Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/57

 

2025/ДШМ/57

 

 

        

Б.Х холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Т.Алтанзул  

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/806 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн  шүүгдэгч Б.Хт холбогдох 2412002550159 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

          

 Монгол Улсын иргэн, 1900 оны 0 сарын 0-ний өдөр Д аймгийн Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 0Т, ээжийн хамт амьдардаг, У хот Ч дүүрэг 0-р хороо С 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Бийн Х /РД:00000000000/

Шүүгдэгч Б.Х нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С аймгийн Э сумын 6 дугаар баг Ш гэх газраас иргэн Т.Мын эзэмшлийн хөх өнгийн Даюун маркийн мотоцикпыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Т.Мд 2,775,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Б сумын Х багийн Х гэх газраас хохирогч Л.Бын гэрээс 6 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захирал зарцуулан 6 завхай мөнгөн хэрэглэлийг бусдад зарж хохирогчид 4,607,120 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 7,382,120 төгрөгийн хохирол учруулсан, -Мөн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Б сумын Х багийн Х гэх газраас хохирогч Л.Бын эзэмшлийн 1 тооны хүрэн зүсмийн морийг хулгайлан, өөрийн өмчийн адил захиран зарцуулж буюу нядалж, бусдад 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 А аймгийн Прокурорын газраас Б.Хт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

          А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/806 дугаартай шүүгчийн захирамжинд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогтой Бийн Хт холбогдох 2412002550159  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

           

Прокурор эсэргүүцэлдээ ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хохирогч Л.Б нь мэдүүлэхдээ ... 2024 оны 07 дугаар сарын 21- ний өдөр өөрийн малыг маллаж байсан Б.Хт 12 завхай эмээлтэй морийг өгч явуулсныг Б.Х нь алга болгосон талаар мэдүүлсэн тул Б.Хийн уг үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч уг үйлдэлд гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон боловч хохирогч Л.Б нь эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага тавьсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр, түүнийг нөхөн төлөх үүрэг хүлээсэн Б.Хийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлтэй байна. Хохирогч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ хохирлоо бүгдийг нь гаргуулмаар байна гэсэн мэдүүлгийг өгсөн боловч энэ талаар бие даасан хүсэлт гаргаагүй байх тул хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт байх боломжгүй юм. Харин хохирогч Л.Бын мэдүүлгийг үндэслэн түүний Б.Хт өгсөн гэх 12 завхай эмээлийн үнэлгээг тогтоолгох, Б.Хийг иргэний хариуцагчаар татах, уг хохирлыг нөхөн төлүүлэх талаар яллах дүгнэлтийн хавсралтад тусгах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна. Хохирогч Л.Б нь яллагдагч Б.Хт 1 тооны морийг 12 завхай эмээлийн хамт өгсөн талаар мэдүүлсэн, уг эд хөрөнгийг хүлээн авсан Б.Х нь энэ талаар маргаагүй байх тул хохирогчид дээрх 12 завхай эмээл байдаг эсэхийг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Дээрх асуудал нь шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэхэд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн яллагдагч Б.Хт холбогдох хэргийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн боловч шүүхийн шийдвэр 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр гарсан нь зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дугаар сарын 29-ны өдрийн 2025/ШЗ/806 дугаартай захирамжийг /огноо захирамжид бичигдсэнээр/ хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн асуудал нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцүүлэх явцад шинжлэн судалж, нотлох боломжтой тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.09.29-ний өдрийн 806 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Прокуророос Б.Хийг 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С аймгийн Э сумын Ш гэдэг газраас хохирогч Т.Мын даюун маркийн мотоциклийг хулгайлсан, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Б сумын Х багийн Х гэдэг газраас хохирогч Л.Бын 6 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл, хүрэн зүсмийн морийг хулгайлсан үйлдлүүдэд буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт Б.Хийг ямар хэрэгт холбогдуулан иргэний хариуцагчаар, Л.Быг ямар хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь ойлгомжгүй, хохирогчийн 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл алдсан талаарх гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, 10 завхай хэрэглэлтэй эмээл байсан гэж гэрч Ж.Б хэлсэн, 12 завхай хэрэглэлтэй эмээл байсан гэж хохирогч мэдүүлсэн байхад 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлийн үнэлгээг шинжээчээр тогтоосон, хохирогчид ийм хийц төрлийн эмээл байсан эсэхийг тогтоох ажиллагааг хийгээгүй зэргийг дурдаж дээрх ажиллагааг хийхгүйгээр хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэжээ.   

4. Хохирогч Л.Б нь 6 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл, хүрэн зүсмийн морь, 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл зэрэг эд зүйлсийг нь Б.Х авч явж үрэгдүүлсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж цагдаагийн байгууллагад амаар гомдол гаргажээ.

5. А аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч А.Э гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлдээ 6 завхай хэрэглэлтэй эмээл, хүрэн зүсмийн морио хулгайд алдсан талаарх хохирогчийн гаргасан гомдлыг тусгаад 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлийн талаар тусгаагүй, энэ гомдол мэдээллийнх нь талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан даруй, шаардлагатай тохиолдолд гомдол мэдээлэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох ажиллагаа явуулсны дараа хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт гаргах, улмаар прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэл байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэхээр зохицуулсан.

7. Хохирогчийн 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл алдагдсан талаарх гомдол мэдээллийг тэмдэглэлд тусгаагүй, уг гомдол мэдээллийн талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй зэрэг нь хохирогч Л.Бын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрт тухайн хуулийн арван тавдугаар бүлэгт заасан журмын дагуу гомдол гаргах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэрт гомдол гаргах цаашлаад, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан байна.

8. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гомдол мэдээлэлд дурдагдсан үйлдэл гэмт хэргийн шинжгүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь мөн хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болохоор тус тус заасан.

9. Гэтэл мөрдөгч, прокурор уг 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл алдагдсан талаарх Л.Бын гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй атлаа 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлээ Б.Хаас нэхэмжилж байгаа тухай  мэдүүлэгт нь үндэслэн Л.Быг иргэний нэхэмжлэгчээр, Б.Хийг иргэний хариуцагчаар тогтоож тэднээс мэдүүлэг авч, 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээлийн үнэлгээ гаргуулах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар прокурор яллах дүгнэлтэд “12 мөнгөн хэрэглэлтэй эмээлийн тухайд хулгайлсан, бусдад зарсан, шилжүүлсэн, үрэгдүүлсэн завшсан гэх асуудал тогтоогдоогүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох боломжгүй.” /2 хх 203/ гэж дүгнэн яллах дүгнэлтийн хавсралтад иргэний нэхэмжлэгч Л.Б нь 12 завхай хэрэглэлтэй эмээлийн үнэлгээ 15,524,000 төгрөг нэхэмжилж байгааг дурдсан байна.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэж тодорхойлон тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэхээр зохицуулсан.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болохоор заасан.

12. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдахаар тус тус зохицуулсан.

13. Хохирогчийн 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл алдагдсан талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй атлаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг тогтоож прокурорын яллах дүгнэлтэд тусгасаны үндэслэл тодорхойгүй байх бөгөөд эдгээр ажиллагаа нь нэг талаас хохирогчийн хуульд заасан журмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нөгөө талаас яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцах улмаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлэх, өөрийг нь буруутгаж буй хэрэгтэй холбогдуулан шинээр баримт сэлт гаргаж өгөх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, нэмж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэж, мэтгэлцэх зэрэг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан байна.

14. Тиймээс яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцүүлэн хэргийг үндэслэлтэй шийдвэрлэх боломжгүй байдалд хүргэх бөгөөд хохирогчийн болон шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчих эрсдэлтэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар прокурор гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавих үүрэгтэй.

16. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг тухайлбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бодитой нотлогдсон эсэх нь мөн хуулийн 32.3 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу прокуророос хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдалтай шууд холбоотой бөгөөд прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтуудад заасан байдлуудыг нотолсон байх шаардлага хангагдаагүй байна.

17. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийн бодит байдлыг нөхөн тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах” тухай заалт нь прокурор яллаагүй, шүүхэд шилжүүлээгүй гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хязгаарлаж байгаа болохоос бус шүүхэд шилжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээг хязгаарлах үндэслэл болохгүй.

            19. Хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хангасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай, бодитой тогтоосны дараа шүүгдэгчийн үйлдлүүдэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

20. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/806 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЭНХТӨР

 

                            ШҮҮГЧИД                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Д.БАЙГАЛМАА