| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0194/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/106 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мад холбогдох 1814001850076 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хадныхан овогт Д.М,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Д.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-38а-07 тоотод оршин суух иргэн О.Сын хашаанд байх гражинд 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хууль бусаар нууцаар нэвтэрч ачааны машины хүнд даацын 1 ширхэг дугуйг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч О.Сын мөрдөн байцаалтан өгсөн ... 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 09 цагийн үед өөрийнхөө машинд засвар хийлгэх гээд засварчин дээр очиход өчигдөр жоохон юм уусан дотор засах хэрэгтэй байна гэхлээр нь хамт дэлгүүр орж нэг шил 0,33 архи аваад гараад ирхэд дэлгүүрийн үүдэнд миний сайн таних Мөнхөө гэгч залуутай тааралдсан. Тэгхэд Мөнхөө нь миний авсан архийг хараад наад архинаас чинь 100 татчихъя гээд надаас хоргоож би өчигдөр архи уусан шартсан гээд намайг дагаад миний машинд суусан. Ингээд би тэр Мөнхөөг архинаас чинь 100 татчихъя гээд намайг хоргоогоод байсан учир дагуулж гэрлүүгээ явсан. Гэрийнхээ гадаа ирээд нөгөө засварчин болон Мөнхөө нарт авсан архиа гаргаж өгч нэг нэг аяга хийж өгөөд машинаа янзалъя гээд хашаанд орсон. Ингээд грашинд орж машин янзалхад Мөнхөө дагаад орсон бөгөөд намайг машинаа засварчинтай хамт янзалж байхад Мөнхөө манай грашинд орж гараад яваад байсан. Засварчин шинээр сэлбэг авах шаардлагатай байна гээд 12 цагийн үед захруу явах болж Мөнхөөг бас машиндаа суулгаад явж байгаад замдаа Мөнхөөг чи ажлаа бод бид 2 зах явлаа гээд буулгасан. Тэгээд би засварчинтайгаа хамт зах ороод 20 гаран минут болоод гэртээ ирж граш дотроо ороход ачааны машины 17,5*9,5-тай Хятад улсад үйлдвэрлэсэн хүнд даацын нэг ширхэг шинэ дугуй алга болсон байсан. Ингээд миний бие Мөнхөөг хулгай хийчихлээ гэж бодоод гэрээр нь болон зах дээгүүр хайж явж байгаад зах дээр согтуу байхыг нь олж уулзаж ахынхаа машины дугуйг яагаад хулгай хийж байгаа юм гэхэд би хулгай хийгээгүй гээд байсан бөгөөд мөнгө төгрөг байхгүй гэж байсан хүн чинь халаасандаа 15.000 төгрөгтэй согтуу нэмж архи уусан байдалтай байсан. Ингээд миний бие цагдаагийн газарт Мөнхөөг авч ирсэн ... Миний хувьд алдагдсан дугуйг үнэлсэн үнэлгээтэй танилцлаа санал хүсэлт алга. Би алдагдсан дугуйгаа бүрэн бүтэн буцаан авсан. Учир нь уг дугуйг худалдаж авсан байсан Ц.Тунгалаг гэж хүнд 60.000 төгрөгийг нь өгөөд дугуйгаа буцаан авсан. Энэ 60.000 төгрөгийг болохоор 15.000 төгрөг нь Д.Маас авсан, үлдсэн 45,000 төгрөгийг нь аав ээжээс нь өгч би дугуйгаа буцаан авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин тухайн асуудлыг хуулийн дагуу шийдэх байх гэж бодож байна. Шүүх хуралд оролцохгүй. Цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-19/,
Гэрч Б.Гончигсумлаагийн мөрдөн байцаалтан өгсөн ... Миний хувьд хувиараа машин засдаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манайд О.С нь надаар машин засуулах гээд ирэхээр нь өчигдөр жоохон юм уучихсан гээд шар тайлчих жоохон юм аваад өгөөч гэж гуйсан юм. Ингээд дэлгүүр ороод нэг шил 0,33 тай Ерөөл нэртэй архи аваад гараад ирсэн чинь О.Сын машины хажууд нэг залуу зогсож байсан. Тэр залуу О.Сыг таньдаг юм шиг байсан. О.С гартаа архи барьчихсан гарч ирснийг тэр танихгүй залуу хараад архи уучихсан шартаад байна архинаасаа өгөөч гээд байсан. О.С болохоор болохгүй хүнд авсан юм гээд байсан боловч тэр Д.М гэх залуу машинд нь дагаж суугаад хамт О.Сын гэрлүү явсан. Ингээд гэрийнх нь хашааны үүдэнд ирээд О.С тэр Д.М болон надад авсан архинаасаа нэг нэг аяганд хийж өгсөн. Тэрийг нь уугаад бид нар хашаанд нь орж машиныг нь янзалсан. Энэ хооронд Д.М болохоор тэрүүгээр яваад грашинд орж гараад яваад байсан. Тэгж байгаад машинд нь шинэ сэлбэг авч хийхгүй бол болохгүй нь гэж О.Сд хэлэхэд зах явъя гээд явах болоход О.С нь грашаа цоожлох гээд түлхээрээ хайгаад олоогүй хаалгаа төмөр утсаар боогоод явсан. Тэгэхэд грашийн цоожны түлхүүр нь олдохгүй цоож нь болохоор нэг хаалгандаа цоожлоостой зүүгдсэн байсан. Ингээд бид 2 явах болоход Д.М бас машинд сууж хамт явсан. Ингээд Хонгор хотхоны хажууд явж байгаад зогсож Д.Мыг О.С ажлаа бод гээд буулгасан. Тэгээд О.С бид 2 захаар явж байгаад буцаад ирсэн. Тэгэхэд грашийн хаалгыг төмрөөр боосон хэвээрээ мөртлөө ороод харахад тэнд байсан нэг ширхэг хүнд даацын машины шинэ дугуй алга болсон байсан. Тэгээд О.С нь нөгөө Д.Мыг хайж захаар явж байгаад олж уулзахад архи нэмж уусан байдалтай мөнгө төгрөг байхгүй гээд байсан хүн чинь 15.000 төгрөгтэй болчихсон нилээн их согтуу байсан. О.С нь чи дугуй яагаад хулгайлчихав гэхэд үгүй гээд байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/,
Гэрч Ц.Тунгалагийн мөрдөн байцаалтан өгсөн ... Миний бие Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун бүс худалдааны төвд тээврийн хэрэгслийн сэлбэгийн худалдаа хийдэг юм. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12-13 цагийн хооронд байх нэг танихгүй өмнө нь харж байгаагүй эрэгтэй хүн ирээд надаас эхлээд дугуйны торцоов худалдаж аваад явсан. Тэгээд жоохон байж байснаа дахин ирээд эгчээ манай эхнэр эмнэлэгт хэвтсэн мөнгөний хэрэг гараад байна та миний машины шинэ дугуйг түр авч байгаач би буцаагаад мөнгөө өгөөд авна. Шинэ дугуй байгаа юм гээд дахин дахин гуйгаад байхаар нь би үнэхээр эхнэр хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн мөнгө төгрөггүй хэцүүдэж байгаа хүн юм байхдаа гэж бодоод уг машины дугуйг авч үлдээд өөрийнх нь хэлээд байсан 60.000 төгрөгийг өгөөд явуулсан. Уг дугуй нь хүнд даацын тээврийн хэрэгслийн 17,5*9.5-тай шинэ БНХАУ-д үйлдвэрлэсэн усан хээтэй дугуй байсан. Ингээд байж байтал орой цагдаагаас хүн ирээд намайг дугуй худалдаж авсан эсэх талаар асуухад нь би дугуй худалдаж аваагүй харин барьцаанд тавиад явсан талаар хэлсэн юм. Тэгэхэд тэр цагдаагийн ажилтан намайг хулгайн дугуй худалдаж авсан байна гэж хэлсэн. Ингээд дугуйны эзэн гэх О.С гэж хүн 60.000 төгрөг өгч уг дугуйг аваад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалтан өгсөн ... Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө Хөх толгойд байх нэрийг нь мэдэхгүй дэлгүүрийн гадаа танил Стай тааралдсан. С нь дэлгүүрээс архи аваад гарч ирсэн. Миний хувьд өмнөх өдөр нь архи уусан жоохон шартсан байдалтай байсан учир Сын дэлгүүрээс авч гарч ирсэн архинаас ууя гэж хэлж машинд нь сууж гэрт нь очсон. Ингээд гэрийнх нь хашааны гадаа тэр дэлгүүрээс авч гарч ирсэн 0,33-тай Ерөөл нэртэй архинаас Сын машиныг засах гэж байсан засварчин залуутай хамт байж байхад нэг нэг хийж өгснийг нь уусан, архийг дуусгаагүй. Тэгээд хашаанд орж машиныг нь засаж байхад граш дотор нь 2 ширхэг шинэ машины дугуй байхыг нь харсан. Миний хувьд тэгхэд хулгай хийе гэж бодсон. Тэгхэд С нь захруу явна сэлбэг авна гээд уг засварчин залуутай хамт явах болсон би бас хамт машинд нь сууж явсан. Ингээд намайг Баянхонгор их дэлгүүрийн харалдаа явахдаа зам дээр буулгасан. Би Сын машинаас буугаад буцаад зам дээрээс хөх өнгийн таксинд сууж Сынхруу очиж хашаанд нь орсон, хашаа нь онгорхой грашных нь хаалга хагас онгорхой байхаар нь дотроос нь 2 ширхэг ачааны машины хүнд даацын дугуйнаас нэг ширхэг шинэ дугуйг аваад гудамжаар нь түрж явж байгаад арван мянгатын дэлгүүрийн орчмоос бас нэг өөр таксинд сууж Баруун бус худалдааны төвийн сэлбэг зардаг газарт ирж нэг эмэгтэй хүнд 60.000 төгрөгөөр зараад 20.000 төгрөгөөр архи авч уусан, 20.000 төгрөгийг нь хүнд өрөндөө өгсөн нэрийг нь мэдэхгүй, таксинд 5000 төгрөг өгсөн, үлдсэн 15.000 төгрөг нь байсан чинь С ах авсан байж байгаад маргааш нь аав С ахад 45.000 төгрөг өгч 60.000 төгрөг болгоод С ах уг дугуй худалдаж авсан эмэгтэйгээс өөрийнхөө дугуйг буцаан авсан байсан. Миний хувьд хулгай хийх болсон шалтгаан нь дугуйг зарж архи авч уух гэсэн санаатай хулгай хийсэн. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-9/,
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/,
Шүүгдэгч Д.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53, 59, 63/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 04 сарын 01-ний өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-38а-07 тоотод оршин суух иргэн О.Сын хашаанд байх гражинд нууцаар нэвтэрч ачааны машины хүнд даацын 1 ширхэг дугуйг хулгайлж бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч О.С, гэрч Б.Гончигсумлаа, Ц.Тунгалаг нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас шүүгдэгч Д.Мад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Мыг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч О.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Мыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүх шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.М нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Хадныхан овогт Д.Мыг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Мад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Мад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 04 сарын 25-ны өдрөөс эхлэн тооцсугай.
5. Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА