Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1050

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* нарыг оролцуулан “Х******* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Х******* ” ХХК

 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Х******* ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 1*******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгээгүйг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч бүртгэн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х******* ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х******* ” ХХК нь Увс аймгийн Т сумын Б ш******* нэртэй газарт 3667.53 гектар талбай бүхий 1******* тоот тусгай зөвшөөрлийг 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эзэмшиж, Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хууль, бусад журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийн байдлаар 1 тэрбум гаруй төгрөгийн хайгуулын ажил хийсэн.

Хайгуулын 1******* тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл байсан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах болон хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Увс аймгийн Т сумын нутаг дахь 1******* тоот хайгуулын талбайн 2014-2016 оны онуудад хийх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг болон бусад бичиг баримтаа бүрдүүлэн Ашигт малтмалын газарт өгсөн боловч дахин шинээр төлөвлөгөөгөө батлуул гэж хэлсний дагуу Т сумын Засаг даргад 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлсэн гэвч сумын Засаг дарга төлөвлөгөөг баталж өгөөгүй байсаар 2016 оны 02 дугаар сард албан тоот өгсөн.

Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө буюу 2015 оны 9 дүгээр сард Ашигт малтмалын газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг бусад шаардлагатай материалын хамт өгсөн боловч Засаг даргын бичиг шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг шийдвэрлэхгүй удсан бөгөөд манай компанийн зүгээс 2016 оны 3 дугаар сард албан тоотоор гомдол гаргасан бөгөөд Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/2216 дугаартай албан тоотоор танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шуудангаас хүлээн авсан болно.

Дээрх үйл явдлаас шалтгаалан төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл, хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүйн улмаас манай компани хохироод байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “...Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ...” хуулийн заалтыг Засаг дарга зөрчсөний улмаас манай компани хохирч, тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах хүсэл, сонирхлоо илэрхийлж, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хандаж байсан юм.

Мөн өргөдлөө гаргасан боловч хуульд зааснаар хавсаргах шаардлагатай баримт бичгийг хугацаандаа бүрдүүлж чадаагүй нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанаас буюу манай компаниас хамаарахгүй шалтгаанаас болсон тул манай компани хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж бид үзэхгүй байна.

Иймд “Х******* ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 1*******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгээгүйг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч бүртгэн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х******* ” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 1*******Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй хууль бус үйлдлийг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэн, тусгай зөвшөөрөл дээр бүртгэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Увс аймгийн Т сумын нутагт орших “Б ш*******” нэртэй газарт

3667.53 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 1*******Х тоот тусгай зөвшөөрлийг “Г******* *******” ХХК-д олгосон бөгөөд Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 546 дугаартай шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “Х******* ” ХХК-д эзэмшилд шилжүүлснийг бүртгэсэн байна.

“Х******* ” ХХК-ийн хайгуулын 1*******Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө хугацааг сунгуулах өргөдлөө ирүүлээгүй. 

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9/15 тоот албан бичгээр 1*******Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болохоос өмнө уг тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлөө хугацаандаа гаргаж өгч чадахгүй байгаа шалтгаанаа Увс аймгийн Т сумын Засаг даргад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй байх тул тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт болон үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн сунгах өргөдлийг хүлээж авах хүсэлтийг Кадастрын хэлтэст гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан өргөдлийн бүрдүүлбэрээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дутуу ирүүлснээс хүлээн авах боломжгүй тул бүрдүүлбэрийг гүйцэд гаргаж өгөхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч өргөдлийг хугацаандаа Кадастрын хэлтэст гаргаж өгөөгүй байна.

Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс 2016 оны 3 дугаар сард уг тусгай зөвшөөрлийн өргөдлийг нөхөн авахуулах хүсэлтийг хуулиар хэрхэн шийдвэрлэхийг зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд бусад этгээдийн буруутай ажиллагааны улмаас сунгах өргөдлөө гаргаж чадаагүй гэх шалтгааныг үндэслэн уг тусгай зөвшөөрлийг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах үндэслэлгүй байна.

Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай

зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын 13563Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х******* ” ХХК нь Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 546 дугаартай шийдвэрээр Увс аймгийн Т сумын нутагт орших “Б ш*******” нэртэй газарт 3667.53 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 1*******Х тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг шаардагдах баримт бичгийн хамт хариуцагчид гаргахаар байсан боловч нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 9/15 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандсан байна. Тус албан бичгээр “...Увс аймгийн Т сумын Засаг даргад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй байх тул тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт болон үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах”-ыг хүсжээ. 

Дээрх хуульд зааснаар өргөдөлд хавсаргах баримт бичгийн бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй бөгөөд нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээргүй байна. 

 Захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-д “захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн...” байхаар тус тус тодорхойлсон байна. Нэхэмжлэгч “Х******* ” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг түүнд хавсаргавал зохих бичиг баримтын хамт гаргаагүй нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа байх тул төрийн захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй юм. 

Хэдийгээр “...Увс аймгийн Т сумын Засаг даргад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй...” хэмээн нэхэмжлэгчийн албан бичигт дурдсан ч Ашигт малтмалын тухай хулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “Х******* ” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг гаргах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д зааснаар “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д зааснаар “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хавсаргах ёстой байжээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.6-д “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах” гэж заажээ. 

Нэхэмжлэгчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан “...2014-2016 онуудад гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг өмнө нь батлуулсан байсан учраас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад өмнөх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг болно гэж бодож байсан...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд өргөдлийг бүрэн гүйцэд бүрдүүлбэрийн хамт хуульд заасан 1 сарын өмнө төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасны дагуу “Х******* ” ХХК-аас 2016-2018 онуудад гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар байсан боловч зөвхөн 2016 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар Т сумын Засаг даргад хандсан гэж байгаа нь хуулийн шаардлагыг хангахааргүй байсан.

Шүүхээс тус хэрэгт шүүхийн даалгавар гүйцэтгүүлэхээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд хандсаны дагуу тус шүүхээс Увс аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэрэгт бичиг баримтын үзлэг хийж, Т сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.*******гоос гэрчийн мэдүүлэг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шаардлагатай нотлох баримт зэргийг цуглуулсан. 

Тухайн асуудлыг хариуцдаг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.******* гэрчийн мэдүүлэгтээ “...“Х******* ” ХХК-аас 2016 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг ирүүлж байгаагүй, ...ирүүлсэн бол заавал надад танилцуулах ёстой, ...энэ төлөвлөгөө гэх бичиг баримтын нүүр хэсэгт би гарын үсэг зураагүй, дарсан тэмдэг нь миний улсын байцаагчийн тэмдэгийн хувийн дугаартай таарч байна, гэхдээ би энэ бичиг баримтад тэмдэг дараагүй, хэрэв би гарын үсэг зурж, тэмдэг дарсан бол надад 1 хувь нь үлдэх ёстой. Харин энэ компанийн 2012 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө надад хадгалагдаж байгаа...” гэжээ. 

Мөн бичиг баримтыг үзлэгээр Увс аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 тоот албан бичиг нь огнооны хувьд 3 дугаар сард явуулсан бичгийн огнооноос зөрүүтэй, маргаан бүхий 30 тоотын өмнөх болон дараагийн 29, 31 тоот албан бичгүүд нь 3 дугаар сарынх бөгөөд нэхэмжлэгч “Х******* ” ХХК-ийн Увс аймгийн Т сумын Засаг даргад 2016 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар явуулсан гэх албан бичиг тухайн Тамгын газарт байхгүй, нэхэмжлэгчийн зүгээс тэрхүү албан бичгээ шүүх хуралдаан хийх хүртэл гаргаж өгөөгүй зэргээс дүгнэхэд “Х******* ” ХХК тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хандаж байсан нь тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...30 дугаар албан бичгийг авахдаа тухайн компаниас анх хүсэлт гаргаж байснаа нотолж чадаагүй нь “Х******* ” ХХК-ийн өөрсдийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна, ...хол газар учраас цаг хэмнэх үүднээс явуулын хүнээр байнга дайж явуулж байсан, ...Т сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 тоот албан бичгийг нэхэмжлэгч аваагүй шууд хариуцагчид хүргүүлсэн байсан...” гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр хийсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум ... засаг дарга энэ хуулиийн 38.1.3, 38.1.6-д заасан өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасны дагуу тухайн засаг дарга Ашигт малтмалын газарт бус “Х******* ” ХХК-д хүргүүлэх ёстой юм. 

Хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгч “Х******* ” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлөө түүнд хавсаргавал зохих бичиг баримтын хамт гаргаж өгөөгүй учраас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй үйлдэлд хариуцагчийг буруутгаж, төрийн захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус гэж тогтоох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х******* ” ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын 1*******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгээгүйг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч бүртгэн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Н.ДОЛГОРСҮРЭН