| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412002280262 |
| Дугаар | 2025/ДШМ/61 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/61
2025/ДШМ/61
Э.Тд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Т.Алтанзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Нямхүү, М.Цэрэндэжид, М.Дамбийням
Шүүгдэгч: Э.Т
Нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 2025/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгдэгч Э.Тд холбогдох 2412002280262 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А аймгийн Прокурорын газраас Э.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, хэргийг А аймгийн Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овгийн Эы Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Тыг 3 /гурав/ жил 5/тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 3 /гурав/ жил 5/тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бор эрээн иштэй, 15.7 сантиметр урттай, ажлын хэсэг нь 8 сантиметр урт, ишний хэсэг 7.5 сантиметр урт, 1.5 сантиметр өргөнтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Шүүгдэгч Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч (иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт) нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо ... Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Нямхүү, М.Цэрэндэжид бид нар А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025910-07 ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолыг 2025-10-25-ны өдөр гардан хүлээн авч тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч МУ-ын ЭХХШТХ-ийн 38.1-д заасныг удирдлага болгон доорх гомдлыг гаргаж байна. Үүнд: Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгч Э.Тын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцсон бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагч нь түүний гэмт үйлдлийг Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж яллаж байгаа нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй, Тын гэмт үйлдлийг буруу зүйлчилсэн тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2-р зүйлээр өөрчлөн зүйлчлүүлэх, мөн түүнд шүүхээс оногдуулан ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлж оролцсон юм. Анхан шатны шүүх энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд Э.Тын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон түний гэмт үйлдлийг прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэн нь тохирсон байна гэж дүгнэлт хийж миний үйлчлүүлэгч Э.Тыг гэм буруутайд тооцож 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж шийдвэрлэхдээ: Шүүх хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь нягталж зөв дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Монгол улсын ЭХХШТХ-ийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нарт өмгөөлөгчийн зүгээс хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгаж үнэн зөв тогтоолгохын тулд нотлох баримт шалгуулах хүсэлт гаргаж байсан ч прокурорын зүгээс яагаад татгалзаж байгаа талаар тодорхой үндэслэл дурдаагүй шууд хуулийн үндэслэлгүй гэж ерөнхий байдлаар дүгнэж татгалзаж байсан мөн яллагдагчийн зүгээс өөрийнхөө эрх зүйн байдлыг дээрдүүлэх, мөн хэргийг үнэн шийдвэрлэхэд ач холбогдолтой үүднээс Б архи ууж согтуурсан үедээ намайг машиндаа сууж байхад миний араас миний өмсөж явсан подпульк, хүзүүний гинжээр боосон тэр үед би боолтод орж амь тэмцсэн сүүлд харахад миний подпульк урагдаж, гинж тасарсан байсан үүнийг эд мөрийн баримтаар хураалгахаар мөрдөгчид гаргаж өгөхөд мөрдөгч нь прокурор битгий хүлээж ав гэсэн гээд хүлээж аваагүй, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг дээрх нотлох баримтыг эд мөрийн баримтаар гаргаж өгөхөд мөн л шүүх нь хууль зүйн талаас хэрхэн хүлээн авахгүй байгаа талаар үндэслэл заахгүй, хууль зүйн тайлбар хэлэхгүй хүлээж авахгүй байгаа талаараа албан ёсны шийдвэр гаргалгүй татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн юм. Энэ нь МУ-ын ЭХХШТХ-ийн 1.7-р зүйлийн 1,2-д заасан мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, мөн хэргийн бодит нөхцөл байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах. цагаатгах нотлох баримтыг эргэлзээгүй тогтооно гэх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 5.1-р зүйлийн 2.3, 2.4, 7.3-р зүйлийн 4- д заасан хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан, эдлүүлээгүй нь энэ хуулийг зөрчсөн үйлдэл бөгөөд хэтэрхий нэг талыг барьж шалгасан нь хавтаст хэргийн материалаас тодорхой харагддаг юм. Хэргийн нөхцөл байдал нотлох баримтын талаар: Шүүгдэгч Э.Т нь мэдүүлэхдээ: өөрийн эхнэр хүүхдийн хамт хэдэн найз нөхдийн хамт 4 гэр бүлээрээ 8 том хүн, 1 хүүхэдтэй аяллаар явж байгалийн сайханд амарч юм үзэх зорилготой хөдөлсөн Өвөрхангай аймгийн төв дээр ирээд П.Б түүний эхнэр Ж нартай танилцаад тэгээд бүгд цаашаа хамт яваад Өвөрхангай аймгийн Хужирт суманд орой очоод амарцгаасан юм. Тухайн үед бид хоёр нялх хүүхэдтэйгээ явж байсан болохоор гэр аваад амарчихъя гэж хэлсэн чинь тэд нар яах юм бэ бөөнөөрөө хээр гадаа сайхан амарцгаая гэхээр нь тэгье гээд Х сумын баруун талд хээр очиж амарсан юм. Манай эхнэр Н нь бие муутай элэгний асат, алат нь өсдөг учраас айраг, архи дарс уудаггүй юм тухайн үед өвдөөд байхаар нь өвчин намдаах тариа залгачихсан байсан гэтэл хамт яваа нөхөд болох Б, Ц нар нь тэр хоёр дээр ирж “хамт явж байж яагаад ирэхгүй байгаа юм ямар архичидтай яваа биш яах гэж цэрвээд байгаа юм” гэсэн тэгэхээр нь би манай эхнэрийн бие муутай архи дарс ууж болдоггүй юм бие нь тавгүй байна хүүхэд шингэнийг нь татчих гээд байна гэж хэлээд явуулж дараа нь амарсан юм. Маргааш нь өглөө босоод эхнэрийн бие гайгүй болохоор нь цааш хөдлөөд А аймгийн Тариат сум ороод Тэрхийн цагаан нуур дээр очиж амарцгаасан нөгөөдөр нь Т 0 орж тэнд амарцгаахаар болж тэнд очоод хоол ундаа идэхээс өмнө 1-2 лааз пиво ууцгааж ярьж суусан манай эхнэр хүүхдийнхээ хоолыг өгчхөөд машин дээр очиж хүүхдээ унтуулсан юм. Гэтэл Б танай эхнэр чинь яагаад ирэхгүй байгаа юм нийлж суухгүй ямар сонин юм гэхээр нь Нг дуудсан чинь хүрээд ирсэн би тэд нартай жаахан сууж байгаад хүүхэд уйлаад байх юм сэрчихвэл айж магадгүй би хүүхэд дээрээ очоод байж байя чи эд нартай жаахан сууж байгаад ирээрэй гэж эхнэртээ хэлээд хүүхэд дээрээ очоод унтсан нэлээн унтаж байгаад сэртэл манай эхнэр бөөлжиж байсан би юу болов гэхэд Б архи шахаад байхаар нь 2-3 удаа татчихсан юм гэхээр нь би уурлаад чи бие муутай архи ууж болохгүй гэдгийг мэдсээр байж архи уулаа гэж уурлаад ус авчрах гээд гал тогоо байрлаж байсан газарт очоод ус хайж явтал “Б гарч ирээд чи юу хийж яваа юм юу хийгээд яваад байгаа юм гэхээр нь Н бөөлжөөд байна яах гэж та нар архи өгсөн юм мэдсээр байж гэхэд Б чи муу пизда юу гээд байгаа юм би ямар ам руу нь цутгасан уу юм уу пизда минь гэж” хэлсэн тэр үед би түүний өөдөөс юу ч хэлээгүй машин руугаа явж байтал “араас орилоод пизда минь хүлээж бай чи ёстой амжихгүй шүү пизда минь гээд” хүрээд ирэхээр нь битгий чарлаад бай гэж хэлтэл хүүхэд сэрсэн бөгөөд хүүхдийн дэргэд түүнтэй ярилтай биш гээд хоёул ийшээ гараад ярья гээд би түрүүлээд явсан модны захад очоод түүнийг хүлээгээд байсан чинь ирэхгүй болохоор нь машин дээрээ очсон чинь манай эхнэрийн хөнжлийг сөхөөд илж таалаад Н уцаарлангуй уурлаад юм хэлээд байх шиг байсан би очоод “чи намайг доромжлоод байна уу манай эхнэрийг доромжлоод байна уу” гэхэд Б хөнжлөөс нь гараа сугалаад чи муу пизда юу вэ чам шиг пизда яадаг юм гээд намайг шууд цохиод авахаар нь би тэврээд авсан чинь тэр намайг ойчуулаад дээр гараад хэд хэд цохиод авсан би хэчнээн уур хүрч байсан ч Бд гар хүрээгүй гэтэл энэ чимээнээр Б эхнэр Ж найз Сын хамт ирээд миний дээрээс Бг салгаж аваад явсан би машиныхаа юмыг эмхлээд зогсож байтал Б нь дахин буцаж ирээд миний ардаас өшиглөсөн би түүнийг түлхэж зайлуулаад машиныхаа ар талын хаалгыг хаагаад цаад талаар нь онгорхой хаалгаар ороод нөгөө хоёрыгоо эргэж хараад " хүүхэд чарлаад ээрлээ хүүхдээ хөхүүлээдэх гэж хэлээд сууж байтал Б араас миний өмсөж явсан подпульк, хүзүүний гинжээр давхар барьж байгаад миний хоолойг боосон би боолтыг тавиулах гэтэл чадахгүй байсан өмнө нь түүнтэй нэлээн зууралдчихсан байсан тул тамир муу байсан хоолой чихраад дуугарч чадахгүй боолтод орж толгой манарсан манай эхнэр тэр үед бөөлжистэйгөө холилдчихсон хүүхдээ тэвэрчихсэн болиоч чи хүн аллаа гэж байсан би сандрахдаа машиныхаа кармен руу гараа хийгээд юм тэмтэрсэн гарт нэг хатуу зүйл баригдсан тэгээд цаашаагаа жаахан хазайтал өнхрөөд унасан боолт тавигдаад миний толгой эргээд ухаан түр зуур алдсан яг үнэндээ цааш юу болсныг би санахгүй Бг яаж хутгалсан эсэхээ мэддэггүй юм гэнэт манай эхнэр чи юу барьчихад байгаа юм гээд миний гараас булаагаад авсан юм. Ингээд би Бг хутгалсныг мэдээд бид хамт эмнэлэг рүү явсан. Өглөө цагдаа дээр очоод "мөрдөн байцаагчид би одоо юу болох бол гэхэд гайгүй зүгээр өнгөц хэсэг зүсэгдсэн" байна гэж надад хэлсэн намайг мэдүүлэг өгөх гэж ороход “Б нь зөрж өнгөрөхдөө би зүгээр гэж мэдүүлсэн шүү хамаагүй олон юм ярьж болохгүй ороогдоно шүү” гэж хэлсэн би олон юм ярилгүй товчхон мэдүүлэг өгсөн гэх Шүүгдэгч Э.Т 2024-07-15 ны өдөр анх удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө: Би тэр үед 2 ширхэг пиво уугаад хүүхэдтэйгээ машинд эрт унтаад өгсөн тэгсэн шөнө манай эхнэр унтах гээд орж ирснээ буцаж бөөлжөөд байхаар нь нуруун дээр нь дарж өгөөд уух юм олж ирэхээр гал тогоо байсан газарт очоод юм хайж байхдаа Б майхны үүдэнд хазгай гишгээд унасан тэр үед Б гарч ирээд хэн бэ юу болсон бэ гэхээр нь та нар яагаад манай эхнэрийг архи шахсан юм бөөлжөөд байна гэсэн чинь ам руу нь цутгасан биш дээ гэхээр нь бие муутайг нь мэдсээр байж архи уулгаад байхдаа яадаг юм гээд уух юм аваад машин руугаа явахад Б араас дагаад дуу гараад дагасан гэх 2024-10-28-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Б намайг үзчих үү гээд явуулахгүй байсан тэр үед машинд хүүхэд уйлахад би хүүхдээ айлгахгүйн тулд ойрхон харагдсан мод руу оръё тэгээд ярих юм байвал ярья гээд модны зах руу түрүүлж ороод хүлээгээд ирэхгүй болохоор буцаад ирэхэд манай эхнэрийг тэвэрсэн байдалтай хүүхэд цаана нь уйлаад байсан би очоод хүүхдээ аваач гэхэд Б эхнэрийн бэлхүүсээр тэвэрсэн харагдаж байсан би очоод яагаад хүн доромжлоод байгаа юм гэх Гэрч: Ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Сосорбарам бид хоёрыг Б Т хоёр дээр очиход хоёулаа барьцалдаад авсан байсан бид Бг салгаад 2 тийш нь холдуулаад жаахан тайвшраад байтал...тэгсэн чинь манай нөхөр Б нь Тын дэргэд очоод дахиад барьцалдаад авсан тэгээд өөрсдөө салаад манай нөхөр наашаа ирээд Т хутгалчихлаа гэх Гэрч Н шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: би өмнө мөрдөн байцаалтад тэр өдөр чухам юу болсон талаар дэлгэрэнгүй яриагүй товчхон ярьсан Одоо болсон зүйлийг үнэн зөвөөр ярина 2024-07-12 ны өдөр Өвөрхангай аймгийн төвөөс А аймгийн нутгаар аялах зорилготой 5 гэр бүлийн хамт хөдөлсөн тэгээд Өвөрхангай аймгийн Хужирт суманд нэг хонохоор болоод буудалсан тэр үед миний бие өвдөөд нөхрөөрөө тариа хийлгээд эртхэн унтсан энэ үед Б Ц хоёр ирээд та хоёр цэрвээд байх юм ямар архичин хүмүүстэй яваа юм шиг гэж хэлсэн Т тэр хоёрт эхнэрийн бие өвдөөд байна гэж хэлээд ойлгуулаад явуулсан юм. Тэгээд маргааш нь А зүг явцгаасан Бийн машинд архи пиво ачсан байсан замд зогсох бүрд Ж машинаас пиво авч уугаад яваад байсан ингээд замдаа Тэрхийн цагаан нууран дээр дахин нэг хоносон явах замд Б надад ирээд чи машин барьдаг гэсэн биз чи миний машиныг бариад яв би авгайгаа танай нөхрийн машинд явуулъя гэж хэлэхэд би гайхаад эвгүй санагдаад татгалзаад өөрийнхөө машинд суусан Ингээд бид И сумын нутагт орж ирээд хоноглохоор болоод жуулчны бааз дээр хононо гэж байснаа гол устай газар хононо наргиж цэнгэж байж зугаалсан болно гэхээр нь дургүй байсан боловч зөвшөөрсөн юм. Тэгээд буудлаад байж байтал Б над руу хандаж Н хоёул хоол хийе гээд их шохоорхсон байдалтай хачин байсан би өмнө нь юү гэж хэлж байсныг санаад шууд татгалзсан юм. Би хоол ундаа идчихээд хүүхэд дээрээ очоод унтуулчхаад тэд нар очсон чинь Т хэсэг сууж байснаа “хүүхэд сэрвэл айх байх би охин дээрээ очоод унтлаа чи жаахан сууж байгаад хүрээд ирээрэй” гэж хэлсэн тэгээд бид сууж байтал Б архи аягалаад хүн болгонд өгөөд шахаад яваад байснаа өөрөө ч өөртөө хийгээд уугаад яваад байсан над дээр ирэхээр би татгалзсан чинь хажуу талаас амарч байж ууж идэхгүй яах юм гээд Б ч над руу шахаад байхаар 2-3 удаа уусан ингээд 30-40 минут болоод машин руугаа очоод дотуур хувцаснаас бусад хувцсаа тайлаад хөхүүл хүүхэдтэй байсан болохоор цээжээрээ нүцгэлээд нөхөр хүүхдийнхээ хажуугаар хэвтээд унтсан тэгээд хэр удсан эсэх мэдэхгүй дотор муухай оргиод хаалгаа онгойлгоод бөөлжсөн тэр үед Т сэрээд яасан юу болов гэхээр нь “Б архи шахаад байхаар 2-3 удаа татчихсан чинь дотор муухайраад бөөлжлөө” гэсэн гэтэл Т уурлаад бие муутай гэдгээ мэдсээр байж архи уулаа” гэж уурлаад кабиныхаа гэрлийг асаагаад надад ус авчрахаар тэд нарын амарч байгаа газар луу явсан тэгээд хэсэг хугацааны дараа Т гартаа ус барьчихсан ирж яваа харагдсан тэгэхэд араас Б нь “чи юу яриад байгаа пизда вэ арчаагүй банди байна шүү дээ” гээд орилоод араас нь ирж байгаа харагдсан би дахин бөөлжсөн тэр хоёр ирж байснаа машинаас холдоод яваад өгсөн. удалгүй намайг тонгойгоод бөөлжиж байтал нэг хүн ирээд нуруу илээд суга руу гараа хийж, хөх бариад байхаар нь харсан чинь Б байсан түүнийг би боль гэхэд тэр болихгүй бур сүүлдээ гэдэс завь руу гар нь явж бэлэг эрхтэн руу гар нь явсан би хүүхэд уйлаад байна гэж хэлээд эсэргүүцсэн боловч ядарсан байсан учир хүч хүрээгүй гэтэл Т цаанаас ирээд “чи намайг доромжлоод байна уу манай эхнэрийг доромжлоод байна уу гэтэл Б чи муу пизда юу гээд” байна гээд Т руу дайрч дээр дороо ороод өнхрөөд өгсөн би юу тэр хоёрыг салгах мантай байтал Ж, С хоёр ирээд Бг салгаад явсан гэтэл Т “эндээс холдъё “гээд машиныхаа юмыг эмхлээд зогсож байтал Б “хоёулаа үзчихье чамтайгаа шүү” гээд чаргууцалдаад байсан Т хариуд нь надаас хол бай больё гээд түлхэж холдуулаад Т машиныхаа жолооч талын хаалгаар ороод жолооныхоо хүрдний ард суухад Б нь хоолойг нь араас нь боогоод Тын хоолой хачин дуугараад байхаар нь би айгаад “чи болиоч хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн тэгээд Т тэр хоёр зууралдаад машинаас буусан харанхуй байсан болохоор гадаа юу болж байгаа нь харагдахгүй байсан юм. Би хүүхдээ тайвшруулаад хувцсаа өмсөөд машинаас буухад Б хоёр талаас Ж С хоёр барьчихсан Б Т руу дайраад байсан тэр хоёрын нэг нь Т “Бг хутгалчихлаа гэж” хэлсэн би очоод Тын гараас хутгыг нь авсан ингээд бид айж сандраад эмнэлэг явсан цагдаа дээр Б мэдүүлэг өгөөд гарч ирээд миний машин дээр ирж “би гомдолгүй гэж хэлсэн шуу чи бид хоёрын хооронд болсон асуудлын талаар ярих хэрэггүй. намайг бөөлжиж байхад нуруун дээр дарж өгсөн гэж хэлээрэй гэж” хэлсэн би тухайн үед ийм тийм юм гэж бодоогүй Б бие гайгүй байгаасай Түмээг юу болов гэж бодоод айж байсан учраас мөрдөн байцаалтад Б хэлснээр хэлж товчхон мэдүүлэг өгсөн үүний дараа би Түмээтэй ярилцаад бүх болсон байдлыг хэлэхэд Түмээ надад Б гомдолгүй гэж хэллээ бие нь зүгээр байна байцаагч гайгүй гэж байна лээ нэг их юм болгоод яах вэ энэ хэрэгт чамайг хутгаад яах вэ нэр сүрэнд чинь муухай, мөн Б эхнэр мэдвэл тэр хоёр сүйд болж айл гар салах сарних дээрээ тулна гэж хэлэхээр нь тийм ч юм уу гэж бодоод болсон асуудлын талаар бүгдийг хэлээгүй тойруулаад ярьсан сүүлд нь Б нь Түмээ гэж Түмээ хэлэхээр нь би уурлаад “эцэст энэ хэрэг гарах болсон шалтгаан хэнээс үүссэн Бэс болсон одоо цагдаад бүх үнийг хэлье үүний дарамтад байж чадахгүй” гэж Тумээд хэлээд гомдол гаргасан юм. Одоо цагдаа дээр Б нь энэ хэрэгт шалгагдаж байгаа. Энэ шүүх хурал дээр Б шууд худал хэлж мэлзэж байна. Өөрийг нь эхнэр Ж, С хоёр түүнийг салгаж аваад явсан, тэр эргэж буцаж ирснээ ч мэдэхгүй байгаа болохоор их согтуу байсан байгаа нь харагдаж тэгсэн мөртөө би архи уугаагүй эрүүл байсан гэж ярьж байгаа нь худал юм тэр өөрөө өөртөө аягалаад уугаад байсан гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хэрэг гарсан шалтгаан нөхцөл хэргийн бодит байдал тодорхой харагддаг юм. МУ-ын ЭХХШТХ-ийн 36.7-р зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр гэмт хэргийн шинжийг тогтоосон нөхцөл байдал. шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон агуулга шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заавал шүүхийн тодорхойлох хэсэгт зааж өгч бичих ёстой юм. Гэтэл шүүх энэ шаардлагыг хангаж чадаагүй байна гэж үзлээ учир нь хохирогч Б нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ шүүхийн хэлэлцүүлэгт зарим зүйлийг худал хэлж мэлзэж байгаа. Урьд өгсөн өөрийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэгтэй зөрж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Мөн шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргаж буй дүгнэлт санал, мөн гэрч Нгийн мэдүүлгийг хэрхэн ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа талаараа тодорхой үндэслэл дурдаагүй байж тогтоогдохгүй байна гэж ерөнхий дүгнэлт хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч гэрч Н нь хэрэг болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдүүлэг өгөхдөө “Б нь анхнаасаа намайг шохоорхож хандлага өгч санал тавьж. хоёулаа хамт миний машинтай явъя. Мөн хоёул хамт хоол хийе гэж удаа дараа санал гаргаж” байсан нь надад эвгүй, сэжигтэй санагдаад би татгалзаж байсан мөн намайг бөөлжиж байхад Б нь өөрөө ирээд шууд биед зөвшөөрөлгүй хүрч хөх, гэдэс, цавь суга, бэлэг эрхтэн рүү нь гараараа хүрч байсан би их ядарсан тул хориглоод дийлээгүй харин Т ирээд уурлахаар тавьж Т рүү халдсан. Улмаар түүнийг боож түүний эрүүл мэнд, амь насны эсрэг довтолгоо хийсэн талаар тодорхой ярьдаг. Яагаад анхнаасаа цагдаад энэ талаар өмнө мэдүүлээгүй талаараа ч тодорхой мэдүүлдэг. Мөн тэр хоёрын дунд юунаас болж зодоон болсон талаар Тын мэдүүлэг, гэрч Ж нарын мэдүүлэг нотолдог гэтэл дээрх нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар нотлох баримтад тулгуурлан үгүйсгэж чадаагүй, зөвхөн ерөнхий дүгнэлт хийсэн нь хуулийн шаардлага хангаагүй байна. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шүүх хуралдааны хэлэлцүүлгээр гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хохирогч нь шүүгдэгч Тын биед удаа дараа халдаж хүч хэрэглэсэн мөн түүний эхнэрийн бэлэгийн халдашгүй байдалд зөвшөөрөлгүй халдаж хүч хэрэглэсэн нь хэргийн ерөнхий нөхцөл байдалтай тохирч байдаг бөгөөд харин шүүгдэгч Тын хувьд урьд өмнө нь хэрэг төвөгт шалгагдаж байгаагүй, ял шийтгэгдэж байгаагүй төлөв томоотой архи дарс уудаггүй эхнэр хүүхдээ гэсэн сэтгэлтэй халамжтай залуу болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг юм. Т нь зөвхөн “Бг чи архи уусан чамайг явуулахгүй” гэсэн өчүүхэн шалтгаанаас болж түүнийг санаатайгаар хутгалах ёс зүйгүй үйлдэл хийх хүн биш гэдэг нь хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн шүүгдэгчийн болон гэрч Н нарын мэдүүлгээр харин нотлогддог бөгөөд шуух хуралдаанд иргэдийн төлөөлөгч Гэрэлцэцэг нь оролцож хэргийн талаар дүгнэлт хийж, шүүгдэгч Т энэ хэрэгт гэм буруугүй гэж гаргасан хэлж байгааг хүртэл анхаарч үзэх хэрэгтэй юм. Шүүх хуралдааны үед шүүх бүрэлдэхүүний зүгээс иргэдийн төлөөлөгчид хандаж наад дүгнэлтээ бичгээр гаргаж өг гэхэд “би бичиж чадахгүй” гэж мэдүүлж байгаагаас дүгнэлт хийхэд анхан шатны шүүх нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр хэргийн болсон үйл явдлын талаар үнэн зөв дүгнэлт хийж чадах түүнийгээ үнэн зөвөөр илэрхийлж чадах. чадамжтай төлөөлөгч оролцуулсан эсэхэд эргэлзээ төрсөн. Учир нь: Иргэдийн төлөөлөгч маань бичиж чадахгүй гэж байгаа хүн нь хэргийн материалтай уншиж танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай хүн мөн үү, Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч нарыг сонгон шалгаруулахдаа тухайн этгээдийн боловсрол, мэдлэг, чадвар, эрх зүйн дүгнэлт өгөх чадвартай эсэхийг харгалзан тогтоол гаргаж хавсралтаар нэрсийг гаргаж шүүхэд хүргүүлсэн байдаг юм.
Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт хавсаргагдаагүй учраас томилогдсон иргэдийн төлөөлөгч мөн эсэх энэ шүүх хуралдаан хуулийн шаардлага хангасан хуралдаан болсон эсэх. тэр шүүх хуралдаанаас гарсан шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болох эсэх талаар маш олон эргэлзээтэй асуудал гарч байна. Дээрх дурдсан нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэгт үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг ямар ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байж улсын яллагчийн гаргаж байгаа санал нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хүргэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгч нар хэргийн оролцогч Т, түүний өмгөөлөгч нарт хуулиар олгосон эрхийг хязгаарласан үйлдэл гаргасан мөн шалгах ажиллагааны үед мөрдөгч, прокурор нар нь энэ хэргийг явцуу хүрээнд нэг талыг барьж шалгасан болох нь тухайн үед хамт явж байсан нөхдүүд болох Ц, Л нарын нотариатаар давхар батлуулж шүүхэд өгсөн тодорхойлолтоор харагддаг энэ нь мөрдөгч хэргийг тал бүрээс нь бодиттой шалгаж тогтоогоогүй. Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоож үнэн зөв тогтоож чадаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан байна, шүүгдэгч Т, гэрч Н нарын мэдүүлэг хэрхэн үндэслэлтэй байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Иймд шүүгдэгч Э.Тын өөрт нь болон өөрийн эхнэрийн эсрэг хүч хэрэглэн түүний бэлгийн халдашгүй байдалд халдаж, нөхрийнх нь дэргэд доромжилсон хохирогчийн хууль бүс үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хүний эрүүл мэндэд халдсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2-р зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул давж заалдах шатны шүүхэд хуулиар олгосон эрхийн хүрээнд хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж МУ-ын ЭХХШТХ-ын 39.5-р зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Э.Тын гэмт үйлдлийг хөнгөрүүлэн өөрчилж ял шийтгэл оногдуулж өгөх эсвэл хэргийг бодит нөхцөл байдал, хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдлыг дутуу шалгасан, оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан байдалд дүгнэлт хийж шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. Жич: А аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Байгалмаа нь анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байхдаа урьдчилан хэлэлцүүлгийн хуралдааныг даргалж оролцон шийдвэр гаргахдаа: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлтийг хүлээн авахгүй татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан байна хэргийн нөхцөл байдал нотлогдсон гэж үзэж шүүгдэгчийг шүүхэд шилжүүлж шийдвэр гаргаж байсан ба тухайн шүүгч энэ хэргийг давж заалдах хуралдаанаар хэлэлцэхэд шүүх бүрэлдэхүүнд оролцож шийдвэр гаргаж болох эсэх нь хуульд хэрхэн нийцэх эсэх талаар анхаарна биз дээ ... гэжээ.
Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдолдоо ... Миний хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр тэр өдөр ямар асуудал болсон талаар өөрийн мэдэх зүйлээ бүгдийг үнэн хэлсэн юм. Миний хувьд хохирогч Бг хутгалаагүй гэж өөрийгөө анхнаасаа өмгөөлж хамгаалж ирээгүй харин цагдаа дээр анх мэдүүлэг өгөхдөө Б надад “Миний хувьд чамд гомдолгүй гэж хэлсэн шүү олон юм ярих хэрэггүй шүү” гэж надад хэлж байсныг санаад тухай үед бид хоёрын маргаан чухам юунаас болж ийм байдалд хүрсэн талаар хэлэлгүй нууж хэргийн талаар арай товчхон арай өөр мэдүүлэг өгсөн юм. Учир нь би Б анх нийлж явахаасаа эхлээд манай эхнэр Нг сонирхож чи миний машин бариад явчих би эхнэрээ танай нөхөртэй хамт явуулчихъя гээд гуйгаад байсан гэсэн тэгэхээр нь Н гайхаад үгүй боломжгүй гээд татгалзсан юм билээ. Мөн Т 0н дээр хонох үед ч гэсэн Нг Б хоёулаа хоол хийе гэж гуйхаар нь хайр нь татгалзсан гэж өөрөө хэлсэн юм. Миний хувьд тэр өдөр, орой жаахан сууж байгаад Нд “охин сэрээд уйлах байх чи жаахан сууж байгаад ир дээ дуудаад байна” гэж хэлээд охиноо хараад машиндаа унтаад өгсөн. Н хэсэг сууж байгаад ирээд бид гурав амарч байсан чинь Н бөөлжөөд байсан би гайхаад юу болов гэхэд Б архи шахаад байхаар нь хэд балгачихсан чинь дотор муухайраад гэж хэлсэн тэгэхэд нь би уурлаад чи бие муутай архи ууж болохгүй гэсээр байхад уулаа гэж хэлээд ус олж ирэхээр тэд нарын майхан руу очоод ус эрээд явж байтал Б гарч ирээд юу болов гэхээр нь “Н бөөлжөөд байна ус байна уу” та нар түүний бие муу архи ууж ерөөсөө болохгүйг мэдсээр байж архи шахлаа гэхэд “Би ямар танай авгайд архи өгөө юу чи муу лалар юу гээд байгаа гөлөг вэ” гэж над руу давшлахаар нь би нэг их юм хэлэлгүй буцаад өөрийн машин руу явтал “чи муу үнэхээр амжихгүй шүү пизда үзвэл үзье” гэж янз бүрийн юм хэлээд хүрээд ирсэн. Энэ үед охин сэрээд уйлахаар нь хүүхэд сэрчихлээ чи надтай үнэхээр ярих гээд байгаа бол орилж чарлаад байлгүй модны тэнд зайдуу хамт очъё, ярилцъя гэхэд “чамд үзүүлээд өгнө өө чам шиг юм бол яршиг” гэх мэтийн үг хэлээд араас явж байснаа алга болсон. Би модны тэнд очоод хүлээгээд байсан чинь ирэхгүй болохоор нь буцаад машин дээрээ ирсэн чинь манай эхнэрийн хөнжилд гараа хийчихсэн илээд байх шиг Н уурлаад байх шиг харагдсан. Би очоод “чи муу яагаад байна аа миний эхнэрийг доромжлоод байна уу, намайг доромжлоод байна уу” гэхэд чи муу юу гээд байна гээд Нг тавиад намайг шууд заамдаад бид хоёр зууралдаад газар ойчсон тэр миний дээр гараад хэд хэд цохисон би хамгаалсаар байж байтал түүний эхнэр Стай хамт ирээд Бг салгаад аваад явсан. Би босоод Нд “эндээс явъя ямар муухай балиар санаатай хүмүүс вэ” гэж хэлээд машины гадуур хаясан зүйлээ эмхэлж байсан чинь Б ахиад хүрээд ирээд араас өшиглөсөн би түүнийг зайлуулаад машины урьд хаалгаар ороод суусан тэгтэл миний араас Б миний өмсөж явсан пудволок, гинж хоёроор давхар барьж аваад хоолой боосон би тэр үед амьсгаа авч чадахгүй сандарч боолтод орсон энэ үед манай эхнэр чи тавиач наад хүн чинь хэцүү боллоо чи хүн алах нь байна гэж хэлэхэд тавиагүй хүүхэд ч чарлаж уйлсан би тэр үед яах учраа олохгүй машины хаалга руу дөхөөд кармаа руу хийгээд нэг хатуу зүйл бариад авахад Б намайг татаж машинаас унасан боолт тавигдсан. Ингээд босоод ирэхэд дахин дайрахаар нь би түүнийг хутгалсан гэж бодож байна. Би тухай үед боолтод ороод тархи толгой эргээд байсан болохоор хаана нь яаж хутгалсан гэдгээ санахгүй байсан. Ингээд алмараад байж байтал манай эхнэр чи юун хутга бариад байна аа гээд надаас авсан. Тэгээд л Бг хутгалсан гэдгээ ойлгоод бид хэд эмнэлэг рүү хамт явсан. Ер нь ийм л юм болсон. Тухай үед Б манай эхнэрийг оролдож доромжлоогүй, миний бие халдаж цохиж, давшиж, боогоогүй бол ийм асуудал болохгүй байсан. Тухай үед бид юун элдэв юм бодох сөхөөгүй Б бие гайгүй байгаасай гэж айж сандар ч байсан. Эхнэр бид хоёр Б бие зүгээр байна тэр гомдолгүй гэж хэлэх юм чинь гайгүй байх тэгээд ч үүнийг хэлэх юм бол Б эхнэр хоёрын хооронд бөөн юм болно миний хань ийм муухай хэрүүлд оролцоод яах вэ бузар гэж би эхнэртээ хэлээд энэ тухай цагдаад хэлээгүй юм. Гэвч Б утсаар над руу залгаад мөнгө нэмж өгөхгүй бол чамайг явдаг газар руу чинь явуулна гэж хэлээд дарамтлаад байсан. Энэ тухай Н надаас мэдээд ёр нь энэ асуудал түүнээс болсон ёр нь цагдаад бүх үнэнийг хэлье гээд цагдаад мэдүүлэг өгч гомдол гаргасан юм. Цагдаа шалгаад тэр гомдлыг хэрэгсэхгүй болгох санал прокурорт тавьж прокурор саналыг хүлээн авах үед Нгийн өмгөөлөгч прокурорт гомдол гаргасан. Шийдвэрийг хүчингүй болгож хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд одоо шалгагдаж байгаа. Н шүүх хурал дээр Б нь өдөж шохоорхоод санаа сэдэл удаа дараа өгсөн сүүлдээ өөрийн оролдсон талаар мэдүүлэхэд Б юу ч хэлж чадахгүй байсан үгүйсгэж чадаагүй юм. Тухай үед Б ийм асуудал гаргасан эсэх талаар түүний эхнэр тэд нарын хэн ч мэдээгүй бөгөөд бүгд амарч байсан. Тэр асуудлыг бид гурав мэдэж байсан. Зодоон маргаан түүнээс эхлэлтэй юм. Гэтэл шүүх хурал дээр шүүгч тогтоол танилцуулахдаа гэрч Нгийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй учир нотлох баримтаар үнэлсэнгүй. Б буруутай зүйл байхгүй байна гэж дүгнээд намайг буруутгаж шийдвэрлэсэн ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудал дээр цагдаа дээр хэрэг үүсгээд шалгагдаж байгаа талаар Н болон миний өмгөөлөгч нарын зүгээс хэлсэн. Б ч түүнийг худал тийм зүйл байхгүй гэж хэлээгүй шалгагдаж байгаа одоогоор намайг дахин дуудаагүй байгаа гэж хэлсэн юм. Б тухай үед эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрч түүнийг оролдож Нг биеэ хамгаалах чадахгүй ашиглан суга, цавь, бэлэг эрхтэн рүү хүрч буй үйлдэл тэгээд юу ч биш байдаг л зүйл гэж хэлж байгаатай ижил юм шиг сонин санагдсан. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний зүгээс нотлох баримтаар өмсөж явсан подволок, тасарсан гинж зэргийг нотлох баримтаар өгч хэрэгт хавсаргуулах гэхээр мөрдөгч хүлээн авахгүй прокурор битгий ав гэж байна гэж надад хэлсэн. Мөн миний өмгөөлөгч нарын зүгээс нотлох баримт шалгуулах удаа дараагийн хүсэлт гаргаж байсныг хүлээн авч байгаагүй нь надад хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэхгүй, хязгаарласан, нэг талыг барьж шалгасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хэрэг болон шалтгаант нөхцөл бодит дүгнэлт хийж чадаагүй улмаас хууль буруу хэрэглэн надад ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Би шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ ... Өөрийн гаргасан тайлбараа дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан гэмт хэргийн агуулга энэ хэрэгт маш тодорхой харагдаж байна. Хэрэг гарсан нөхцөл байдал нь машин явуулахгүй гэхээр хутгалсан юм шиг яриад байдаг гэтэл хэргийн нөхцөл байдал өөр байгаа. Цагдаа дээр гэмт хэргийн зорилго, сэдэлт зэргийг тогтоож чадаагүй. Хэрвээ тогтоосон бол хэний буруугаас ийм хэрэг үүссэн талаар тодорхой байх байсан. Иргэдийн төлөөлөгчөөр боловсролтой хүн байх ёстой. Г гэдэг хүн хурал дээр яригдсан зүйлийг сонсоод, хараад энэ хүн буруугүй гэдэг дүгнэлт гаргасан байх. Хэдийгээр энэ хүн манай талд дүгнэлт гаргасан боловч бичиг үсэг мэддэг хүн байх ёстой байсан. Бичиг үсэг мэдэхгүй хүн иргэдийн төлөөлөгчөөр оруулж ирж анхан шатны шүүх процессын алдаа гаргаагүй бол иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцаад өөрийн гэсэн бодолтой орж ирэх байсан. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Миний хувьд өмнөх саналаа дэмжиж байна. Э.Түмэндэмбэрэл санаа сэтгэл хүчтэй цочролд орж ийм гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүх анхааралтай авч үзэх байх. Манай давж заалдах гомдол 2 саналтай орж ирсэн энэ хоёр саналын аль нэгээр шийдэж өгөөч гэж хүсэж байна ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Өмнөх саналаа дэмжиж байна. Тухайн үйлдэл дээр аргагүй хамгаалалт байсан уу цочрон давчидсан асуудал байсан уу гэдгийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийсний дараа хэргийг шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.7-д заасан шаардлага хангаагүй хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна. Тийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт … миний араас боочихсон. Боогоод л огт тавихгүй байсан. Би нэлээн газар ноцолдчихсон байсан тамир муутай болчихсон байсан. Шууд боогоод татаад автал салгах гээд чадахгүй байсан. Ардаас татаад байтал гарт юм хайгаад олдохгүй байж байтал гарт хатуу юм таарах шиг болсон бөгөөд цаашаагаа хазайтал миний зүүсэн байсан гинж тасарчихсан юм шиг байсан маргааш нь хэвтэж байсан. Цаашаа өнхрөөд унасан. Гараас дөнгөж тавигдаад маНд ухаан алдчихсан. Улмаар цааш үйл явдлыг санахгүй байгаа. Тэмтчээд сэрсэн чинь миний гарт хутга байсан. … Өглөө нь цагдаа дээр очоод мөрдөн байцаагчид нь би яанаа, яадаг юм бол гэхэд гайгүй зүгээр лав зүйл байхгүй, өнгөн хэсэг нь зүсэгдсэн байна. Оёо тавиулаад гараад ирсэн байна. Зүгээр гэж надад хэлсэн. Улмаар П.Б хамгийн түрүүнд мэдүүлгээ өгсөн. Мэдүүлгээ өгөөд гарж ирэхдээ “зүгээрээ гэж хэлсэн. Би харья гэхэд өнгөн хэсэг нь юм байна зүгээр гэж хэлсэн. Хамаагүй олон юм битгий яриарай шал дэмий юм ярьж байж ороогдоно шүү, маргалдаж байгаад хутгалсан юм гээд хэлчих гээд зөрөөд орсон .. гэж мэдүүлсэн, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо … Би тухай үед боолтод ороод тархи толгой эргээд байсан болохоор хаана нь яаж хутгалсан гэдгээ санахгүй байсан. Ингээд алмараад байж байтал манай эхнэр чи юун хутга бариад байна аа гээд надаас авсан. Тэгээд л Бг хутгалсан гэдгээ ойлгоод бид хэд эмнэлэг рүү хамт явсан. Тухай үед Б манай эхнэрийг оролдож доромжлоогүй, миний бие халдаж цохиж, давшиж, боогоогүй бол ийм асуудал болохгүй байсан. Эхнэр бид хоёр Б бие зүгээр байна тэр гомдолгүй гэж хэлэх юм чинь гайгүй байх тэгээд ч үүнийг хэлэх юм бол Б эхнэр хоёрын хооронд бөөн юм болно миний хань ийм муухай хэрүүлд оролцоод яах вэ бузар гэж би эхнэртээ хэлээд энэ тухай цагдаад хэлээгүй юм. Гэвч Б утсаар над руу залгаад мөнгө нэмж өгөхгүй бол чамайг явдаг газар руу чинь явуулна гэж хэлээд дарамтлаад байсан. Гэтэл шүүх хурал дээр шүүгч тогтоол танилцуулахдаа гэрч Нгийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй учир нотлох баримтаар үнэлсэнгүй. Б буруутай зүйл байхгүй байна гэж дүгнээд намайг буруутгаж шийдвэрлэсэн ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж тус тус мэдүүлж, гомдол гаргасан.
Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллааны шатанд … Т машин руугаа явж очоод машинаа асаахаар нь би араас нь очоод машиных нь хаалгыг онгойлгоод чи согтуу машин барьж болохгүй андаа гэсэн чинь машинаас бууж ирээд над руу гараа сунгах шиг болсон чинь миний аймханы хажуу тал руу нойт оргиод явчихаар нь би хутгалуулчихлаа гэдгээ мэдсэн. Тэгээд хутгатай гар руу нь цохиод хутгыг нь алдуулсан. Тэгээд би эргээд майхан руугаа явж байсан чинь С намайг харснаа чи хутгалуулсан байна шүү дээ харъя гэхээр нь би өмсөж явсан подволкоо сөхсөн чинь цус урсаж байсан ... гэж, гэрч С мөрдөн шалгах ажиллагааны шатанд … нэг сэрсэн чинь гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би майхнаасаа гарсан чинь Ж бас майхнаасаа гарч ирж байсан. Тэгсэн Б Т машинтай явах гээд байна гээд Б Т хоёр барьцалдаж авах гээд бие биеэ түлхээд байх шиг байсан. Тэгэхээр нь би хамт явж байсан хүмүүсээ босгох гээд дуудаад явж байсан чинь Б майхнууд байсан газар руу алхаж ирээд Т намайг хутгалчихлаа гээд подволкоо сөхсөн чинь хутгалуулсан гэсэн газар нь наашаа овойгоод цус гарсан байхаар нь би хараад уйлчихсан. Тэгээд Б эхнэр Ж хотын яаралтай түргэн тусламжийн төв рүү утсаар яриад байсан. Тэгээд Ж хоёр түрүүлээд сумын төв рүү явсан. Тэр хоёрын араас би, Н, Т, Л бид нар ирсэн. Эмч нь үзээд Б хутгалуулсан шарханд 4 оёдол тавьсан биеийн байдал зүгээр гэж хэлсэн. Б болохоор Т машинтай явах гээд байна шүү дээ гэж ярьж байсан. Өөр ямар нэг зүйл яригдаагүй. Намайг майхнаас гарч ирээд харахад машины хажууд Б, Т хоёр бие биеэ түлхээд байгаа ч юм шиг барьцалдаж авах гээд байгаа ч юм шиг харагдаж байсан ... гэсэн, гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд ... Тэгээд хүмүүс унтаж амаръя гээд унтаж байсан чинь миний дотор муухай оргиод бөөлжөөд байж байсан чинь манай нөхөр Т миний нуруун дээр дарж байгаад би чамд уух юм аваад ирье гээд явсан. Тэгээд ирээгүй тэгэхээр нь би нөхрийнхөө араас явсан чинь манай нөхөр Т хутга барьчихсан машиныхаа хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад машины суудал доогуур хийсэн. Тэгсэн нэлээн байж байсан чинь Б машинаа асаагаад эмнэлэг явах гэж байгаа гэхээр нь яасан юу болсон юм бэ гэсэн чинь манай нөхөр Б хутгалчихсан гээд Бийг аваад сумын эмнэлэг рүү явсан. Би араас нь жаахан байж байгаад сумын эмнэлэг дээр ирсэн. Манай нөхөр Б хутгалсныг би хараагүй. Тэгээд өглөө нь би өөрийн нөхөр Таас юу болсон талаар нь асуусан чинь чамайг бөөлжөөд эхлэхээр элэг, ходоод нь янз бүр болж байгаа байх эмнэлэг явдаг юм билүү гээд машинаа асаасан чинь Б явуулахгүй гээд маргалдсан гэж ярьсан. Яг ямар асуудлаас болж маргалдсаныг нь мэдэхгүй. Манай нөхөр Т өглөө нь надад хэлэхдээ чамайг бөөлжөөд байхаар чинь уух юм олж ирье гэж яваад уух юм олоогүй. Тэгээд эмнэлэг явъя гээд машинаа асаасан чинь Б ирээд явуулахгүй гээд бид хоёр маргалдсан би Бг хутгалснаа мэдэхгүй байна гэж ярьсан. Би хутгалсан газрыг нь хараагүй ... гэсэн мэдүүлгүүдээр хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгчийн дээр дурдсан мэдүүлэг үгүйсгэгджээ.
Гэм буруугийн хэлбэрийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлгчид шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрт нь болон өөрийн эхнэрийн эсрэг хүч хэрэглэн түүний бэлгийн халдашгүй байдалд халдаж, нөхрийнх нь дэргэд доромжилсон хохирогчийн хууль бүс үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хүний эрүүл мэндэд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж мэтгэлцсэн байна.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд … Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино … гэж хуульчилсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид дээрх заалтад заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь үндэслэлтэй.
Шүүх ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд … гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх ... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно … гэж заасан тул тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх уг заалтыг хэрэглэхээр эрх олгож хуульчилсан.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар маргахгүй байгааг ойлгоно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчид хэргийн үйл баримт, гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдалд хамаарч байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул өмгөөлөгч нарын гаргасан гомдол, тайлбарт дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Тд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Тд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ч.БАЯРЦЭНГЭЛ