Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Хохирогч *******,

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1814001610085 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2018 оны 0З дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 22 дугаар гудамжны үзүүрт өөрийн эхнэр *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 0З дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 22 дугаар гудамжны үзүүрт эхнэр *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч *******ийн ... Би өглөө 12 цаг өнгөрөөгөөд гэрээсээ *******, ******* эгч,*******,******* нарын хамт ******* гэдэг айлын хашаанд очоод илүү гэрт нь шороо угаах гэж очсон. Тэгхэд тэнд байсан. Тэгэхэд бид нар архи уугаагүй байсан. Бид нар шороогоо угаах гэхэд болохгүй болохоор нь буцаад төхөөрөмжөө гагнуулах гээд гарцгаасан. Тэгээд*******ынд очоод хүүхдийг нь 14 цагийн автобусаар явуулсан. Гэхдээ бид нар гаргаж өгөөгүй таксинд суулгаж явуулсан. Тэгчихээд төхөөрөмжөө гагнуурын газар гагнуулчихаад эргэж*******ынд очоод *******,*******, ******* эгч бид 4 нэг шил 0,5 литрийн Улаанбаатар гэдэг архи 4-үүлээ хувааж уусан. Тэгэхэд цаг 15 цаг өнгөрч байсан. Уучихаад дахин очоод байж байтал манай нөхөр ирээд намайг архи уусан байна гээд уурлаж намайг зодох гэж дайрсан. Тэгтэл тэнд байсан гэдэг залуу манай нөхрийг хориглоод барьж байсан. Гэрт бол манай нөхөр намайг цохиж чадаагүй. Би гараад гэрийнх нь ард зогссон. Тэгтэл хүн гарч ирэхгүй болохоор нь овоолттой нүүрсний дэргэд очоод суухад хүн гарч ирэхгүй болохоор нь хашаанаас гарч нөхрийнхөө машиныг унаад гудамжны үзүүрт очиж зогссон. Тэнд байж байтал манай нөхөр араас ирээд машин дотор намайг зодсон. Би машинаа зогсоогоод арын суудалд нь сууж байсан юм. Манай нөхөр машинд орж ирээд машины хажуу талын хаалганд миний утас байсныг аваад миний нүд рүү шидсэн чинь миний нүдэнд оносон. Тэгээд би буугаад хашаа тойроод зугтаахад намайг бариад авсан. Тэгэхэд би ухасхийгээд урагшаа болохдоо нүүрээрээ хашааны хаалга мөргөсөн. Тэгэхэд манай нөхөр намайг барьж аваад машиндаа суу гээд суулгасан. Тэгэхэд цагдаа нар ирж барьж авсан. Миний зүүн мөрөнд хөхрөлт үүссэн байгаа түүнийг цохьсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед би нилээн согтуу байсан зарим үйлдэлээ санаад зарим үйлдэлээ санахгүй байна. Миний буруутай үйлдэлээс болж ийм хэрэгт нөхөр маань орлоо. Би архи уугаагүй бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тэр үед би согтууруулах ундаа

хэрэглэсэн байсан. Надад гомдол алга, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-15/,

Гэрч гийн ... Ө үдээс хойш ирээд эхнэрийгээ архи уусан байна гээд хэрэлдээд эхнэрээ зодох гээд дайрсан. Тэгэхээр би Өыг барьж аваад салгасан. Гэхдээ Ө эхнэрийнхээ биед хүрээгүй 1 удаа хий өшиглөхөөр нь би барьж авсан. Тэгтэл эхнэр нь гараад гүйсэн. Би хойноос нь гарч хараагүй. Өыг бид нар гаргаагүй гэрт байлгаж байгаад явуулсан. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй. Дахин орж ирээгүй эхнэр нь ч ирээгүй. Өыг нилээн удаан гэрт байлгасан ... гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Б.*******гийн ... Тэгээд байж байтал Оийн нөхөр Ө гаднаас орж ирээд аль хир гарч байна гэчихээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирээд Оийг яачихсан юм гээд өшиглөх гээд дайраад байсан. Тэгээд О гараад зугтаасан. Тэгээд Ө тэнд байж байгаад явсан. Түүнээс хойш дахин орж ирээгүй. О ч орж ирээгүй би тэд нарыг гарч хараагүй. Өыг гараад явахад 16 цаг дөхөж байсан байх ... гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Шүүгдэгч *******ын ... Би шороо ачиж ирээд угаагаадах гээд эхнэр Оийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр явуулсан. Тэгтэл угаасан юм байхгүй архи уучихсан байхаар нь би эхнэрээ зодсон. Тухайн өдөр би 9-р багт байх эхнэрийнхээ шороо угааж байгаа айлын хашаанд очиход эхнэр маань , *******, ******* нартай байсан ба гэрт ороход шороо угааж байгаа нэртэй архи уусан байсан. Тэгээд би эхнэрийгээ цохиж авах гэтэл намайг барьж аваад цохиулаагүй. Тэгтэл О гараад гүйсэн. Би тэгээд гэрт нь жаахан сууж байтал гадаа машин дуугарч гараад харахад О миний машиныг унаад гудамжны үзүүр дээр зогсчихсон байсан. Тэгэхээр нь араас нь яваад очсон чинь О машинд ганцаараа байхаар нь би Оийг гараараа цохиод өшиглөсөн. Би хаана ч хамаагүй цохисон ... гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 223 тоот шинжээчийн ... *******ийн биед 2 нүдний дээд доод зовхи, дух, хамар, хүзүүнд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэсэн дүгнэлт /хх-н 28-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч ******* нь шүүгдэгч *******тай эвлэрч хэргийн 49 дүгээр хуудсанд эвлэрлийн гэрээг байгуулж гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 2 хаалгатай хөргөгчийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                        ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 2 хаалгатай хөргөгчийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******сөбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА