Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, 

Шүүгдэгч *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******, ******* нарт холбогдох 1814000930065 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт*******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг 1 дүгээр багийн нутаг “Булан” гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.Гын эзэмшпийн сүпер даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч Ц.Гд 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Гын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 02 сарын 20-ны өдөр миний том хүү *******, бага хүү ******* нар айлд золгоно гэж хэлээд мотоцикльтойгоо явсан боловч орой 17 цагийн үед дугуй хагараад айлаас нөхөөс авах гээд явсан хойгуур замын хажууд байсан мотоциклийг хүн хулгайлаад авсан байна гэсний дагуу цагдаагийн байгууллагад хандсан. ... би мотоциклио 2018 оны 01 сарын 25-ны үед Ундрам дэлгүүрээс ноолуурын гэрээгээр зээлээр худалдаж авсан. Ноолуурын үед өгнө гээд 1.950.000 төгрөгөөр худалдаж авсан. Би мотоциклио холбогдох хүмүүсээс буцааж авсан. Одоо гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-12/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дүү *******ын хамтаар хөдөө гэрээсээ “Шилийн ам” гэх газарт байх ахындаа золголт хийхээр очих гэж яваад замдаа мотоциклийн хойд дугуй хагарсан. Дүү бид хоёрт ямар нэгэн багаж хэрэгсэл байгаагүй, бид хоёр аавын мотоциклиор явж байсан. Аав маань шинэ мотоцикль аваад удаагүй байсан. Дүү бид хоёр зогссон газартаа мотоциклио хоёр дээр нь данхраадаж орхиод айл руу алхсан. Бид хоёрыг айлд ороход айлын хүмүүс цай аягалж тавагтай идээ будаа өгсөн. Тэгээд айлаас багаж хэрэгсэл аваад айлын мотоциклийг унаад мотоцикль руугаа явсан. Мотоцикль байсан газраа очтол дүү бид хоёрын унаж явсан мотоцикль байсан газраа алга байсан. Тэгэхээр нь тэр орчимоо мөр хайтал нэг мотоцикль ирж зогссон, хоёр хүний гутлын мөр харагдсан, мөн хийгүй дугуйны мөр гараад хойд зүг рүү хоёр мотоциклийн мөр гараад явсан байсан. Дүү бид хоёр хайгаад 10 гаран км явсан боловч мотоцикль авч явсан хүмүүсийн бараа байгаагүй. Мотоциклио алдсан тухай аавдаа хэлээд аав цагдаад мэдэгдсэн. Цагдаад мэдэгдсэний маргааш нь мотоциклио олж авсан. Аавын мотоциклийг Говь-Алтай аймгийн Чандмань суманд унаж очсон байхыг цагдаа нар илрүүлж, аав маань мотоциклио хүлээж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/,

Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 02 сарын 20-ны өдөр ах *******гийн хамтаар хөдөө гэрээсээ “Шилийн ам” гэх газарт байх ахындаа золголт хийхээр очих гэж яваад замдаа мотоциклийн хойд дугуй хагарсан. Ах бид хоёрт багаж хэрэгсэл байгаагүй, бид хоёр аавын мотоциклиор явж байсан. Ах бид хоёр зогссон газартаа мотоциклио хоёр дээр нь данхраадаж орхиод айл руу алхасан. Бид хоёрыг айлд ороход айлын хүмүүс цай аягалж тавагтай идээ будаа өгсөн. Тэгээд айлаас багаж хэрэгсэл авч айлын мотоциклийг унаад мотоцикль руугаа явсан. Мотоцикль байсан газраа очтол ах бид хоёрын унаж явсан мотоцикль алга болчихсон байсан. Тэгэхээр нь тэр орчимоо мөр хайтал нэг мотоцикль ирж зогссон, хоёр хүний гутлын мөр гарсан байсан. Мөн ах бид хоёрын унаж явсан мотоциклийн хийгүй дугуйны мөр гараад хойд зүг рүү хоёр мотоциклийн мөр болж гараад явсан байсан. Ах бид хоёр хайгаад 10 гаран км явсан боловч мотоцикль авч явсан хүмүүсийн барааг олж хараагүй. Ах бид хоёр мотоциклио алдсан тухай аавдаа хэлээд аав цагдаад мэдэгдсэн. Цагдаад мэдэгдсэний маргааш нь мотоциклио олж авсан. Аавын мотоциклийг Говь- Алтай аймгийн Чандмань суманд унаж очсон байхыг цагдаа нар илрүүлж, аав мотоциклио хүлээн авсан. Аавын мотоцикль одоо хэвийн ашиглагдаж байгаа. Аав мотоциклио худалдаж аваад удаагүй байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би одоогоор Говь-Алтай аймгийн Чандмань суманд малаа оторлуулж өвөлжиж байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын төв дээр оччихоод буцаж Говь-Аптай аймаг руу явж байгаад Баянговь сумын Хэлтгий багийн нутагт айлуудаар орж золгож явж байгаад, жаахан архи уучихаад явж байгаад надтай хамт явсан Б мотоцикль жолоодъё гэхээр нь би чи архи уучихсан байна, би өгөхгүй гэсэн. Тэгээд Б уурлаад мотоциклио харамлалаа гээд уурлаад байсан. Тэгээд явж байхад зам дээр нэг эзэнгүй мотоцикль байгаатай тааралдсан чинь Б тэр мотоцикль дээр суучихаад асаагаад явах гэхээр нь би болио хоёулаа хэрэгт холбогдоно, боль гэсэн чинь чи мотоциклио өгөхгүй байгаа юм чинь би энэ мотоциклийг унаж явна гээд Б тэр мотоциклийг асааж унаад яваад өгсөн. Би араас нь өөрийнхөө мотоциклиор араас нь явсан ... Тэр мотоциклийн хойд талынх нь дугуй нь хагарсан байсан. Эхлээд Б дугуй нь хагархай чигээр нь унаад яваад өгсөн. Тэгээд жаахан явж байгаад Б надаас түлхүүр багаж аваад дугуйг нь нөхөж хийлж, бид хоёр цаашаа явсан. Хохирогчид Б бид хоёр нийлээд 1.950.000 төгрөг өгсөн, хайсан бензин шатахууны зардалд 600.000 төгрөг өгсөн. Би ёстой том алдаа хийсэндээ үнэхээр их гэмшиж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54/,

Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай гэр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 1 дүгээр багт байдаг. М болохоор манай сумын нутагт малаа оторлуулж өвөлжиж байгаа юм. 2018 оны 02 дугаар сард М Баянхонгор аймгийн Баянговь сумруу явж эцэг эхдээ золгохоор явах гэж байгаад намайг цуг ханьтай яваад өгөөч гэхээр нь бид хоёр хамт явсан юм. Тэгээд Баянговь суманд оччихоод 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буцаж явж байгаад замдаа айлуудаар орж архи, пиво уугаад явж байгаад би мотоцикль жолоодъё гэсэн чинь М надад унуулахгүй гээд бид хоёр жаахан маргалдсан. Тэгээд явж байхад зам дээр нэг мотоцикль байж байхаар нь би тэр мотоциклийг унаад яваад өгсөн. Араас М ирсэн. Замдаа Маас түлхүүр багаж аваад дугуйг нь нөхөж аваад цаашаа яваад Мын гэрт нь очсон. Тэр үед М бид хоёроос өөр хүн байгаагүй. Би тэр мотоциклийг цагаан утсыг нь салгаж байгаад маниулыг нь гишгэсэн чинь асчихсан. Тэгээд унаад яваад өгсөн юм. М бид хоёр нийлээд хохирогчид 1.950.000 төгрөг өгсөн. Мөн мотоциклио хайсны зардалд нь 600.000 төгрөгийг төлсөн байгаа. Хохирогч нь М бид хоёрт ямар нэгэн санал гомдол байхгүй гэсэн. Би ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр их гэмшиж байна, би буруугаа хүлээж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/,

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 27-37/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 61-62, 67, 69-79/,

Хохирол нөхөн төлсөн баримт, эвлэрлийн гэрээ /хх-ийн 80-81, 83/ зэрэг болно

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч*******, ******* нар нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг 1 дүгээр багийн нутаг “Булан” гэх газраас иргэн Ц.Гын эзэмшпийн сүпер даюун маркийн мотоциклийг хулгайлж бусдад 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Г, гэрч *******, насанд хүрээгүй гэрч ******* нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч*******, ******* нарын мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гас шүүгдэгч*******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Ц.Г шүүгдэгч*******, ******* нар нь эвлэрч хэргийн 81 дүгээр хуудсанд эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч*******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч*******ийн эзэмшлийн BSB маркийн зурагт, шүүгдэгч *******ын эзэмшлийн hiddier маркийн зурагт зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүр 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******,******* нар нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч*******т оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч*******ийн эзэмшлийн BSB маркийн зурагт, шүүгдэгч *******ын эзэмшлийн hiddier маркийн зурагт зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч *******,******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА