Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 114

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох 1814001620092 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Парзынхан овогт Б.С,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.С нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн нутагт 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Ц.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн нутагт иргэн Ц.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Ц.Мгийн ... 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр айл гэрээ барьж байхаар нь би тэр айлаар очоод, мэндэлхэд Самдаг мэндэлсэн. Тэгээд би цуг байсан дүү нар С, Гомбоо, Отгонбавуу гэх залуу нараас ахтай мэндэлдэггүй юм уу гэхэд Гомбоо гэдэг залуу дуугараа биздээ пиздаа минь гээд уурлаад байхаар чи ахыгаа зодохнээ гэж хэлээд Гомбоо гэдэг залууг гараараа алгадсан. Тэгээд С гэдэг залуу цаанаас гүйж ирээд гартаа барьсан байсан гэрийн бүслүүрээр миний толгой болон нүүр хэсгээр ороолгочихоод цаашаа явахаар нь би С гэдэг залууг яаж байгаа юм гэхэд С наашаа хүрээд ир, би чамайг ална гэж хэлээд, өмссөн байсан хувцасаа тайлаад байхаар нь би урдаас нь очиход С намайг заамдаж аваад, багалзуур шахаж байгаад газарт унагахад Гомбоо гэдэг залуу миний баруун талын нүд хэсэгт хөлөөрөө өшиглөчихөөд яваад өгөхөөр нь би Сдорж гэдэг залуутай би ноцолдож байхад С гэдэг залуу чулуугаар миний толгойруу цохисон. С бид хоёр ноцолдож байгаад би С гэдэг залуугийн дээр нь гараад, дээр нь дараад сууж байхад Отгонбаавуу гэдэг залуу Самдагийн эхнэр Мөнгөнтулга хоёр намайг татаад газарт унагасан. Тэгээд С босож ирээд миний зүүн талын нүд хэсэгт хөлөөрөө өшиглөчихөөд, толгой, эрүү хэсэгт хэд хэдэн удаа өшиглөчихөөд яваад өгсөн. С надад хэлэхдээ хүргэн Гомбоог өмөөрч байгаа юм гэж хэлсэн. Гомбоо миний баруун талын нүд орчим нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. С миний зүүн талын нүд орчим хөлөөрөө нэг удаа өшиглөхөөс гадна хэд хэдэн удаа толгой болон цээж хэсэгт хөлөөрөө өшиглөхөөс гадна гараараа толгойруу хэд хэдэн удаа цохисон ... Би өмнөх мэдүүлэгтээ С намайг газар унагаасан байхад Гомбосүрэн намайг өшиглөсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн байна лээ. Би Стой ноцолдож, зодолдож байснаа андуураад тийм мэдүүлэг өгсөн байна лээ. Гомбосүрэн бид хоёр маргалдаад байж байхад С дундуур салгах гээд бариад авахад Гомбосүрэн намайг нэг удаа гараараа цохичихоод явсан. Тухайн үед С, Гомбосүрэн бид гурав л байсан. Гомбосүрэн намайг цохихыг С харсан. Мөн С намайг юугаар ч ороолгоогүй ээ. Би өмнө мэдүүлэгтээ С намайг ороолгосон гэж өгсөн нь тухайн үед С гартаа гэрийн бүслүүр барьсан байсныг намайг ороолгосон гэж бодсон юм. Би Гомбосүрэн маргалдаад байж байхад С намайг гэрийн бүслүүрээр ороолгоод, бариад авахад Гомбосүрэн намайг нэг удаа гараараа нүүрлүү цохисон. Тэрнээс өөрөөр Гомбосүрэн намайг цохиогүй. С Гомбосүрэн нар намайг нийлж цохиж, зодоогүй. Намайг аймагт байхад С нь зардлын мөнгө гэж 200,000 мянган төгрөг өгсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид эвлэрсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-22/,

Гэрч Г.Баатарын ... гэрийн урд талд хүмүүс бужигнаад байхаар нь би хархад М, С, Гомбоо нар ноцолдож байхад нь Отгонбавуу бид нар нийлж салгаад М, С хоёрыг учраа олоо гэж хэлээд явуулсан. Тэгээд бид нар гэрээ бариад байж байхад М С хоёр дахиад ноцолдоод, зодолдоод байхаар нь Отгонбавуу, Сандагийн эхнэр Мөнгөнтулга нар тэр хоёрыг салгасан. Тэгээд удалгүй М машинаа асаагаад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-27/,

Гэрч С.Мөнгөнтулгын ... гэрийн урдхан талд М С хоёр барилцаад ноцолдож байгаа харагдсан ... С М хоёрыг Отгонбавуу салгахад тэр хоёр гараараа бие биенээ самардаад цохиж байсан. Би Отгонбавуутай нийлж тэр хоёрыг салгаагүй. Тухайн үед Отгонбавуу С М хоёрын алийг нь бариад зогсож байсанг санахгүй байна. Тэгээд би тэр хоёрын дундуур орж та хоёр яагаад байгаа юм боль гэж хэлээд би Мг түлхэхэд газарт унасан … гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-33/,

Гэрч С.Отгонбаваагийн ... Тэгээд М С хоёр заамдалцаж ноцолдож байгаад М ах Стой ноцолдоод дээр нь гарсан байхад нь би очиж, дундуур нь орж салгасан. Би тэр хоёрыг салгахдаа М ах Сын хувцаснаас нь заамдсан байсан гарыг татаад салгахад С босч ирээд М ахыг гараараа цохисон. Тэрнээс С М ахыг хөлөөрөө өшиглөөгүй ээ. Тэгээд удалгүй С, М нар салаад М ах машинаар, С мотоциклиар хоёр тийшээ явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-54/,

Шүүгдэгч Б.Сын ... Би М ахаас та яаж байгаа юм бэ гэж асуухад М та нар яасан овоо юм бэ гэж хэлсэн. Тэгээд би учир зүйгээ олчье гэж хэлхэд М ах намайг цохихоор барилцалдаж авсан. М ах намайг газарт унагаачихаад миний дээр гараад дээлний захаас заамдаж аваад боогоод тавихгүй байхаар нь би заамдсан байсан гарыг нь салгах гээд дийлэхгүй болохоор нь доороос нь гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа толгой болон цээжрүү цохисон. Бид хоёрыг ноцолдож зодолдож байхад Отгонбавуу ах ирж бид хоёрыг салгасан. Тэгээд удалгүй би мотоциклио асаагаад хөдлөөд явсан ... Би М ахыг зодсондоо гэмшиж байна. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. М ахтай эвлэрсэн. Би хохирлыг нь бүрэн барагдуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн ... Ц.Мгийн биед хамар ясны хугарал, шүдний эмтрэл, зовхи, хацар, цээжинд цус хуралт, хамар зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 63-64/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Ц.М шүүгдэгч Б.С нар эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 89-90 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Сын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Сын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Парзынхан овогт Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Сын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Сд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Сын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА