Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00462

 

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00462

 

 

А.Болдсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03358 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Болдсайханы хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00650 дугаар захирамжаар Аюушсүрэн овогтой Болдсайхан надаас 101 442 642 төгрөг гаргуулж, Грийн инвестмент ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн 44 м.кв 3 өрөө орон сууцны зах зээлийн бодит үнэлгээ нь 180 000 000 төгрөг бөгөөд энэ талаар шийдвэр гүйцэтгэгчид хэлж үнэлсэн болно. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ 147 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 102 900 000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Үнэлгээг хэт дарагдуулсан, гэрчилгээнд дурдсан байрны хуучин хэмжээ болох 44 м.кв гэх хэмжээгээр тооцож үнэлсэн. Хуучны орон сууцнуудын талбайн хэмжээнд гал тогоо, ариун цэврийн болон бие засах өрөө, коридорын, тагтны хэмжээг оруулалгүй тооцдог байсан үеийн журмаар тооцсон хэмжээг үндэслэсэн нь илт байх бөгөөд орчны байрнуудын зах зээлийн үнэлгээг дутуу, буруу аргаар судалсан гэж үзэж байна. Манай орон сууц нь Улаанбаатар хотын газрын 1 дүгээр бүсийн зэрэглэлд хамаардаг бөгөөд ижил төстэй, байрлал ойр газруудын үнэлгээг харвал миний үнэлсэн үнэлгээтэй жишиг, ойролцоо байгаа. Мэдэгдлийг хүлээн аваад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тухай гомдол гаргахад 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4/52 тоот тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Иймд Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 6 дугаар байрны 30 тоот, 44 м.кв 3 өрөө орон сууцны үнэлгээг 147 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагы эс зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 101/ШШ2019/00650 дугаар захирамжаар Аюушсүрэнгийн Болдсайханаас 101 444 642 төгрөг гаргуулж Грийн инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч А.Болдсайханы үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 6 дугаар байрны 30 тоот 44 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж төлбөр төлөгчид хөрөнгийн хадгалалтыг хариуцуулсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд үнийн саналаа төлбөр төлөгч А.Болдсайхан 180 000 000 төгрөгөөр ирүүлж, төлбөр авагчаас шинжээч томилох талаар хүсэлт гаргасан. Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилоход 147 000 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлбөр төлөгчид гардуулан өгч, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/20132 дугаар мэдэгдэл, 10/22 дугаар тогтоолыг төлбөр төлөгч А.Болдсайханд гардуулан өгч гарын үсэг зуруулсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлах явцад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/Ш32019/15599 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Болдсайханы гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2019/15599 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдолд гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүсэлт хугацаанд хэвээр байхыг дурьджээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Мөнх Оргил трейд ХХК үнэлгээг олон улсын стандартын дагуу харьцуулан хийсэн, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэн шийдвэр гаргажээ. Гэтэл шинжээчийн тайланд дурдсан орон сууцнууд нь манай байртай чанар болон байршил, зах зээлийн эрэлтийн хувьд ижил төстэй боловч байршил, давхар, цонхны байршил зүг зэрэг зах зээлийн үнэлгээнд чухал нөлөөтэй үзүүлэлтийг авч үзээгүй. Зөвхөн 5 дугаар хорооллын угсармал бетон хийцийн орон сууц гэсэн үзүүлэлтээр харьцуулан дутуу дулимаг дүгнэлт гаргасан. Уг орон сууцыг 160 000 000 165 000 000 төгрөгөөр худалдан авах саналууд одоо ч ирж байгаа бөгөөд 2020 оны 03 дугаар сард худалдан авах саналыг 2 иргэн гаргаад байна Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Болдсайхан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 101/ШШ2019/00650 дугаартай А.Болдсайханаас 101 077 867 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 6 дугаар байр 30 тоот хаягт байрлах 44 м.кв 3 өрөө орон сууцаар хангах тухай захирамжийг үндэслэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 49 дүгээр зүйлийн 49.4.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

Төлбөр төлөгч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, хэрэв сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заажээ.

 

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд төлбөрт хураагдсан эд хөрөнгийн дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар харилцан тохиролцоогүй байх ба шийдвэр гүйцэтгэгч нь Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч орон сууцыг 147 000 000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг 2019 оны 09 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн зэрэг ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3 дахь хэсэгт заасан журмын дагуу явуулсан байна /хх51, 54-66, 69-70/

 

Хэргийн 54-66 дугаар талд авагдсан үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь орон сууцыг өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээний дүнгээр хөрөнгийн үнэлгээг тогтоожээ.

 

Шинжээч үнэлэгдэх хөрөнгөтэй аль болох ойр байршилтай, шинж чанарын хувьд ижил төстэй, зах зээлд худалдан борлуулагдахаар санал болгосон хөрөнгүүдийг харьцуулах замаар үнийн судалгаа хийсэн байна. Тухайлбал, үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хийц, загварын хувьд ойролцоо, тухайн үед худалдахаар зард тавигдсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороололд байрлах 1980-1989 онуудад ашиглалтад орсон 5 давхар орон сууцны 1-4 дүгээр давхарын 3 өрөө орон сууцтай харьцуулан үзжээ.

 

Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцсэн.

 

Мөнх оргил трейд ХХК эд хөрөнгийг эрс үнэгүйдүүлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй, нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг үгүйсгэх зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.МӨНХЗУЛ