Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 221/2020/0012/З |
Дугаар | 245 |
Огноо | 2020-06-23 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 245
Н.Б-гийн нэхэмжлэлтэй, Сонгуулийн
ерөнхий хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 73 тоот тогтоолыг хүчингүй болгуулах,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 0010 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Н.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-Э нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0010 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.4, 32 дугаар зүйлийн 32.8, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаар “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Давж заалдах журмаар гаргасан гомдол:
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Иргэн Н.Б-гийн нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 0010 дугаар шийдвэрт холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.
3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 29 дүгээр зүйлийн 29.3-т тус тус зааснаар Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид нийтлэг болон тусгай шаардлага тавигддаг. Бие даан нэр дэвшигчийн хувьд нийтлэг болон тусгай шаардлагаас гадна Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсэг зуруулсан байх шаардлага тавигддана. Хууль тогтоогчийн зүгээс уг шаардлагыг нь улс төрийн нам бүртгүүлэх үйл ажиллагааны шаардлагатай адилтган авч үзэж мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т уг гарын үсэг зуруулах маягтад бичигдсэн байх мэдээллийн төрлүүдийг тодорхой хуульчилсан байна. Үүнд:
1. Сонгогчийн эцэг/эх/-ийн нэр
2. Өөрийн нэр
3. Регистрийн дугаар
4.0ршин суугаа газрын хаяг
5. Хөдөлгөөнт эсхүл суурин утасны дугаар зураг мэдээллийг тодорхой бичсэн байх шаардлага тавигддаг.
4. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Н.Б нь 933 сонгогчоор гарын үсэг зуруулсан гэх баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу уг баримтыг нягтлан шалгахад гарын үсэг зурагдаагүй 1, регистрийн дугаар бичигдээгүй 3, хаяг бичигдээгүй 176, мөн сонгогчтой утсаар холбогдож асуухад “Н.Б”-г дэмжиж гарын үсэг зураагүй 76, овог бичигдээгүй 933 зөрчил тус тус байна. Энэ нь гарын үсэг зуруулах ажиллагааны талаарх хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй бөгөөд зөрчилгүй гарын үсгийн тоо нь 801-д хүрээгүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.
5. Дээр зөрчлүүд байгаа нь хэрэгт авагдсан Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн За/З69 дүгээр албан бичгээр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн “264315 дугаарын утаснаас гадагш залгасан дугаар” баримт, мөн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 19 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “...гарын үсэг зуруулах маягт” нийт 50 хуудас баримтуудаар шууд нотлогдож байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дээрх зөрчил байгаа эсэхийг нягтлан шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
6. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 79 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Н-ийн Б нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэх”-ээс татгалзаж шийдвэрлэсэн; нэхэмжлэгч “Н.Б”-гаас уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байна.
8. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна”, 31.4-т “Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна”, 32 дугаар зүйлийн 32.8-д “Сонгуулийн ерөнхий хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзан нягтлан шалгаж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл уг ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороогоор гүйцэтгүүлж болно”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Нэр дэвшигчээр дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана: гээд 33.1.2-д “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;” гэж тус тус заажээ.
9. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны үйл ажиллагаа нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасныг үзвэл, захиргааны байгууллагаас аливаа захиргааны акт гаргахдаа үндэслэл болгож буй нөхцөл байдлыг нотлох баримт цуглуулах эрхийн хүрээнд бүрэн тогтоох үүрэгтэй бөгөөд энэхүү маргааны хувьд сонгуулийн ерөнхий хороо бие даан нэр дэвшигчийг хуульд заасан 801 сонгогчийн гарын үсэг зуруулах шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байгаа бол тэдгээр нь ямар үндэслэлээр үнэн зөв биш гэж байгаа талаар өөрөө баримт бүрдүүлж, нотлох учиртай.
10. Хариуцагчаас “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 32 дүгээр зүйлийн 32.8-д заасны дагуу шалгахад Н.Б-г дэмжиж гарын үсэг зураагүй, регистрийн дугаар бичигдээгүй зэрэг нийт 223 зөрчилтэй байсан нь хуульд заасан 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэгт хүрээгүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан” гэж тайлбарлаж байгаа ч гарын үсэг зуруулах маягтад (-) тэмдгээр тэмдэглэсэн; түүвэр хийж иргэдтэй холбогдсон гэх ажилтны тайлбараас өөрөөр эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй байна.
11. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн “... сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах ажиллагааг хийхдээ 223 иргэний хэн гэдэг иргэн, хэдэн иргэн, ямар шалтгааны улмаас нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зураагүй, хэдэн иргэн гэр бүл найз нөхдийнхөө өмнөөс гарын үсэг зурсан, хэдэн иргэний регистрийн дугаар буруу, хэдэн иргэн хаягийн зөрчилтэй, хэдэн иргэн нь тойргийн биш, хэдэн иргэний утасны дугаар буруу, хэдэн иргэн өөр нэр дэвшигчийг дэмжиж зурсан, судалгаа авч байгаа, сонгуулиар ажиллуулна гэх мэтээр хуурч гарын үсэг зуруулсан зэрэг өөр өөр ялгаатай нөхцөл байдлыг ялган тогтоож тодорхой, эргэлзээгүй байдлаар нотлоогүй, энэ талаар нотлох баримт бүрдүүлээгүй ...” нь дээрх хуульд нийцээгүй юм.
12. Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... баримтыг нягтлан шалгахад гарын үсэг зурагдаагүй 1, регистрийн дугаар бичигдээгүй 3, хаяг бичигдээгүй 176, мөн сонгогчтой утсаар холбогдож асуухад “Н.Б”-г дэмжиж гарын үсэг зураагүй 76, овог бичигдээгүй 933 зөрчил тус тус байна ...” гэж тайлбарлаж байгаа ч хавтаст хэргийн 26-28 дахь талд авагдсан ажилтан Г.Энхбаатарын тайлбар болон гарын үсэг зуруулсан маягтыг шалгах хуудаст ийм зөрчил тогтоогоогүй, тоо нь зөрүүтэй байх тул хариуцагчаас зөрчлийг бүрэн тогтоож, үндэслэл бүхий захиргааны акт гаргасан гэж үзэхгүй.
13. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд 9/-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй ...” гэж заасан бөгөөд энэхүү эрхийг хангах үүрэг нь Сонгуулийн төв байгууллагын тухай болон бусад сонгуулийн хууль тогтоомжоор Сонгуулийн ерөнхий хороонд хамааралтай; хэрэв нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байгаа бол үүнийг бүрэн шалгаж, холбогдох нотлох баримтаар хангалттай тогтоосны үндсэн дээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах боломжтой.
14. Иймд, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-Эийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ