Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00532

 

 

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00532

 

 

Блюмаунт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/00134 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Блюмаунт ХХК-ийн хариуцагч Б.Эрдэнэчимэгт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 24 934 620 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Блюмаунт ХХК нь Төв аймгийн Баянчандмань сум, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхангай жуулчны баазын Аялал жуулчлалын амралтын газрыг эд хөрөнгийн хамт 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 3 500 000 төгрөгөөр түрээслэхээр Б.Эрдэнэчимэгтэй түрээсийн гэрээ байгуулсан. Б.Эрдэнэчимэгийн бэлдсэнээр гэрээгээ байгуулж, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр амралтын газрын эд хөрөнгийг эд хөрөнгө хүлээлгэн өгөх актаар хүлээлгэн өгсөн. Б.Эрдэнэчимэг нь энэ жил бэлтгэл ажил, тохижилтод ямар ч гэсэн 30 000 000 төгрөг зарцуулна, гэрээний хугацаа дуусаж буцааж хүлээлгэн өгөхдөө сайхан болгоод өгнө гэхээр нь бэлтгэл ажлаа хийхэд нь дэмжлэг болгож эхний сарын түрээс буюу 2018 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 3 500 000 төгрөгийг тохижилтдоо хэрэглээрэй гээд аваагүй. Ингээд Б.Эрдэнэчимэг нь түрээсийн гэрээ байгуулсан сараас ажиллаж эхэлж, манай зүгээс хуучин амарч байсан байнгын харилцаатай амрагчдаа зуны турш явуулж ашиг орлогыг нь дэмжиж байсан. Б.Эрдэнэчимэг нь 2018 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсан тул 08 дугаар сарын 20-ны өдөр түрээсээ төлөхийг сануулахад дургүйцэж түрээслэхээ болилоо, 09 дүгээр сарын 25-ны өдөр юмаа буцаагаад хүлээж ав гэсэн. Ингээд 10 сар гаргаад Б.Эрдэнэчимэг нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцласан. 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр эд хөрөнгө хүлээлцэх актаар эд хөрөнгө хүлээн авахад бүрэн бүтэн байдлыг нь сүйтгэж, заримыг нь устгаж, байхгүй болгож, зарим эд хөрөнгийг цаашид ашиглах ямар ч боломжгүй болгож их хэмжээний хохирол учруулсан. Дутагдсан болон дахин ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг Блюмаунт ХХК дахин худалдан авсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус гэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслээгүй. Актаар хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн байгаа. Газрыг Б.Эрдэнэчимэгт түрээслээгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа өөрөөр хэлбэл Баянхангай амралтын газрын эд хөрөнгийг 1 жилийн хугацаанд түрээслэж, актаар хүлээлгэн өгсөн. Эд хөрөнгөө 10 дугаар сарын 04-нд хүлээн авсан. Хүлээж авахад тодорхой эд хөрөнгө хагарч эвдэрсэн, устаж үгүй болсон талаар 2 тал харилцан тохиролцож дутуу эд хөрөнгийг акт үйлдэж Б.Эрдэнэчимэг нь нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. Дутаасан эд хөрөнгийн үнэлгээг Хас үнэлгээ ХХК-аар гаргуулсан. Б.Эрдэнэчимэг нь 2018 оны 04 сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулах, зарим сард түрээсээ хагас өгч байсан. Иймд Б.Эрдэнэчимэгээс төлөгдөөгүй түрээсийн үлдэгдэл төлбөр 6 620 000 төгрөг, алданги 5 452 620 төгрөг, дутаасан эд хөрөнгийн үнэ 6 462 000 төгрөг, түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан 1 сарын түрээсийн төлбөр 3 500 000 төгрөг, түлээний төлбөр 1 400 000 төгрөг, түрээсийн гэрээний 9.5-д заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагааны зардал 1 500 000 төгрөг, нийт 24 934 620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Блюмаунт ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багт амралтын газартай бөгөөд их ашигтай ажилладаг талаараа хэлж, түрээслэх саналыг анх Б.Эрдэнэчимэгт гаргасны дагуу амралтын газрыг очиж үзсэн. Гэтэл амралтын газарт үйл ажиллагаа явуулахад хэрэглэгдэх эд зүйл ор, сандал, ширээ эвдэрсэн, тоног төхөөрөмж усны суваг нь хөлдсөн, цахилгаан татаагүй гэх зэрэг шууд ашиглах боломжгүй, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан. Энэ талаар түрээслүүлэгчид хэлэхэд засвар үйлчилгээ хийх буюу эхний сар үйл ажиллагаа явуулахгүй тухайн сарын түрээсийн төлбөрийг авахгүй, зуны улирал эхлэхэд хангалттай ашигтай ажиллаж чадна гэсэн. Улмаар Блюмаунт ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээгээр Блюмаунт ХХК-ийн өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багт аялал жуулчлалын зориулалттай 15 га газарт байрлах 240 м.кв талбай бүхий 6 ширхэг том, жижиг хувийн сууц, 11 ширхэг монгол гэр, улсын бүртгэлийн 0297188, 0297189 дугаарт бүртгэлтэй амралт, жуучлалын байгууламжыг 1 жилийн хугацаатай, сарын 3 500 000 төгрөгөөр түрээслэх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.2 хувийн алданги тооцох нөхцөлтэй гэрээ байгуулсан. Б.Эрдэнэчимэг түрээсийн зүйлийг ашиглах зорилгоор тодорхой хэмжээний хөрөнгөөр амралтын газарт засвар, үйлчилгээний ажил хийсэн бөгөөд үнийн дүнг нь тодорхойлох боломжгүй байсан. Гэтэл амралтын газрыг ажиллуулах явцад байнга асуудлууд тулгарч байсан. Тухайлбал, усны суваг байнга хөлдөх, цахилгаан тасалдах, үүнээс болж үйлчлүүлэгчид дургүйцэж, үйлчилгээний хөлсөө төлөхгүй байх, ор, ширээ, сандал зэргийг засварласан боловч хэт хуучин учир үйлчлүүлэгчид голдог учраас түрээслүүлэгчийн хэлсэн шиг ашигтай ажиллах боломжгүй байсан. Хэдийгээр амралтын газрын эд хэрэгсэл хэт хуучирсан, үйлчлүүлэгчид хомс байсан боловч амралтын газарт үйлчлүүлэгч ирсэн даруйд ажилчдын цалин болон бусад урсгал зардлыг хасч, үлдсэн мөнгийг түрээслүүлэгчид шилжүүлдэг байсан. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3 500 000 төгрөг барьцаанд тавьсан бөгөөд уг мөнгийг 1 сарын төлбөрт нь суутгасан, 6 сарын төлбөрийг 3 хувааж төлсөн, 7 сарын төлбөрийг 3 хуваагаад бүтэн төлсөн, 8 сарын төлбөрт 2 230 000 төгрөг шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар түрээсийн төлбөрт 13 740 000 төгрөг шилжүүлснээс барьцааны 3 500 000 төгрөг багтаж байгааг Блюмаунт ХХК зөвшөөрсөн. Дансны хуулгаас харахад 750 000 төгрөг төлсөн байсан. Одоо 260 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Түрээсийн гэрээний алданги, түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан 1 сарын төлбөр, түлээний төлбөр, өмгөөлөгчийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь амралтын газар нь ашигтай ажиллах боломжгүй байсан бөгөөд үйлчлүүлэгчийн төлсөн төлбөрөөр ажилчдын цалин, урсгал зардлыг хасч, үлдсэнийг түрээсийн төлбөрт шилжүүлдэг байсан. Эд хөрөнгө дутаасан гэж 6 462 000 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь эд хөрөнгө хүлээлгэж өгөхдөө нэг бүрчлэн тоолж өгөөгүй бөгөөд түрээсийн гэрээ байгуулахад гаргасан жагсаалтад гарын үсэг зур гэхээр нь зурсан. Гэтэл амралтын газарт очиход зарим эд хөрөнгүүд нь дутуу, ашиглах боломжгүй эвдэрсэн байдалтай байсан. Үүнийг нь тухайн үед хэлэхэд эд хөрөнгө буцаан хүлээн авахдаа тооноос хасаад тооцно гэсэн. Гэтэл Б.Эрдэнэчимэг түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд түрээслүүлэгч үүнийгээ баталгаажуулж тооцоо нийл гэж байнга дарамталж, эд хөрөнгө хүлээн авсан актад гарын үсэг зуруулсан. Иймд эд хөрөнгө дутаасан зүйл байхгүй. Түлээний мод хэрэглэсэн гэж 1 400 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл ийм хэмжээний түлээний мод байгаагүй. Нийт 7 хоног хүрэхгүй хэмжээний түлээ байсан. Амралт, жуучлалын байгууламжийг түрээслэх гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь түрээслүүлэгч болон түрээслэгчийн хэн алинд нээлттэй ба улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, үүргийг талуудын хэн нэгэнд үүрэг болгож хуульчлаагүй. Нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг аваагүй. Тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ юм. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, алданги, гэрээг цуцалсантай холбоотой хохирол болон бусад зардлыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан түрээсийн гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасны дагуу гэрээнд заасан тохиолдолд алданги төлөх үүрэг үүсэх бөгөөд талуудын хооронд тохиролцсон түрээсийн гэрээ нь хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Түүнчлэн хариуцагч Б.Эрдэнэчимэг нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч компанийн захирал М.Тэгшжаргалд баталгаа гаргасан байдаг. Үүгээр түрээсийн төлбөрийн үлдэгдэл нийт 1 000 000 төгрөг гэж нотариатаар баталгаажуулсан. Уг тооцоог үйлдсэнээс хойш Б.Эрдэнэчимэг нь 750 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь түүний дансны хуулгаар тогтоогддог. Харин Б.Эрдэнэчимэг нь энэ жил бэлтгэл ажил, тохижилтонд ямар ч гэсэн 30 000 000 төгрөг зарцуулна. Гэрээний хугацаа дуусч буцааж хүлээлгэн өгөхдөө сайхан болгоод өгнө гэхээр нь бэлтгэл ажлаа хийхэд нь дэмжлэг болгож 2018 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөр 3 500 000 төгрөгийг авахгүй, тохижилтдоо хэрэглээрэй гэж хэлсэн байдаг. Энэ нь Б.Эрдэнэчимэгийн тайлбараар мөн нотлогдоно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нотлох баримтаар үнэлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч Б.Эрдэнэчимэг нь тухайн амралтын газрыг ажиллуулахдаа усны шугам нээх, цахилгаанд холбох, сурталчилгааны самбар байршуулах, Монгол гэрт хийсэн засвар үйлчилгээ зэргийг 2018 оны 4 дүгээр сард хийж гүйцэтгэсэн. Б.Эрдэнэчимэг нь түрээсийн гэрээний 6.1-д зааснаар 3 500 000 төгрөгийг барьцааг түрээслүүлэгч талд байршуулсан. Хариуцагч Б.Эрдэнэчимэг түрээсийн гэрээний барьцаа болон түрээсийн төлбөрт нийт 13 740 000 төгрөгийг Блюмаунт ХХК-д шилжүүлсэн. Талууд эд хөрөнгө хүлээлцэхдээ акт үйлдсэн байдаг. Хэрэгт авагдсан эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан актууд хоорондоо зөрүүтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Хас үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээг үндэслэж 6 462 000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл Б.Эрдэнэчимэгээс эд хөрөнгө хүлээлгэн өгсөн актад нийт 29 нэр төрлийн эд хөрөнгө дутсан гэж бичигдсэн байдаг боловч хохирлын үнэлгээгээр нийт 47 төрлийн эд хөрөнгийг 7 343 000 төгрөгөөр үнэлсэн байна. Нэхэмжлэгч тал ямар эд хөрөнгийг дутаасан улмаар ямар баримтыг үндэслэн дутсан гэх эд хөрөнгийн тооцоог гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн Хас үнэлгээ ХХК нь энэхүү үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд эсэх нь эргэлзээтэй, үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан журмын дагуу хийгдээгүй эд хөрөнгийн үнэлгээг нотлох баримтаар үнэлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Эрдэнэчимэгээс 260 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Блюмаунт ХХК-д олгож, үлдэх 24 674 620 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 623 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 260 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 8 450 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэчимэгээс гаргуулан нэхэмжлэгч Блюмаунт ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр амралтын газрын эд хөрөнгийг "Эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт"-аар хүлээлгэн өгсөн. Хариуцагч Б.Эрдэнэчимэг түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр "Эд хөрөнгө хүлээлцэх актаар эд хөрөнгөө буцаан хүлээн автал хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг сүйтгэж заримыг нь устгаж байхгүй болгосон, зарим эд хөрөнгийг цаашид ашиглах ямар ч боломжгүй болгосон байсан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т заасантай нийцээгүй, түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр тохиролцоогүй тул нэхэмжлэгч нь 5 452 620 төгрөгийн алданги болон түрээсийн гэрээ хугацаанаас өмнө цуцалсан 3 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. "Блюмаунт" ХХК нь Б.Эрдэнэчимэгт үл хөдлөх эд хөрөнгө түрээслээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т заасантай нийцээгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуүль зүйн үндэслэлгүй. "Блюмаунт" ХХК нь Б.Эрдэнэчимэгт түрээсийн гэрээний дагуу амралтын газрын эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн актанд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө хүлээлцээгүй болох нь тогтоогдож байгаа. Түрээсийн гэрээний 9.4, 9.6-д заасны дагуу гэрээ хугацаанаас нь өмнө цуцласан 1 сарын түрээсийн төлбөр болон алданги нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Блюмаунт ХХК нь хариуцагч Б.Эрдэнэчимэгт холбогдуулан түрээсийн төлбөрт 6 620 000 төгрөг, алданги 5 452 620 төгрөг, дутаасан эд хөрөнгийн үнэ 6 462 000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр 3 500 000 төгрөг, түлээний үнэ 1 400 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, нийт 24 934 620 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй учраас хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ багийн нутагт орших аялал жуулчлалын зориулалттай 15 га газарт байрлах 240 м.кв талбай бүхий 6 ширхэг том жижиг нийлсэн хувийн сууц байшин, 11 ширхэг монгол гэр, амралт, жуулчлалын байгууламжийг дагалдах эд зүйлсийн хамт сарын 3 500 000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч Блюмаунт ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө хүлээлгэн өгөх актаар жуулчны баазыг эд зүйлсийн хамтаар хариуцагчид хүлээлгэн өгчээ. /1хх21-34/

Шүүх талуудын хоорондын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд буруу болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь түрээсийн төлбөр түүнд ногдох алдангиас гадна, дутаасан эд хөрөнгийн үнэ, түлээний үнэ зэрэг эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулах шаардлага гаргажээ.

Энэ тохиолдолд бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг арилгуулахтай холбоотой гэрээний бус үүрэг үүсэх эсэхийг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд шалган, дүгнэлт өгөх шаардлагатай. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан, хохирол төлүүлэхтэй маргааны хувьд хохирол бодитоор учирсан эсэх, хохирлын хэмжээ зэргийг тогтоох зайлшгүй шаардлагатай.

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгөхдөө хөрөнгө тус бүрийн үнийг эд хөрөнгө хүлээлцсэн актад тусгаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан үнэлгээ хийхэд тавигдах шаардлагыг хангаагүй байх тул маргааны зүйлд хамааруулан нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Хариуцагч шүүх хуралдааны явцад уг баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж мэтгэлцсэн, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар холбогдох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах эсэх, шаардлага хангахгүй баримт байгаа бол нотлох баримтаас хасах ажиллагааг хийх, нотлох баримтаас хассан тохиолдолд талуудад өөрөө гаргаж өгөх, эсхүл уг баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулж зохих ажиллагааг хийдэг. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байна. /2хх245/

Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланд хөрөнгийн шинж байдал, элэгдэл хорогдлын талаар тодорхой тусгагдаагүй байх тул үнэлгээ бодитоор гарсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. /1хх11/

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага нь оршин байгаа орон нутгийн Засаг захиргааны байгууллагаас амралтын газар, жуулчны бааз ажиллуулах зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд үүнээс шалтгаалан түрээсийн зүйлийг тодорхойлох учиртай.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/00134 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 623 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

А.МӨНХЗУЛ