| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412004030038 |
| Дугаар | 2025/ДШМ/55 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/55
2025/ДШМ/55
С.Бэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Т.А
Хохирогч А.Д
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч А.Дын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Бэд холбогдох 2412004030038 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Цг суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, А аймгийн Б сумын Д багийн Х гэх газарт оршин суух, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/19 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 580,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Х ургийн овогт Сийн Б /ИБД:00000000000/ гэв.
Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Б сумын Д багийн Х гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.М, А.Д нартай маргаан үүсгэж, хохирогч А.Дын нүүр хэсэг рүү зодсон, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Б сумын Д багийн Л гэх газарт иргэн Ч.Мтэй хэрүүл маргаан үүсгэж барьцалдсан, уг үйлдлийг болиулахаар хандсан хохирогч А.Дын нүүр рүү гараараа самардах, маажих, нүд рүү гараа хийх зэргээр зодож түүний биед хүзүү, зүүн сарвуу, нүүрний олон тооны зулгаралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас С.Бэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Х овогт Сийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Бэд шүүхээс оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бээс 2,031,100 /хоёр сая гучин нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Д /А аймаг, Б сум, Д баг, Х гэх газарт оршин суух РД:0000000000/-д олгож, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11-д зааснаар шүүгдэгч С.Бээс 189.842 /нэг зуун наян есөн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Т дахь 0000 тоот дансанд олгож, шүүгдэгч С.Б энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч А.Д давж заалдах гомдолдоо... Учир нь: Шүүгдэгч этгээд болох С.Б нь миний эцэг, эхтэй нэг нутаг усанд ойр амьдарч, найз нөхдийн холбоотой байсан, эртнээс биесээ мэдэх хэр нь сүүлийн жилүүдэд ээж, аавтай маань харгис, ширүүн илт доромжилсон байдалтай харьцаж нутаг орноос хөөж туун, агсам согтуу үе үе тавих болсон. Ер нь ганц манай гэр бүлтэй ингэж харьцсан юм биш, тухайн нутаг орны иргэдтэй мөн адил дээрэлхүү харьцан агсам тавьж байсан гээд зодоон нүдээн гаргаж хутга шөвөгт тулж байсан. 2024 оны 11 сарын 07-ны өдөр А аймгийн Б сумын Д багийн Х гэх газар манай гэрт ирэн ээжээс архи нэхэн монгол архи хийлгэж авсан хэр нь уулгүй зориуд хэрүүл өдөн хэл амаар доромжилж сүүлдээ ээжийг маань зодож эхэлсэн, би ээжийгээ түүнээс салгаж авах гэтэл над руу дайрч намайг хөгжлийн бэрхшээлтэй, өрөөл татуу, эргүү тэнэг гэж дайрч доромжилсон, би тэр хүнтэй огт маргаж хэрэлдээгүй, ээж маань түүнтэй хэрэлдэж маргаагүй, С.Б зориуд ээжийг маань зодож дарамтлах санаатай манайд ирсэн. Би тэр хүнд ээжийгээ зодуулахгүй байх их хичээсэн. Даанч хүч хүрээгүй, тэр ээжийг маань нүүр хэсэгт нь алгадаж, үс толгойноос нь зулгаасан. Тухайн өдөр С.Бийг хүн дуудаж байж өгч явуулсан, тухайн өдөр түүнийг Оюумаа болон түүний хүү Д нар ирээд аваад явсан. Тэгтэл тэр маргааш нь дахиж ирээд мотоциклийн түлхүүр нэхэж, бензиний хулгайд хардан хэл амаар доромжилж эхэлсэн. Дахиад ээж рүү дайраад зодох гээд байхаар нь гэрээсээ ээжийгээ аваад Л гэх газар нутаглаж байсан айлууд руу зугтааж явсан. Баасанхүү гэх айлын гадаа очоод байж байтал араас ирэн айлын гадаа ээжийг барьж аван хоолойг нь боон газарт унаган дээлийн энгэрийг нь урж, толгой руу нь мөн цохисон, ингээд би ээжийгээ салгах гэж түүнийг болиух гэтэл над руу дайрч нүд рүү гараараа чичин гэмтээж, нүүр хацар самардан, толгой руу 4-5 удаа маш хүчтэй цохиж зодсон. Ингэж байх үедээ маш их дайрч давшлан хэл амаар доромжилж байсан. С.Б 2 өдөр дамнуулан танхайрч бидний амгалан тайван байдлыг алдуулж маш их айдас дарамтад санаатайгаар өртүүлсэн. Миний ээж болох Ч.Мг өөрөөсөө айлган дарамтлах санаатай зорилготой байсан байх, би ээжийгээ түүнд зодуулахгүй байх гэж их хичээсэн, гэхдээ хүч хүрээгүй, өөрөө ч зодуулж, ээжийгээ ч зодуулсан. Би хохирогчоор тогтоогдон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан цагаасаа эхлээд хэргийн талаар нэг бүрчлэн мэдүүлсээр байтал түүний үйлдлийг бүрэн шалгаж тогтоолгүй ганц миний биед халдаж зодсон мэтээр шүүхээс шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Б 2024 оны 11 сарын 07, 11 сарын 08-ны өдрүүдэд 2 удаа ээжид маань гар хүрч зодсон. Намайг 2024 оны 11 сарын 08-ны өдөр зодож гэмтээсэн. Миний бие маш олон гэмтэл авч түүнд их олон цохиулж гэмтсэн, нүүр биеийн гэмтлээс гадна би сэтгэл санааны хувьд маш их гомдож хохирсон. Миний бие саажилт өвчний учир группд байдаг, хөгжлийн бэрхшээлтэй л дээ, хэрвээ би эрүүл саруул хүн байсан бол өөрийнхөө нүдний өмнө ээжийгээ ингэж доромжлуулж бусдаар зодуулахгүй, өөрийгөө хамгаалж чадах байсан, даанч ингэж чадахгүй байсандаа өөртөө маш их гомдож харамсаж байсан. Энэ хэрээрээ би бусдад итгэж чадахаа больсон, бусадтай харьцахаас их айдаг болсон, намайг тэнэг мангар салга татанхай гэж доромжилж ээж, аавыг маань зодож дээрэлхэх вий гэж байнга бодох болсон, бусадтай харьцаж өөрийгөө илэрхийлэхэд хүртэл хүндрэл учирч байна. Би хэл ярианы хувьд мөн сааталтай, энэ байдлаасаа болоод анхан шатны шүүх хурал дээр нэг бүрчлэн ярьж чадаагүй, би өөрийн хэлэх гэсэн зүйлсээ энд бичихийг хичээлээ, шүүгч та бүхнийг зөв тунгаан хуулийн дагуу шийдвэрлэн гомдлыг маань барагдуулж өгнө гэдэгт итгэж байна. С.Б 55 настай, нас намба тогтсон хүн хэр нь маш танхай балмад, харгис, хамгийн гол нь биднийг дайрч доромжилсон үйлдэлдээ харамсаж гэмших нь бүү хэл өөрийн зөв мэт авир гарган, буруу зүйл хийснээ ойлгож ухамсарлахгүй байгаа нь маш харамсалтай бас гомдолтой санагдаад байна. С.Б бусдыг харгис хэрцгийгээр зодож дээрэлхдэг, үүнийг нь цагдаагийн байгууллага шалгасан болж шүүхээс шийтгэсэн болоод өнгөрөөд байгаа байдал харагдаад байна. Түүнд бусдын биед дахин халдаж зодож дээрэлхэж болохгүй гэдгийг яагаад ойлгуулж, цээрлүүлж болохгүй байгаа юм бэ гэж би асуумаар байна. С.Б та нарыг алсан байхад хууль надад үйлчлэхгүй гэж хэлэн дайрч давшлан зодож байсан. Анхан шатны шүүх хурлын дараа С.Б үнэн ярьжээ гэж бодогдож байсан, хууль шүүх нь түүнд ойлгуулж чадахгүй юм чинь түүний ийм авир гаргах нь аргагүй юм гэж бодогдож байсан. Энэ хэргийг шалгаж байсан цагдаагийн болон прокурорын байгууллагын алба хаагчид ч гэсэн маш хойрго, үл тоон харьцаж байсан, гомдол санал хэлэх үед хохирсон иргэнийг сонсох маш дургүй байдаг шиг санагдсан, миний бие хэргийн материалтай нэг бүрчлэн танилцаж байгаагүй, өөрийн гомдол саналыг нэг бүрчлэн хэлж ярьж чадаагүй, надад тийм боломж олгоогүй, үүнд мөн гомдолтой байна. Эрхэм шүүгч та бүхнийг энэ хэргийг бүрэн хянаж хуулийн дагуу шийдвэрлэн хохирогч А.Д миний хохирлыг бүрэн барагдуулж, түүний үйлдлийг бүрэн шалган тогтоож буруутай үйлД бүрд нь хуулийн хариуцлага оногдуулж өгнө үү гэж хүсэж байна... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... С.Бийн ээжтэй холбоотой асуудал дээр зөрчлийн арга хэмжээ авсан гэдгийг хохирогч сая мэдүүлж байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх, торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялтай. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад С.Б нь өвчтэй хүүхэдтэй, эмнэлгээр маш их явдаг ажилтай. Тийм учраас миний хувьд зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах боломжгүй, малтай, эхнэртэйгээ 2-уулаа малаа хардаг учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдааны явцад тавьсан. Шүүх хуралдааны болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос ямар нэгэн байдлаар хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхээр сэтгэцэд учирсан хохирол, эрүүл мэндэд учирсан хохирлыг гаргасан байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Хохирогч А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Жилийн өмнө буюу 2024 оны 11 сарын 07, 08-ны өдөр С.Б нь манайд ирж, ээж бид 2-ыг доромжлон, улмаар дайрч зодож, биед болон сэтгэл санаад хохирол учруулсан. Жил гаран болж байхад нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Уучлалт гуйх байтугай удаа дараа мал хуйг хөөж, ээж, аав 2-ыг дайрч, доромжилж, хөөж туусан. Шүүх хурал 8 сард болж С.Б 800,000 төгрөгийн торгуулийн ял авсан. С.Бэд оногдуулсан мөнгөн торгуулийн ял нь хөнгөн байна гэж үзэж давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгсэн С.Бийн хүүхэд н.Д нь аавыг малд явж байхад таараад танай авгай, хүүхэд 2 миний аавыг давж заалдсан байна. Та нарыг ална гэж сүрдүүлсэн байна. Энэ давж заалдах шатны шүүхэд нөлөөлөх гэсэн үйлД гэж үзэж байна. С.Бэд биеэр эдлэх ял оноогоосой гэж би үзэж байна. Заримдаа аав, ээж 2 минь хөдөө ямархуу байгаа бол гэж бодохоор өнгөрсөн жилийн намрын үйл явдал бодогдож, С.Б нь ирээд хөөж, туугаад янз бүрийн болоогүй байгаа даа гэж сэтгэлд түгшүүртэй нойргүйдэж хонодог. Хүн нэг сэтгэлийн шарх үлдвэл тийм ч амар арилдаггүй юм байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
1. Шүүгдэгч С.Бэд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Б нь хохирогч А.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь: хохирогч А.Дын “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө босоод байж байхад Б мотоцикльтой ирсэн. ...Тэгээд би очоод салгахад намайг барьж аваад чам шиг муу бандийг ингэнэ шүү дээ гээд миний зүүн нүд рүү хуруугаараа хатгаад би яая гээд хойшоо болсон чинь нүүр самардаж дайраад хоёр нүд рүү дахин гараа хийгээд дайраад толгой хэсэг рүү 4-өөс 5-н удаа цохиж авсан. Тухайн үед би биедээ гэмтэл авсан” гэсэн мэдүүлэг /хх-146х/, гэрч Ч.Мгийн “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө босоод байж байхад Б мотоциклтой ирсэн. ...Тэгтэл араас ирээд шууд намайг заамдан авч намайг цохиод авсан миний хүү Д салгасан чинь миний хүүгийн нүд рүү хуруугаа хийгээд нүүрийг нь урж маажсан мөн толгой хэсэг рүү нь нэлээн хэд цохин авч хоолой хэсгийг нь боогоод байсан. Тэгээд Г гэх тухайн хотны залуу ирж салгасан. Тэр үед миний хүү Дын биед гэмтэл учирсан.” гэсэн мэдүүлэг /хх-143х/, гэрч Б.Жавзандуламын “...2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр би өглөө босоод нөхрийн хамт үнээн зэлэн дээрээ үнээгээ саагаад байж байхад Мягаа хүүгийн хамт мотоцикльтой хүрч ирээд бид хоёрыг алах гээд байна, одоо араас ирж байгаа гэсэн. Удаа ч үгүй Баадай ирээд шууд бууж ирээд Мягааг барьж аваад цохиод унагахаар нь би “хүүшээ хүү минь юу болж байна” гээд хүүгийнх нь хамт салгах гэсэн хүчрэхгүй байсан.Тэгээд Г гэх хүнийг дуудаж салгуулсан тэгээд би нөхөртэйгөө үхрээ туугаад яваад өгсөн энэ хэд үлдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-12х/, гэрч О.Гын “...Би хонио хашаад ялгаад байж байхад Мягаа хүүгийн хамт давхиад ирсэн Бийн баз болох От намайг зодоод байна, чи нэг очиж хэлээдхээч гээд байсан. О нь завгүй байсан болохоор эхнэрээ явуулсан чинь эхнэр нь удаагүй хүрээд ирсэн. Тэгээд хонио ялгаж дуусаад араас нь явах гэж байхад Мягаа намайг дуудаад байхаар очиход Б нь хүүтэй нь зууралдаад зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-16х/, “А.Дын биед хүзүү, зүүн сарвуу, нүүрний олон тооны зулгаралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 453 дугаартай дүгнэлт /хх-48-49х/, яллагдагч С.Бийн 2025 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн “... миний үйлД тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-178х/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцох талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
4. Шүүгдэгч С.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Б сумын Д багийн Л гэх газарт иргэн Ч.Мтэй хэрүүл маргаан үүсгэж барьцалдсан, уг үйлдлийг болиулахаар хандсан хохирогч А.Дыг зодож түүний биед хүзүү, зүүн сарвуу, нүүрний олон тооны зулгаралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлД нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс С.Бийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн байна.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудаас С.Бийн хөнгөн гэмт хэргийг үйлдсэн арга, хэлбэр, түүний хувийн байдлыг нь харгалзан түүнд торгох ялыг сонгож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
6. Шүүгдэгч С.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Мтэй хэрүүл маргаан үүсгэсэн, түүнийг цохиж зодсон үйлДд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн талаар шүүх хуралдаанд хохирогч А.Д мэдүүлдэг ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
7. Хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол 546,100 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 1,485,000 төгрөг нийт 2,031,100 төгрөгийг төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймд хохирогч А.Дын гаргасан “ ... Би хохирогчоор тогтоогдон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан цагаасаа эхлээд хэргийн талаар нэг бүрчлэн мэдүүлсээр байтал түүний үйлдлийг бүрэн шалгаж тогтоолгүй ганц миний биед халдаж зодсон мэтээр шүүхээс шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... С.Бэд оногдуулсан мөнгөн торгуулийн ял нь хөнгөн байна” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Ч.ЭНХТӨР