| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0534/Э |
| Дугаар | 653 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
улсын яллагч Ц.Сүхбат,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,
шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Нарангарав /2245/,
хохирогч Д.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эт холбогдох эрүүгийн 1709002470455 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 02-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Ард Кредит” ББСБ-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хадам эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй, С.Э
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Яллагдагч С.Э нь 2016-2017 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ард Кредит” ББСБ-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа харилцагч, үйлчлүүлэгч нараас “Ард Кредит” ББСБ-д зээлийн үлдэгдэлд төлсөн мөнгийг байгууллагын дансанд тушаалгүйгээр хувьдаа авч завшсан, энэ гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч Д.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг тухайн Банк бус санхүүгийн байгууллагад ажилд ороход Б.Энхбаатар харилцагч нараас мөнгөө аваад эхэлсэн байсан. Шүүгдэгч Б.Энхбаатар нь Мөнхтөгөлдөрт төлөх ёстой байсан 4.547 ам.доллараас 1.100 ам.долларыг төлсөн. Одоо 3.447 ам долларыг төлж барагдуулаагүй байна. Шүүгдэгч нь 2015 оноос эхлэн Отгончулуун, Мөнхтөгөлдөр, Алтанцоож нарын зээлийн мөнгийг дундаас нь авч “Ард Кредит” ББСБ-д хохирол учруулсан...” гэв.
Эрүүгийн 1709004270455 дугаартай хэргээс:
Шүүгдэгч С.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Миний хувьд Мөнхтөгөлдөр, Отгончулуун, Алтанцоож гэх хүмүүсийн эргэн төлөлтөөс зарим мөнгийг нь хувьдаа авч ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өнгөрсөн хугацаанд Отгончулуун, Алтанцоож нараас авсан мөнгөө байгууллагад тушаагаад өр төлбөргүй болчихсон. Харин одоо Мөнхтөгөлдөр гэх хүнээс авсан 4500 ам.долларыг одоо төлж барагдуулах дутуу байгаа удахгүй төлж барагдуулна. Зээлийн эдийн засагч нарыг зээлдэгч нараас зээлэнд төлсөн мөнгийг бэлнээр авч болохгүй гэсэн зохицуулалт огт байхгүй бөгөөд манай эдийн засагч нар зээлдэгч нараас бэлнээр зээлээ төлсөн тохиолдолд мөнгийг нь аваад кассанд тушаачихдаг байсан. Өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/,
Хохирогч Д.Отгонжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Хохирогч Д.Отгонжаргалын “...Зээлдэгч Д.Мөнхтөгөлдөр нь 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/51000029 дугаартай зээлийн гэрээгээр 6.000 ам.долларыг 12 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй авсан. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж ЗГ/51000047 дугаартай зээлийн гэрээгээр 12 сарын хугацааг 24 сар болгож сунгасан. Зээлдэгч Д.Отгончулуун нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/45000011 дугаартай зээлийн гэрээгээр 15.500 ам.долларыг 10 сарын хугацаатай 3.5 хувийн зээлтэй авсан. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/44000053 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээгээр 10 сарын хугацааг 25 сар болгон сунгаж 8.200 ам.долларын үлдэгдлийг төгрөгт шилжүүлж 20.450.800 төгрөг болгосон. ...Отгончулууны зээл 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 13.296.530 төгрөг, хүү 1.613.312 төгрөг, нийт 14.909.842 төгрөг байсан. Үүнээс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 1.811.450 төгрөг байсан. Үүнээс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 1.811.450 төгрөгийн бодогдсон хүүг манай байгууллага аваагүй ба тус өдөр зээлийг дуусгасан. Алтанцоожийн зээл нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл нь 1.591.166 төгрөг, хүү 182.453 төгрөг гарсан ба 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийг төлүүлж хаасан. Бодогдсон хүү нь 114.138 төгрөгийг аваагүй. Мөнхтөгөлдөрийн зээл нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны дүгнэлтээр үндсэн зээл нь 3871.9 ам доллар, хүү нь 676.5 ам доллар байсан ба нийт 4547.9 ам долларын үлдэгдэлтэй байсан. Зээлдэгч нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нар нь манай нягтлан Нандинбилэг дээр хадгалагдаж байдаг ба С.Э нь канондож аваад буцаан өгнө хэмээн авч зээлдэгч нарт буцаан өгсөн гэсэн. Зээлдэгч Алтанцоож нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 306 зээлийн гэрээний дугаартай 10.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй авсан. Тус зээлийн гэрээг 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан 7.861.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба хүүг нь бууруулж 2 хувийн хүүтэй болгосон байна...Одоо С.Э нь Мөнхтөгөлдөр гэх хүнээс аваад манайд өгөх ёстой байсан 4.500 ам долларыг төлж барагдуулаагүй үлдсэн байгаа ба бусад хүнээс авсан мөнгөнүүдээ төлж барагдуулсан. Мөнхтөгөлдөрийн төлөх ёстой байсан 4500 ам.долларын асуудлаар бид энэ хэрэгт хохирогчоор тооцогдсон учраас Мөнхтөгөлдөр гэх хүнтэй ямар нэгэн хүү алданги, өр төлбөрийн асуудал ярихгүй байгаа ба Энхбаатар энэ төлбөрийг төлснөөр дуусгавар болно. Бусад хүний асуудлыг бид Энхбаатарын төлсөн мөнгөөр гэрээг дуусгавар болгож хаасан учраас тэдгээр хүмүүст ямар нэгэн байдлаар манайд өр, төлбөртэй зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 63, 106-107 дугаар хуудас/,
Гэрч Д.Мөнхтөгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 онд Энхбаатар нь “Ард Кредит” ББСБ-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд би хэрэглээний зээл авахаар Хас банкинд зээл хөөцөлдөхөд миний хүссэн хэмжээнд гарахгүй гэхээр нь Энхбаатараас асуухад төгрөгийн зээл байхгүй, долларын зээл байгаа гэхээр нь ажил дээр нь очоод өөрийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 16-47 тоот буюу 2 өрөө бүхий байрны ордерыг аваачиж би 5.000 долларыг авах гэж очиход Энхбаатар 6.000 доллараар батлуулсан байсан. Тэгээд би гайхаж 1.000 долларыг нь яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь найз нь хэрэглэх гэж байгаа юмаа. Би өөрөө төлчихнө гэсэн. Тэгээд би зээлийг 12 сарын хугацаатай авч зээлээ бага багаар төлж байгаад 2016 оны 6 дугаар сард 500.000 төгрөгийг өгч дуусгасан. Тэгсэн 2016 оны 9 дүгээр сарын үед “Ард Кредит” ББСБ-аас зээлийн үлдэгдлийн тооцооны акт дээр гарын үсэг зур гэхээр нь зөвшөөрч Сүхбаатар гэх залуу ирэхэд тооцооны хуудас дээр 4.400 орчим доллар байсан. Тэгэхээр нь би их гайхаж гарын үсэг зуралгүй хуудсыг нь авч үлдэн Энхбаатартай ярьж би “чи яагаад миний өгсөн мөнгийг зээлэнд оруулахгүй байсан юм бэ” гэхэд “харин юманд оруулсан чинь гаргаж авч чадахгүй болчихоод байна. Найз нь 10-11 сар гэхэд бүгдийг нь хаагаад асуудалгүй болгоно” гэсэн. Тэгээд дахиад 1 сард “Ард Кредит”-ээс залгаж “зээлээ төлөхгүй байна ямар учиртай юм бэ” гэхээр нь би очиж уулзаад үнэн учраа тайлбарласан. Тэгсэн чинь Энхбаатарыг “танаас өөр 2-3 хүний зээл байгаа яаралтай очиж уулзаад энэ асуудлаа шийд” гэсэн. Би бэлнээр Энхбаатарт төлдөг байсан. Би мөнгөтэй болчихоод Энхбаатараас “мөнгөө яаж төлөх вэ гэж асуухад найз нь очоод авчихъя, манай захирлууд байхгүй байгаа, харилцахаас мөнгө гаргаж авч чадахгүй байна” гэх зэргээр шалтаг хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,
Гэрч В.Уянга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хүргэн дүү Энхбаатараас мөнгөний хэрэг гарчихаад 25.000.000 төгрөгийг зээлсэн... Зээлсэн мөнгөө саяхан л өгсөн. Би тэрэлжид аялал жуулчлалын 2га газар 60.000.000 төгрөгөөр худалдаж авсан ба энэ газраа зарчихаад Энхбаатарт мөнгийг нь өгье гэсэн чинь байдал ийм болсон байна. Тухайн үед Энхбаатар надад нэг удаа зохицуулна гэж байсан болохоос хүний мөнгөөр хүний өр дарна гэж бодож байсангүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,
Гэрч Д.Отгончулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Миний бие “Ард Кредит” ББСБ-аас 2015 оны сүүлээр дахиж 15.500 ам.долларын зээл буюу 30.000.000 төгрөг болж байсан. Би зээлээ цаг тухайд нь төлж байсан ба “Ард Кредит” ББСБ-д очиж 2.000 ам доллараар, 3.000 ам доллараар тус тус төлж байсан ба 2016 онд “Ард Кредит” ББСБ-д очиж Энхбаатар гэх зээлийн эдийн засагчид 10.000 ам долларыг өгсөн... Ер нь би зээлээ 1 жилийн хугацаатай авч байсан. Мөн зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 15-15 тоот буюу 27 мкв байрыг тавьсан ба Энхбаатараас байрны ордерыг зээлээ дуусгаад асуухад 2-3 удаа худлаа надаас зугтаж байсан ба би ордерыг нэхэж байгаад Энхбаатараас авсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын сүүлээр үеэр “Ард Кредит” ББСБ-ын хүмүүс манай гэрт ирээд “зээлээ төлөөрэй” гэж хэлээд явсан байсан. Тэгээд би дотоод аудитын хүнтэй ярьж учраа хэлсэн. Энхбаатар нь надад мэдэгдэлгүй өөрөө миний зээлийн гэрээг сунгаж байсан ба долларын зээлийг төгрөгийн зээл болгосон байсан. Уул нь би зээлээ дуусгасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67/,
Гэрч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Байгууллагын зээлийн үйл ажиллагааны заавар журмын 15.2.3-т зааснаар зээлдэгчтэй хувийн харьцаа тогтоох, зээлдэгчтэй хуйвалдан буруу мэдээлэл өгөх, 15.2-т зааснаар албан тушаалын давуу тал боломжийг ашиглан хувийн зорилгод урвуулан ашиглах эдгээрийг зөрчсөн гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,
Гэрч С.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний бие 2013 оны 08 дугаар сарын үеэр “Ард Кредит” ББСБ-д эдийн засагчаар ажилд орсон... Мөн хадам эгчид мөнгөний хэрэг гарчихлаа гээд гуйгаад байхаар нь найз Золбаяраас 25.000.000 төгрөгийг бэлнээр зээлээр авсан. Зээлээр авахдаа 1 сарын 3 хувийн хүүтэй авсан ба тус зээлийг дарах гэж Мөнхтөгөлдөрөөс 10.000.000 төгрөгийг цувуулж авсан. Отгончулуунаас 13.000.000 төгрөг, Аптанцоожоос 1.000.000 төгрөг зэргийг бэлнээр авсан.... Би нийт 23.000.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70/,
Гэрч С.Э мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ “...Отгончулууны 11.000.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сараас эхлэн цувуулж 2016 оны 12 дугаар сар хүртэл авсан. Тэгээд дараа нь 2016 оны 03 сараас эхлэн зээлдэгч Мөнхтөгөлдөрөөс 10.000.000 төгрөгийг цувуулж авсан. Дараа нь 2016 онд зээлдэгч Алтанцоожоос 1.000.000 төгрөгийг авсан. Би дээрх хүмүүсээс увуулж цувуулж бэлнээр мөнгө авсан ба дээрх зээлдэгч нар нь зээлийн мөнгөө төлөхдөө надад мэдэгдэхэд би ажил дээр биш гадуур уулзаж, очиж авдаг байсан. Би яг хэзээ хэдэн төгрөгийг авснаа одоо санахгүй байгаа. Би дандаа бэлнээр авч байсан. Одоогийн байдлаар Отгончулууны 11.000.000 төгрөгийн, Аптанцоожийн 1.000.000 төгрөгийн зээл төлөгдөж дууссан ба одоо Мөнхтөгөлдөрийн 10.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Тухайн үед би зээлийн мөнгийг цаг тухайд нь төлсөн бол Мөнхтөгөлдөрийн зээл хаагдах байсан... Намайг мөнгө авах үед зээлдэгч нар хувийн хэрэгцээнд ашиглана гэдгийг мэдээгүй. Би мөнгө авахдаа зээлийн үлдэгдлийг дарна гэж л ерөнхийдөө мөнгө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,
Гэрч З.Золбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Энхбаатар нь надаас 2015 оны 11 дүгээр сард 25.000.000 төгрөг зээлээр авсан ба надад хэлэхдээ эгчдээ мөнгө өгнө гэж 6 сарын хугацаатай зээлээр авсан. Тэрнээс хойш хувааж өгч байгаад одоо 2.000.000 гаран төгрөгийн авлагатай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 73/,
З.Золбаяраас мөнгө зээлсэн талаарх баримт /хх-74/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 162 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт:
“...Д.Мөнхтөгөлдөр нь 2017-07-18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн 3871.9 ам доллар, хүү 676.5 ам доллар, нийт 4547.9 ам долларын өртэй байна. Д.Отгончулуун нь 2017-07-28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 13.296.530 төгрөг, хүү 1.613.312 төгрөг. Нийт 14.909.842 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дотоод аудитын дүгнэлт гарах үед илрээгүй байсан - Алтанцоож нь зээлийн үлдэгдэл 15.911.62.2 төгрөг, хүү 182.453 төгрөг. Нийт зээлийн үлдэгдэл 1773615.2 төгрөг байна. Нийт зээлийн үлдэгдэл 2017-07-28-ны байдлаар 16683457.2 төгрөг, 4547.9 ам доллар байна. …Дээрх тооцооллууд нь зээлийн гэрээнүүд, дансны хуулгууд, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүд, эргэн төлөлтийн бэлэн мөнгөний баримтууд зэргээр тогтоогдоно. Дээрх өр төлбөрийг С.Э хүлээн аваад “Ард Кредит” ББСБ-д тушаагаагүй гэснийг нотлох санхүүгийн анхан шатны баримтууд алга байна. Харин харилцагч нарын тайлбар байгаа тул С.Эын үйлдлээр үүссэн дутагдал гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна…” гэсэн дүгнэлт /хх-ийн 84-87/,
2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Ард Кредит” ББСБ болон иргэн Д.Мөнхтөгөлдөр нарын хооронд байгуулсан №ЗГ/51000029 дугаартай 6.000 ам долларын зээлийн гэрээ, тус гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2015 оны 03 дугаар эарын 04-ний өдөр “Ард Кредит" ББСБ болон иргэн Д.Мөнхтөгөлдөр нарын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /хх-04-10/,
2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Ард Кредит” ББСБ болон иргэн С.Отгончулуун нарын хооронд байгуулсан № ЗГ/370 дугаартай 15.500 ам.долларын зээлийн гэрээ 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Ард Кредит” ББСБ болон иргэн Д.Отгончулуун нарын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2016 оны 12 сарын 28-ны өдрийн “Ард Кредит” ББСБ болон иргэн Д.Отгончулуун нарын хооронд байгуулсан № ЗГ/370-1 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-ийн 11-16/,
2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Ард Кредит” ББСБ болон иргэн Н.Алтанцоож нарын хооронд байгуулсан №ЗГ/З06 дугаартай 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /хх-ийн 100-102/,
2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Ард Кредит” ББСБ болон иргэн Н.Аптанцоож нарын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2015 оны 03 сарын 16-ны өдрийн “Ард Кредит” ББСБ болон иргэн Н.Алтанцоож нарын хооронд байгуулсан № ЗГ/55000042 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-ийн 54-60/,
Н.Алтанцоожийн дансны хуулга /хх-ийн 118/, Д.Мөнхтөгөлдөрийн дансны хуулга /хх-ийн 119/, Д.Отгончулууны дансны хуулга /хх-ийн 120/, Монгол Банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 121-122/, Хас банкны дансны хуулга /хх-ийн 128-129/, Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 131/, Капитрон банкны албан тоот /хх-ийн 134/, Ариг банкны албан тоот /хх-ийн 135/, Улаанбаатар хотын банкны албан тоот /хх-ийн 136/, Хаан банкны албан тоот /хх-ийн 137/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны албан тоот /хх-ийн 138/, Чингис хаан банкны албан тоот /хх-ийн 139/, Худалдаа хөгжлийн банкны албан тоот, дансны хуулга /хх-ийн 140-165/, Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99/, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №5 тоот гүйцэтгэх захирлын С.Эыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ, ажлаас чөлөөлөх тушаал /хх-ийн 102-104, 107-115/, ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 105-106/, Зээлийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 116-117/, Бакалаврын дипломны хуулбар /хх-ийн 132-133, 173-174/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 166/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 167/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 168/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 169/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 175/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Э нь 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 02 сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ард Кредит” ББСБ-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа харилцагч, үйлчлүүлэгч нараас “Ард Кредит” ББСБ-д зээлийн үлдэгдэлд төлсөн мөнгийг байгууллагын дансанд тушаалгүйгээр хувьдаа авч завшиж нийт 27.787.746 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.Эын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Отгонжаргалын мэдүүлэг, гэрч Д.Мөнхтөгөлдөр, Д.Отгончулуун, М.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №162 дугаартай дүгнэлт, “Ард Кредит” ББСБ болон иргэн Д.Мөнхтөгөлдөр, С.Отгончулуун, Н.Алтанцоож нартай байгуулсан зээлийн гэрээ, тус гэрээнүүдийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь “Ард Кредит” ББСБ-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа тус байгууллагаас зээл авсан харилцагч, үйлчлүүлэгч нараас “Ард Кредит” ББСБ-д зээл, хүүнд төлөх зорилгоор өгсөн мөнгийг өөртөө хувьдаа авсан болохыг мэдүүлж, хохирогч хуулийн этгээдээс нэр бүхий харилцагч нараас зээлийн үлдэгдэл, хүү төлөгдөөгүй талаар, гэрч нараас “Ард Кредит” ББСБ-ийн ажилтан С.Эт зээлийн хүү, төлбөрийг төлж байсан тухай тус тус мэдүүлж, хохирогч этгээдэд хичнээн хэмжээний хохирол учирсаныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болон хэрэгт цугларсан бусад хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч С.Эын үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлттэй зэрэг нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх С.Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос С.Эыг хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн болно.
Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж, мөн хууль зүйлийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, ...хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасан ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд тусгагдаагүй байхад прокуророос С.Эын үйлдлийг хүндрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Хэдийгээр С.Эын гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан тус хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж эрхэлж буй ажил, албан тушаалын байдлыг далимдуулж, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай санаа, зорилготой, зөв байх зан төлөвшил хэвшээгүй, байгууллагын зүгээс ажилтнуудад тавьж буй хяналт, шалгалт хангалтгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Эын гэм буруутай үйлдлээс “Ард Кредит” ББСБ-д 27.787.746 төгрөгийн хохирол учирсан ба шүүх хуралдаанд“Ард Кредит” ББСБ-ийг төлөөлөн оролцсон хохирогч Д.Отгонжаргалаас “...Д.Мөнхтөгөлдөрийн 4547 ам доллараас 3447.9 долларын хохирол төлөгдөөгүй, бусад хохирол төлөгдсөн. Иймд үлдэгдэл хохирлыг С.Эаас гаргуулж өгнө үү...” гэсэн ба шүүгдэгч С.Эаас 4547.9 ам долларын мөнгөн илэрхийлэл болох 11.104.289 төгрөгөөс баримтаар төлсөн 2.720.300 төгрөгийг хасч үлдэгдэл 8.383.989 төгрөгийг гаргуулж “Ард кредит” ББСБ-д олгохоор шийдвэрлэлээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч С.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч “Ард Кредит” ББСБ-д учирсан төлөгдөөгүй хохирол болох 8.383.989 төгрөгийг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Э цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.