Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00293

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ижилсанаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/03105 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Ижилсанаагийн, хариуцагч А.Цэрэндэжидэд холбогдуулан, хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ижилсанаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, хариуцагч А.Цэрэндэжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ижилсанаагийн нэхэмжлэлийн шаардлагад: Миний бие А.Цэрэндэжидтэй 2015 онд танилцаж, дотно харилцаатай болж 2016 оны сүүлээр А.Цэрэндэжид жирэмсэн болсон. Түүнийг 5 сартай жирэмсэн байхад нь хамтдаа эмчийн хяналтанд оруулж, тэрээр Завхан аймаг руу төрөхдөө бэлдэхээр явсан. Төрөхдөө намайг дуудна гэсэн боловч дуудаагүй. Би охиноо төрснийг мэдээгүй. А.Цэрэндэжидтэй 2017 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдөр уулзсан. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад охин н.Нарангэрэлийг төрсны дараа 3 сартай байхад нь уулзсан. Гэтэл охин н.Нарангэрэлийг миний нэрээр овоглоогүй И.Цэрэнноровын нэрээр овоглуулсан байсан. А.Цэрэндэжид нь хэрэг болохоороо над руу ярьдаг, бусад үед нь утсаа блоклоод алга болчихдог. Охиныг төрсний дараа надаас удаа дараа мөнгө авч байсан. Иймд 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ц.Нарангэрэлийн эцэг нь миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагч А.Цэрэндэжидийн хариу тайлбарт: Би 2017 оны 02 дугаар сарын үед жирэмсэн болж, 10 дугаар сарын 14-ний өдөр охин н.Нарангэрэл төрсөн. Охины эцэг нь миний нөхөр болох И.Цэрэнноров мөн бөгөөд бид одоо гэр бүл, цуг амьдарцгааж байна. 2015 оны үед нөхөртэйгээ маргалдаад түр хугацаагаар тусдаа амьдарч байх үед найзаараа дамжуулж Ц.Ижилсанаатай танилцаж байсан. Хэсэг хугацаанд үерхэж, хааяа нэг манай ажил дээр уулздаг л байсан. Гэхдээ Ц.Ижилсанаа архи уудаг байсан болохоор удаагүй салсан, хамт амьдарч байгаагүй, хааяа нэг уулздаг байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Цэрэнтогтохын Ижилсанаагийн гаргасан  2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ц.Нарангэрэлийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ижилсанаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын давж заалдах гомдолд: Уг хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Ижилсанаа нь Ц.Нарангэрэлийн эцэг байх боломжгүй гэсэн дүгнэлт гарсныг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн. Хариуцагч нь Ц.Ижилсанаад 3надад таньдаг шинжээч байгаа, дүгнэлт өөрчилнө3 гэж байсан бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргалгүй үндэслэлгүйгээр удсан. Бичиг хэрэг нь дүгнэлт ирсэн гэж хэлснээ байхгүй байна гэх мэтээр эргэлзээтэй зүйлүүд гарсан. Анхан шатны шүүх дахин шинжээч томилох хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй нь Ц.Ижилсанаагийн эрхийг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Ижилсанаа 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ц.Нарангэрэлийн эцэг мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.Цэрэндэжид эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хүүхдийн биологийн эцэг нь Ц.Ижилсанаа мөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №12368 тоот захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр биологийн эцэг байх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. /хх38, 40, 43/

 

Нэхэмжлэгч тал “... хариуцагч А.Цэрэндэжид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд танил байгаа, дүгнэлтийг өөрчлүүлнэ гэсэн, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн бичиг хэрэг шинжээч нь дүгнэлтээ гаргачихаад буцаагаад авсан гэж байсан” гэж тайлбарладаг бөгөөд Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахгүй орхисон нь учир дутагдалтай болсон байна.  /хх49, 51-52/

Нэхэмжлэгч Ц.Ижилсанаа, хариуцагч А.Цэрэндэжид нар хүүхэд олдох үед гэр бүлийн харилцаанд орж байсан, тэрээр хүүхэд төрсний дараа эм тарианы мөнгөн тусламж авдаг байсан зэрэг хэргийн бусад нөхцөл байдал, нэхэмжлэгчийн “хүүхдийн эцэг хэн болохыг сайн мэдэхгүй байсан” гэх тайлбарыг харьцуулан үзэхэд хэргийн бодит байдал үнэн зөв тогтоогдсон гэдэгт эргэлзээ төрөхөөр байна. Хүүхдийн эцэг, эх мөн эсэхийг эргэлзээгүй тогтоох үүднээс дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийх талаар зохицуулсан.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/03105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                                ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                  А.МӨНХЗУЛ