2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2026/00881

 

 

 

 

 

 

 

 

2026 01 19 192/ШШ2026/00881

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Ерөнхий сайлд Амарын гудамж, * банкны төв байранд байрлах, */-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, стадион оргил зайсан гудамж, * байр, * тоотод оршин суух, *-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 107,036,798 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн шаардлагатай, зээлийн гэрээний 2.3.2 дах заалтыг стандарт нөхцөлөөр тогтоолгож, хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, *, хариуцагчийн өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч * банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *нь 2016 оны 07 сарын 05-ны өдөр тус банктай * дугаартай зээлийн гэрээ байгуулж 158,000,000 төгрөгийн зээлийг 180 сарын хугацаатай, 365 хоногт 9 хувийн хүүтэй, /Банк болон зээлдэгч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд зээлийн гэрээг банкны санаачлагаар цуцлах эсхүл гэрээний 2.3.2 дахь заалтад заасны дагуу тухайн үед банкны нийтэд санал болгож буй зээлийн нөхцөлийг мөрдөхөөр талууд болзолт нөхцөл тогтоож, тусгайлан тохиролцож, нийтийн орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан бөгөөд талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон дараах эд хөрөнгө, эрхийг барьцаалсан. Үүнд:

1. ХУД-н * тоот хаягт байрлах *улсын бүртгэлийн дугаартай, 108.45 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, 2021 оны 06 сарын 22-ны өдөр зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба тус нэмэлт өөрчлөлттэй холбоотой * зээлийн данс шинээр үүсгэж, цаашид зээлийн эргэн төлбөрийг тус дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөс хойш зээлдэгч нь үндсэн зээл 28,100,522 төгрөг, зээлийн хүү 62,400,751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,371 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2031 оны 10 сарын 25-ны өдөр дуусах боловч сар бүр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй 2025 оны 03 сарын 25-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 2025 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 128, зээлийн үлдэгдэл 100,924,964.04 төгрөг, хγγ, 6,095,576 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,258 төгрөr төлбөрийн нийт үлдэгдэл 107,036,798 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон * тоот үндсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 107,036,798 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Банкны зүгээс хариуцагчаас шүүхэд нийт 107,036,798 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш зээлдэгч маань 9,065,770 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 97,971,021 төгрөг байгаа юм. Энэ төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Анхнаасаа зээлийн гэрээ нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан зээлийн гэрээ байгаа. Нийтэд зарласан нөхцөлөөс доогуур буюу 9 хувийн хүүтэй зээлийг хариуцагчид өгсөн. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан * банкны гүйцэтгэх захирлын 2016 оны *тушаалын 15 дугаар хавсралтаар батлагдсан маягт байгаа. Энэ маягтын нийтлэг үндэслэл хэсэгт гэрээгээр зээлдэгчид олгож буй зээлийн нөхцөл нь банкнаас нийтэд санал болгож буй ижил төрлийн зориулалттай зээл олгох нөхцөлөөс харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлтэй бөгөөд банк зээлдэгч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, контрактыг үндэслэн зээлдэгчид энэхүү хөнгөлөлтийг үзүүлж байгаа болно гэж нийтлэг үндэслэл болон бусад хэсгүүдэд тусгасан байдаг. Тэгэхээр нийтлэг үндэслэлд дурдагдсан энэ хөнгөлөлтийг үзүүлж байгаа гол үндэслэл болсон хөдөлмөр эрхлэлтийн хугацаа дуусгавар болсноор энэ хөнгөлөлтийг хариуцагч эдлэх боломжгүй болж байгаа юм.  Тухайн хөнгөлөлтийг эдлэх боломжгүй учраас нийтэд зарласан хүү буюу 14.1 хувийн хүүд шилжүүлж байгаа нь зээлийн гэрээгээр харилцсан тохиролцсон үндэслэлгүйгээр бусдад илүү хувь хэмжээгээр зээлийн хүү тогтоож байгаа зүйл биш юм гэв.

 

3.Хариуцагч *ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 107,036,798 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу орон сууц худалдан авсантай маргадаггүй. Гол маргаад байгаа шалтгаан нь 2031 оны 10 сарын 25-ны өдөр дуусгавар болох урт хугацааны гэрээ байгуулчхаад ажлаас гарсан гэх үндэслэлээр зээлийн хүүг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж тооцсонд маргаан үүссэн. Зээлийн хүүг нэмэгдүүлснээс хойших хугацаанд зээл төлөхийг зогсоосон. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн гэрээний үүргээ тодорхой хэмжээнд төлбөрийг төлсөн. Зээлийн хүүг үндэслэлгүй нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа мөн зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа учраас зээлийн гэрээнээс татгалзаж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

 

4.Хариуцагч *ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Миний бие 2016 оны 07 сарын 05-ны өдөр * банк ХК-тай орон сууц худалдан авах зорилгоор 158,000,000 төгрөгийг жилийн тогтмол 9 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатайгаар зээлэхээр * дугаартай зээлийн гэрээ байгуулсан.

Гэтэл банк талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3. дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн хүүг гэрээний оролцогч талд мэдэгдэлгүйгээр нэг талын санаачилгаар өөрчилсөн нь зээлдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2016 оны 07 сарын 05-ны өдрийн * дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээний үндсэн шинжийг бүрэн агуулсан бөгөөд тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.2 дахь заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул стандарт нөхцөлийн хүчин төгөлдөр бусаар тооцож шийдвэрлэж өгнө үү. Дээрх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар хариуцагч тал гэрээгээр тохирсон гэрээний гол нөхцөл болох зээлийн хүүг маргаангүйгээр төлөх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд үндэслэлгүй нэхэмжилж буй хүүг төлөх хууль бус үүргээс чөлөөлөгдөж, эрх ашгаа сэргээлгэх боломжтой болох тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн гэрээг талууд хоорондоо байгуулсан. Энэ зээлийн гэрээг тухайн банкны гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан дотооддоо хэрэгждэг буюу * банкны ажилтан, албан хаагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгож орон сууцны дэмжлэг үзүүлэх зээл байгаа. Тэгэхээр ажилтан болгонтой ижил гэрээ байгуулдаг гэсэн үг.  Энэ гэрээ маань энэ ч агуулгаараа нэг талд банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд буюу * банк нөгөө тал нь иргэн гэсэн ийм субъектүүдийн дунд байгуулагдаж байгаа гэрээ. Энэ нь өөрөө Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээний шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа юм. Стандарт нөхцөл бүхий гэрээн дээр Иргэний хуульд зааснаар хэт нэг талын давуу байдал бий болгож оролцсон бол стандарт нөхцөл гэж үзэхгүй хүчин төгөлдөр бус байх талаар шаардлага гаргах эрхтэй гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.2 дах заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцогдож болох заалт байгаа учраас тухайн нөхцөлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ингэснээр ямар асуудал үүсэх вэ гэхээр зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн хүүг нэг талын санаачлагчаар үндэслэлгүйгээр нэмэгдүүлж байгаа нь хууль зөрчсөн гэдгийг тогтоолгосноор үндсэн зээлийн гэрээ маань цаашид тодорхой журмын дагуу хэрэгжих боломжийг үүсгэх ач холбогдолтой тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нар нь сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Арилжааны банк нь Банкны тухай хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Монголбанкны баталсан эрх зүйн актуудын хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээний ерөнхий нөхцөлөө урьдчилан олон нийтэд мэдээлэх, тэр нөхцөлийнхөө хүрээнд тухай бүр зээлдэгч, харилцагч нартай гэрээ байгуулан ажилладаг онцлогтой хуулийн этгээд билээ.

Гэтэл нэхэмжлэгч *Банк ХК болон хариуцагч *нарын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №* дугаартай зээлийн гэрээний 2.3.2.-т "Зээлдэгч нас барснаас бусад шалтгаанаар Зээлдэгч болон Банкны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, контракт дуусгавар болсон тохиолдолд дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор зээлийн хүүд Банкнаас тухайн үед нийтэд санал болгож буй адил төрлийн буюу ижил зориулалттай зээлийн бүтээгдэхүүний доод хүүгийн хувь хэмжээгээр тооцон өөрчлөлт оруулна." гэх нөхцөл нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1. "Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ." гэх зохицуулалтад хамаарахгүй заалт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байсан нь зээлийн гэрээ хүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр байгуулагдах урьдчилсан нөхцөл болсон. Өөрөөр хэлбэл, олон нийтэд санал болгодог зээлийн нөхцөл, стандартаар гэрээ байгуулах санал, саналын хариу гараагүй билээ. Энэ агуулгаараа Банкнаас урьдчилсан санал болгосон нөхцөлийг /санал гаргах дуудлагыг/ хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулах санал гаргасан хүн бүртэй байгуулах боломжтой гэрээ байгуулах саналын хариу биш байх тул гэрээний стандарт нөхцөл гэж үзэх боломжгүй юм. Дээр дурдсан нөхцөл байдлын хүрээнд Зээлийн гэрээний 2.3.2 дахь заалт нь Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөл биш тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх заалт, 202.2 дахь хэсгийн зохицуулалтыг үндэслэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч *сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ "...2.3.2 дахь заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул стандарт нөхцөлийн хүчин төгөлдөр бусаар тооцож шийдвэрлэж өгнө үү." гэх боловч Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4. "гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан;" гэж урьдчилан тогтоосон нөхцөлийг санал болгож буй тал нь гэрээгээр хүлээсэн өөрийнхөө үүргийг өөрчлөх эрхтэй байдлаар гэрээнд тусгасан тохиолдолд хамаарах зохицуулалт байх ба Зээлийн гэрээний 2.3.2 дахь нөхцөл *Банкны хувьд гэрээнд заасан үүргээ Зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзсан агуулгагүй тул энэ зохицуулалтад хамаарах үндэслэлгүй байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4 дэх заалтын хууль зүйн шаардлагыг хэрхэн хангаж байгааг хангалттай нотолж чадаагүй, хууль хэрэглээний хувьд агуулгын алдаатай байдлаар тайлбарлан сөрөг нэхэмжлэлд дурдсан гэж үзэхээр байна. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч *Банк ХК-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай байсан тул зээлийн хүүг жилийн 9 хувь байх ба хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан тохиолдолд тухайн үед нийтэд санал болгож буй ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүний хувь хэмжээгээр тооцохоор Зээлийн гэрээгээр харилцан тохиролцсон.

Энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3. Зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2. Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 3.3. Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заасантай нийцсэн. Зээлийн гэрээний нийтлэг үндэслэл хэсэг буюу зээлийн гэрээний 1.2. Энэ гэрээгээр зээлдэгчид олгож буй зээлийн нөхцөл нь Банкнаас нийтэд санал болгож буй ижил төрлийн зориулалтаар олгох зээлийн хүү, нөхцөлөөс харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлтэй бөгөөд Банк зээлдэгч нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, контрактыг үндэслэн зээлдэгчид энэхүү хөнгөлөлтийг үзүүлж байгаа болно гэж заасныг хариуцагч *хүлээн зөвшөөрч гэрээ байгуулагдсан буюу хариуцагч хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг ашигласан, мөн хариуцагчтай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсаны дараа нийтэд санал болгож буй ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүний хүүд шилжүүлсэн нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд нийцсэн, хариуцагчид хохиролтой биш буюу * банкны ажилтнаас бусад этгээдэд санал болгодог зээлийн бүтээгдэхүүнтэй ижил нөхцөлтэй юм. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн №* дугаартай Зээлийн гэрээний 2.3.2 дахь нөхцөлтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурвал жил, гэж, 76 дугаар зүйлийн 76.1 Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж тус тус заасан байх ба талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш хэдийн 3 жил өнгөрсөн, мөн №* дугаартай Зээлийн гэрээний 2.3.2-т зааснаар хүүгийн хувь хэмжээ 2021 онд өөрчлөгдсөнөөс хойш мөн 3 жил өнгөрсөн байх тул хариуцагч шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд:

 

1.Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирлын тушаал, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны орон сууцны зээлийн өргөдөл, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, *банк ХК-д гаргасан хүсэлт дансны хуулга, барьцаалбар, Монгол шуудан ХК-ийн тодорхойлолт, гэрээ цуцлах тухай албан бичиг, хариуцсан захирлын тушаал, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

2.Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, итгэмжлэл, гүйцэтгэх захирлын тушаал, хариуцсан захирлын тушаал, орон сууцны зээлийн ерөнхий захирал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч * банк ХК нь *т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107,036,798 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч *эс зөвшөөрч зээлийн гэрээний 2.3.2 дах заалтыг стандарт нөхцөлөөр тогтоолгож, хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

2.Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3.Талуудын хооронд 2016 оны 07 сарын 05-ны өдөр №* дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, нийтийн орон сууц худалдан авах зориулалтаар 158,000,000 төгрөгийн зээлийг 180 сарын хугацаатай, 365 хоногт 9 хувийн хүүтэй буюу банк, зээлдэгч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, контрактыг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, банк болон зээлдэгч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд зээлийн гэрээг банкны санаачилгаар цуцлах эсхүл гэрээний 2.3.2 дахь заалтад заасны дагуу тухайн үед банкны нийтэд санал болгож буй зээлийн нөхцөлийг мөрдөхөөр талууд тохиролцсон байна.

Зохигч дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр №* дугаартай барьцааны гэрээг байгуулан ХУД-н * тоот хаягт байрлах *улсын бүртгэлийн дугаартай, 108.45 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоход өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна.

 

4.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

 

Хариуцагч *нь дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулан гэрээнд заасан дээр дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож, гарын үсэг зурсан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзлээ.

 

5.Талууд дээрх зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх талаар маргадаггүй бөгөөд гэрээ байгуулагдах үед зээлдэгч *нь * банк ХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу хөрөнгийн менежерийн ажил албан тушаал эрхэлж байсан, ажилтны хүсэлт санаачилгаар тус банкны 2021 оны 02 сарын 24-ний өдрийн * дугаартай *тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай Захирлын тушаалаар 2021 оны 02 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн талаар мөн талууд маргадаггүй тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс 2021 оны 06 сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орох хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрт төлөгдсөн дүнгээр тооцоолол хийж мөн өдрөөр тооцон зээлийн үндсэн төлбөрт 129,025,486 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тодорхойлон уг дүнгээс хүүг жилийн 14.1 хувийн хүүтэйгээр тооцон *ийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хүснэгтээр гарган ирүүлсэн байна.

Уг тооцооллоор гэрээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулсан хугацаанаас хойш зээлдэгч нь үндсэн зээл 28,100,522 төгрөг, зээлийн хүү 62,400,751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,371 төгрөг төлсөн, 2025 оны 03 сарын 25-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй, зээлийн эргэн төлөлт доголдож эхэлсэн бөгөөд төлбөр төлөх хугацааг 128 хоногоор хэтрүүлсэн гэж тайлбарлан тус гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, тус шүүхэд 2025 оны 08 сарын 18-ны өдөр зээлдэгчээс үндсэн зээлийн төлбөр 100,924,964.04 төгрөг, хγγгийн төлбөрт 6,095,576 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 16,258 төгрөг, нийт 107,036,798 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,065,770 төгрөгийг хариуцагчаас төлсөн гэх үндэслэлээр энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагчаас 97,971,021 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

7.Зээлдэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор зээлдүүлэгч буюу * банк ХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.3, 2.3.2 дахь заалтыг үндэслэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан Банкнаас нийтэд санал болгож буй адил төрлийн буюу ижил зориулалттай зээлийн бүтээгдэхүүний доод хүүгийн хувь хэмжээгээр тооцон өөрчлөлтийг зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 06 сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж тайлбарлан хүүгийн хэмжээг жилийн /365 хоног/ 14,1 хувь болгон өөрчилсөн гэх тайлбарыг гаргаж байна.

 

8.Хариуцагч нэхэмжлэлийн дээрх гэрээгээр тохирсон хүүг өөрчлөн нэмэгдүүлсэн нөхцөлийг эс зөвшөөрч зээлийн гэрээний 2.3.2 дахь заалтыг стандарт нөхцөлөөр тогтоолгож, хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлагыг гаргаж байна.

 

9.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн * дугаартай гэрээний хугацаа 2031 оны 10 сарын 25-ны өдөр дуусахаар гэрээгээр тохиролцсон байна.

Зээлдэгч сар бүр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй эргэн төлөлтийг хувиарыг зөрчин, улмаар 2025 оны 04 сарын 24-ний өдөр үндсэн зээлд 798,450 төгрөг, хүүгийн төлбөрт 141,072 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,890 төгрөгийг төлсөн, уг төлөлтөөс хойш төлбөр төлөөгүй зөрчил үүссэн болох нь нэхэмжлэгчээс гарган ирүүлсэн зээлийн дансны хуулга, зээл хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч зээлийн төлбөр төлөх хугацаа 99 хоногоор хэтэрсэн байгаа талаар болон зөрчигдсөн хугацааны төлбөр 7,066,587 төгрөг хуримтлагдсан, төлбөрийг төлөхийг мэдэгдсэн мэдэгдлийг зээлдэгчид 2025 оны 07 сарын 02-ны өдөр хүргүүлж, 2025 оны 08 сарын 04-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.

Хариуцагч уг мэдэгдлийг хүлээн авсан эсэх талаар маргадаггүй бөгөөд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хүүгийн хувь хэмжээг нэмэгдсэнийг эс зөвшөөрч төлбөрийг төлөхөөс татгалзсан гэх тайлбарыг гарган зээлийн гэрээний хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай 2.3.2 дахь заалтын хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

10.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч зээлийн гэрээний үүргийг зөрчиж, төлбөр төлөх хугацааг 128 хоногоор хэтрүүлсэн тул нэг талын санаачилгаар цуцалсан байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан ба мөн зүйлийн 225.4-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй.

Хариуцагч *төлбөр төлөх үүргээ зөрчсөн талаар маргадаггүй ч зөрчсөн үндэслэлээ талуудын хооронд урт хугацааны гэрээ байгуулагдсан байхад хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээнээс татгалзаж байгааг зөвшөөрөхгүй, банк давуу эрхтэйгээр гэрээний хүүд өөрчлөлт оруулж нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй, гэрээг цуцалсныг зөвшөөрөхгүй байгаа тул төлбөр төлөхийг зогсоосон ч нэхэмжлэл гаргаснаас хойш зохих төлбөрийг төлсөн гэх тайлбарыг гаргаж байна.

Талууд гэрээ цуцлах нөхцөлийн талаар зээлийн гэрээний Зургаа-д заасан нөхцөлүүдээр тохиролцсон байна. Банк зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тохиолдлуудыг 6.1.1-6.1.11-д нэрлэн заасан байна.

Гэвч талууд зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн эсхүл бүрэн төлөөгүй бол мөн гэрээний үүргээ биелүүлэх талаар банкны тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол гэж тохиролцсон байдал нь төлбөрийг хэд хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах талаар, мөн тавьсан шаардлагыг биелүүлээгүй ямар зөрчлийг гаргасан бол нэг талын санаачилгаар цуцлах талаар тодорхой хугацаа зааж тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нийт хугацаа 180 сар гэж үзвэл зээлдэгч 128 хоног буюу 4 сарын хугацаагаар зээлийн төлбөрийг төлөлгүй үүргээ зөрчсөн нь нийт гэрээний үндсэн хугацааны 2,2 хувь буюу ялимгүй зөрчил гэж үзэх үндэслэлтэй, банк дангаар гэрээг цуцлах нөхцөл үүсээгүй гэж үзэхээр байна.

Харин талууд гэрээний 6.1.11-д хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон бол банк гэрээг цуцалж төлбөрийг шаардах эрхтэй гэж тохиролцсон боловч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон өдрөөс хойш зээлдэгч хуваарийн дагуу зээлийн төлбөрийг зохих хэмжээгээр төлж байсан нь тогтоогддог.

 

11.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчдын хооронд байгуулсан №* дугаартай зээлийн гэрээний 1.3-т зээлдэгчид олгож буй зээлийн нөхцөл нь Банкнаас нийтэд санал болгож буй ижил төрлийн зориулалтаар олгох зээлийн хүү, нөхцөлөөс харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлтэй бөгөөд Банк зээлдэгч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, контрактыг үндэслэн зээлдэгчид энэхүү хөнгөлөлтийг үзүүлж байгаа болно, 2.2-т ...зээлийн жилийн буюу 365 хоногийн хүү нь тогтмол 9 хувь байна, гэрээний дээрх 9 хувийн хүүг өөрчлөх талаар 2.3-аар тохиролцож, 2.3.2-т Зээлдэгч нас барснаас бусад шалтгаанаар Зээлдэгч болон Банкны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, контракт дуусгавар болсон тохиолдолд дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор зээлийн хүүд Банкнаас тухайн үед нийтэд санал болгож буй адил төрлийн буюу ижил зориулалттай зээлийн бүтээгдэхүүний доод хүүгийн хувь хэмжээгээр тооцон өөрчлөлт оруулна. гэж тус тус заасан байна.

 

12.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлийг тодорхой хугацаатайгаар олгохын зэрэгцээ зээл хүүтэй буюу хүүгүй байж болохоор мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зохицуулсан.

Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно. гэж заасан.

 

13.Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд үүний дагуу гэрээний 2.3.2-д заасныг зээлдүүлэгч зээлийг *тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаанд нь жилийн хүүг 9 хувиар буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр тооцон, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд нийтэд зарлагдсан хүү буюу өмнөх хүүнээс нэмэгдүүлэхээр тохиролцон талууд хүсэл зориг илэрхийлэгдсэн, зээлдэгч талын эрх ашигт нийцсэн байх бөгөөд түүний эрх ашгийг хохироосон нөхцөлийг агуулаагүй байна.

Дээрх тохиролцоо нь утга агуулгын хувьд ойлгомжтой, хоёрдмол утга санаа агуулаагүй, дээрх нөхцөлийн үг хэллэг, утга санаа нь ойлгомжгүй, урьдчилан мэдэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй. Талууд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноор зээлийн гэрээний хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож, гэрээний чөлөөт байдлын хүрээнд талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн хүлээн зөвшөөрч байгуулсан тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.

Мөн хариуцагч тал 2016 онд байгуулагдсан дээрх гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч ашигласан, гэрээнд заагдсан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан, үлдэгдлийн талаар маргадаггүй бөгөөд нэхэмжлэгчийг шүүхэд хандах хүртэл хугацаанд зээлийн хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулсантай холбоотой гэрээний нөгөө талдаа санал, шаардлага тавьж хандаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан урт хугацааны зээлийг үргэлжлүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн тайлбар гаргаж байгаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 763,334 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан * банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 97,971,021 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг, хариуцагч *ийн зээлийн гэрээний 2.3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 763,334 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.НЯМСҮРЭН