| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0107/Э |
| Дугаар | 2018/ШЦТ126 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1814001640101 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 10 сарын 29-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Билэг зоогийн газрын өмнө 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Билэг зоогийн газрын урд иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч *******ын ... Тэгээд архиа ууж байгаад дуусах үед М цалинг чинь би тавина гэхээр нь би “чи яахаараа тавьдаг юм” гэсэн. Түүнээс болж М бид 2 муудалцсан. М бид нар цагаан цахирын уурхайд ажиллах гэж байсан юм. Тэгээд ажлынхаа цалинг тавина гээд байсан. М бид 2 гэрт муудалцахдаа зодолдоогүй. ******* бид 2-ыг гарцгаа гэхээр нь хамт гараад Билэг зоогийн газрын үүдний цементэн дээр зодоон хийсэн. Гэхдээ би ганц нэг л цохьсон байх. Толгой хавьцаа нь ганц нэг хүрсэн гэхдээ шальтай цохиж чадаагүй. Нүүр хавьд нь шанаанд нь л хүрсэн байх. М урт мөчтэй бөгөөд намайг биедээ хүргэхгүй байсан. Тэгээд шууд М миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би тонгойгоод цусаа гоожуулсан. Тэгтэл М яваад өгсөн. Би цусаа гоожуулж байгаад Мийн араас яваад Билэг зоогийн газрыг нар зөв 1 тойроод байхгүй болохоор нь *******ынд орсон байна гэж бодоод гэрт нь ороход М орж ирээгүй байсан. Тэгээд гадаа буцаж гараад цагдаа дуудсан чинь удалгүй цагдаа ирсэн. ... Миний хувьд уруулаа хэгз цохиулсан учраас цагдаад дуудлага өгсөн … гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13/,
Гэрч *******ын ... 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би Билэг зоогийн газраа ажиллуулж байхад орой 18 цагийн үед гадаа 2 хүн зодоон хийж байсан. Тэр 2 их удаагүй өндөр нь намханыгаа цохьчих шиг болсон чинь намхан нь бөхийгөөд хамраас нь цус гарахад өндөр нь урагшаа байшин тойроод яваад өгсөн. Тэр 2 дахиж зодолдоогүй ... Миний харснаар намхан залуу нь өндөр залуугаа цохиж аваагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48/,
Шүүгдэгч *******ийн ... Би 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр *******ынд үдээс хойш очиж Бтай хамт архи уусан. Тухайн үед ******* бид 2 өдөржингөө хамт байж байгаад *******ын очсон байсан ба би Быг *******ын утсаар дуудсан. Тэгээд Б ирээд би 5000 төгрөг өгч явуулаад ганц шил архи авч ирэхээр нь Б бид 2 уусан. ******* унтаж байсан ба босож ирээд ганц татсан байх. Б бид 2 архи ууж байгаад ажлын талаар юм яриад түүнээс болж маргасан чинь ******* “гэрээс гар” гэхээр нь Б бид 2 хамт гараад зууралдаж аваад би ганц удаа Бын нүүр рүү нь өшиглөсөн. Тэгтэл Б тонгойгоод суухаар нь би яваад өгсөн. Б намайг цохиж зодоогүй. Би тухайн үед их согтсон ба болсон явдалаа муухан мэдэж байгаа юм. Тэгээд нэг мэдэхэд гудамжны эзэнгүй золбин нохойд уруулаад миний хурууг зууж байсан ба би газар унасан. Тэгэхдээ би нүдээ гэмтээсэн. Б миний нүдийг цохиж гэмтээгээгүй. Би нохойд хазуулж унахдаа гэмтээсэн байсан. Б намайг цохиж чадаагүй. Надад хүрч амжаагүй ... Миний өмсөж явсан хар өнгийн цамцны цахилгаан нь урагдсан байсан бөгөөд тэр цамцыг хаячихсан. Одоо надад байхгүй. Уг цамцыг үнэлэхгүй. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ******* бид 2 сайн дураараа эвлэрч маргаангүй болсон … гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-71/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 219 дугаартай шинжээчийн ... *******ын биед баруун дээд 2-р шүдний сулрал, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 94 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА