Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00463

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/00463

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00157 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн хариуцагч СММС ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38 937 201.59 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Төрийн банк ХХК нь СММС ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2 тоот зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Зээлийн барьцаанд зээлдэгч СММС ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч Н.Содномын нэр дээрх Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянгол ам Найрамдлын зам гудамж 68/7 хаягт байрлах хувийн сууцыг барьцаалсан. Зээлдэгч компани 2000 оноос барилга угсралт, засал чимэглэл, эрчим хүчний барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Зээл хүссэн өргөдөлдөө Увс аймгийн Цагаан хайрхан сумаас Хэцүү хад хүртэл 15 кв цахилгаан дамжуулах сүлжээний барилга угсралтын ажилд зээлийг зарцуулна гэж тодорхойлсон. Компанийн төсөл хэрэгжүүлэх шаардлагатай санхүүгийн тооцоолол алдагдсан, эсхүл тухайн үед эдийн засаг хүндэрсэн, компанийн удирдлагын санхүүгийн сахилга бат хангалтгүй байсан шалтгаанаар зээлийн хугацаа хэтэрч, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн банк ХХК-ийн хугацаа хэтэрсэн зээлийн авлага барагдуулах нэгжид шилжсэн. Ингээд олон удаагийн уулзалт, утсаар ярих ажиллагааг хийсэн боловч нэг ч удаа төлөлт хийгээгүй. Н.Содном нь байнгын эргэх холбоотой ажиллаж байсан. Банкны зүгээс шат дараалсан арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй учраас шүүхийн журмаар хүү зогсоох, зээлдэгчийг хариуцлагажуулах зорилготой шүүхэд нэхэмжлэл гаргасан. СММС ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 18 911 346.05 төгрөг, зээлийн хүү 17 064 976.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 960 879.07 төгрөг, нийт 38 937 201.59 төгрөг гаргуулж, Төрийн банк ХХК-д олгож өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн тайлбарт: Миний бие 50 000 000 төгрөгийг хувьдаа ашиглаагүй, Цагаанхайрханы ажилд зарцуулсан. Сонгуулиар Засаг дарга солигдоод нэмэлт санхүүжилт авч чадаагүй. Эрчим хүчний зориулалттай авсан санхүүжилтаар 2014 онд цэцэрлэгийн барилга барьж, 2017 онд ашиглалтад оруулж өгөөд гэрээний үлдэгдэл төлбөр 88 000 000 төгрөгийг Засаг даргаас шаардахад өмнөх асуудлыг мэдэхгүй гээд мөнгө өгөөгүй. 2019 оны 08 дугаар сард Завхан аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг маргаан шийдвэрлэгдээд мөнгөө авчихвал Төрийн банк ХХК-д өгнө. Би өөрт байгаа мөнгөөрөө зээлийн төлбөрийг сар бүр төлж байсан боловч сүүлийн үед төлж чадахгүй болоод байна. Зуслангийн байшинг худалдах саналыг банкинд гаргаж байсан. Би өөрөө худалдъя гэхээр банкинд гэрчилгээ байгаа учраас зарах боломжгүй байсан. Зээл авсан нь үнэн учраас төлнө. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүүг зогсоох хүсэлт өгсөн. Зээлийн хүүгээс багасгаж өгнө үү гэжээ.

Шүүх:    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СММС ХХК-аас 31 181 581.16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 755 620.43 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352.636 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч СММС ХХК-аас 313 858 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, хариуцагч СММС ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрчээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтыг эс зөвшөөрч байна. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Зээлдэгч компани 2000 оноос барилга угсралт, засвар, засал чимэглэл, эрчим хүчний барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Зээлийг Увс аймгийн Цагаан хайрхан-аас Хэцүү хад хэмээх газар хүртэлх 15 кВ-ын ЦДАШ-ын барилга угсралтын ажилд зарцуулна гэж авсан байдаг. Нэхэмжлэл гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 18 911 346.05 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүгийн үлдэгдэл 17 064 976.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2 960 879.07 төгрөг, нийт 38 937 201.59 төгрөг байсан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг буруу, дутуу үнэлсэн гэж үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтын нэхэмжлэлийн шаардлагаас 7 755 620.43 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Иргэний хууль, бусад хууль тогтоомжоор зээлдүүлэгчид гэрээг цуцлах эрх олгогдсоноос бус гэрээг цуцлах үүрэг хүлээлгээгүй. Гэрээ цуцлах үндэслэл шалтгаан ноцтой байх ёстой. Талуудын аль нэгэнд гэрээний давуу нөхцөл олгоогүйгээс гадна зээлдэгчийн эрх ашгийг хүндэтгэн үзсэн, хамгаалсан байдаг. Мөн эрх олгогдсоноор шууд гэрээг цуцлах боломжгүй зөвхөн санал гаргаад шүүхэд ханддаг. Шүүхээр гэрээ цуцлуулдаг практик ач холбогдол нь хүү, нэмэгдүүлэн хүү зогсохоос гадна, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж нээгддэг. Төрийн албадлагын арга хэрэгслэлээр үүргийг хангуулдаг. Гэрээнд дурдагдсан цуцлах үндэслэл бол гэрээнээс татгалзах нөхцлийг талууд тохирсон хэлбэр болохоос гэрээг цуцлах болзол биш. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрх олгогдсоны дагуу шүүхэд хандсан. Талууд гэрээндээ зээлдэгчийн санхүүгийн байдал буурсан, муудаж доройтсон, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон нөхцөл үүссэн үүсэж болзошгүй нь нотлогдсон тохиолдолд банк зээлийн гэрээг цуцлахаар тохирч нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хуримтлагдахыг шууд зогсооно гэсэн үг биш. Зээлийн мөнгөн хөрөнгийн ашиглалт үргэлжилж байгаа энэ тохиолдолд хуулийн /Иргэний хуулийн 204.1/ тохирохгүй заалтыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар бүрэн зохицуулагдаж болохоор байдаг. Хариуцагчид үүссэн нөхцөл байдал дээрх үндэслэлд хамаарч байгааг дан ганц 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18/58 тоот бичгийн агуулгаар тодорхойлж байгаа нь учир дутагдалтай бөгөөд зээлдэгчийн төлөөлөгчийн Төрийн банкны Тусгай активын хэлтэст гаргасан хүсэлт, харилцааны хүрээнд явагдсан. Харин Тусгай активын хэлтэс зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд шат дараалсан арга хэмжээг хуулийн хүрээнд авахаа илэрхийлэхээс гадна гэрээг цуцлах ноцтой байдал, бодитой үйл баримт үүссэнээ баримтжуулах, компаний удирдлагуудтай уулзах шаардлагыг тавьж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал СММС ХХК зээл авсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нотлох баримтгүйгээр хүндрэлүүд тоочсон нь харагддаг ба шүүх нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар зэргийг дутуу, буруу үнэлсэн гэж үзэж байна. Гэрээнээс татгалзах хүсэл зоригоо зээлдэгч тал тайлбарын хүрээнд илэрхийлсэн гэж үзсэн нь буруу жишиг, хор уршигтай юм. Харин Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дах заалт бол шууд утгаараа хэрэглэж болох заалт бөгөөд зээлдэгчийн тайлбарыг гэрээг цуцлах санал гэж тооцвол цуцлах хугацааг тогтоох эрхийг банк эдлэх бөгөөд уг эрхээ эдэлж шүүхэд хандсан. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтыг өөрчилж, хэрэгсэхгүй болгосон 7 755 620.43 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж Төрийн банк ХХК-д олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч СММС ХХК-д холбогдуулан үндсэн зээл 18 911 346.05 төгрөг, зээлийн хүү 17 064 976.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 960 879.07 төгрөг, нийт 38 937 201.59 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч үндсэн зээл төлөхийг зөвшөөрч, хүүгийн хэмжээнд маргажээ.

Хариуцагч СММС ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Төрийн банк ХХК-аас хөрөнгө оруулалт хийх зориулалтаар 50 000 000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам Найрамдалын зам гудамжны 68/7 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх ба талуудын хооронд хийгдсэн гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч гэрээний зүйл болох 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй. Харин хариуцагч нь зээлийн хүүг зогсоох хүсэлтийг банканд гаргасан боловч банк шийдвэрлэж өгөөгүй, нийт 50 000 000 гаруй төгрөг төлсөн учраас хүүг багасгуулна гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 2.5-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ зээлдэгч биелүүлээгүй байх тул зээлдүүлэгчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүснэ.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 50 000 000 төгрөг, зээлийн хүүд 22 355 804.56 төгрөг, нийт 72 355 804.56 төгрөг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 31 088 653.95 төгрөг, зээлийн хүүд 19 721 353.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15 808.12 төгрөг, нийт 50 825 815.73 төгрөг төлсөн, үүргийн зөрчил 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс үүссэн нь хэргийн 6-7 дугаар талд авагдсан зээл, хүүний тооцооны хуудас, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Шүүх зээлийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цуцлагдсан гэж үзэн зээлийн үлдэгдэлд 18 911 346.05 төгрөг, зээлийн хүүд 10 601 959.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 668 275.67 төгрөг, нийт 31 181 581.16 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүхийн дээрх дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Хэргийн 21 дүгээр талд СММС ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д гаргасан хүсэлт авагдсан байх ба тэрээр ...төслийн санхүүжилтийн асуудлаар маргаан үүсч, шүүхээр шийдэж байгаа талаар банкинд мэдэгдэж, хэргийг шүүхээс шийдэх хүртэл зээлийн хүүг түр хугацаагаар зогсоох ... хүсэлт гаргасан байх боловч банкны зүгээс тодорхой арга хэмжээ авсан баримт хэрэгт авагдаагүй байна. Гэрээний 6.2, 6.2.9, 6.2.10-т зааснаар зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, төлбөрийн чадваргүй болсон нөхцөл байдал үүссэн, үүсч болзошгүй нь нотлогдсон тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах арга хэмжээг авахаар байна. Банк зээлдэгчийн хүсэлтийг нэн даруй шийдвэрлэж зохих арга хэмжээг авсан бол зээлийн хүү шүүхэд нэхэмжлэл гаргах 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хуримтлагдахгүй байжээ.

Шүүх зохигчдын гэрээг цуцлах үндэслэлийн талаарх тохиролцоо, үүргийн зөрчил үүссэн нөхцөл байдал зэргийг харьцуулан үзэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын хоорондын зээлийн гэрээ 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цуцлагдсан гэж үзэж зээлийн үлдэгдэл төлбөр 18 911 346.05 төгрөг, зээлийн хүү 10 601 959.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 668 275.67 төгрөг, нийт 31 181 581.16 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 755 620.43 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 040 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.МӨНХЗУЛ