Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0448/З |
Дугаар | 221/МА2018/0448 |
Огноо | 2018-08-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2018/0448
Ц.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0347 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн П.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.А-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0347 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд нь эрхэлж байсан албан тушаалд томилоогүй Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Ц.А-ыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23.723.410 /хорин гурван сая долоон зуун хорин гурван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.А-д олгохыг, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн дурдсан агуулгаар захиргааны актыг буруу тайлбарлан, хууль буруу хэрэглэсэн. Тухайлбал:
Хавтаст хэргийн 4 дүгээр талд байх Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/249 дугаар тушаал 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарсан бөгөөд уг тушаалын 1-д зааснаар энэ өдөр нэхэмжлэгч Ц.А-ыг албан тушаалаас нь чөлөөлж, өөр ажилд томилсон. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа шиг, анхан шатны шүүхийн зүгээс шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт бичээд байгаа шиг албан тушаал бууруулаад байгаа асуудал биш. Уг Б/249 дугаар тушаалд албан тушаал бууруулсан тухай үг, өгүүлбэр байхгүй. Албан тушаалаас нь чөлөөлөх, ажилд томилох асуудал нь тусдаа өөр өөр харилцааг зохицуулсан шийдвэр юм. Үүнийг нэг тушаалд байгаа гэдэг утгаар нь хялбарчилж бууруулах гэсэн ганц үгээр илэрхийлэх боломжгүй.
Албан тушаалаас чөлөөлсөн гэдэг нь харилцаа дуусгавар болгох тухай ойлголт. Ажилд томилж байгаа нь шинэ харилцаа эхэлж байгааг илэрхийлнэ. Тиймээс яг аль харилцаатай холбоотой асуудлаар маргаж байна вэ гэдгийг тодорхойлох ёстой. Албан тушаалаас чөлөөлсөн гэдэг нь нэгдүгээр хавсралтын “Санхүү, төрийн сангийн хэлтэс” хэсгийн 1-д Ц-ын А гэж бичигдсэнээр, албан тушаалд томилогдсон гэдэг нь хоёрдугаар хавсралтын 2 дугаар хэсгийн 7-д Ц.А-д албан тушаал нь хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн байхаар бичигдсэнээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн, томилогдсон талаараа маргах байсан бол уг тушаал гарснаас хойш Төрийн албаны тухай хуулийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д заасны дагуу 30 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой байсан. Гэтэл уг хугацаанд гомдол гаргаагүй. Хуульд тодорхойлон заасан хугацаанд гомдлоо гаргаж амжаагүй бол “Гомдол гаргах хугацаа сэргээлгэх” хуулийн зохицуулалттай. Гэтэл Ц.А нь уг хүсэлтийг гаргалгүйгээр, эрх бүхий этгээдээр нь шийдвэрлүүлэлгүйгээр Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж хууль зөрчсөн. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаа хэтрүүлсэн, гомдол гаргах хугацаа сэргээлгээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Мөн томилогдсон ажлаа хүлээн зөвшөөрч, ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг нь нотлогдож байгаа. Үүнд: Хавтаст хэргийн 18 дугаар талд Ц.А-ын зүгээс 2017 оны 03 дугаар 31-нд “Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлд” гаргаж байсан гэх гомдол байна. Уг гомдолд “... одоо тус хэлтэст хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна” гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлсөн болон ажилд томилсон захиргааны шийдвэрүүдийг 3 сарын хугацаанд хүлээн зөвшөөрч байсан. Ийм байхад Ц.А-ын зүгээс нэхэмжлэлд дурдсан, хэрэгт хавсаргасан үр дүнгийн биелэлтийн асуудал хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол байхгүй. Учир нь ажлын үр дүнгийн биелэлтийг Ц.А-ыг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болгоогүй. Энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох "Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга” гэсэн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэйгээ маргаагүй буюу Б/249 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт хүчинтэй хэвээр байхад түүнийг ажилд нь эгүүлэн томилох нь хууль зүйн үндэслэлгүй.
Ажлаас чөлөөлөх тухай ойлголт бол өргөн хүрээтэй ойлголт юм. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж тус тус заасан. Ер нь энэхүү харилцаа нь хөдөлмөрийн л харилцаа. Улсын дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны 32 дугаар тогтоолоор л Захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан маргаан юм. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үндэслэлийн нэг нь л ажил албан тушаалаас чөлөөлөх асуудал. Тиймээс сонсох ажиллагаанд хамаатуулах боломжгүй. Тэгээд ч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид мэдэгдсэн гэдэг нь хэргийн материалд байгаа хурлын тэмдэглэлээр тогтоогддог.
Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ...” гэж заасан байгаа. Энэхүү заалтын агуулга нь ямар нэгэн хуульд өөрөөр заагаагүй буюу өөр зохицуулалт байхгүй бол Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлахаар зохицуулсан.
Гэтэл Төрийн албаны тухай хуульд өөрөөр заасан. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж заасан байгаа. Нэхэмжлэгч Ц.А-д нь үнэхээр эрх нь зөрчигдсөн гэж үзсэн бол хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 28-наас эхлэн маргах ёстой байсан. Хуульд зааснаар гомдол гаргах хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 28-нд дуусгавар болсон. Гэтэл Ц.А-д нь ажил үүргээ гүйцэтгэж байсан нь хэлээгүй ч өөрийн үйлдлээрээ эрх зөрчигдөөгүй гэдгээ илэрхийлж байсан гэсэн үг. Нэхэмжлэлийн үндсэн санаа зориг нь бол “Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн’’-ий ажлаас чөлөөлөгдөх болонгуут л Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар маргаж эхэлсэн. Энэ албан тушаалд томилуулах нь гол зорилго нь биш гэдэг нь тэрээр мэргэжилтэн хэмээх ажилдаа орохоор бас нэхэмжлэл гаргаж маргаж байгаагаар нотлогдож байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй талаар маргаж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ.
Тиймээс анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий, төрийн албанаас халах, чөлөөлөх зэрэг захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл, заалтад нийцсэн, гаргасан зөрчил бүр нь нотлох баримтаар, хангалттай, бүрэн дүүрэн тогтоогдсон байхыг шаарддаг.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/249 дүгээр тушаалыг гаргасан байх ба уг тушаалын 1 дүгээр хавсралтаар нэр дурдагдсан ажилтан, албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар нэр дурдагдсан ажилтан, албан хаагчдыг эгүүлэн томилсон байна. Ингэхдээ тушаалын 1 дүгээр хавсралтаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.А-ыг албан тушаалаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар түүнийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд томилгоо хийлгүйгээр үлдээсэн нь буруу болжээ.
Нэхэмжлэгч Ц.А нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасан баталгаагаар хангагдах ёстой. Маргаан бүхий Б/249 дүгээр тушаалын үр дагавар нь Ц.А “албан тушаал буурсан” байдлаар илэрч байна. Иймд анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг тайлбарлан дүгнэсэн нь буруу биш юм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох үндэслэлийг заасан бөгөөд нэхэмжлэгчийн тухайд дээрх үндэслэл байгаагүй болох нь түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтантай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээгээр 92 оноо буюу “Маш сайн” үнэлгээтэй дүгнүүлсэн, түүнчлэн Нийслэлийн аудитын газраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтэд “...тус дүүргийн Тамгын газрын санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна” гэж дурдсанаар тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ...” гэж заасан байдаг. Маргаан бүхий акт болох Б/249 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтад нэхэмжлэгчийн албан тушаалыг “Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга” гэсэн байх бөгөөд мөн тушаалын хоёрдугаар хавсралтын хоёр дахь хэсэгт “Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга” гэж заасан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын нэр өөрчлөгдөөгүй нь болох нь тогтоогддог ба түүний төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан хэрэгжүүлбэл зохих чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна. Иймд Ц.А-ыг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо “Мөн томилогдсон ажлаа хүлээн зөвшөөрч, ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг нь нотлогдож байгаа” гэсэн үндэслэлийг дурдаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь аливаа төрийн албан хаагч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн /чөлөөлсөн, халсан, сахилгын шийтгэл ногдуулсан гэх мэт/ захиргааны актын эсрэг гомдол, нэхэмжлэл гаргахын тулд ямар нэгэн ажил хийхгүй, ажилгүй, орлогогүй болсны дараа нэхэмжлэл гаргах ёстой гэж ойлгож болохгүй.
Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэж дурдаж байгааг хүлээн авах боломжгүй. Анхан шатны шүүх “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй” гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв бөгөөд Ц.А нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Түүнчлэн нэгэнт шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ц.А-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнд олгох нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР