Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00356

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00356

 

 

 

 

Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/02598 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарын хариуцагч Өнгөт фасад ХХК-аас 59 842 500 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 09/07 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Р.Оюунцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хишигт, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Эгч дүү Р.Хишигт, Р.Оюунцэцэг бид Гариг констракшн ХХК болон Өнгөт фасад ХХК-тай 2016 оны 07 сарын 05-ны өдөр Орон сууц захиалах гэрээ, Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 471011142 тоот дансанд орон сууцны үнэ 39 895 000 төгрөгийг Р.Оюунцэцэгийн нэрээр бүрэн төлсөн. Өнгөт фасад ХХК нь гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 дүгээр гудамж, 431а, 432б, 433а байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1 дүгээр блок байрны 1 дүгээр орц 3 дугаар давхрын 50,5 м.кв талбайтай, 2 өрөө А загварын орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд батлагдсан зургийн дагуу барьж, ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Тухайн асуудлаар өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 935 дугаар шийдвэрээр Р.Хишигт, Р.Оюунцэцэг нараас төлсөн 39 895 000 төгрөгийг 50.5 м.кв талбай бүхий А загварын орон сууцны нийт үнэ гэж үзэх боломжгүй, улмаар Х.Хишигт, Р.Оюунцэцэг нар орон сууцны үнийг 100 хувь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна... гэж үзсэн учраас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 4.15-д хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад өгөх хугацааг 4.1-д заасан хугацаанаас 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0,1 хувиар тооцон алдангийг захиалагч талд төлнө гэж заасан.

Тус гэрээний 4.1-д орон сууцны барилгыг 2017 оны 01 дүгээр сард батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгнө гэж зааснаар барилга хүлээлгэн өгөх хугацаа 2017 оны 01 сард дууссан бөгөөд 30 хоногийг нэмж тоолоход 2017 оны 03 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарыг хүртэл 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 19 947 500 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд Өнгөт фасад ХХК-иас 39 895 000 төгрөг, алданги 19 947 500 төгрөг, нийт 59 842 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Өнгөт фасад ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн 14 дүгээр гудамжинд байрлах 84 айлын Монтед цогцолбор хороолол орон сууцыг барьж дуусган ашиглалтад оруулсан. Тус орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 350 000 төгрөгөөр зуучлан борлуулах ажлыг Өнгөт фасад ХХК нь Хангарьд пропертийз ХХК-тай 2016 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан 16/70 тоот хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон.

Хангарьд пропертийз ХХК нь 16/70 тоот хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Гариг констракшн ХХК-ийн ажилчиддаа орон сууц худалдаж авъя гэх захиалгын дагуу 9 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан 10 орон сууцыг худалдахаар тохиролцож, Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар нь Гариг констракшн ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, орон сууц захиалсан дээрх нэр бүхий 10 иргэдийн нэг бөгөөд гэрээний төлбөрийг Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 471011142 тоот дансанд шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ Гариг констракшн ХХК-руу мөнгөө шилжүүлсэн тухайгаа дурдсан байдаг ба Өнгөт фасад ХХК нь Р.Хишигт, Р.Оюунцэцэг нартай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, гэрээний төлбөрт огт мөнгө аваагүй, гэрээний үүргийг хариуцах этгээд биш болно. Харин Гариг констракшн ХХК нь орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд биш атлаа гэрээний зүйлийн үнийг бууруулан нэр бүхий 10 иргэнд орон сууцыг давхар худалдан борлуулж, нэхэмжлэгч нарыг мөнгийг залилж, хохирол учруулсан. Тус гэрээний 4.15 дахь хэсэгт заасан зохицуулалт нь нэхэмжлэгч нарт огт хамааралгүй. Иймд Өнгөт фасад ХХК нь гэрээний үүргийг хариуцах этгээд биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Гариг констракшн ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороололд хэрэгжиж байсан Монтед 84 айлын орон сууц төслөөс ажилчиддаа 10 ширхэг орон сууц авна гэж захиалан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр №09 тоот Орон сууц захиалгын гэрээг Өнгөт фасад ХХК-тай байгуулсан. Гэрээний 3.2-т төлбөрийг хэсэгчлэн төлөх дүн, хугацааг графикаар тохиролцсон боловч захиалагч Гариг констракшн ХХК нь №09 тоот гэрээний 3.2-т заасан төлбөрийг төлж барагдуулаагүй байхдаа 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Р.Оюунцэцэг, Р.Хишигт нартай Орон сууц захиалах онцгой гэрээг байгуулан нэхэмжлэгч нараас 39 895 000 төгрөгийг авч залилсан. Иймд Р.Оюунцэцэг, Р.Хишигт, Гариг констракшн" ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалах онцгой гэрээ нь зөвхөн тэдэнд хамааралтай. Өнгөт фасад ХХК гэрээний тал биш байх тул гэрээгээр ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлгүй. Гариг констракшн ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны тоот, үнэ тохиролцоогүй №09/07 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг "Өнгөт фасад ХХК-аар ажилчдын гэрээ гэж батлуулсан.

Дээрх №9/07 Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр талууд худалдаалах орон сууц болон үнийг тохироогүй учир тус гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний гол нөхцлийг тохиролцоогүй, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул 2016 оны 07 сарын 05-ны өдрийн №09/07 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарт: Өнгөт Фасад ХХК нь гэрээний дагуу бидэнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамж 431 а, 432 б,433 а байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1 дүгээр блок байрны 1 дүгээр орц 3 давхарын 50,5 метр квадрат талбайтай, 2 өрөө А загварын орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд батлагдсан зургийн дагуу барьж, ашиглалданд оруулж, хүлээлгэн өгөх ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.

Түүнээс хойш нэхэмжлэгчдийн зүгээс Өнгөт Фасад ХХК-ийн захирал Б.Мөнхбаттай албан өрөөнд нь очиж уулзахад Гариг констракшн ХХК-аас захиалгын төлбөр манай компани руу орж ирсэн тухай тайлбарлаж цаг хугацаа авч байсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар гэрээний дагуу төлсөн төлбөрийг Өнгөт фасад ХХК-аас шаардаж нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлсон байх бөгөөд энэхүү хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тавигдах шаардлагад сөрөг нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд дээр дурдсан гэрээ хэлцэлд хариуцагчийн зүгээс эрхийн болон хууль зүйн хувьд ямар нэг зөрчилгүй байгууллагын хууль ёсоор төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Б.Мөнхбат гарыг үсэг зурж баталгаажуулсан зэрэг нь энэхүү гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй. Иймд хариуцагчийн зүгээс гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хариуцагч Өнгөт фасад ХХК-аас 39 895 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 947 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарт холбогдох, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, Өнгөт фасад ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 170 төгрөг болон 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Өнгөт фасад ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 357 425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзулын давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх шийдвэр үндэслэлгүй гарсан. Өмнө нь Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар хариуцагч Өнгөт фасад ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Алтай 14 гудамж, Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 1-р орц, 3-р давхар, А загварын 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 сарын 23-ны өдөр маргааныг хянан шийдвэрлэж 181/ШШ2018/00935 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 1545 дугаар магадлалаар ... орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний зүйлийн үнэ тодорхойгүй буюу гэрээний гол нөхцлийг тохиролцоогүй учраас талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл шүүх өмнөх 2 шатны шүүхийн байгуулагдаагүй гэж дүгнэсэн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.1, 4.11, 4.25, 5.2 дах заалтыг үндэслэн нэхэмжлэгч нар 39 895 000 төгрөгийг Гариг констракшн ХХК-д төлж хохирсон байх тул, хариуцагч Өнгөт фасад ХХК-аас 39 895 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхнаасаа байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу Өнгөт фасад ХХК нь үүрэг хүлээх нь үндэслэлгүй. Шүүхийн дээрх дүгнэлт нь өмнөх шүүхийн шийдвэр, магадлалыг үгүйсгэсэн агуулгатай болсон байна. Нэхэмжлэгч нар нь Гариг контракшн-тай байгуулсан 2016 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалах онцгой гэрээ-ний дагуу 39 895 000 төгрөгийг Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 471011142 тоот дансанд шилжүүлж хохирсон байдаг.

 

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст нэр бүхий иргэдийн бартерийн байр хямд зарна гэж залилуулсан гомдлоор Гариг констракшн ХХК-д эрүүгийн хэрэг үүсч, одоо Эрүүгийн 201725020897 тоот хэрэг шалгагдаж байна. Тус хэрэгт нэхэмжлэгч нь 2017 оны 05 сарын 26-ны өдөр хохирогчоор тогтоогдсон байдаг. Хариуцагчийн зүгээс Р.Хишигтийг хохирогч болон түүний хуулъ ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолын хуулбарыг гарган өгч, тус баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгг заасныг үндэслэн нотлох баримтаар гаргуулах хүсэлт өгсөн боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Гариг констракшн ХХК холбогдох эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хохирогчоор тогтоох тогтоол, хохирогчийн мэдүүлэг, Өнгөт фасад ХХК-ийн данс битүүмжилсэн тогтоол зэрэг баримтыг хариуцагчийн зүгээс гарган өгөх боломжгүй. Гэтэл шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, тайлбар, татгалзлаа нотлох боломж олгоогүй байж Б.Цолмонгэрэлийн гомдлоор үүссэн, бартерийн байр хямдхан зарна гэж залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэрэг нь Гариг констракшн ХХК-ийн захирал Д.Мөнхтөрд холбогдох хэрэг байх тул Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарын нэхэмжлэлтэй, Өнгөт фасад ХХК-д холбогдох иргэний маргаанд хамааралгүй байна гэж нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгч Гариг констракшн ХХК-руу шилжүүлсэн 39 895 000 төгрөгийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст Гариг констракшн ХХК-д залилуулсан гэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Өнгөт фасад ХХК-аас Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүрэгт 39 895 000 төгрөг шаардаж, шүүх, цагдаагийн байгууллагад 1 зүйлийг давхардуулан маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар Гариг констракшн ХХК Д.Мөнхтөр нь нэхэмжлэгчийн 39 895 000 төгрөгөөс хэдэн төгрөг өөртөө авч залилсан болохыг тогтоогоогүй байхад иргэний хэрэг үүсч, Гариг констракшн ХХК-ийн залилсан мөнгийг бүхэлд нь Өнгөт фасад ХХК-аас гаргуулж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Гариг констракшн ХХК-д холбогдох Эрүүгийн 201725020897 тоот хэргийг шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/02598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар нь хариуцагч Өнгөт фасад ХХК-д холбогдуулан орон сууц захиалах гэрээний үүргийн гүйцэтгэлд 59 842 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09/07 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоохыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хариуцагч Өнгөт фасад ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамж, 431а, 432б, 433а тоот байршилд баригдаж буй орон сууцны барилгыг 2017 оны 01 дүгээр сард ашиглалтад оруулах, тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулах, худалдан борлуулахтай холбоотойгоор хэд хэдэн иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулан ажиллаж байсан байна.

 

Тухайлбал, хариуцагч Өнгөт фасад ХХК нь Хангарьд пропертийз ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах тухай гэрээг, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Р.Оюунцэцэг, Р.Хишигт, Гариг констракшн ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өнгөт фасад ХХК, Хангарьд Пропертийз ХХК, Гариг констракшн ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байх ба 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч тал Гариг констракшн ХХК-тай орон сууц захиалах онцгой гэрээг байгуулж, уг орон сууцны нэг м.кв талбайн үнийг 790 000 төгрөг, 50.5 м.кв талбайн нийт үнэ 39 895 000 төгрөг гэж тохиролцжээ. /хх9-10, 11-13, 45-47, 64-66/

 

Нэхэмжлэгчийн хувьд 59 842 500 төгрөг гаргуулах шаардлагаа 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг үндэслэдэг бөгөөд уг гэрээний талууд нь нэхэмжлэгч Р.Хишигт, Р.Оюунцэцэг, хариуцагч Өнгөт фасад ХХК, Гариг констракшн ХХК байна.

 

Дээрх гэрээний 1.1-д зааснаар хариуцагч Өнгөт фасад ХХК захиалгын дагуу орон сууцыг чанартай барих, Гариг констракшн ХХК ажлын үр дүнг хүлээн авах, нэхэмжлэгч тал гэрээгээр тохиролцсон хөрөнгө оруулалтыг Гариг констракшн ХХК-д төлөх үүрэг хүлээсэн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 471011142 тоот дансанд 39 895 000 төгрөг шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Өнгөт фасад ХХК-д холбогдуулан маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 935 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1545 дугаар магадлалаар талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцоогүй учраас хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй, шаардах эрх үүсэхгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх14-17/

 

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг үндэслэж, орон сууцны төлбөрт өгсөн мөнгөө, алдангийн хамт хариуцагч Өнгөт фасад ХХК-аас шаардсан байна.

 

Анхан шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1545 дугаар магадлалаар талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнэ тодорхой байх ёстой бөгөөд тухайн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний зүйлийн үнэ тодорхойгүй буюу гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүй учраас хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй гэж үзсэнийг үндэслэл болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй, хариуцагч тал нэхэмжлэгчийн шаардсан дүнгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар зохицуулсан.

 

Хариуцагч нь 39 895 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас аваагүй, Гариг констракшн ХХК-аас 28 000 000 төгрөг авсан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Өнгөт фасад ХХК-аас 39 895 000 төгрөгийг шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 9/07 тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх42-43/

 

Шүүх хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна.

 

Хэргийн 61-62 дугаар талд авагдсан Хаан банкны тодорхойлолт, Р.Хишигтийг хохирогчоор тогтоосон тогтоол нотлох баримтын шаардлага хангаагүй, 41 дүгээр талд дахь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 140-1/1271 тоот албан бичиг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой биш, иймд хариуцагчийн маргаад байгаа үйл баримт бүрэн тусгагдаагүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/02598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 430 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

А.МӨНХЗУЛ