| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2512003280225 |
| Дугаар | 2025/ДШМ/56 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/56
2025/ДШМ/56
Б.Тд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Т.Алтанзул
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О
Хохирогчийн өмгөөлөгч Г.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А
Өсвөр насны шүүгдэгч: Б.Т
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.А
Нарийн бичгийн дарга: Г.Г нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч М.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Б.Тд холбогдох 2512003280225 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 200 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, А аймгийн Э сумын М 0 ангид сурдаг, ам бүл 0, ээжийн хамт, А аймгийн Э сумын 0 дугаар баг Б хорооллын 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овгийн Бгийн Т /ИБД:000000/
Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Б нэртэй сагсан бөмбөгийн талбайд хохирогч У.Стой сагс тоглож байх үедээ “цэвэрхэн тоглооч”, “чи надад томрох болоогүй шүү” гэх зэргээр хоорондоо үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисны улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
А аймгийн Прокурорын газраас Б.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолд: Өсвөр насны шүүгдэгч М ургийн овогт Бийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, өсвөр насны шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, өсвөр насны шүүгдэгч Б.Т энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч У.С, түүний хууль ёсны төлөөлөгч нар энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй, насанд хүрээгүй хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А давж заалдах гомдолдоо: ... Өсвөр насны яллагдагч Б.Т нь анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан. Одоо аймгийн Технологийн коллежын механикжсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний 3-р дамжаанд суралцдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байдаг юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь хүү У.С ЭМЖЖ эмнэлэгт хамрын таславчийн мурийлт засах эмчилгээнд орно. Дээрх эмчилгээний зардал 5-7 сая төгрөгийн зардал гарахаар байгаа. Иймд эмчилгээний зардал 5 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн тайлбар шүүх хурал дээр гаргасан. Б.Тгийн ар гэрээс дээрх мөнгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй, эмчилгээ хийлгээд гарсан зардлыг бүрэн хариуцна гэдэг бөгөөд 2025 оны 10 сарын 29-нд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд 500,000 мянган төгрөг шилжүүлснийг гомдолд хавсаргав. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа байдал, өсвөр насны хүүхдүүдийн хооронд болсон тохиолдлын шинжтэй үйл баримт, ирээдүйд гарах хохирол төлбөрөөс төлж байгаа байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо: ... Хэрэг шалгах үед Тгийн ар гэрийн зүгээс хохирол төлбөрт 5.000.000 төгрөгийг өгнө гэж хэлсэнд нь итгэж хохиролтой холбоотой нотлох баримт бүрдүүлээгүй, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй гэж мэдүүлсэн. Одоог хүртэлх хугацаанд миний хүүгийн хамар нь эдгээгүй, үнэрлэх чадвараа алдсан, хамрын битүүрлээс болоод дандаа амаараа амьсгалж байгаа. Үүнээсээ болж маш их стрестэж бухимддаг болсон. Хүүгээ эмчлүүлж хагалгаанд нь оруулахаар Тгийн ээж П.Аптантуяатай холбогдож тал талаар нь зардлаа гаргаад хагалгаанд нь оруулъя гэж хэлсэн боловч өөрсдийгөө хохирол барагдуулж байгаа мэтээр харагдуулж 500,000 төгрөг дансанд шилжүүлчхээд миний хүүгийн эрүүл мэндэд огт санаа зовохгүй зөвхөн өөрсдийнхөө эрүүгийн хариуцлагад санаа зовж байгаад гомдолтой байна. У.Сын гэмтлийн зэрэг хөнгөн гарсан хэдий ч одоог хүртэл ямар ч эдгэрэл байхгүй байгаа учир гэмтлийн зэргийг дахин гаргуулж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлттэй байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Сын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг дахин тогтоолгож өгнө үү. Эдгээр асуудлыг шийдүүлсний дараа хэргийг дахин шийдүүлэх хүсэлттэй байна гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Хохирогчийн өмгөөлөгч хохирогчийг үнэрлэх мэдрэхүй алдсан талаар хэргийн материалд авагдсан, шүүх хуралдаанд дурдагдсан, үүнийг тусгайлан гаргаж гэмтлийн зэрэг тогтоолгоно гэж байна. Шинжээчийн дүгнэлтэд гарсан гэмтлүүд нь үнэн бодиттой, дээрх гэмтлүүдийг хөнгөн гэмтэл гэсэн байгаа. Хохирогчид учирсан хор уршиг арилсан, хохирол бүрэн төлөгдсөн нь баримтаар тогтоогдоогүй учраас А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 03-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төөлөгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Сэтгэцэд учирсан хохирлыг ээжтэй нь уулзаж тохирсон учраас дүгнэлт гаргуулахгүй гэж байгаад ерөөсөө больё, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхааръя гэж байгаа. Одоо бол хүүхэд үнэрлэх мэдрэмжээ алдсан, нус нь мэдрэлгүй гоожно гэсэн асуудал нэмэгдээд байгаа учраас дахин шинжилгээ хийлгэнэ гэж үзэж гомдол гаргасан. Гомдолтой байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа:... Шүүхийн шинжээчийн дүгнэлт дутуу гарснаас улбаалаад шүүхийн шийдвэр ингэж гарахад нөлөөлсөн гэж харж байна. Хэрэгт байгаа нотлох баримтанд хохирогч үнэр үнэрлэхгүй байна гээд байхад, шинжээч үнэрлэхгүй байгаа тал дээр нь ямар ч дүгнэлт гаргаагүй, дүгнэлт гаргахгүй, болохгүй гэсэн ойлголт байхгүй. Үнэрлэх мэдрэхүйгээ алдсан байхад шинжээчийн дүгнэлт дээр арай өөрөөр дүгнэгдэж орж ирэх байсан. Энэ мэдрэмж сэргээгдэх үү, сэргээгдэхгүй юу гэдгээс шалтгаалаад гэмтлийн зэрэгт хамаарна. Хохирогчид 3, 4 гэмтэл учирсан байхад шинжээч базаад хөнгөн зэргийн гэмтэл гээд дүгнэлт гаргачихсан. Энэ гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаараад байгаа юм уу, нэгээс нь нэг рүү ахиулаад хөнгөн болоод байгаа юм уу гэдэг нь өөрөө эргэлзээтэй байна. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийг дахин гаргаж өгнө үү гэсэн хохирогчийн гомдлыг хангаж өгнө үү гэсэн саналтай байна. Энэ үнэрлэх мэдрэхүй нь хөнгөн юм шиг, гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм шиг ойлгож болохгүй. Энэ гэмтэл ирээдүйд энэ хүүхдийг мэргэжлээрээ ажиллаж болох уу, үгүй юу гэдэгт нөлөөлөх болзошгүй нөхцөл байдал байна гэж харж байна. Ийм учраас шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах саналтай байна. Шүүгдэгч талын гол бариад байгаа юм нь хүүхэд өөрөө сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй гэж бичгээр хүсэлт өгсөн гээд байдаг. Гэтэл үүнийг насанд хүрээгүй хүүхдээр хууль зөрчиж бичүүлээд авсан байгаа нь өөрөө нотлох баримт болж чадах юм уу. Шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдүүдийг мэдүүлэг өгүүлээд байгаа нь өөрөө нотлох баримт болох юм уу гэдэг процессын асуудлууд байгаад байна гэдгийг дурдъя. Бодит байдал дээр үнэн зөв дүгнэлт өгч чадсангүй гэж харж байна. Хэрэгт авагдсан баримтад эмчийн өгүүлэмжээр үнэрлэхгүй гэж бичсэн /хх24х/ байхад шинжээчийн дүгнэлтээр тэрийг анзааралгүй шийдсэн байна. Шинжээчийн дүгнэлт буруу гарсан байна. Үнэрлэхгүй байгаа нь хүүхдийг хамгийн их зовоож байгаа. Хөнгөн гэмтэл 21 хоноод эдгэрдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээгүй байгаа нь хөнгөн гэмтэлд хамаарч байгаа юм уу гэдгийг тал талаас харж өгнө үү гэсэн саналтай байна. Миний хувьд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч, хохирсон иргэнийхээ эрхийг сэргээлгэе гэсэн бодолтой байна. Ял шийтгэл дээр энэ хүүхдэд ял нь хүнд, хөнгөн гэж ярихгүй. Сая яваад хагалгааны оочерт орчхоод ирье гэсэн чинь танай хүүхэд үнэрлэх мэдрэхүй нь асуудалтай, тийм учраас эхний ээлжид хамрын таславчаа янзлуулаад, дараа нь үнэрлэх эсэх асуудлыг тусдаа аппаратаар шалгана гээд мөнгийг хүлээж аваагүй байна. Тэгэхээр баримт гаргаж авах гэсээр байтал хүүхдийн эрүүл мэнд хохироод байгаа учраас өөрсдөө мөнгийг нь төлөөд хагалгаанд орохоос өөр аргагүй байна. Энэ хүмүүс нь баримтаа май гэж өгч байж мөнгө өгөх юм байна. Тийм учраас миний хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад бодит дүгнэлтийг зөв хийгээгүй, үнэрлэх мэдрэмжгүй болсныг орхигдуулж дүгнэлт гаргасан байгаа учраас шинжээчийн дүгнэлтийг дахиж гаргуулъя гэсэн хохирогчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Хохирогч сэтгэцийн хор уршиг тогтоолгохгүй гэчхээд одоо тогтоолгоё, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх ямар тохиолдолд гомдлыг хүлээж аваад яаж тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-д заасан 3 үндэслэл байдаг. Тогтоолд заасан нөхцөл байдал хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгодог. Шүүх бодит болсон байдалд зөв зүйтэй үнэлэлт, дүгнэлт өгсөн. Зүйлчлэл тохирсон, шинжээчийн дүгнэлт гарсан, хуулийн дагуу гэрч бусад хүмүүсийг асуусан. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Хохирогч өөрөө хүсэлтээ өгөөд, хүсэлтийг мөрдөгч хангаад, дахин мэдүүлэг авахад тогтоолгохгүй гэсэн юмыг өнөөдөр шүүх хуралд орж ирээд тогтоолгомоор байна, тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн. Энэ эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан, яллах дүгнэлтийн хүрээнд шүүх байгаа бодит байдалд үнэлэлт, дүгнэлт өгсөн. Хохирогчид учирсан хохирол зардлыг төлье гэхээр хэрэгт нотлох баримт байдаггүй. Цаашид гарах зардалд янз янзын тоо хэлээд байдаг. Эрүүл мэндийн үйлчилгээг авчхаад, нотлох баримттай ороод ирсэн тохиолдолд шүүгдэгч талаас хүлээн зөвшөөрнө, төлнө. Энэний дагуу ээж нь зээл хөөцөлдөөд байгаа юм билээ. Тэр зээл олдох юм бол төлнө. Ирээдүйд гарах зардлыг нь төлөөгүйн төлөө энэ хүүхдэд өгсөн хариуцлагыг хөнгөрүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Шүүгдэгч эрүүл мэндийн санд учирсан хохирлоо төлсөн, цаашид хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтын дагуу төлнө. Ийм учраас миний гаргасан гомдлыг хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Тг ялаас чөлөөлж өгнө үү гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд: Тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
1. Өсвөр насны шүүгдэгч Б.Тд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь насанд хүрээгүй хохирогч У.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь: насанд хүрээгүй хохирогч У.Сын “...Тухайн үед хожигдсон баг нь сууж хожсон нь тоглоод байж байтал Тгийн баг орж ирээд их бохир тоглоод байсан. Самбарт үсрэхэд араас түлхээд гар руу цохиж бөмбөг аваад байсан. Тэгснээ “ийм юм байх ш дээ” гээд байсан. Тэгээд миний ар дагз хэсэг рүү самбарт үсрэх үед цохих шиг болохоор нь “чи цэвэрхэн тоглооч” гэхэд “чи надад томрох болоогүй шүү” гэж хэлээд миний хамар хэсэгт гараараа 1 удаа маш хүчтэй цохиод миний хамраас маш их цус гарахаар нь талбайгаас гарч цусаа цэвэрлээд цагдаа дуудуулсан” гэх мэдүүлэг /хх-9-10х/, гэрч Д.Дгийн “...Тухайн талбай дээр тоглож байсан хүүхэд манай найзыг мөргөхөд манай найз С цэвэрхэн тоглооч гэхэд шууд тэр хүүхэд манай найзын нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би найзыгаа аваад талбайгаас гарсан. Талбайгаас гараад найзынхаа нүүрийг хартал хамраас нь цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-50-51х/, “ У.Сын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн АРХ0725/243 дугаартай дүгнэлт /хх-21-22х/, өсвөр насны яллагдагч Б.Тгийн “...С намайг “писда минь” гээд урдаас хүрээд ирсэн миний уур хүрээд Сын биеийн нүүрэн хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгсэн хамраас нь цус гараад газар унасан. ...Би тухайн үед нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-81х/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцох яллах, өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
4. “У.Сын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон, эдгээр гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 сарын 29-ний өдрийн АРХ0725/243 дугаартай дүгнэлт гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл ... нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан бөгөөд хохирогч У.Сын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй болон шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, дахин гаргуулах шаардлагатай гэсэн нөхцөл байдал, үндэслэл тогтоогдсонгүй.
5. Өсвөр насны шүүгдэгч Б.Тгийн 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Б нэртэй сагсан бөмбөгийн талбайд сагс тоглож байх үедээ хохирогч У.Стой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисны улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Б.Тгийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв байна.
6. Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж 1 сарын хугацаагаар А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хохирогч У.Сын эрүүл мэндэд учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Тг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.
8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгохгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтыг шинжлэн судалж дүгнэлт өгөхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасан бөгөөд хохирогч У.С, түүний хууль ёсны төлөөлөгч П.О нар “У.Сын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй, сэтгэл санаа эрүүл саруул хэвийн байгаа” гэж мэдүүлсэн /хх-61х/, мөн хавтаст хэрэгт эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, баримт авагдаагүй байна. Анхан шатны шүүх хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг зааж хохирогчийн хохирол, хор уршгаа нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхийг хангаж шийдвэрлэсэн байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Аийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Тг ялаас чөлөөлүүлэх”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Огийн “У.Сын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг дахин тогтоолгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Ч.ЭНХТӨР