлөхгүй байна. Гэрээнд жилийн 3 хувийн хүү тооцсон бөгөөд сарын 0.25 хувийн хүү байна. Хариуцагч нь 2025 оны 5 сарын 25-ны өдөр үндсэн төлбөрийг бүрэн барагдуулах ёстой байсан боловч хугацаандаа өгөөгүй тул үндсэн төлбөрөөс 4 сарын хүү тооцож нэхэмжилж байна. Хариуцагч нь Монгол улсад оршин суух зөвшөөрөлтэй, Улаан анар компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.1-т зааснаар Монгол улсын иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргаан, энэ хэргийн хариуцагч нь юм. Хариуцагч нь нэхэжлэгчийн эрхлэн явуулдаг ............-д ажилладаг байсан, 2025 оны 4 сараас өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Зээлийн төлбөрийг төлнө гэдэг боловч ерөөсөө төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Хариуцагч хамтран ажиллах гэрээний харилцаа байгаа гэдэг боловч тийм харилцаа байгаагүй, нэхэмжлэгчийн компанид ажилладаг байсан учраас л түүнд цалин олгож байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан бөгөөд уг зохицуулалтын дагуу хүү тогтоосон, мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэж заасан учраас Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн 1 юанийн Монгол банкны ханш 204.21 төгрөг байгаа бөгөөд үндсэн зээл, хүүг тооцоход үндсэн зээл 392,866,818 төгрөг, хүү 3,928,668 төгрөг, нийт 396,795,486 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь нэхэмжлэгч хариуцагч бид хоёр хоёулаа БНХАУ-ын иргэн, мөн уг зээлийн гэрээний үүрэг гээд байгаа үйл явдал БНХАУ-д болсон, БНХАУ-ын банкаар шилжигдсэн, уг баримтыг БНХАУ-д үйлдсэн бөгөөд мөнгө зээлээгүй хамтран хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулсан үйл баримтууд юм. Иймд бидний хэрэг маргаан БНХАУ-ын шүүхээр шийдэгдэх ёстой байтал Монгол улсын шүүх хэргийг хүлээн авч шийдэх гэж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Г.Мөнхбатыг төлөөлж оролцуулах итгэмжлэлийг хавсаргаж өгсөн. Уг итгэмжлэлд албан ёсны орчуулгыг хавсаргаж ирүүлээгүй байтал шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй. Сүүлд нөхөж ирүүлсэн нь хэрэгт авагдсан байгаа. Мөн хариуцагч нь монгол хэл мэдэхгүй гадаад улсын иргэн байтал шүүх орчуулагч оролцуулахгүй нэхэмжлэлийн хувийг гардуулж өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой, зээлийн тохиролцоо гээд байгаа бичигт зурагдсан гарын үсэг хариуцагчийнх мөн дарагдсан хурууны хээ нь хариуцагчийн хурууны хээ гэдгийг хэн яаж батлаад байгаа юм. Хамтарч үйл ажиллагаа явуулж байсан тэрэнтэй холбоотойгоор дансаар мөнгө төгрөг өгч авалцаж байсан л үйл явдал. Үнэхээр өр төлбөртэй байсан бол цалинг нь өр төлбөртөө тооцоод авах байсан. Хамтарч ажиллаж байсан болохоор л мөнгө шилжүүлж байсан учраас зээлийн үүрэг гэж шаардаж байгааг зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р тал/, зээлийн тохирлыг баталгаажуулах нэртэй бичиг монгол хэл рүү орчуулсан орчуулгын хамт /хэргийн 7-9-р тал, 123-125-р тал/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хэргийн 18-р тал/, орчуулагч оролцуулсан тэмдэглэл /хэргийн 65-66-р тал/, зээлийн хуудас нэртэй баримт орчуулгын хамт /хэргийн 32, 122-р тал/, Коал интернэшнл кооперашн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хамт /хэргийн 67-71-р тал/, Монгол улсад оршин суух үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 72-р тал/, БНХАУ-ын гадаад пасспорт Монгол хилээр нэвтэрсэн хэсгийн хуулбар /хэргийн 103-104-р тал/,

хариуцагчаас БНХАУ-ын гадаад пасспорт Монгол улсын хилээр нэвтэрсэн хэсгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 92-94-р тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас нэхэмжлэгчийн Монгол улсын хилийг хэзээ нэвтэрсэн эсэх лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргасан, мөн гэрчээр Ч.Мөнхсувдыг асуусан байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 779,173 юань буюу 392,866,818 төгрөг, зээлийн хүү 3,928,668 төгрөг, нийт 396,795,486 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “...хариуцагчийн гуйлтаар 2023 оны 3 сарын 30-ны өдрөөс 2025 оны 4 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 19 удаагийн үйлдлээр 779,173 юанийг зээлдүүлсэн, зээл төлөх хугацаа дууссан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй, гэрээнд жилийн 3 хувийн хүү тооцсон бөгөөд сарын 0,25 хувийн хүү байгааг нэмж тооцож нэхэмжилсэн...” гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг бөгөөд үндэслэлээ “...нэхэмжлэгч хариуцагч бид хоёулаа Хятад улсын иргэн, мөн уг зээлийн гэрээний үүрэг гээд байгаа үйл явдал Хятад улсад болсон, уг баримтыг Хятад улсад үйлдсэн, уг баримт нь мөнгө зээлээгүй хамтран хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулсан үйл баримтууд...” гэж тайлбарлан маргажээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт “...Монгол Улсын шүүх дор дурдсан олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна:

189.2.1.нэхэмжлэлийн хариуцагч нь Монгол Улсад байнга оршин суудаг буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг...” гэж заажээ.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг дараахь хэлбэр, төрлөөр дор дурдсан иргэн болон хамаарал бүхий этгээдэд олгоно:

4.1.1.Хөрөнгө оруулах хэлбэрийг дараахь төрлөөр:

4.1.1.1.”B1” гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчид...” гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн хувь гардаж авсан баримтад өгсөн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцох итгэмжлэлд авагдсан хариуцагчийн Монгол улсад оршин суух үнэмлэхт тус улсад оршин суух зөвшөөрлийн төрлийг “B1” гэж тодорхойлж, харьяа байгууллагыг “Улаан анар” гэж тодорхойлжээ.

Хуулийн этгээдийн мэдээллийн бүртгэлээс үзэхэд 5969441 регистрийн дугаартай “Улаан анар” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК[1] нь 2015 оны 5 сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдаж, хариуцагч .................. нь 2015 оны 5 сарын 25-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар, 2020 оны 8 сарын 28-ны өдрөөс эцсийн өмчлөгөөр тус тус бүртгэгдсэн байх бөгөөд БНХАУ-ын иргэн .................. нь Монгол улсад аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг нь хэрэгт авагдсан түүний Монгол улсад оршин суух үнэмлэх болон хуулийн этгээдийн дээрх мэдээллээр тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэсэн болно.

Тодруулбал, нэхэмжлэгч, хариуцагч нар нь гадаад улсын буюу БНХАУ-ын иргэн хэдий ч тэрээр Монгол Улсын хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол тус улсын иргэний нэгэн адил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэх бөгөөд хариуцагч нь БНХАУ-ын иргэн бөгөөд Монгол улсад байнга оршин суудаг тул энэ хэргийг Монгол Улсын шүүх хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй.

5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

2023 оны 6 сарын 01-ний өдрийн зээлийн хуудас гэх нэртэй баримт, уг баримтыг хятад хэлнээс монгол хэл рүү орчуулсан орчуулга баримтад “...миний бие .................. нь 2023 оны 6 сарын 01-ний өдөр .................-аас гучин түм юань /300,000/ зээлсэн. 2024 оны 6 сарын 01-ний дотор нэг жилийн дотор төлнө. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч өр төлбөрөө төлөөгүй тохиолдолд дахин зээлийн хуудас гаргана...”,

2025 оны 4 сарын 17-ны өдрийн зээлийн тохирлыг баталгаажуулах нэртэй баримт, уг баримтыг хятад хэлнээс орчуулсан орчуулгын баримтад “...зээлдэгч .................. нь 2023 оны 3 сараас 2025 оны 4 сар хүртэл зээлдүүлэгч .................-аас мөнгө зээлсэн бөгөөд үүнд зээлийн зориулалтын данс руу шилжүүлэх, WeChat-аар дамжуулан шилжүүлэх, зээлийн картаар солих, төлөх, Таобао болон Алибаба дэлгүүр хэсэх зэрэг орно. Хоёр тал эвлэрч баталгаажуулсны дараа 2025 оны 4 сарын 17 байдлаар зээлдэгч нь нийт 779,173 юань өртэй хэвээр байна. Энэхүү тохирол дууссаны дараа 2025 оны 5 сарын 25-аас өмнө бүх зээлийн буцаан олгох бөгөөд зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч хэдийд ч эргэн төлөлтийг шаардаж, төлөгдөөгүй тохиолдолд зээлдүүлэгч хэдийд ч эргэн төлөлтийг шаардаж, төлөгдөөгүй үндсэн зээлээс жилийн 3%-ийн хүү тооцож болно...”  гэж нэхэмжлэгч, хариуцагч талууд гарын үсэг зурж, дээрх бичгийг үйлджээ.

6.Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дээрх хоёр бичгийг үндэслэн зээлийн гэрээний харилцаа үүссэн учир зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр болон зээлийн хүүг тооцож нэхэмжилсэн гэж, хариуцагчийн зүгээс тухайн баримт нь мөнгө зээлээгүй хамтран хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулсан үйл баримтууд гэж марган зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үгүйсгэн маргасан.

7.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж тус тус заажээ.

Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө нь зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2023 оны 6 сарын 01, 2025 оны 4 сарын 17-ны өдрийн зээлийн хуудас гэх баримтууд болон талуудын тайлбараар зээлдүүлэгч ................. нь зээл гэх 779,173 юанийг зээлдэгч ..................-ийн өмчлөлд шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээ амаар болон бичгээр байгуулагдсан болон эсхүл зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм. 

Тодруулбал, талуудын хооронд үйлдсэн 2025 оны 4 сарын 17-ны өдрийн зээлийн тохирлыг баталгаажуулах гэх бичгийн хавсралт зээлийн төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл гэх баримтаас үзэхэд 2023 оны 3 сарын 30, 2023 оны 5 сарын 09, 2023 оны 6 сарын 01, 2023 оны 8 сарын 07, 2023 оны 11 сарын 12, 2024 оны 6 сарын 22, 2024 оны 6 сарын 28, 2024 оны 8 сарын 02-ны өдрүүдэд шилжүүлсэн гэх төлбөр, 2023 оны 8 сард 5000 юань орчим “таобао болон алибаба рестораны бараа бүтээгдэхүүний худалдан авалт”, 2023 оны 9 сар 107,400 юань “.................-ийн Guanfa кредит картыг 100,000 вань ашиглаад 12 хувааж төлнө”, 2024 оны 8 сарын 30 1581 юань “таобао агааржуулагч”, 2024 оны 10 сарын 26 3000 юань “Welucy барьцаа мөнгө”, 2024 оны 11 сарын 16-ны өдөр 792 юань “таобао сандал”, мөн Wechat-аар шилжүүлэв гэх утгатайгаар тэмдэглэсэн байгаа зэрэг төлбөрийг зээлийн мөнгө эсэх нь хэргийн бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул тус баримтад үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй юм.

10.Түүнчлэн, зээлийн төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл гэх баримтад “таобао болон алибаба рестораны бараа бүтээгдэхүүний худалдан авалт”, “таобао агааржуулагч”, “Welucy барьцаа мөнгө”, “таобао сандал” гэх утгатайгаар шилжсэн төлбөрүүд тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бус өөр бусад гэрээний харилцаа байсан гэж дүгнэх үндэслэлтэй буюу хариуцагчийн “...уг баримтыг БНХАУ-д үйлдсэн бөгөөд мөнгө зээлээгүй хамтран хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулсан үйл баримтууд юм...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж  тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мөнгө шилжүүлсэн, зээлийн төлбөр байгаа талаар хариуцагчтай зурвасаар харилцаж төлөхийг шаардаж байсан, мөн өөрийн компанид ажиллуулж байгаад өөрийнх нь хүсэлтийн дагуу түүнийг ажлаас чөлөөлж холбогдох цалинг олгосон гэж хятад хэл дээр үйлдсэн баримт болон монгол хэл рүү орчуулсан орчуулга зэргийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хятад хэл дээрх баримтууд нь дээрх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул тэдгээр баримтуудыг монгол хэл рүү орчуулсан орчуулгын баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй буюу нэхэмжлэгч нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

12.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,141,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн ..................-аас зээлийн гэрээний үүрэгт 396,795,486 төгрөг гаргуулах нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн .................-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,141,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.БИЛГҮҮН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] https://opendata.burtgel.gov.mn/lesinfo/elFvQmp6YXhDb0pzeGVWT2JEa1RDQT09OjoeJy0DSd9GX4pBT.l5nEdO