| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2206 02655 2326 |
| Дугаар | 2025/ДШМ/1327 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1327
2025 11 25 2025/ДШМ/1327
Ц.С-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сайнхүү /цахимаар/
шүүгдэгч Ц.С- /цахимаар/, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2065 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2206 02655 2326 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Ц-ын С-, .........., /РД:......./,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 02 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 40 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 247 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн, хорих ялыг 01 жилийн хугацаагаар тогтоож 2000 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 03 сар 5 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
- С- дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1- д зааснаар оногдуулсан ялыг хүндэд нь багтааж, хорих ялын хэмжээг 8 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугааp зүйлийн 146.3-т зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 6 жил 01 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн,
- Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.
Шүүгдэгч Ц.С- нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ....... 1-40 тоот нийтийн байрны 4 тоотод Б.А-ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний эзэмшлийн ХААН банкны виза карт болон "Самсунг А-30" загварын гар утас зэргийг нууцаар, хууль бусаар авч Сонгинохайрхан дүүргийн 17, 29 дүгээр хороо, Баянгол дүүргийн 2 дугаар хороонуудад байрлах ХААН банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 4 удаагийн үйлдлээр 3.000.000 төгрөгийг авч нийт 3.230.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Ц.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ц.С- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч хохирол нэхэмжлээгүй, хохиролгүй гэдгээ надад болон мөрдөгчид хэлсэн. Гэтэл шүүхээс хохирол гомдол барагдуулаагүй гэж үзсэн. Намайг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хүнд гэмтлийн улмаас дуудсан цагт очиж чадаагүй гэдгээ хэлж байхад цагдан хорьсон. Уг гэмтэл маш хүнд нөхцөлд хүрсэн нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж шүүх хуралд хохирогчийг байлцуулж мэдүүлэг авах, мөн өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогчид хохирол төлбөрөө төлөх гэсэн боловч хохирогч олдоогүй гээд байдаг. Хохирогч анх хохирол төлбөр авахгүй гэж мэдүүлсэн талаар дурддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг, миний үйлчлүүлэгч өндөр настай, мөрний бэртэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгах юм уу, тэнсэж өгнө үү. Ц.С-ын биеийн байдал муу, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан, мөн хагалгаанд орох шаардлагатай байгаа...” гэв.
Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Б.А- хохирол төлбөр авахгүй гэсэн гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтаар хохирол төлөгдөөгүй болох нь тогтоогддог. Түүнчлэн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд оргон зайлсан. Энэ хугацаанд хохирол нөхөн төлөх талаар санаачилга гаргаагүй. Хувийн байдлын тухайд урьд дээрэмдэх, хулгайлах хэрэгт 5 удаа ял шийтгүүлсэн. Анхан шатны шүүхээс хохирол төлбөр төлөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.С-т эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй. Мөн эрүүл мэндийн байдалтай холбоотой ямар нэгэн баримт давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний өвчин ял шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтаж байгаа бол өөр зарчмаар шийдвэрлэгдэнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Ц.С-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Ц.С- нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ....... 1-40 тоот нийтийн байрны 4 тоотод Б.А-ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний эзэмшлийн ХААН банкны виза карт болон "Самсунг А-30" загварын гар утас зэргийг нууцаар, хууль бусаар авч АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 2022 оны 5 дугаар сарын 14-нд 1.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 500.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг тус тус авч нийт 3.230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 15/,
Б.А-ын Хаан банкны депозит дансны хуулга “...2022 оны 5 дугаар 14-ний өдрийн 1.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар 15-ны өдрийн 500.000 төгрөг, 500.000 төгрөг, 1.000.000 төгрөгийн тус тус зарлага гарсан...” /хх 17/,
хохирогч Б.А-ын: “...Бид хоёр 2 шил архи уугаад дуусаад унтахаар болоод би С- ахын хувцасны шүүгээнд гар утас Хаан банкны виза картаа хийгээд хэсэг хамт сууж байгаад тасараад унтсан. Өглөө сэрэхэд С- ах байхгүй байсан, би хувцасны шүүгээнд хийсэн гар утас виза картаа авах гэхэд байхгүй байсан. Хаан банкны картаа хаалгасан. Хуулгаа харахад 3.000.000 төгрөгийн зарлага Хаан банкны ....... тоот данснаас гүйлгээ гарсан байсан. Би С- ахтай хамт дэлгүүр орж картаа уншуулж согтууруулах ундааны зүйл авахад С- ах хажууд байсан болохоор пин кодийг мэдсэн байх гэж бодож байна. Би гар утас зардаг газраас шинээр нь 190.000 төгрөгөөр авч байсан...” /хх 21-22, 81-82/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-25/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний нэхэмжлэх ...19.800 төгрөгийн төлбөр... /хх 30/,
Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан: ...samsung А30 загварын гар утас 230.000 төгрөг.../хх 32/,
шүүгдэгч Ц.С-ын хувийн мэдээллүүд /хх 36-40/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41, 109,
шүүгдэгч Ц.С-ын урьд ял шийтгүүлж байсан талаарх шүүхийн шийдвэрүүд /хх 44-45, 47, 50-51, 54-55, 57-58, 62-63/,
оргодол эрэн сурвалжлах тухай баримт /хх 70-72/,
шүүгдэгч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирогч Б.А- удаагүй орж ирээд манайд байж байгаад өглөө ажилдаа явъя гэсэн. Бид хоёр нэг шил архи авч уугаад сууж байсан чинь гаднаас өмнө хамт архи уусан найз Тайвнаа гэх залуу орж ирээд гурвуулаа нийлж архи ууж байхад Б.А- шүүгээнд гар утас, виза картаа хийсэн байсан бөгөөд архи дуусахад шүүгээнээс Хаан банкны виза картаа авч пин кодоо хэлж архи аваад ир гэж намайг дэлгүүр явуулахад нь буйдан дээр байсан түүний гар утсыг хэлэлгүй нууцаар авч гарсан. Тэр хавьд байдаг хойшоо ойрхон байдаг АТМ-ээс түүний картыг уншуулж бэлнээр 1 сая төгрөг авч шууд таксинд суугаад хотын төв рүү орж кароакед орж архи ууж сууж байгаад тэндээсээ гараад өөр бааранд орж гарсан. Тэр хавиар такситай явж байхдаа тэр хавьд байсан АТМ-д карт уншуулж 3,000,000 төгрөг авсан. Самсунг эс-7 загварын гар утсыг нь авч яваад Дарханд алга болсон...” /хх75-76, 90, 112-113/,
Ц.С- оргон зайлсан үндэслэлээр прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн.../хх 100-102/...эрэн сурвалжлах ажиллагаа зарласан мөрдөгчийн тэмдэглэл /хх 103-106/, ...мөрдөн байцаалтыг сэргээх тухай прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 44 дугаар тогтоол /хх 108/,
хэргийг түдгэлзүүлж, яллагдагчийг эрэн сурвалжлах тухай шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2821 дугаар захирамж /хх 125-126/,
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11з/13017 дугаар албан бичигт “...Ц.С-ыг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр цагдан хорьсон болохыг мэдэгдье...” /хх 129/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ц.С-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ц.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Ц.С-ын хохирогч Б.А-ын гар утас болон виза картыг хулгайлан авч, 3.230.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ц.С- “...хохирогч хохирол нэхэмжлээгүй, хохиролгүй гэдгээ надад болон мөрдөгчид хэлсэн. Гэтэл шүүхээс хохирол барагдуулаагүй гэж үзсэн. Намайг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хүнд гэмтлийн улмаас дуудсан цагт очиж чадаагүй гэдгээ хэлж байхад цагдан хорьсон. Уг гэмтэл маш хүнд нөхцөлд хүрсэн нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж шүүх хуралд хохирогчийг байлцуулж мэдүүлэг авах, мөн өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж өгнө үү…” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд ...хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй, өсвөр насны, монгол хэл, бичиг мэдэхгүй, бүх насаар хорих ял оногдуулж болох, хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохоор заажээ.
Хэрэгт, шүүгдэгч Ц.С- “гэрчээр 2022 оны 7 дугаар сарын 22-нд /хх 75/, яллагдагчаар 2023 оны 7 дугаар сарын 18-нд мэдүүлэг өгөхдөө ...би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй... /хх 90/, ...би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... /хх 113/ гэж, мөн анхан шатны шүүх хуралдаанд ...би өмгөөлөгчгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно.../хх 138/ гэж тус тус мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгчтэй оролцох эрхийг мөрдөн шалгах болон шүүхийн шатанд зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн өмнөх, шүүхийн шатны гэсэн зааглагдсан хоёр үе шаттайгаас хэргийг хэрхэн шийдвэрлэх нь мөрдөн байцаалтын үр дүнгээс ихээхэн хамаарах ба прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүн таслах ажиллагааг явуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд тодорхой заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдлыг” тодорхой зааж хуульчилжээ.
Хэргээс үзэхэд шүүгдэгч Ц.С- нь хохирогч Б.А-ын эзэмшлийн ХААН банкны виза карт болон "Самсунг А-30" загварын гар утас зэргийг нууцаар, хууль бусаар авч нийт 3.230.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон ба энэ талаар хохирогч Б.А-ын “...Би С- ахтай хамт дэлгүүр орж картаа уншуулж архи согтууруулах ундааны зүйл авахад С- ах хажууд байсан болохоор пин кодийг мэдсэн байх гэж бодож байна. Би гар утас зардаг газраас шинээр нь 190.000 төгрөгөөр авч байсан.../хх 21-22, 81-82/ гэсэн мэдүүлэг нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-25/, шүүгдэгч Ц.С-ын “...АТМ-ээс түүний картыг уншуулж бэлнээр 1 сая төгрөг аваад караоке болон бааранд орсан. Би АТМ-д карт уншуулж 3,000,000 төгрөг авсан. Самсунг эс-7 загварын гар утсыг Дарханд алга болгосон...” /хх75-76, 90, 112-113/ гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар давхар тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл дээрх нотлох баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түүний гар утас, виза картыг авч, АТМ-ээс 4 удаагийн үйлдлээр 3.000.000 төгрөгийг бэлнээр авч, улмаар өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйл баримт тогтоогдож байх тул түүний үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, хохирол төлбөрийг барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ижил төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жилийн хорих ял оногдуулсаныг давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан “3 жил хорих” ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Ц.С-ын “Ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан тул шүүгдэгч Ц.С-ын шийтгэх тогтоол танилцуулснаас хойш цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Ц.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял” гэснийг “...Ц.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Ц.С-т оногдуулсан 04 жилийн...” гэснийг “...Ц.С-т оногдуулсан 03 жилийн...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ц.С-ын гаргасан давж заалдах гомдлын заримыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С- 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Н.БАЯРМАА