Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1352

 

2025           12            02                                                                                         2025/ДШМ/1352

 

 

Г.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сонинмөнх,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2098 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сүхжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлоор Г.Э-т холбогдох 2410 01961 1437 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт Г-ийн Э-, ..........., /РД:......../;

Шүүгдэгч Г.Э- нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ...... хотхоны 67а байрны гадна насанд хүрээгүй хохирогч С.Ц-ийг "... цахим орчинд пост оруулсан..." гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт нь гараараа цохин унагааж, биед нь халдсаны улмаас “тархи доргилт, зүүн бугалгын урд дунд, гадна дунд хэсэг, баруун өвдөгт цус хуралт, баруун өвдөг, зүүн өвдөгний дор зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б- овогт Г-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Э-т мэдэгдэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С- нь энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Ц-ий эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Э-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Э- нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С- давж заалдах гомдолдоо: “...Миний охин С.Ц-ийг цахим орчинд пост тавьсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 4-5 удаа хүчтэй цохиж унагаад нүдний шилийг нь хагалж, түүнийгээ авахаар мөлхөж байх үед нь араас нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Энэ үйлдлээс үүдэж тархинд доргилт өгч, бид “Лазер мэд” гэх хувийн дүрс оношилгооны эмнэлэгт 130.000 төгрөгөөр тархины томограф зураг авхуулж, эмчийн жороор бичиж өгсөн 82.000 төгрөгийн эм тан хэрэглэсэн ба хараагүйчүүдийн байранд байрлах бариа засалд 4 удаагийн бариагаар 165.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж, ах С.Тэнгисийн авч өгсөн 170.000 төгрөгийн гоёлын нүдний шилийг хагалж эвдсэн зэрэг нийт 547.000 төгрөгийн хохирол учирсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгөх, гэм буруутай этгээдэд оногдуулсан ялыг хөнгөн гэж үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх, эмчилгээний болон эд материалын зардал 547.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд болон эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэлийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Э-т 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-ыг эрхэлсэн тодорхой ажилт ай, сард 3,000,000 төгрөгийн орлоготой гэдэг нь тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан сонгох санкцитай ялын төрлөөс торгох ял оногдуулсан. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С- “шүүгдэгч Г.Э-т анхан шатны шүүхээс 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар” давж заалдах гомдолдоо дурдсан. Дээрх гомдлыг дэмжиж байна. Хохирол төлбөртэй холбоотой баримтыг хохирогч талаас шүүхэд гаргаж өгөөгүй, давж заалдах шатны шүүхэд 212,000, төгрөгийн баримтыг гаргасан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлгөгч Т.С- хохирол төлбөртэй холбоотой 212,000 төгрөг гаргуулахаар гомдолдоо дурдсаныг шийдвэрлэж өгнө үү, сэтгэцэд учирсан хохирлыг маягтаар тогтоосон баримт хавтаст хэргийн 123 дугаар талд авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасны дагуу шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Э- нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ...... хотхоны 67а байрны гадна насанд хүрээгүй хохирогч С.Ц-ийг "... цахим орчинд пост оруулсан..." гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас түүний нүүр хэсэгт нь гараараа цохин унагааж, биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “...Бичлэгийг нээж үзэхэд дүрс чанар муутай байх ба 31 секундийн дүрс бичлэг байх ба дүрс бичлэгийг эхлүүлэхэд 09 дэх секундэд насанд хүрээгүй хохирогч С.Ц-ийг Г.Э- нь алгадаж буй дүрс бичлэг байх ба 2 удаа алгадаж, цааш түлхэж байв...” гэх тэмдэглэл /хх 21/,

насанд хүрээгүй хохирогч С.Ц-ий “...Удалгүй Анударийн ээж гарч ирсэн ба ээжийнх нь хажууд яаж ч чадахгүй байж байснаа гэнэт Гэгээлэнгийн ээж над руу дайрч эхэлсэн. Анударь бид хоёртой муухай харьцаад, доромжлоод байхаар нь би Гэгээлэнгийн ээжид хандаж “Эгч ээ, та хүнтэй аятайхан харьцаач ээ” гэхэд надад "чамайг ер нь яасан ч яадаг юм” гэж хэлээд миний зүүн хацар хэсэг рүү гараа хагас атгаж байгаад 4 удаа цохисон. Мөн зүүн гарын шуу хэсгээс давхар гараараа чимхсэн. Миний хамраас цус гараад толгой манарч байхад хөл рүү өшиглөөд байсан. Нүдний шил газар унаад хөл нь хугарч зүүн талын шил хагарсан...” /хх 27-28, 31, 34, 111-112/,

насанд хүрээгүй гэрч Б.А-ийн “...тэгээд Ц- эгч “эгч ээ, та аятайхан харьцаач гэсэн чинь “чамтай яахаараа аятайхан харьцдаг юм” гэж хэлээд Ц- эгчийн нүүр лүү нь 2 удаа цохиж аваад чимхсэн. Тэгээд Ц- эгчийн хамраас цус гараад шил нь газарт уначихсан. Тэгээд манай ээж ирээд тэр эгчийг “боль, цагдаа нар ирээд учрыг нь олно” гээд болиулсан....” /хх 40-41/,

гэрч Д.Ө-ийн “...Миний бие очоод яасан талаар асуухад “Би энэ охидыг таньдаг цагдаагаар явж байгаад шоронд нь оруулна, ...би цагдаагаар явна ...нүүр амаа будаж байхаар тархиа цэнэглэ” гэж хэлээд орилтол Ц- нь “Үгүй ээ, бид нар” гээд тайлбар тавих гэхэд Ц-ий нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж аваад шил нь үсрээд шилээ авах гээд тонгойход нуруун дээр нь цохиод хөл рүү нь өшиглөөд авсан. Тэгээд Цагдаа дуудчихсан юм бол цагдаа нар шийдэх байх гэж хэлээд зогсож байхад Ц- уйлаад хамраас нь цус гараад байсан...” /хх 47-48/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7238 дугаартай:

“С.Ц-ий биед тархи доргилт, зүүн бугалгын урд дунд, гадна дунд хэсэг, баруун өвдөгт цус хуралт, баруун өвдөг, зүүн өвдөгний дор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх 59-60/,

шинжээч Ч.Эрдэмболорын “...С.Ц-ий биед учирсан гэмтлүүдийн тархи доргилт нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамраахгүй, тархи доргилтоос бусад гэмтлүүд нь нийлээд ч гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун өвдөг, зүүн өвдөгний зулгарал, зүүн бугалгын урд дунд, гадна дунд хэсгийн цус хуралт нь мохоо зүйлийн цохигдох, цохих, унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 119-121/,

ХУДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлага лавлагааны хуудас /хх 9/, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 10-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 20/, насанд хүрээгүй хохирогч С.Ц-ий төрсний гэрчилгээний хуулбар /хх 37/, нас тоолсон тухай баримт /хх 38/, Б.А-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 42/, фейсбүүк цахим хаягт байршуулсан пост болон сэтгэгдэл үлдээсэн зураг /хх 82, 86-103/, насанд хүрээгүй хохирогч С.Ц-ий сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх 128/, насанд хүрээгүй хохирогч С.Ц-ий ГССҮТ-ийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 132/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.

Анхан шатны шүүхээс Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-ын “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгөх, гэм буруутай этгээдэд оногдуулсан ялыг хөнгөн гэж үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх, эмчилгээний болон эд материалын зардал 547.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргахдаа Хаан банкны ...... тоот депозит дансны ......энгүй хуулгыг хавсаргаж, 2023.04.02-ны өдөр 180.000 төгрөг, 2024.06.10-ны өдөр 85.000 төгрөг, 2024.06.12-ны өдөр 80.000 төгрөг, 2024.05.28-ны өдөр 130.000 төгрөгийн тус тус эмчилгээ хийлгэсэн, харааны нүдний шил авсан, мөн “Лазермед” эмнэлэгт 2024.05.28-ны өдөр 130.000 төгрөгөөр тархины томограф зураг авхуулсан гэж дурджээ.   

Дээрх баримтаас үзэхэд, бариа заслын эмчилгээ, гоёлын нүдний шил, эм худалдаж авсан гэх гүйлгээний тэмдэглэлгүй, хаанаас, ямар үйлчилгээ авсан талаарх тодорхой баримтгүй байгаа нь дангаараа нотлох баримтын шаардлагыг хангахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогчийн 2024.05.28-ны өдөр “Лазермед” эмнэлэгт тархины томограф зургийг 130.000 төгрөгөөр авхуулсан гэх хавтас хэргийн 211 дүгээр хуудаст авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, бэлэн мөнгөний ПОС машинаар гүйлгээ хийсэн баримтууд нь нэг утга бүхий үйл баримтыг илэрхийлсэн байх ба хавтас хэргийн 211 дүгээр хуудаст авагдсан дээрх баримтуудаар тархины томографийн зургийг 130.000 төгрөгөөр авхуулсан нь нотлогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан учир 130.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль төлөөлөгч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана” гэж заасан байдаг, хэрэгт сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон талаарх дүгнэлт авагдаагүй нь давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн ба анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ыг энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Ц-ий эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Э-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Шүүхээс шүүгдэгч Г.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Иймд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-аас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э-аас 130.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч С.Ц-, түүний хууль ёсны төлөөлөгч Т.С- нарт олгосугай...” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-аас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2098 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э-аас 130.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч С.Ц-, түүний хууль ёсны төлөөлөгч Т.С- нарт олгосугай...” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.МӨНХТУЛГА

 

                                    ШҮҮГЧ                                                     С.БОЛОРТУЯА

 

                                   ШҮҮГЧ                                                      Н.БААСАНБАТ