Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/59

 

2025/ДШМ/59

 

 

        

Ё.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

            Прокурор: Т.Алтанзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М

            Шүүгдэгч: Ё.Б

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ё.Бд холбогдох 2512000000206 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 190 оны 0 дугаар сарын01-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр хүүхдийн хамт, А аймаг, Э сумын 0 дугаар баг, А хорооллын 0-0 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Ёы Б.

Шүүгдэгч Ё.Б нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд А аймгийн Э сумын 2 дугаар багийн А хорооллын 0-0 тоотод байрлах гэртээ “Чи ажлаа хийхгүй архи ууж гадуур явлаа” гэх шалтгаанаар өөрийн төрсөн хүү Бтай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар цээжин тус газарт нь 1 удаа хутгалж, амь хохирогчийн биед цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт, цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шархны улмаас зүрх чихэлдэж амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 А аймгийн Прокурорын газраас Ё.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Чонос овогт Ёндоны Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүнийг алах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Ё.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бд оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бы баривчлагдсан, цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хуванцар бариултай хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх ажлын хэсэгт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ё.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” 10.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхэд гэмт хэргийн обьектив, сүбьектив талын шинжийг харгалзан ялган зүйлчлэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн обьектив талын шинж нь хүний амь насыг хохироох идэвхтэй үйлдэл, эс үйлдэхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн обьектив тал нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас субьектийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон аффщектид орж хүнийг алсан үйлдэл байх бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд заавал шалтгаант холбоо байна. 10.2 дугаар зүйлийг хууль тогтоогчоос өөрт нь, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол гэж тодорхойлсон бөгөөд манай тохиолдолд сүбьектийг хүндээр доромжилсон болон хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байх боломжтой. Энэ гэмт хэргээр гэм буруутайд тооцоход дээрх бүх шинж үүссэн байхыг шаардахгүй, тодорхой нэг шинж нь бүрдсэн тохиолдолд зүйлчлэгдэнэ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа МУ-н Дээд шүүхийн 2008.3.26-ны өдрийн 14 дугаар “хүнийг санаатай алах” гэмт хэргийг “Санаа сэтэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах' гэмт хэргээс ялгаж зөв зүйлчлэх талаар гаргасан тогтоол, тайлбарт “Хүндээр доромжлогдсон” гэдгийг нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдлийг хэлнэ гэж. Уг үйлдлээ үгээр, үйлдлээр, дохио зангаа, зураг, дүрсээр гутаасан зэргээр илэрнэ” гэж мөн шүүхийн 2017 оны 192, 295, 2019 оны 525, 360, дугаар тогтоолуудад дээрхтэй утга, агуулгын хувьд ижил байдлаар тайлбарласан. Монгол Улсын хувьд эрт дээр үеэс ахмад настай хүн, өөрийн эцэг, эхээ хүндлэх, тэдгээр хүмүүстэй зөв боловсон харилцах, үндэсний ёс заншил, уламжлалтай ард түмэн бөгөөд өөрийн төрсөн эцгийг үгүйсгэх, үр хүүхэд нь болж төрсөндөө гутарч байгаагаа үгээр хэлэх, дэргэд нь архи согтуурах, түүндээ эцгийгээ буруутгах, агсан тавих зэрэг амь хохирогчийн зүй бус үйлдлүүд нь дээрх тайлбартай нийцэж байна. Дээрх гэмт хэргүүдийн сүбьектив талын хувьд: Аль, аль нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх боловч “хүнийг алах” гэмт хэрэг нь хүний амь насанд аюултай үйлдлээ ухамсарлаж, хохирогчийг үхэлд хүргэх боломжийг урьдчилан харж, түүнийг хүсэж, эсхүл үхэлд зориудаар хүргэнэ. Харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэр нь гэнэт /хоромхон зуур/ үүсдэг онцлогтойг. Энэ хэрэгт хохирогчийн амь насыг хохироох зорилго, сэдэлтийг тогтоох нь зүйлчлэлд ач холбогдолтой бөгөөд мөн сүбьектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдэгдэх үеийн сэтгэл санааны байдлыг анхаарах ёстой. Шүүгдэгч Ё.Бы хувьд амь хохирогчийн биеийн аль хэсэгт, хэдэн удаа, яаж хутгалж буй гэмт үйлдлээ огт санадаггүй, Эрүүгийн хуулийн  10.2 дугаар зүйл ангиар зүйлчлэхэд шийтгэх тогтоолд дурдагдсан шиг шүүгдэгч, хохирогчийн хооронд удаан хугацааны таарамжгүй байдал үүссэн байхыг шаардахгүй, мөн урьд хэрүүл маргаан үүсээд намжсаны дараа хохирогчийн нэг удаагийн үг, үйлдлээр ч сүбьектийн санаа сэтгэл гэнэтийн цочрон давчдалтанд орж, тэсрэх магадлалтай талаар дээрх тогтоолуудад тодорхой дурдсан байдаг. Давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдлыг дүгнэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчмын хүрээнд хэргийн зүйлчлэлд анхаарч өгөхийг хүсэж байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү.” гэжээ

            Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ё.Бы гэмт хэргийн шинж нь хор уршгийг хүсээгүй боловч зориуд хүргэсэн буюу шууд санаатай гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Бы амь нас хохирсон. Өөрөөр хэлбэл Ё.Бы хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон. Шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн үхлийн хооронд шууд шалтгаант холбоотой тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн гэж үзэж байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.09.25-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа: “Миний үйлчлүүлэгч хувийн зан чанарын хувьд нэг иймэрхүү үг дуу цөөтэй хүн байгаа юм. Цаагуураа эцэг хүн яаж шаналж байгааг бид мэдэх боломжгүй. Ер нь А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.09.25-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоол нь өөрөө хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Эрүүгийн хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэглэх ёсгүй буюу Эрүүгийн хуулийн энэ 2 заалтыг өөрөөр хэрэглэсэн ийм нөхцөл байдал байгаад байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцоход, үүсч буй дээрх үндэслэл бүхий эргэлзээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Ашигтай байдлаар шийдвэрлэхдээ зүйлчлэлийг өөрчлөх байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон сэдэл зорилгыг нарийн тогтоож өгөх нь хэргийн бодит байдлыг тогтооход туслалцаа үзүүлнэ. Шүүгдэгчийн зүгээс өөрийнх нь хүсээгүй ийм нөхцөл байдал гэнэт хором зуур бий болсон нөхцөл байдлыг шүүх анхааралдаа авч үзэж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд 60 нас хүрч байгаа, өндөр настай хүн байгаа. Ийм учраас хувийн байдлыг харгалзаж үзэж өгнө үү гэв.  

Шүүгдэгч Ё.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.

 

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Хэргийн үйл баримт, түүнийг нотлох баримтын талаарх дүгнэлт.

2.1. Шүүгдэгч Ё.Б нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Э сумын 2 дугаар багийн А хорооллын 0-0 тоотод байрлах гэртээ өөрийн хүү Быг нэг удаа хутгалсны улмаас хохирогч нас барсан байна.

2.2. Энэ үйл баримт нь гэрч Х.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 06 дугаар сарын 28-ны орой Оожоо гэдэг хүний түлээний амбаарт архи ууж байгаад Бтай хамт гэрт нь ороход Б “Согтуу архи авч орж ирлээ” гэж уурлаад Быг татаж авчраад толгойгоороо мөргөхөд гэрч тэднийг салгаад гарч бие засахаар жорлонгийн хажууд байх үед нь гэр дотор "пид" гэсэн чимээ гарахаар нь буцаад гэрт ороход Б цустайгаа холилдоод газарт унасан ухаангүй байдалтай байсан. Б ах орон дээрээ сууж байсан. Яаж байгаа юм бэ та гэхэд Б ах “Яадгийн пизда. Наадах чинь үхэг. Би дүрчихсэн юм.” Гэж хэлж байсан. Б нь Быг цохиж зодоогүй гар хүрээгүй.” тухай мэдүүлэг /хх 74-77/,

2.3. Гэрч Ё.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Бы гэрт байхад нь Б 18 цаг өнгөрч байхад ганцаараа согтуу гэртээ ирсэн. Тэгээд 21 цаг өнгөрч 22 цаг болох гэж байхад амь хохирогч Б танихгүй нэг залуугийн хамтаар орж ирсэн, гэрийн гол хэсэгт "Хараа" нэртэй таггүй архи, ундааны хамтаар тавьсан байсан. Тэгээд Б, Бд хандаж “Манай хүргэн О гаражид унтуулсан байна” гэж уурлангуй хэлээд тэд хоорондоо маргалдахаар нь хувцсаа өмсөөд унтаж байсан гудсаа эвхчхээд ариун цэврийн цаас аваад гэрээс гарсан. Тэгээд бие засаж дуусаад жорлонгоос гарч ирэхэд гэр дотор зуух бололтой төмөр тачигнах чимээ гарахад гэрт орж ирэхэд зуух нь хажуулдсан, түүний урд талд буюу гэрийн хаалгаар ороход Бын цээж хэсэг нь нэлэнхийдээ цус болсон, ухаангүй байдалтай, шалан дээр хэвтчихсэн, орны хажууд Б хамар нь цус болсон зогсож байсан. Нөгөө Бтай гаднаас орж ирсэн залуу  Б руу хандаж “Та хүүхдээ дүрчихлээ” гээд амь хохирогчийн цээжийг алгадаад  "бос, сэргэ" гэх мэт үгнүүдийг хэлж байсан. Мөн Б “Би хүүхдээ дүрчихлээ” гэж хэлээд байсан. Амь хохирогчийн хөлийн ойролцоо угаалгын машины хажууд цэнхэр иштэй хутга байхыг олж харсан.” тухай мэдүүлэг /хх 63-66/,

2.4. Гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 25 минутад аавынхаа төрсөн дүү Эаас “Аав Б нь ах Быг нь хутгалсан” талаар мэдсэн бөгөөд Аав Б нь “Аав нь ахыг нь алчихлаа. Аавыгаа уучлаарай” гээд байсан.” Ах Б нь эхнэр авч байгаагүй хүүхэдгүй, үг дуу цөөтэй, хүнтэй барагтай бол маргалдаад байдаггүй, даруухан, архи уучих гээд байдаг хүн байсан, харин аав Ё.Б нь жаахан түргэн ууртай, хурдан уурлаж хурдан тайвширдаг, үе үе архи уудаг, архи уусан байсан ч хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй төлөв даруу хүн байдаг.” тухай  мэдүүлэг /хх 57-60/,

2.5. Гэрч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хадам аав Б нь “Би хүүгээ алчихлаа.” гээд уйлаад байсан тухай мэдүүлэг /хх 69- 71/,

2.6. Гэрч Ё.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 06 дугаар сарын 28-ны орой Б, О, нөхөр О нар нь түлээний амбаарт архи ууж байхаар нь архи уухаа боль харьцгаа гэж хэлэхэд нөхрийг нь зуны байшинд оруулж унтуулаад Б О нар явсан. Дараа нь 22 цаг өнгөрч байхад төрсөн ах Батсуурь нь орж ирээд “Б хүүхдээ буюу Быг алчих шиг боллоо. Хутгаар хутгалсан байна.” гэж хэлээд түргэн тусламж яаж дууддаг талаар асуугаад гарсан. Дараа нь О орж ирээд “Б ер нь эвгүй байна. Бараг үхчихлээ.” гэж хэлсэн. Удалгүй цагдаа, эмч нар ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэр үед Б ах нь гэрийнхээ гадаа “Ах нь хүүхдээ алчихлаа” гэж хэлээд зогсож байсан. Согтуу байх шиг байсан.” тухай мэдүүлэг /хх 80-82/

2.7. Гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Б.Утай утсаар яриад яваад очиход “Ах нь Быг алчихлаа.” гээд Б уйлж байсан.” тухай мэдүүлэг /хх 90-92/,

2.8. Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр Ё.Б болон өөр нэг танихгүй хүний хамт гурвуул явж Ё.Бы эгчийн гэрийг нүүлгэж өгөөд орой 18 цагийн үед ирж Ё.Быд 0.75 литрийн савлагаатай хараа нэртэй архийг хувааж уугаад салцгаасан. Ё.Б нь жаахан түргэн ууртай,архи тэр бүр уугаад байдаггүй.” тухай мэдүүлэг /хх 96-97/,

2.9. Гэрч Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2025 оны 06 дугаар сарын 26-ны үдээс хойш Б О нарын хамт түлээний амбаарт 1 шил архийг гурвуулаа хувааж уусан. Архиа дуусах дөхөж байхад гэрийнхэн нь хөдөөнөөс ирсэн тул О, Б хоёр Бынх руу орно гээд өөрийнхөө хашаа руу явсан. Маргааш өглөө нь эхнэр нь урд шөнө Б ах хүүхдээ алчихсан байна гэж хэлсэн. Б томоотой, даруухан эхнэр хүүхэд аваагүй хүүхэд байсан. Сүүлийн үед архи уугаад байдаг болчихсон байсан.  Б ах нь их томоотой даруухан хүн байдаг.” тухай мэдүүлэг /хх 100-101/,

2.10. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирэхэд нь охин У нь “Та тайван байгаараа. Аав Б ахыг хутгалж амь насыг нь бүрэлгэсэн” гэж хэлсэн. Хүү Б нь үг дуу цөөнтэй хүүхэд байсан боловч сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болоод ааш нь жаахан эвдрээд огцом ууртай болсон байсан. Нөхөр Ё.Б нь ширүүн түргэн ууртай, хүнтэй их харилцаа муутай ч талийгаач хүү Бтай их эвтэй байдаг байсан. Сэтгэцэд ямар нэгэн гэм хор учраагүй тул би сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоолгохгүй.” тухай мэдүүлэг /хх 44-46/,

2.11. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн: “1. Амь хохирогч Бын биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрх, өрц, ходоодыг гэмтээсэн шарх, хэвлий, цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдсон нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн бөгөөд амь хохирогч Б нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шархны улмаас зүрх чихэлдэж нас барсан.” тухай АРХ0625/079 дугаар дүгнэлт /хх 118-121/,

2.12. “2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А аймаг Э сумын А хорооллын 0-0 тоот хаягт байрлах монгол гэрт буюу хэргийн газарт үзлэг хийхэд гэрийн голд байрлах зуухны ертөнцийн зүгээр баруун урд талд дээш харсан байрлалтай толгой нь бага зэрэг хажуу тийш харсан хоёр хөл өвдөгний үеэр нугарч баруун тийш хазайж байрласан, хоёр гар биеийн дагуу шулуун байрласан зүүн гарын сарвуу хэвлий хэсэг цус болсон цээжний зүүн дээд хэсэгт зүүн хөхний товчноос дотогш босоо хэлбэртэй хатгагдсан, зүсэгдсэн шархтай хүн нас барсан байдалтай байсан бөгөөд амь хохирогчийн зүүн хөлийн өсгийний харалдаа гэрийн хулдаасан шалан дээр 40x30 хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, түүнээс урд зүгт цагаан өнгийн угаалгын машины ёроолд цэнхэр өнгийн хуванцар бариултай ажлын хэсэг нь нэлэнхийдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байсан бөгөөд уг хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан.” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-12/, 

 2.13. “Амь хохирогчийн өмсөж явсан улбар шар өнгийн Eagles-philadelphia гэсэн латин бичиглэлтэй урд энгэр хэсэгт 45x38 см талбайд цус мэт улаан хүрэн ангийн зүйлээр бохирлогдсон урд энгэрийн оёдлоос эгц доош 14 см зайд 2,5 см талбайд гэмтэл үүссэн байсан” тухай эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 30-34/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

2.14. Шүүгдэгч Ё.Бы гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул шүүгдэгчийн мэдүүлэг нь шүүгдэгч хохирогчийг хутгалсан үйл баримтыг нотолж байна гэж үнэлэх үндэслэлтэй.

2.15. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.

2.16. Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотолж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

2.17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар.

3.1. Шүүгдэгч нь хүнийг хутгалах нь хууль бус бөгөөд энэ үйлдлийнх нь улмаас хохирогчийн амьд явах эрх дахин сэргэхгүйгээр зөрчигдөх, амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орох, гэмтэл учрах магадлалтайг энгийн ухамсрын түвшинд мэдэх боломжтой байхад санаатайгаар цээжнийх нь зүүн хэсэгт хутгалсны улмаас хохирогчийн биед цээжний зүүн хөндий рүү нь нэвтэрч үнхэлцэг, зүрх, өрц, ходоодыг нь гэмтээсэн гэмтэл учирч, цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндийд нь цус хуралдаж, зүрх чихэлдэж нас барсан байна.

3.2. Шүүгдэгч Ё.Бы хохирогч Быг хутгалсан үйлдэл нь хохирогчийн үхлийн шууд шалтгаан болсон байна.

3.3. Шүүгдэгч Ё.Б нь согтуу, гэртээ архи авч орж ирлээ гэсэн шалтгаанаар хохирогчтой маргалдаж урьдаас төлөвлөөгүй гэнэт үүссэн сэдэлтээр, шууд санаатайгаар хохирогчийг хутгалсан байна.

3.4. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй, өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдах чадвартай, хэрэг хариуцах чадвартай байсан болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3.5. Шүүгдэгч санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хохирогчийг хутгалсан гэх агуулга бүхий тайлбар, гомдлыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж мэтгэлцэж байх боловч  шүүгдэгчийн үйлдэл нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн шинж, шалгуурыг хангахгүй байна.

3.6. Өөрөөр хэлбэл хохирогч нь шүүгдэгч болон ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжилсон хууль бус, зүй бус үйлдэл гаргасан, түүний улмаас шүүгдэгч сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдал нь илтэд алдагдсан гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, Б.Б нь урьдаас төлөвлөөгүй гэнэт үүссэн сэдэлтээр хохирогчийг санаатай хутгалж алсныг няцаах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.7. Тиймээс анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж  шүүгдэгч Ё.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон нь үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.8. Мөн анхан шатны шүүхээс  шүүгдэгч Ё.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

3.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэж хуульд заасан хэмжээнээс хөнгөрүүлж ял оногдуулах шаардлагагүй талаарх анхан шатын шүүхийн дүгнэсэн нь гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн учруулсан, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаарх тухайн зүйлийн агуулгад нийцсэн байна.

3.10. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэл гаргаагүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 58,212 төгрөг төлүүлэхээр нэхэмжилснийг шүүгдэгч барагдуулсан, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй талаар дүгнэж эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн иштэй хутгыг устгахаар  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

3.11. Шүүгдэгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө 59 хоног цагдан хоригдсоныг шийтгэх тогтоолд тусгасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэх хүртэл 54 хоног цагдан хоригдсоныг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.   

3.12. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бы анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 54 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЭНХТӨР

 

                            ШҮҮГЧИД                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА