| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2506 02007 0644 |
| Дугаар | 2025/ДШМ/1328 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1328
2025 11 25 2025/ДШМ/1328
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сайнхүү /томилолтоор/,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Ичинхорол,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2042 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б-д холбогдох 2506 02007 0644 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Б-ы Б-, .........., /РД: ...../,
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ..... дугаар байрны 8 тоотод хохирогч Б.С-той гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газар алгадах, хана руу түлхэх, мөргүүлэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь уруулд салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, зүүн хацар, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Б- өмнө нь эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээж байгаагүй ба хэргийн 56 талд авагдсан баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүхийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлэхээр буюу хамгийн дээд хэмжээгээр тогтоосон. Тус төлбөрийг мөн шүүх хуралдааныг завсарласан хугацаанд нөхөн төлсөн ба цаашид гарах хохиролтой холбоотойгоор гарах зардлыг нөхөж барагдуулахаа илэрхийлсэн. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх тухайд: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх", мөн тус зүйлийн 1-т "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно" гэж заасан байдаг.
Миний үйлчлүүлэгч Б.Б- нь дээр дурдсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөлүүдийг дараах үндэслэлээр хангасан гэж үзэж байна. Үүнд: гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс шүүхийн шатанд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба маргадаггүй нь хэрэгт авагдсан мэдүүллэгээр нотлогддог. Мөн өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байгаа талаар удаа дараа илэрхийлж байсан. Хор уршгийн шинж чанар, хувийн байдал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3-д “Энэ хуульд заасан "ноцтой хохирол, хор уршиг" гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд ноцтой хор уршиг учирсан гэж үзэхээргүй байна. Мөн хувийн байдлын хувьд миний үйлчлүүлэгч Б.Б- 7 настай хүүхэдтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тогтсон ажил төрөлтэй, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн бөгөөд санхүүгийн чадвартай болохоо илэрхийлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал: Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад саад учруулаагүй, мөрдөгч, прокурорын дуудсан цагт ирдэг, хэргийн талаар үнэн зөв, тогтвортой мэдүүлж, гэм буруу дээр маргадаггүй бөгөөд шаардсан баримтуудыг тухай бүрт нь гаргаж өгч байсан.
Дээрх нөхцөлүүдээс үзэхэд миний үйлчлүүлэгч нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлийг бүрэн хангасан гэж үзэж байна. Хууль тогтооогчоос Эрүүгийн Хуулийн 5 дугаар зүйлийн 3.1, 6.1 дугаар зүйлийн 2-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх хариуцлага оногдуулсан хэсгийг өөрчилж, миний үйлчлүүлэгч Б.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Эсхүл тус хэргийн хариуцлагын төрөлд торгуулийн ял оногдуулах хариуцлага байгаа бөгөөд шүүхийн зүгээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэх тохиолдолд торгуулийн ял сонгон хэрэглэж өгөхийг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргээс биш, 2024 миний эхнэр Б.С- гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас бид гэрлэлтээ цуцлуулсан. Миний өгсөн мэдүүлэгт дурдагдсан зарим зүйлийг анхаарч үзээгүй. Жишээлбэл, Б.С- надад түрүүлж гар хүрсэн. Хоёрдугаарт, хүүхдийн хажууд хэрэлдэхгүй гэж гэрээс гарч бай гээд гаргах үед хаалганы босгонд тээглэж унаад толгойгоо цохисныг намайг санаатайгаар өвтгөх, гэмтээх зорилготой тийм үйлдэл хийсэн мэтээр дүгнэсэн. Ийм зүйл болсонд би харамсаж байгаа. Би ажлын 5 өдөр ажиллаад амралтын 2 өдөр хүүхдээ хардаг. Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй байгаа тул өөрчилж өгнө үү...” гэв.
Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл мөн хүүхдийн хажууд гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул ял шийтгэлийг өөрчлөх боломжгүй гэсэн байр суурьтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ..... дугаар байрны 8 тоотод хохирогч Б.С-той гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газар алгадах, хана руу түлхэх, мөргүүлэх зэрэг үйлдлийн аргаар зодож, эрүүл мэндэд нь уруулд салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, зүүн хацар, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх 3-4/,
аюулын зэргийн үнэлгээ /хх 5/,
хохирогч Б.С-ын: “...Тухайн өдөр би салсан нөхрийн гэрээс очоод хүүхдүүдээ аваад гарах гэж байтал нөхөр Б- нь сайн ярьж чаддаггүй хүүхдээс сонин зүйл асуусан. Манай хүүхэд хүн юм асуухаар “за” гэж хариулдаг, сайн хэлд орж амжаагүй болохоор сайн ярьж чаддаггүй юм. Гэтэл Б- нь хүүхдийг маань “за” гэснийг сонсоод маргааш шууд аваад ирээрэй гээд байсан. Тэгэхээр нь би түүнд “чи ганц удаа хүүхдээ надад хоногоор явуулж болохгүй юм уу?” гэхэд болохгүй гээд бид хэрэлдээд маргалдаж эхэлсэн. Маргаан ширүүсээд тэр миний нүдний шил рүү хуруугаараа түлхээд байсан. Намайг гичий, янхан, банзал салтаагаа хянаж явах нь яасан юм өөр боов чихүүлээд гоё байна уу? гэх мэтээр хэлж байгаад намайг заамдаж аваад хана руу шахаж байгаад 2 удаа хана руу түлхэж толгой гэмтээсэн. Мөн амандаа шүлсээ хуримтлуулж байгаад миний нүүр лүү нулимж, зүүн хацарт нэг удаа алгадсан. Гэрээс гарах гэж байхад миний мөр хэсгээс барьж байгаад хаалгаар гартал намайг шидсэн. Би хана мөргөж унаад баруун хөлийн гуя хэсэг болон толгой хэсгээ гэмтээсэн. Намайг юу идэх, хэзээ гарах, хашаа явах, хэнтэй байх зэрэг оролцож болох бүх зүйлд миний өмнөөс шийдвэр гаргадаг байсан ба намайг эсэргүүцэх болгонд уурладаг байсан болохоор би айгаад эсэргүүцэж чаддаггүй байсан.../хх 9-10, 27/ ...над руу нулимхаар нь цохих гэж оролдоод цохиогүй... /хх 33, 72/,
Б.Ж-ын: “...С-ог орсноос хойш бараг 10 минутын хугацаанд хэл чимээгүй алга болчихоор нь утас руу нь залгатал манай найз уйлсан байдалтай утсаа авч “цагдаа дуудаарай” гэж хэлээд л утсаа тасалчихсан. Би 2 давхрын шатан дээр зогсож байхад 3 давхарт байх 8 тоотоос манай найзын уйлах чимээ чанга сонсогдож байсан ба би орохоос айгаад гадаа нь хэсэг зогсоод байж байгаа шатаар доош явах гэж байх үед Б-гийн гэрийн хаалга онгойж, нэг зүйл газарт унаж байгаа юм шиг сонсогдсон. Эргээд хартал манай найз газар уначихсан байсан ба Б- орилж хашиграад байсан. Цаанаас нь С-огийн хадам ээж нь гарч ирээд над руу шууд дайрч эхэлсэн. Тэр хэлэхдээ миний барьж байсан С-огийн ээжид өгөх бэлгийг хараад чи муу шоучин банзал, гичий, янхан гичий яв гэх мэтээр хараагаад байж байсан аа миний гар луу нэг удаа цохисон тэгээд байж байтал цаанаас Б- гарч ирээд чи миний ээжтэй хэрүүл хийгээд байгаа юм уу гээд духаараа миний толгойд наагаад орилоод байсан...” /хх 13-14/,
гэрч С.Б-гийн: “...Миний санахаар тэр 2 гэрлээд нээх удаагүй байх үед манай охин ээж рүүгээ залгаад энэ Б- бид 2 муудалцаад хүүхэд уйлаад байна гэхээр нь миний санаа зовоод очих үед хаалгаа тайлахгүй нэлээн удсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай охин хаалга тайлах үед миний охин хүзүү болон биеэ алчуур болон томхон хувцас өмссөн байдалтай байсан тэгээд юу болсон талаар би хүүхдүүдтэйгээ ярих үед манай хүүхдүүд муудалцсан л гэж хэлээд байсан гэтэл охиныхоо хүзүүгээ боосон байсан алчуурыг татаад харах үед багалзуурдсан мэт улайсан биеийн хэсгүүдэд бага бага хэмжээний хөхөрсөн толбо үүссэн байсан. Өөр тохиолдлыг би сайн мэдэхгүй ч гэсэн миний охин сэтгэл гутралтай, дарамттай хэдэн жил амьдарсныг би мэдэлгүй явж байгаад сүүлд охиноосоо сонссон. Б- нь манай охины нүүр рүү шүлсээ хаяж доромжилж байсан удаа бий гэж С-огоос сонссон. Тухайн үед миний дургүй хүрч байсан ч залуу хүүхдүүд болно гээд тэвчээд өнгөрүүлж байсан одоо бол чадахгүй түүнд хууль ёсны дагуу арга хэмжээ авмаар байна...” /хх 17-18/,
гэрч О.Н-ын: “...Тухайн өдөр оройхон би гэртээ байх үед манай том хүү Б-гийн ....... дугаарын утаснаас над руу залгаад та гэртээ байвал манай гэрт ороод ирээч гэсэн, юу болоод байгаа юм бэ? гэхэд та хүрээд ирээ гэж хэлсэн. Би хүүгийн гэрт нь ойрхон байдаг болохоор яваад очих үед гэрт манай хүү Б- өөрийн эхнэр С-отой маргалдсан байдалтай байж байсан манай ач хүү З- мөн гадуур хувцастайгаа тухайн хэрүүл маргааныг ажигласан байдалтай сууж байсан. Би хүү, бэр 2 дээрээ очоод юу болсон талаар тодруулах үед тэд нар юу болсон талаараа ярьж тайлбарлаад байж байтал манай ач хүү их халууцсан байдалтай байх шиг харагдаад байхаар нь куртикийг тайлах санаатай очтол бэр С- орилж, хашигчаад байсан. Манай хүү бидний маргааныг таслах гээд С-ог түлхээд гаргасан...” /хх 19-20/,
шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 сараас хойш манай эхнэр Б.С- бид 2 салаад тусдаа амьдарч байсан. Бид дундаасаа 6 настай нэг хүүхэдтэй бөгөөд тусдаа амьдарснаас хойш хүүхэд маань миний асрамжид байсан. Тус өдөр С- нь амралтын өдрүүдээр хүүхдээ авна гээд манай гэрт хүрээд ирсэн. Би тухайн үед хүүхдээ өгч явуулахад асуудал байгаагүй, гол нь бүтэн сайн өдөр нь би хүүхэдтэйгээ гадуур гарна гээд ярьчихсан байсан болохоор С-огоос биш өөрийн хүүхэд болох З-оос “маргааш ирнэ биз дээ гээд асуухад манай хүүхэд маргааш хүрээд ирнэ” гэж хариулсан тэрийг сонсоод манай эхнэр С- уурлаад намайг “чи хүүхдийг хэдэн хоног авч явахыг мэддэг болсон уу?” гээд уурлаад бид маргалдаж эхэлсэн. Маргаан ширүүсэн манай эхнэр С- миний толгойны зүүн хэсэг рүү цохисон тэгэхээр нь би уурлаад түүнийг зөрүүлээд нэг удаа алгадсан тэгэхэд манай эхнэр уурлаад аав руугаа залгах үед нь би аав нь ирээд намайг зодох гэж байна гэж бодоод би ээжийгээ дуудсан. Ээж ирээд С-отой маргалдаад байсан болохоор нь С-ог гэрээс гаргах гээд түлхэх үед С- бүдэрч унаад толгойгоо цохисон. Эхнэрийгээ гэр бүлээс гадуур харилцаатай гэдгийг мэдээд салсан.../хх 24-25/...намайг түрүүлээд цохихоор нь уур хүрээд гар хүрсэн.../хх 30-31, 54/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн ЕГ0725/2870 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Б.С-ын уруулд салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, зүүн хацар, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” /хх 37/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/,
Б.Б-гийн хувийн мэдээллүүд /хх 58-69/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар ...Б.С-ын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоов... /хх 71/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ 0825/1783 тоот шинжээчийн “...тухайн гэмт хэргийн улмаас Б.С- /РД:....../-н сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” /хх 80-82/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Б-гийн хохирогч Б.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.Б-, хохирогч Б.С- нарын гэрлэлтийг 2018 оны 3 дугаар сарын 26-нд бүртгэсэн лавлагаа /хх 59/, мөн тэдний мэдүүлгээр дундаасаа 1 хүүхэдтэй болохоо мэдүүлсэн тул тэднийг Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.3-т зааснаар гэрлэгчид /гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг/ гэж үзнэ.
Б.Б-, Б.С- нар нь 2024 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа гэх боловч тэдний гэрлэлт дуусгавар болоогүй байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоогоос “...шүүгдэгч Б.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхээс гадна үүрэг юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал боловч уг зүйлийг хэрэглэх нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн (Шударга ёсны зарчим) 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн байвал зохино.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн (Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх) 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ.
Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна
Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг түүнд хөнгөрүүлэн оногдуулж болох юм.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас (мөрдөн шалгах, прокурор, шүүх) хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгоно.
Шүүгдэгч Б.Б- нь хэргийн үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагаанд: “...С-ог түлхэх үед босгонд бүдэрч унаад толгойгоо цохисон... /хх 25/, ...түлхээд гаргасан.../хх 31/..., ...С- түрүүлээд цохисон, тэгэхээр нь зөрүүлээд нэг удаа алгадсан... /хх 54/ гэж тус тус мэдүүлснээс дүгнэхэд гэм буруутай үйлдэлээ бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.Б- нь хэргийн үйл баримт, гэм буруугийн хэлбэрийн талаар маргаж байхад түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмээн дүгнэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2042 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Н.БАЯРМАА