2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2026/00081

 

 

 

 

 

  

 

 

2025 12 24

192/ШШ2026/00081

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ..... дугаар хороо , зүүн тасган ... гудамж, ..... тоот хаягт оршин суух, Ө..... овогт Л..... До..... /рд:Ф...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ..... дүгээр хороо, Хувьсгалчдын гудамж, Эх, х..... эрүүл мэ..... ү..... төв /рд:9...../-д холбогдох,

 

Сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хүчингүй болгуулж, тушаалаар суутгасан 360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.До....., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мө....., хариуцагчийн өмгөөлөгч Ч.Бо....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2023 оны 08 сарын 15-ны өдөр Э.....төв-д асрагчаар ажилд ороод, ажиллаж байх хугацаандаа өөрийн зүгээс алдаа гаргалгүй маш сайн ажиллаж ирсэн. 2024 оны 09 сард Эх хүүхдийн эрүүл мэндийн газарт сэхээний тасагт ажиллаж байхад харилцаа хандлага, ёс зүйн тал дээр хамт ажилладаг асрагч н.Үү....., н.Бям..... болон ахлах сувилагч н.Зо..... зөрчил гаргасан учир би гомдол гаргасан. Тухайн гомдлоо хамгийн анх хүний нөөцөд гаргасан боловч миний гомдол өргөдлийг хуулийн дагуу шийдэхгүй байсан. Тухайн асуудлыг шийдвэрлүүлэх хугацаанд ахлах сувилагч н.Зо..... ажлын байрны дарамт үүсгэж, намайг сэтгэл санаа болон ажлын байранд тайван байх нөхцөлийг алдагдуулж байсан. Мөн н.Золзаяа намайг эмчилгээнд байнга дагуулж туслуулдаг байсан боловч сүүлдээ өөрийн хийх ажлаа надаар хийлгэх, эмчилгээг бүртгэж авах, тоолж авах ажил даалгадаг байсан. Үүнээс болж би өөрийн үндсэн ажлаа хийх боломж бүрдэхгүй байсан. Хамгийн сүүлд 2024 оны 10 сард н.Золзаяа надтай муудалцсан. Мөн 11 сарын 18-ны орой ажлаа хүлээлгэж өгсний дараа нэг сахиур ээж надад цэвэрлэгээ хийж өг гэсэн зүйл хэлээд, би миний ажил дууссан, дараагийн ээлж цэвэрлэнэ гээд явсан. Маргааш нь 11 сарын 19-ний өглөө надад гомдол гаргасан байсныг намайг өрөөндөө дуудаж танилцуулсан. Тухайн гомдолд намайг хоолонд явуулдаг гэж худал хэлсэн байсан. Үүнээс гадна асрагч н.Бя..... миний биед халдсан асуудал ч гарсан. Тухайн үед гарыг маань маажиж, самардаж ёс зүйгүй үйлдэл хийсэн. Дараагийн асуудал бол өөрийн гэрээгээр хүлээсэн хийх ёстой ажлаа хийгээгүй, ирж хүлээлц гэхэд ирээгүй, бохироо асгаад ажлаасаа бууна уу гэж хэлсний төлөө намайг зодсон учир би н.Бя..... н.Үү..... хоёр дээр хүний нөөцөд өргөдөл бичсэн. Тэр даруйдаа хүний нөөцийн мэргэжилтэнд хөхөрсөн зүйлээ харуулаад, хэлээд бичгээр өгсөн. Дараа нь н.Ун..... гээд ёс зүй хариуцсан ажилтантай ярилцтал, өөдөөс чи нөгөө яриад байсан н.До..... гэдэг нь мөн үү гэж басамжилсан. Миний гаргасан өргөдлийг нарийн бичигт аваачиж өг би авахгүй гээд байсан учир хүний нөөцийн хүнд аваачиж өгсөн. Ингээд н.Бя....., н.Ү..... н.З..... гэдэг 3 хүнийг хуулийн дагуу шийдүүлэх гээд өргөдөл өгсөн боловч удаан хугацаа өнгөрсний эцэст энэ ёс зүйн хорооны хурал нь болсон. Тухайн ёс зүйн хурал дээр миний асуудлыг авч хэлэлцээгүй, өөр зүйл ярьсан. Би гаргасан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тэр даруй эсэргүүцсэн. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2 дээр сануулах арга хэмжээ авна гэж заасан байсан. Хэрэв би буруу зүйл хийсэн эхлээд сануулах гэсэн байтал ганцаарчилсан хэлбэрээр сануулсан зүйл байхгүй, хамт олны дунд сануулсан зүйл байхгүй. Хамт олны эв нэгдлийг үймээн бутрал үүсгэсэн гэсэн үндэслэлээр ийм шийдвэр гаргасан байсан. Гэтэл би тийм зүйл гаргаагүй, миний нэр хүндийг гутааж, гүтгэж, муулсан нь энэ зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Би чих хамар хоолойн тасагт ажиллаж байхад хамт ажиллаж байсан хүн маань өвдөөд би 8 сар ажилласнаас 6 сард нь ганцаараа ажилласан. Сүүлдээ гар маань даагдахаа болиод амарч орж ирээд энэ байдлаа хэлсэн боловч ажиллаж байсан тасгийн хүмүүс маань олон янзын зан харилцаатай хүмүүс байсан. Олон тасаг дамжаад гээд зохисгүй үг хэллэг явагдаад байна, өөрөө яваад байсан зүйл байхгүй. Хүн байхгүй, ээлжийн амралтаа авсан хүний оронд ажиллах зорилгоор намайг удирдлагаас тасаг сольж сэлгүүлж явуулсан. Гэтэл ийм яриа гаргаад нэр хүндийг маань унагааж байна гэж үзэж байна. Хүндлэх гэсэн зарчим алдагдлаа гэсэн байна, асрагч гэдэг хүн маш хүндэтгэл шаардсан мэргэжил байдаг учир би ийм үйлдэл гаргахгүй маш хүндэтгэлтэй ханддаг. Ямар хүнийг хүндлээгүй талаар тодорхойгүй байна баримт нотолгоогүй байна. Ийм учир надад захирлын тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалыг хүчингүй болгож, миний 12 дугаар сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулж 180,000 төгрөг, урамшууллын 180,000 төгрөг, нийт 360,000 төгрөг суутгасныг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ЭХ.....-ийн албан хаагчид төдийгүй Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаал Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай-г баримтлан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Дээрх дүрмийг хэрэгжүүлэх, ЭХЭМҮТ-ийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороог ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирлын тушаалаар байгуулан ажилладаг. Ерөнхий захирал Ш.Ал.....2021 оны 12 сарын 10-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар гурван жилийн хугацаатай ЭХЭМҮТ-ийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороог шинэчлэн байгуулсан байна. Тус ёс зүйн салбар хорооны 2024 оны 12 сарын 04-ний өдрийн хуралдаанаар үйлчлэгч Л.До..... гаргасан гомдол болон үйлчлэгч Л.До..... эсрэг гаргасан өргөдөл гомдлыг хэлэлцэж ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар шийдвэр, дүгнэлтийг гаргасан байна. Ёс зүйн салбар хорооны дүгнэлтэд "... үйлчлэгч Л.До..... Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3, 3.4, 3.5, 3.6, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.10 дахь заалтуудыг зөрчсөн байна. Иймд ...Л.До.....Хөдөлмөрийн харилцааг цуцлах саналыг Хүний нөөцийн алба болон Ерөнхий захиралд оруулсугай. Хурлын шийдвэр дүгнэлтийг Ерөнхий захиралд танилцуулж, санал оруулахыг ёс зүйн салбар хорооны нарийн бичгийн дарга Б.Цэцэгмаад үүрэг болгосугай... гэжээ. Дээр дурдагдсан дүгнэлтийг үндэслэн захирал Ж.От..... нь 2024 оны 12 сарын 12-ны өдрийн Б/448 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг баталсан байна. Ёс зүйн зөрчил гаргасан нь төвийн ёс зүйн салбар хорооны хурлаар хэлэлцэгдэж нотлогдсон тул үйлчлэгч Л.До..... 2024 оны 12 дугаар сарын цалинг 20% бууруулж, тухайн сард ногдох урамшуулал нь хасагдаж тооцогдсон байна. Иймд Л.Дол.....гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2024 оны 12 сарын 12-ны өдрийн Б/448 дугаар тушаал, 2023 оны 11 сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 7 дугаар хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/10418 дугаар захирамж,

 

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: 2025 оны 04 сарын 21-ний өдрийн 420 дугаар итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 05 сарын 08-ны өдрийн хариу тайлбар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2021 оны 12 сарын 10-ны өдрийн А/141 дугаар, 2013 оны 04 сарын 08-ны өдрийн 124 дугаар тушаал, ЭХЭМҮТ-ийн Ёс зүйн салбар хорооны 2024 оны 12 сарын 04-ний өдрийн хурлын дүгнэлт, 2024 оны 07 сарын 02-ны өдрийн Хүүхдийн эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын тасгийн үйлчлэгч Л.Дол..... гаргасан зөрчлийг хэлэлцсэн тухай протокол, 2024 оны 11 сарын 21-ний өдрийн ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн хурлын протокол, 2024 оны 12 сарын 04-ний өдрийн ЭХЭМҮТ-ийн ёс зүйн салбар хорооны хурлын тэмдэглэл, 2025 оны 02 сарын 24-ний өдрийн үйлчлэгч Л.До..... талаар тайлбар, 2024 оны 11 сарын 22-ны өдрийн гомдол, 2024 оны 12 сарын 03-ны өдрийн хурлын протокол, гар бичвэр, 2025 оны 01 сарын 10-ны өдрийн ЭБЭЭ-н ААН тасгийн хурлын протокол, 2025 оны 03 сарын 25-ны өдрийн ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ аж ахуйн тасгийн хурлын протокол, гэрэл зураг,

 

Шүүхийн журмаар: Л.До..... ёс зүйн салбар хороонд гаргаж байсан өргөдөл, сахиур н.Ихм..... гаргасан өргөдөл, нэхэмжлэгчийн н.Золзаяагийн талаар гаргаж байсан өргөдөл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 09 сарын 30-ны өдрийн 989 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан баримт, 2025 оны 10 сарын 01-ний өдрийн гэрч асуусан тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

2.Л.Долгорсүрэн нь хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /цаашид ЭХЭМҮТ гэх/-д холбогдуулан захирлын 2024 оны 12 сарын 12-ны өдрийн Б/448 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, цалингаас суутгасан 360,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би бусдад холбогдуулан өргөдөл гаргасан байтал миний өргөдлийг шалгахдаа надад сахилгын шийтгэл ногдуулсан, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар надад хаалттай болон нээлттэй сануулах боломжтой байхад цалингийн хувь бууруулсан шийтгэл ногдуулж үндсэн цалингийн 20 хувь болох 180,000 төгрөг, урамшуулалд олгох ёстой байсан 180,000 төгрөг, нийт 360 төгрөг суутгасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь ...эмнэлгийн Ёс зүйн салбар хорооны шийдвэрээр Л.Дол..... эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж хөдөлмөрийн харилцааг цуцлах санал гаргасан. ЭХЭМҮТ-ийн захирал нь Ёс зүйн салбар хорооны шийдвэрийг үндэслээд Л.Дол..... сахилгын шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн харилцааг цуцлалгүйгээр түүний үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн. 1 сарын цалингийн 20 хувь 180,000 төгрөг. Мөн ЭХЭМҮТ-ийн эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нарт урамшуулал олгох журмаар захиргааны арга хэмжээ авагдсан болон ёс зүйн алдаа дутагдал гаргасан бол урамшуулал олгохгүй байхаар заасан тул тухайн сард ногдох урамшуулал 180,000 төгрөг хасагдаж тооцогдсон хэмээн татгалзлын үндэслэлээ тодорхойлов.

 

3.Нэхэмжлэгч Л.До.....нь 2023 оны 11 сараас ЭХЭМҮТ-д үйлчлэгчээр, сарын үндсэн цалин 750,000 төгрөгийн цалинтай ажиллахаар ажил олгогчтой харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан болох нь түүнтэй байгуулсан 2023 оны 11 сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ээр тогтоогдов. /хх-9,10х/

 

Л.До..... хөдөлмөрийн гэрээний дагуу ЭХЭМҮТ-д үйлчлэгчээр ажиллаж байгаад ажил олгогчийн 2024 оны 12 сарын 12-ны өдрийн Б/448 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар сахилгын арга хэмжээ авагджээ.

 

Тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1, 123 дугаар зүйлийн 123.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 2.3 дугаар зүйлийн 2.3.4.б, ЭМС-ын 2019 оны 09 сарын 04-ний өдрийн А/406 тоот тушаалын 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.3, 3.4, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 8 дугаар зүйлийн 8.2, 8.5, 8.7, 8.8, 8.10, 8.11, Хөдөлмөрийн гэрээний 3.5 дугаар зүйлийн 3.5.4, Ёс зүйн салбар хорооны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ...үйлчлэгч Л.Д..... нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тул 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Аж ахуйн хэсэгт үйлчлэгчээр шилжүүлэн ажиллуулж, тус өдрөөс эхлэн үндсэн цалинг нэг сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай... хэмээн шийдвэрлэжээ. /хх-8х/

 

4.Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байна. Ажил олгогч болон ажилтан харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон болох нь Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 7 дугаартай тэмдэглэлээр нотлогдов. Л.До..... нь 7 дугаартай тэмдэглэлийг 2025 оны 03 сарын 12-ны өдөр гардан авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргажээ.

 

5.ЭХЭМҮТ-ийн Ёс зүйн салбар хорооны 2024 оны 12 сарын 04-ний өдрийн хурлаар ХЭЭТ-ийн үйлчлэгч Л.Дол..... өөрийнх нь гомдол болон Л.До..... ирсэн 6 гомдлыг давхар авч хэлэлцэн шийдвэрлэжээ. /хх-117-125х/

 

Ёс зүйн салбар хорооны хурлын шийдвэрээр ...Эрүүл мэндийн сайдын 2019 оны 406 дугаар тушаал Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3.3, 3.4, 3.5, 3.6, 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.10 зэрэг заалтуудыг зөрчсөн байна. Иймд Л.До..... хөдөлмөрийн харилцааг цуцлах саналыг Хүний нөөцийн алба болон Ерөнхий захиралд оруулсугай гэж дүгнэжээ. /хх-55-56х/

 

Нэхэмжлэгч нь Ёс зүйн салбар хорооны хурлын шийдвэрийн тухайд маргаагүй бөгөөд тэрээр Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь дүгнэлтээр тогтоогдов.

 

6.Хариуцагч нь ...Ёс зүйн салбар хорооны шийдвэрээр Л.Д..... эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж хөдөлмөрийн харилцааг цуцлах санал гаргасныг үндэслэн түүнд 20 хувийн цалинг 1 сарын хугацаагаар буруулсан хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргадаг боловч түүний татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч ЭХЭМҮТ нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1, 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасныг үндэслэн 2024 оны 12 сарын 01-ний өдрөөс Л.Д.....Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Аж ахуйн хэсэгт үйлчлэгчээр шилжүүлэн ажиллуулж, тус өдрөөс эхлэн үндсэн цалинг нэг сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахаар тушаалдаа заажээ.

 

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1 буюу сул зогсолтын хугацаанд ажилтныг аж ахуйн нэгж, байгууллага дотроо, эсхүл өөртэй нь тохиролцсоноор өөр аж ахуйн нэгж, байгууллагад түр шилжүүлэн ажиллуулах, 123 дугаар зүйлийн 123.2.3 буюу үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хуулийн 2 агуулга бүхий заалтыг баримталсан байх бөгөөд түр шилжүүлэн ажиллуулах зохицуулалтыг баримталсан нь сахилгын шийтгэлийн хэлбэрт тооцогдох эсэх, тухайн байгууллагад сул зогсолт бий болсон эсэх, мөн Л.Д..... Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Аж ахуйн хэсэгт шилжүүлэхдээ өөртэй нь тохиролцсон эсэх нь ойлгомжгүй байна.

 

Ажил олгогчийн зүгээс тушаалаа Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд сахилгын шийтгэл оногдуулах тухай хэмээн гарчигласнаас үзвэл уг тушаал бүхэлдээ сахилгын шийтгэл оногдуулсан агуулгатай тул нэхэмжлэгч Л.До..... өөртэй нь зөвшилцөлгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэх, мөн цалингийн хувийг бууруулах шийтгэлийг ногдуулсан гэж үзэхээр байна.

 

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй хэмээн заасан.

 

Хэдийгээр ЭХЭМҮТ-ийн Ёс зүйн салбар хорооны хурлын шийдвэрээр Л.Д.....н нь ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон хэдий боловч түүнд сахилгын шийтгэл оногдуулсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасантай нийцээгүй байна.

 

7.Тиймээс ЭХЭМҮТ-н захирлын 2024 оны 12 сарын 12-ны өдрийн дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/448 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/448 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн цалингаас суутгасан 180,000 төгрөг, мөн 12 дугаар сарын урамшуулал болох 180,000 төгрөг, цалин хөлснөөс үндэслэлгүйгээр суутгасан нийт 360,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв байна.

 

Талууд Л.Д..... 2024 оны 12 дугаар сарын цалингаас 360,000 төгрөгийг суутгасан талаар маргаагүй, хариуцагч 360,000 төгрөгийн хэмжээний тухайд зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч нэхэмжлэгч 81,650 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 81,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158.2.2 дахь хэсгийг тус тус баримтлан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-ийн захирлын 2024 оны 12 сарын 12-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/448 тоот тушаалыг хүчингүй болгож, Л.Д..... цалингаас суутгасан 360,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Л.Долгорсүрэнд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э..... төв-өөс улсын тэмдэгтийн хураамжид 81,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Д.....олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


       

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ