Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 113

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нд холбогдох 1814001240087 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүйулсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тариачин овогт Д.Н,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн ээж Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багт өөрийн эх Б.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Б.Бгийн ... 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай хүүхэд Д.Н хөдөөнөөс ганцаараа ирсэн юм, хөдөө өвс авч явахаар ирлээ гэж байсан. Маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Н, Отгонсүрэн, зээ Халиунболд, бид хэд гэртээ байж байхад гаднаас Хуягаа, Түндэв, Хүрлээ, Эрка нар ирсэн юм. Тэд архи уусан ирсэн. Манайд ирсэний дараагаар Н нөгөө дөрөвтэй нийлээд манай гэрт 2 шил 0.5 литрийн архийг хувааж ууцгаасан, архийг ууж дуусаад байхад нь би ганцаараа гараад явсан. Тэгээд намайг гадуур явж байхад охин болох Отгонсүрэн утсаар залгаад гэрт Эрка ахтай Н ах зодоон хийгээд байна гэж хэлэхээр нь наад 2 чинь гайгүй салчих байх гэж утсаа салгаад хэсэг гадуур явж байгаад очсон юм. Гэртээ ирхэд Н ганцаараа нүүрээ угаагаад зогсож байсан. Тэгэхээр нь би түүнээс юу болсон талаар асуухад дуугарахгүй байхаар нь ээж нь явж өвс ачуулчихаад ирье гэсэн чинь гарч яах гэж байгаа юм гэж хэлээд намайг барьж аваад хамгийн эхлээд миний 2 гарнаас барьж байгаад урдаас харсан байдлаас 1 удаа толгой руу мөргөхөд нь би орон дээр унасан юм. Тэгсэн чинь дээр гараад 2 гараараа нүүр лүү цохиод, газарт чирж унагаад сандал, галын сэтгүүр төмөр, 40-н бетон зэргийг над руу шидэж цохисон. Тэгээд газраас намайг үснээс татаж босгоод нөгөө талын орон дээр хэвтүүлээд зүүн талын гуяны гаднах хэсгийг гараа зангидаж байгаад нэлээн олон удаа цохисон. Тэгж байснаа намайг тавихаар нь би гарч явъя гэж бодоод өндийхөд миний цээжний хэсэг рүү 2 удаа өвдөглөсөн. Ингэж байхад миний нүүр амнаас баахан цус гарсан байсан. Тэгээд хэсэг зодохоо болихоор нь гараад гүйж байхад араас ирж барьж аваад гэр лүү оруулсан. Би гэрлүү оруулж байхад орилсон юм. Тэгээд намайг гэрт оруулаад өөрөө үүдэнд сууж байхад гаднаас Туяа гэх манай хамар хашааны хүн ирээд юу болоод байна вэ гэхэд энийг цохисоор байгаад ална, одоо гэрийг шатаана гээд байсан. Туяа орж ирээд удаагүй байж байхад эмч нар ирээд намайг аваад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-н 26-30/

Гэрч Д.Алтангадасын ... 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 16-17 цагийн хооронд байх яг цагийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ хүүхдүүдийнхээ хамт байж байхад Б эгчийн гэрийн зүгээс авраарай гэж хүн орилсон чимээ гарсан юм. Б эгчийн хашаа нь болохоор манайхтай залгаа хаашаа тэгэхээр нь манай гэрт Б эгчийн охин нь байсан ба эхлээд түүнийг би гаргасан юм. Юу болсон талаар мэдээд ир гэж хэлээд. Тэгээд хүүхэд нь гарч яваад удаачгүй манай гэрт эргэж орж ирээд ээж зодуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа тэдний гэрт нь яваад очиход гэрийн хаалгыг дотроос нь цоожилсон байдалтай байсан ба намайг нүдэхэд хаалгыг Д.Н тайлсан юм. Гэр дотор болохоор Д.Н, Б эгч хоёр л байсан. Б эгчийн нүүр, ам нь баахан цус болсон, нүүрний зарим хэсэг овойж хавдсан гэрийн зүүн талын хэсэгт зогсож байсан. Тэгээд би яасан юу болсон бэ гэхэд Д.Н, Б эгчийг муу янхан гэрт архичингуудыг байнга оруулдаг, гэртээ байдаггүй би гэрээ шатаана гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи чинь яаж байна боль гээд түүнийг бариад аваад зогсож байхад гаднаас Буяннэмэх гээд хүн ирсэн. Би өөрөө 3 настай хүүхэдтэй юм байгаа манай хүүхэд хажуу талд уйлаад байхаар нь түүнийг авах гээд тэдний гэрээс гараад явж байхад гаднаас түргэний эмч нар ирж байсан харагдсан. Тэгээд би гэрлүүгээ явсан юм. Б эгчийн хүүхэд Отгонсүрэн бас нэг жоохон хүүхэд хоёр манай гэрт урьд шөнө хоносон юм. Заримдаа тэдний гэрийн зүгээс маргалдаж байгаа чимээ гардаг байсан. Д.Н нэлээн согтуу харагдсан. Б.Б эгч эрүүл байсан. Гэр дотор эмх замбараагүй, тавилга, бусад зүйлсийг бүгдийг нь тарааж хаясан байсан. Б.Б эгч хар өнгийн куртикатай байсан ба тэр нь урагдсан, зарим хэсгүүд цус болсон байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35/,

Гэрч    Д.Отгонсүрэнгийн ... 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дүү болох Халиунболд бид хоёр хажуу талын айл болох Д.Алтангадасын гэрт нь байж байхад манай хашаанаас авраарай гэсэн чимээ гарсан. Д.Алтангадас эгч намайг очиж хараадхаарай гэхээр нь би гэрлүүгээ яваад очсон чинь манай гэрийг дотроос нь цоожилсон байсан. Би нүдсэн чинь Н ах онгойлгосон. Н ах болохоор гэрийн үүдний хэсэгт зогсож байсан. Ээж болохоор гэрийн хойморь хэсэгт зогсож байсан. Би ээжийг яагаад зодсон юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж гарч яваад Алтангадас эгчийг дуудаж авчирсан юм. Манай гэр дотор баахан цус болсон байсан. Галын сэтгүүр төмөр махийсан байсныг сүүлд нь би тэгшилж янзалсан юм. Манай ээжийн өмсөж байсан хар өнгийн куртика нь урагдсан нэлээн цус болсон байсан. Д.Н ахыг цагдаа нар ирээд аваад явсан. Ээжийг болохоор эмнэлэгрүү аваад явсан. Халиунболд бид хоёр болохоор гэрийг цэвэрлэсэн юм. Гэр дотор байсан хулдаас баахан цус болсон байсан түүнийг би угааж цэвэрлэсэн юм .... /ххийн 39-41/,

Гэрч Б.Нацагдоржийн ... 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой 18 цагийн орчим Бууцагаан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Амаржаргал над руу утасдан "танай ээжийг дүү Н чинь зодсон байна, эмнэлэгт байна, чи ирэх шаардлагатай байна" гэж хэлсэн. Манайх сумын төвөөс зүүн хойш 40 орчим км-ийн зайтай байдаг бөгөөд би 21 цагийн орчим сумын төвд ирэхэд ээж маань эмнэлэгт хэвтэж байсан, ухаан санаа нь саруул байсан бөгөөд нүүр нь тагларч хөхөрсөн, биеийн байдал нь тааруухан байсан. Би ээжээсээ "юу болсон бэ, хэнд зодуулчихсан юм бэ" гэхэд ээж “Н архи ууж агсан тавиад намайг зодсон, галын сэтгүүр төмрөөр зодсон, гараараа энд тэндгүй зодож цохьсон" гэж хэлсэн. Яасан гэж таныг зодсон юм бэ гэхэд намайг Бадаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг хүнээс караокед танай ээж орсон гэж сонслоо, та яасан их караокед ордог юм бэ гээд зодсон гэж хэлсэн. Тэр оройгоо би дүүтэйгээ уулзаагүй, ээжийгээ сахиж эмнэлэг дээр хоносон маргааш нь дүүтэйгээ уулзахад "би архи уугаад ухаанаа алдсан байна лээ" гэснээс өөр юм хэлээгүй. Би дүүдээ хэлэх ч үг олдоогүй, арай ч дээ чи, төрсөн ээжийгээ ийм болтол нь зодох ч гэж дээ" гэж хэлсэн. Ээжийг маань Н арай л дэндүү зодсон байна лээ, одоо ээжийн биеийн байдал нь зодуулснаа бодвол арай л дээрдсэн байгаа. ... Энэ асуудалд би дүүгийнхээ 100 хувь буруу гэж хэлнэ. Хуулийн дагуу хариуцлагыг нь хүлээлгээсэй л гэж хэлнэ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48/,

Шүүгдэгч Д.Нгийн ... 2018 оны 03 дугаар 02-ны өдөр манай ээж дээр хүмүүс золгох гэж ирээд ээж архи гаргаж задалсан. Түүнээс нь би ууж байгаад Нацагдорж гэдэг айлд очсон, тэднийд эхнэр Бадамцэцэг нь байсан ба надад архи гаргаж өгөхөөр нь би түүнийг уучихаад гараад хаашаа явсанаа мэдэхгүй нэг мэдэхэд цагдаагийн өрөөнд байж байсан. Тэгтэл намайг ээжийгээ зодсон гэж байсан. Би ээжийг яаж зодсоноо сайн санахгүй байна. Тэгээд дараа нь ээжтэй уулзсан чинь "чи намайг ийм болгочихлоо" гээд нүүр биеэ үзүүлж байсан. Тэгэхэд ээжийн нүүр нь хөхрөөд хавдсан бие нь ч гэсэн хөхөрсөн байсан. Би өмнө ээжийгээ зодож байгаагүй. Би архи дарс уудаггүй байсан ба нэг уугаад тасарсан чинь ээжийгээ зодсон байсан. Ээжийгээ зодсондоо гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Би ээжээсээ уучлалт гуйгаад эвлэрлийн гэрээ байгуулсан … гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 181 тоот шинжээчийн ... Б.Байгалмаагийн биед 2018.03.02-ны эмнэлгийн бичиг баримт болон фото зургаас харахад тархи доргилт, толгойн үстэй хэсэгт шарх, баруун нүдний дээд доод зовхи, цээж, зүүн гуя, баруун зүүн шуу, зүүн гарын алгамь хэсэгт цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх       гэмтлүүд нь тухайн учирсан үедээ амь насанд аюулгүй болно. Дээрх         эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 58-59/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-17/, эмчийн тодорхойлолт, эмнэлэгийн бичиг /хх-ийн 54-57/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.       

Хохирогч Б.Б нь шүүгдэгч Д.Нтэй эвлэрч хэргийн 84 дүгээр хуудсанд эвлэрлийн гэрээг байгуулж гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Д.Нгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Нгийн эзэмшлийн Nokia маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгүүр төмөр 1 ширхэг, хар өнгийн куртек 1 ширхэг зэрэг зүйлүүдийг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Тариачин овогт Д.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Нд 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Н нь 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгүүр төмөр 1 ширхэг, хар өнгийн куртек 1 ширхэг зэрэг зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Нгийн эзэмшлийн Nokia маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА