Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2016/00595/и |
Дугаар | 001/ХТ2017/00425 |
Огноо | 2017-04-13 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2017/00425
Эм Си Пи Си Жи Ар ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01068 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Эм Си Пи Си Жи Ар ХХК,
Хариуцагч : Зам, тээврийн хөгжлийн яам
Нэхэмжлэлийн шаардлага : 64.454.784 төгрөг гаргуулах тухай
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сансар-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн захиалгаар 2008 онд Бага улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км авто замын, 2008 онд Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 120 км авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг тус тус боловсруулан хүлээлгэн өгсөн, зураг төсөл зохиогч байгууллага юм. Захиалагч яам нь 2014.9.10-ны өдрийн 1204 албан бичиг, 2015.11.09-ний өдрийн 08/5035 албан бичгээр зохиогчийн хяналт хийлгүүлэх захилга тус тус ирүүлж, үүний дагуу Эм Си Пи Си Жи Ар ХХК зохиогчийн хяналтыг хийж, 2014.12.09-ний өдрийн 352/14 албан бичиг, 2015.12.16-ны өдрийн 327/15 албан бичгээр дүгнэлтийг хүргүүлсэн. Бид дүгнэлт хүргүүлснээр Хавчигийн хавцал-манхан сум чиглэлийн 28.3 км улсын чанартай авто зам 2014 онд, Өлгий-хашаатын даваа чиглэлийн 120 км авто замын эхний 60 км улсын чанартай авто зам 2014 онд албан ёсоор ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан юм. Манай байгууллагын зүгээс хариуцагчид 2014.12.11-ний өдрийн 353/1, 2016.01.28-ны өдрийн 16/16 тоот болон 2016.7.08-ны өдрийн 169/16 албан бичгүүдээр мэдэгдэж, санхүүжилтийн нэхэмжлэлийг 2015.11.16-ны өдрийн 289/15 албан бичгүүдээр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ажлын үнэ болох 43.512.602 төгрөгийг төлөөгүй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Зам, тээврийн яамнаас /хуучнаар/ 2015.11.09-ний өдрийн 08/5035 албан бичгээс зохиогчийн хяналт хийлгүүлэх хүсэлт хүргүүлсэн боловч Эм Си Пи Си Жи Ар ХХК-тай гэрээ байгуулаагүй нь Барилга холт байгууллагын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын явцад зохиогчийн хяналт тавих дүрмийн 2.1, Зураг төсөл зохиогч захиалагчтай гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавих зураг төсөл зохиогч нь 3 төрлийн хяналт тавихаар заасан, 2.3-т "Энэ дүрэмд заасан хяналт тавих хэлбэрийг зураг төсөл зохиогч, барилгын гүйцэтгэгчтэй тохиролцож гэрээгээр зохицуулна...", 3.2.1-т "захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр зураг төсөл зохиогчийн хяналт тавих" гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2015.10.01-ний өдрийн 185 дугаар тушаал батлагдахаас өмнө Зураг, төсөл зохиогч барилгын ажилд хяналт тавихтай холбоотой харилцааг дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм"-ээр зохицуулж ирсэн бөгөөд баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн нэгжийн 2014.9.10-ны өдрийн 1204 тоот албан бичгээр зохиогчийн хяналт хийлгүүлэх хүсэлт хүргүүлсэн боловч гэрээ байгуулсан нь дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм"-ийн 1.9-т "Зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах үндсэн дээр хийнэ." гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Мөн Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийн нэгж нь тус яамыг төлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй. Уг төслийн нэгжээс албан бичиг явуулж зохиогчийн хяналт хийлгүүлэхийг хүссэн, Зам, тээврийн яамнаас 2015.11.09-ний өдрийн 08/5035 тоот албан бичгийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Жаргалаас явуулсан нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.5-д "Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө" гэж заасныг зөрчсөн байна. Иймд Эм Си Пи Си Жи Ар ХХК болон Зам, тээврийн яамны /хуучнаар/ Төрийн нарийн бичгийн даргын хооронд ямар нэг хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг 43.2.1, мөн хуулийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-т заасныг тус тус зөрчигдөж, гэрээ, хэлцэл хийгдсэн гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ "Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ нэгэнт Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн" гэсэн нь үндэслэлгүй болох нь Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу харилцан тохиролцож эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан баримт бичиг үйлдэгдээгүйгээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 20.942.182 төгрөг, 43.512.602 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан, ямар баримт бичгийг үндэслэн шаардаж байгааг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаагүй нь Иргэний хуулийн 344.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ. Иймд Иргэний хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт болон Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрмийн дээр дурдсан холбогдох заалтууд зөрчигдсөн байх тул Эм Си Пи Си Жи Ар ХХК-ийн шаардаж буй нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01068 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтыг баримтлан Зам, тээврийн хөгжлийн яамнаас 64.454.784 төгрөг гаргуулан Эм Си Пи Си Жи Ар ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 649.494 төгрөгийн 480.223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 169.270 төгрөг улсын төсвөөс, 480.223 төгрөгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас тус тус гаргуулан Эм Си Пи Си Жи Ар ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 96 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө болон зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасны дараа захиалагчтай гэрээний талаар болон үнэ хөлс тохиролцсон зүйлгүй. Иргэний хуулийн 343.1-т зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын ур дунг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд энэ талаар тохиролцоо байхгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь хуульд нийцээгүй. Мөн зураг төсөл зохиогчийн хяналтын дүгнэлт нь барилгын ажлын явцад хяналт хийсний үндсэн дээр гаргадаг дүгнэлт бөгөөд барилгын ажил эхлэхэд гэрээ байгуулан ямар төрлийн хяналт тавих, ажлын хөлс хэдэн төгрөг байх зэрэг үнэ хөлсийг Захиалагчтай тохироогүй нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 он, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаал заалтыг зөрчсөн. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Эм Си Пи Си Жи Ар ХХК-нд ажил гүйцэтгүүлэхээр ямар нэг байдлаар хүсэл зориг илэрхийлсэн зүйлгүй бөгөөд нэхэмжлэгч зардлын тооцоо, гэрээний төсөл зэргийг зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө болон дараа эрх бүхий этгээдэд хандаагүй байхад Иргэний хуулийн 43.3-т заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж үзсэн нь Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.2- зөрчсөн. Дээр дурдсанчлан зохиогчийн хяналтын дүгнэлт нь барилгын ажлын явцад хяналт тавьсны үндсэн дээр хийгддэг ажиллагаа бөгөөд Эм Си Пи Си Жи Ар ХХК нь Хавчигийн хавцал-Манхан сум чиглэлийн 28.3 км авто замын барилгын ажил, Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 120 км авто замын эхний 60 км авто замын барилгын ажил эхлэхэд Захиалагчтай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийж гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, ажлын хөлс, зардал зэргийг тохироогүй байж зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын тухай хуулийн 12.2-г зөрчсөн байна. Барилгын ажлын зураг төсөл зохиох, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх, зураг төсөл зохиогчийн хяналт дүгнэлт гаргах зэрэг нь цогц ажиллагаа бөгөөд Эм Си Пи Си Жи Ар ХХК нь Хавчигийн хавцал-Манхан сум чиглэлийн 28.3 км авто зам, Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 120 км авто замын эхний 60 км авто замын барилгын зураг төслийг боловсруулж тус яаманд хүлээлгэж өгөн үнэ хөлсөө авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд зохиогчийн хяналтын дүгнэлт нь зураг төсөл зохиогоод авсан ажлын хөлсөндөө багтдаг юм. Иймд Иргэний хуулийн 43.3, 343.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.3, 172.2.1, тухайн үеийн Барилгын тухай хуулийн 12.1, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.6, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм", "Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалаар батлагдсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм"-ийн заалтууд зөрчигдсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Эм Си Пи Си Жи Ар ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас “...Ховд аймаг, Хавчигчийн хавцал-Манхан сум чиглэлийн 28.3 км автозамын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 20.942.182 төгрөг мөн Баян-Өлгийн аймаг, Өлгий Хашаатын даваа чиглэлийн 120 км.авто замын эхний 60 км. автозамын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 43.512.602 төгрөг нийт 64.454.784 төгрөг...” гаргуулахыг шаардсан /хх 1, 52/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Зам, тээврийн хөгжлийн яам 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав. Тодруулбал, Эм Си Пи Си Жи Ар ХХК-ийн захирал Ж.Батсайхан тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 97/17 албан бичигт “...Манай компани шүүхэд хандаж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас 64.454.784 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Бидний нэхэмжлэлийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд ханган шийдвэрлэж, 181/Ш2016/10068 дугаартай шийдвэр, 96 дугаартай магадлалыг гаргасан юм. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан тул бид нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг үүгээр илэрхийлэв...” гэжээ.
Хяналтын журмаар гомдол гаргасны дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Эм Си Пи Си Жи Ар ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01068 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “...Ховд аймаг, Хавчигчийн хавцал-Манхан сум чиглэлийн 28.3 км автозамын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 20.942.182 төгрөг мөн Баян-Өлгийн аймаг, Өлгий Хашаатын даваа чиглэлийн 120 км.авто замын эхний 60 км. автозамын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 43.512.602 төгрөг нийт 64.454.784 төгрөг...” гаргуулах нэхэмжлэлээсээ Эм Си Пи Си Жи Ар ХХК татгалзсаныг баталж, Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ