2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/10765

 

 

 

 

 

 

  

 

  2025              12                15                                             192/ШШ2025/10765

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******, 2а-7 тоот хаягт оршин суух Боржигон овогт Энхбатын Мөрөн (РД:ХП83082504)-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******-нд холбогдох,

 

Хан-Уул дүүргийн*******,,*******, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцыг чөлөөлж өгөөгүйн улмаас олох байсан орлогыг 2024 оны 03 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаагаар тооцож  54,000,000 төгрөг гаргуулах, Сууц өмчлөгчдийн холбоонд төлөгдөөгүй 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх нийт 16 сарын төлбөр болох 3,920,000 төгрөгийг тус тус гаргуулж, Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

          Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Хан-Уул дүүргийн*******,,*******, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.2008 онд хариуцагчтай танилцаж байсан. 2014 онд хариуцагч надтай уулзаж, хамтарч ажиллах санал тавьж байсныг хүлээж аваагүй, дараа нь 2023 онд дахин надтай холбогдож “Лут гүн” ХХК, түүний охин компани болох “АРС” ХХК, “Сод констракшн” ХХК-нд худалдан авалтын захиалагч олж өгөөч, сайн ажиллавал бонус болон орон сууцны асуудлыг шийдье гэх санал тавьсныг тухайн үед би байрны асуудалтай байсан учир зөвшөөрсөн. Би өөрийн харилцаа, холбооны хүрээнд “Ворли Монголиа” ХХК-тай холбогдож оюу толгой төслийн ханган нийлүүлэгч болгож, Бүгд Найрамдах Турк Улсын “ИНКА” ХХК-тай холбож 1.3 тэр бум төгрөгийн цахилгаан кабелийн угсралтын материал худалдан авах гэрээ хийж дуусгасан, Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Цагаан өвөлжөө” ХХК-тай холбож ханган нийлүүлэгчээр ажиллаж эхэлсэн, “Сод констракшн” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 3 жил ашиглагдаагүй 630 м.кв талбай бүхий оффисын барилгыг 360 м.кв талбай бүхий агуулахыг “Трансвест Монголиа” ХХК-нд түрээслүүлсэн зэрэг бусад байгууллагуудтай гэрээ байгуулахад нь зуучилж байсан боловч ямар ч урамшуулал аваагүй. 2023 оны 12 дугаар сард өөрийнхөө амьдардаг байранд хямд орон сууц зарна гэж байна, чи хүүхдүүдтэйгээ ороод байж бай гэсний дагуу тухайн байрыг худалдсан хүнтэй нь тохирч үнийг бууруулж, засвар хийж нүүж орж байсан. Миний ажлын хөлсөнд уг орон сууцыг өгч байна гэж итгэж байсан.

1.2.2023 оны 09 дүгээр сард “Лут гүн” ХХК-ийн нягтлан дансаа өгөөрэй, нийгмийн даатгал төлнө гэж хэлэхэд нь хариуцагчид урамшуулал авах байдлаар тохирсон юун нийгмийн даатгалын шимтгэл вэ гэж тодруулахад нийгмийн даатгал чинь тасарвал дэмий, төлөөд явж байх нь чамд хэрэгтэй гэж хэлж байсан. Гэтэл урамшуулал авъя гэж шаардаж эхлэхэд хариуцагч нь чи манай ажилтан байсан, ажил үүргээ гүйцэтгэсэн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй, би хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажилд томилогдсон зүйл байхгүй. Хэрэв “Ай Пи Си” ХХК-нд ажиллаж байсан юм бол яагаад “Содконстракшн” ХХК-ийн бусадтай байгуулах гэрээний ажлыг гүйцэтгэж байгаа юм бэ?

1.3.Хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн шийдвэр байхгүй атлаа дээр дурдсан өндөр үнийн дүн бүхий гэрээнүүдийг өөрийн харилцаа холбоог ашиглаж хариуцагчид ашигтай байдлаар гуравдагч байгууллагуудтай байгуулж байсныг зуучлалын гэрээний үндсэн хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Иймд зуучлалын хөлсөнд уг орон сууцыг өгсөн гэж үзэж өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.2009-2010 онд “Моннис” ХХК-нд ажиллаж байх үед ажил хэргийн харилцаатай байсан. 2023 онд нэхэмжлэгч нь өөрөө надтай холбогдож байр түрээслэх 10,000,000 төгрөг зээлээч гэхэд нь зөвшөөрч зээлсэн, мөн хэрэгцээт зүйлсийн мөнгө гуйхад нь боломжоороо өгч байсан. Улмаар би манай компанид ажилд орвол яасан юм гэх санал тавихад нэхэмжлэгч зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “Ай Пи Си” ХХК-нд менежерээр ажилласан. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сараас цагийн ажилтан баймааргүй байна, гэрээгээр ажиллая гэхэд нь зөвшөөрөөгүй. Би нэхэмжлэгчид ашгийн хувь хүртээх, урамшуулал өгөх талаар огт ярилцаж байгаагүй, зуучлалын гэрээ байгуулаагүй. Гэтэл албан үүргийнхээ дагуу хийж гүйцэтгэсэн болон хамт олны ажлыг өөрөө хийсэн мэтээр дурдсан нь үндэслэлгүй.

2.2.Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн байрнаасаа хөөгдөөд байна туслаач гэхэд нь би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцандаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарыг дуустал амьдарч болно гээд оруулсан, урамшуулал байдлаар өгөөгүй гэжээ.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зээлдүүлсэн 10,000,000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцыг чөлөөлж өгөөгүйн улмаас олох байсан орлогыг 2024 оны 03 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаагаар тооцож  54,000,000 төгрөг гаргуулах, Сууц өмчлөгчдийн холбоонд төлөгдөөгүй 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх нийт 16 сарын төлбөр болох 3,920,000 төгрөгийг тус тус гаргуулж, Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлжээ. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч нь 2023 онд хариуцагчтай холбогдож байр түрээслэх 10,000,000 төгрөг зээлээч гээд Худалдаа хөгжлийн банкны дугаар дансаар зээлж авсан боловч эргэж төлөөгүй.

3.2.Нэхэмжлэгч нь надаас түрээс, хоол хүнс зэрэг хэрэгцээт зүйлсийн мөнгө гуйхад би боломжоороо өгдөг байсан учир манай компанид ажилд орох санал тавьж “Ай Пи Си” ХХК-нд менежерээр ажиллуулж, улмаар түрээсийн байрнаасаа хөөгдөөд байна туслаач гэхэд нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцандаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаагаар оруулсан. Гэтэл нэхэмжлэгч нь уг орон сууцыг чөлөөлж өгөхгүй улмаар урамшуулалдаа авсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд уг орон сууцнаас албадан чөлөөлүүлж, өөрийн орон сууцыг 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд бусдад түрээслүүлсэн бол 54,000,000 төгрөгийн орлого олох байсан.

3.3.Мөн нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлж байгаагүй. Иймд 2024 оны 01-04, 07-08, 11 дүгээр сар, 2025 оны 01-09 дүгээр сарын төлбөрүүдийг гаргуулахаар шаардаж байгаа гэжээ.

 

4.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

4.1.Би 10,000,000 төгрөг зээлж байгаагүй. Энэхүү 10,000,000 төгрөгийг гуравдагч компаниудтай гэрээ байгуулахад зарцуулсан. Холбогдох гүйлгээний баримт байгаа.

4.2.Хариуцагч нь энэ орон сууцанд ор гэж санал тавиад орсон. Тухайн орон сууцыг урамшуулалд өгсөн гэж үзэж байгаа учир хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагааг, “Трансвест Монголиа” ХХК болон “Сод констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний “Трансвест Монголиа” ХХК-ийн архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, зээлээр худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл, өргөдөл, гарын үсгийг гэрчилсэн тухай нотариатчийн тэмдэглэлийн эх хувиас хуулбарласан тухай Голомт банкны тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Б.Эрдэнэбилэг болон Ж.Марал нарын хооронд байгуулагдсан Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ, тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний голомт банкны тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Ж.Маралаас Б.Ариунболдод 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр олгосон маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслүүлэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл, уг итгэмжлэлийг ажлын байранд нь очиж гарын үсэг зуруулсан тухай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, орон сууцны зээлийн гэрээний Голомт банкны тэмдгээр баталгаажуулсан хуулбар, ипотекийн гэрээний Голомт банкны тэмдгээр баталгаажуулсан хуулбар, зээлийн дансны хуулга, *******, 15 дугаар хороо, Рапид харш, 5б байр, 54 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, ипотекийн гэрээний Голомт банкны тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “Ай Пи Си” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 01, 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт гэх баримт, “Ай Пи Си” ХХК-ийн татварын тайлан, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Лутгүн интернэйшнл” ХХК, “Содконстракшн” ХХК болон “Ай Пи Си” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Голомт банк дахь эзэмшлийн 3455108065 дугаар дансны хуулга, Голомт банк дахь “Ай Пи Си” ХХК-ийн эзэмшлийн 3455108318, “Содконстракшн” ХХК-ийн эзэмшлийн 3635120572 дугаар дансны хуулга, Хаан банк дахь “Ай Пи Си” ХХК-ийн эзэмшлийн 5005578971 дугаар дансны хуулга, “ЭНКА глобал констракшн” ХХК-ийн худалдан авах захиалга гэх баримтын баталгаат орчуулагчаар орчуулуулсан хувийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Facebook болон Viber хэрэглэгчийн эрхээр харилцсан зурваст үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас “Ай Пи Си” ХХК болон “Содконстракшн” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулан авсан, нэхэмжлэгч талын хүсэлтээр иргэн , нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан Хан-Уул дүүргийн*******,,*******, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ хариуцагчтай 2023 онд хамтран ажиллахаар тохирч, өөрийн харилцаа холбоог ашиглан хариуцагчийн эзэмшлийн “Ай Пи Си” ХХК, “Сод констракшн” ХХК, “Лут гүн” ХХК-уудыг бусад компанитай холбож, захиалга, түрээсийн гэрээ байгуулахад нь зуучилсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, компанийн ажилтны хувиар уг ажлыг хийж гүйцэтгээгүй. Хариуцагч нь уг ажлын урамшуулалд орон сууцны асуудлыг шийдэж өгнө гэж тохирч улмаар Хан-Уул дүүргийн*******,,*******, тоот орон сууцыг өгснөөр тухайн орон сууцанд 17 сая төгрөгийн засвар хийж орсон. Гэтэл хариуцагч нь уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байх тул өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хадсан гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлдүүлсэн 10,000,000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцыг чөлөөлж өгөөгүйн улмаас олох байсан орлогыг 2024 оны 03 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаагаар тооцож  54,000,000 төгрөг гаргуулах, Сууц өмчлөгчдийн холбоонд төлөгдөөгүй 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх нийт 16 сарын төлбөр болох 3,920,000 төгрөгийг тус тус гаргуулж, Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шаардаж татгалзлын болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчтэй зуучлалын гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч нь “Ай Пи Си” ХХК-ийн менежерээр ажиллаж байх үедээ бусад компаниудтай гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэж байсан учир түүнд урамшуулал олгох, орон сууц өгөх тохиролцоо байгаагүй, маргаан бүхий орон сууцанд 2024 оны 02 дугаар сарын дуустал амьдруулахаар оруулж байсан. Одоог хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа учир албадан чөлөөлүүлж, олох байсан орлого, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, зээлдүүлсэн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа гэж тайлбарлаж байна.

 

4.Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн*******,,*******, тоот орон сууцанд амьдарч байгаа талаар зохигч талууд маргаангүй.

4.2.Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Эрдэнэбилэгээс Хан-Уул дүүргийн*******, зайсангийн тойруу гудамж,*******, тоот, 168.28 м.кв талбай бүхий орон сууцыг 450,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн. (хавтаст хэргийн 31-32, 35 дахь тал)

4.3.Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Голомт банкнаас 450,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн болон ипотекийн гэрээ байгуулсан. (хавтаст хэргийн 36-51 дэх тал)

4.4.Хариуцагч нь “Лутгүн интернэйшнл” ХХК, “Сод констракшн” ХХК болон “Ай Пи Си” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал. (хавтаст хэргийн 106-111 дэх тал)

4.5.Хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Марал-с Шүрэнгэрэл Сүхбаатар-д” гэх утгаар 4,999,999 төгрөг, 4,999,998 төгрөг тус тус шилжүүлсэн. (хавтаст хэргийн 113 дахь тал)

4.6.Хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “ENKA tsalin” гэх утгаар тус бүр нь 5,000,000 төгрөгийн дүн бүхий 5 удаагийн зарлагын гүйлгээ хийсэн. (хавтаст хэргийн 114 дэх тал)

4.7.Нэхэмжлэгч нь хариуцагчтай өөрийн “ME” гэх viber хаягаас хариуцагчийн “Maral Monnis” гэх viber хаягаар болон өөрийн “Mglka Mrn” гэх Facebook хаягаас хариуцагчийн “MA JO” гэх Facebook хаягаар харилцан зурвас бичих байдлаар харилцаж байсан. (хавтаст хэргийн 126-135 дахь тал)

4.8.2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Сод констракшн” ХХК болон “Трансвест Монголиа” ХХК-ийн хооронд 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай түрээсийн гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн6-147 дахь тал)

4.9.Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын үр дүнд “Цагаан өвөлжөө” ХХК болон гадаад улсан “ЭНКА глобал констракшн” компанитай гэрээ байгуулсан талаар маргаангүй. (2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх тал)

 

Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд:

 

5.Зохигч талуудын хувьд нэг талаас зуучлалын гэрээний харилцаа үүссэн учир зуучлалын хөлсөнд орон сууц авсан гэх, нөгөө талаас хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн учир ажилтны хувиар үүрэгт ажлаа гүйцэтгэсэн, орон сууц өгөх үндэслэлгүй, орон сууцанд түр амьдрахыг зөвшөөрсөн гэх агуулгаар маргаж байх ба хавтаст хэрэгт тэдний хооронд бичгээр үйлдсэн гэх гэрээ авагдаагүй.

 

5.1.Энэ тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасны дагуу зохигч талуудын хамтран ажиллах болсон зорилго, талуудын нэгдмэл санааг гэрээ байгуулахаас өмнө харилцаж байсан баримт бичигт үндэслэн тодруулах нь зүйтэй.

 

6.Зохигч талууд хооронд харилцсан зурваст үзлэг хийн баримтжуулсан. Уг харилцсан зурвасаас харахад:

Хариуцагч нь:

 

2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр:

-        “Энэ 12 сард орох юм байна, Г блок нь” гээд хавсралтаар 223/Ш дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ илгээсэн. (уг гэрээний 1.2 дахь заалтад м.кв үнэ 3,200,000 төгрөг гэсэн байв),

2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр:

-        нэхэмжлэгчээс “Ма гуай, Содын оффисыг юу гэх юм бэ, түрээс” гэх зурваст “Бүхлээрээ нөат ороогүй 20 сая” гэх зурвас илгээсэн,

-        Миний найз түрээс хэд билээ, найздаа санаа зоволтгүй хэлээрэй, би та хэдийгээ аваад явчихна, яасан ч 1 сар гэхэд мишээлийн байранд оруулчихна, хүн гэхдээ юу ч гэсэн эхлээд өөрийн орох оронтой л болох хэрэгтэй, тэр нь хаана вэ гэдэг нь чухал биш, чи миний саналыг хүлээж авахгүй голох юм даа, найз нь одоо яг боломж тааруу үед чи надтай нийллээ, би чамд байгаа боломжоо л гаргаад байна”

-        “Тэр мишээлийн байранд түр байчих”

-        “Тэгээд тэр үнэ нь нэмэгдэнэ 76 м.кв”

-        “Эхлээд энэ байранд орчих, 7 давхарт нь”

-        “3.5 саяар ийм байр олдохгүй”

-        “Энэ байр хэдхэн сарын дараа 4.5 сая болно, би мэдэж байна, чи эндээс м.кв ашиг олно”

-        “Тэгээд чи хүссэн байрандаа ороход том нэмэр болно”

-        Би чамайг жоохон тэвчээртэй бай гээд байгаа, хүлээ байз, би нэг итгэсэн хүндээ итгэсэн шиг итгэж чадна, бас би амлалтандаа хүрдэг залуу, би чамд хүдэрт нэг хугацаа хэлсэндээ, би хэлсэндээ хүрнэ”

2023 оны 10 дугаар сарын-ны өдөр:

-        “чиний онгод ороод ирлээ оноос өмнө гоё байранд орноо найз”

2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр:

-        Энэ байдлаар 2 жилийн дараа чи хүссэн машинаа унанаа, би чамд бэлэглэнэ”,

-        “гялгар ууттайг, хүүхдүүд чинь гадаадын сургуульд сурна, чи хүссэнээрээ дэлхийгээр аялна”,

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр:

-        “Маргааш очоод зээлээ татуулахаас, энэ байрлуугаа нүүгээд орооч ээ, би одоо сүүлийн гэрээг хийх гэж байна тэгээд л болоо”

2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр:

-        “Нүүгэд орсон уу, өчигдөр орой ирлээ”,

-        “Оны өмнө ор оо, шинэ оны шинэ байранд гаргаа, хэлээд байхад гал тогоонд юу дутаад байга юм”,

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр:

-        нэхэмжлэгчийн “Трансвест Монголиад Содын барилга түрээслүүлсэн түрээсийн нэмсэн зөрүү. Чиний 20 саяар түрээслүүлье гэснийг би 30 сая, нэмээд чиний хүссэн VAT 3 саяыг хүртэл нэмүүлээд 33 саяар 10 жил тогтмол түрээслүүлж өгсөн байх аа, энэнтэй адилхан чи бас гаргаад бичээдэх л дээ харин, адилхан л хоёулаа одоо бас тэр дүн дээр л ярилцъя л даа” гэх зурваст

-        “чи энэ дээр надаас хэдийг авна гээд байгаа юм” гэх хариу,

-        Нэхэмжлэгчийн “Трансвест юутай ч 3, 3 жилээр сунгах нөхцөлөөр эхлээд 6 жилээр хийе гээд гэрээ хийгдсэн үү хийгдсэн, би гэрээ дээр нь өөрөө сууж бүрэн хариуцаж энэ гэрээг хийж дуусгасан уу дуусгасан, ойлгомжтой шүү дээ чиний хүссэн 20 саяар би удаан хугацаатай түрээслүүлж өгсөн. Дээрээс нь энэ газар нь 1,5 шахуу тэрбумаар дахин засварлуулсан. Би өөрийн commission болох зөрүү 10 сая л авъя гэж байгаа шүү дээ, чиний 20 саяас огт commission хараагүй” гэх зурваст

-        “Ерөнхий нэг юм хэлээд байхын оронд commission гэж яриад байхын оронд яг тодорхой юм гаргаж тавьчих” гэх хариу илгээж байсан байна.

 

6.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар хариуцагчийн нэхэмжлэгч рүү 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр илгээсэн Миний найз түрээс хэд билээ, найздаа санаа зоволтгүй хэлээрэй, би та хэдийгээ аваад явчихна, яасан ч 1 сар гэхэд мишээлийн байранд оруулчихна, хүн гэхдээ юу ч гэсэн эхлээд өөрийн орох оронтой л болох хэрэгтэй, тэр нь хаана вэ гэдэг нь чухал биш, чи миний саналыг хүлээж авахгүй голох юм даа, найз нь одоо яг боломж тааруу үед чи надтай нийллээ, би чамд байгаа боломжоо л гаргаад байна”, “3.5 саяар ийм байр олдохгүй”, “Энэ байр хэдхэн сарын дараа 4.5 сая болно, би мэдэж байна, чи эндээс м.кв ашиг олно”, “Тэгээд чи хүссэн байрандаа ороход том нэмэр болно”, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Энэ байдлаар 2 жилийн дараа чи хүссэн машинаа унанаа, би чамд бэлэглэнэ”,“гялгар ууттайг, хүүхдүүд чинь гадаадын сургуульд сурна, чи хүссэнээрээ дэлхийгээр аялна”, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр илгээсэн “Маргааш очоод зээлээ татуулахаас, энэ байрлуугаа нүүгээд орооч ээ, би одоо сүүлийн гэрээг хийх гэж байна тэгээд л болоо” гэх зурвас, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч нь Голомт банкнаас орон сууц худалдан авах зориулалтаар 450,000,000 төгрөгийн зээл авсан, “Сод констракшн” ХХК болон “Трансвест Монголиа” ХХК, “Цагаан өвөлжөө” ХХК болон “Ай Пи Си” ХХК, “ЭНКА глобал констракшн” компани болон “Ай Пи Си” ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан үйл баримтын хувьд хариуцагч маргаагүй зэргийг харьцуулан үзэхэд хариуцагчийн “…Ай Пи Си компанийн менежерийн хувьд бусад компанитай гэрээ байгуулж байсан, ажлын хөлсөнд орон сууц өгөхөөр тохиролцоогүй…, түрээсийн байргүй гэхэд нь 2024 оны 02 дугаар сарыг дуустал амьдруулахаар оруулсан” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

6.2.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн ур чадвар, харилцаа холбооны хүрээг ашиглан хариуцагчийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг хуулийн этгээдүүдийг бусад этгээдтэй холбох, гэрээ байгуулахад нь зуучлах, түүний хөлсөнд хариуцагчийн зүгээс орон сууц, автомашин амлаж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

6.3.Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

6.4.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Хан-Уул дүүргийн*******,,*******, тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг буюу өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх үүсжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд:

 

7.Хариуцагчийн зүгээс 10,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нь “Марал-с Шүрэнгэрэл Сүхбаатар-д” гэх утгаар н.Шүрэнгэрэлийн данс руу шилжүүлснээс үзэхэд нэхэмжлэгчид зээлдүүлсэн гэж үзэх боломжгүй буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8.Өмнө дүгнэсэнчлэн хариуцагчийн “2024 оны 02 дугаар сар дуустал өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдруулсан” гэх тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн*******,,*******, тоот орон сууцыг эзэмшиж буй эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй.

 

8.1.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс  Хан-Уул дүүргийн*******,,*******, тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, олох байсан орлогыг гаргуулахаар шаардах эрхгүй юм.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн*******,,*******, тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, нэхэмжлэгчид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцыг чөлөөлж өгөөгүйн улмаас олох байсан орлогыг 2024 оны 03 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаагаар тооцож  54,000,000 төгрөг гаргуулах, Сууц өмчлөгчдийн холбоонд төлөгдөөгүй 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх нийт 16 сарын төлбөр болох 3,920,000 төгрөгийг тус тус гаргуулж, Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч томилон оролцуулсантай холбоотойгоор орчуулагчийн зүгээс орчуулагчийн зардалд 100,000 төгрөг нэхэмжилсэн болно.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх”, 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 567,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас орчуулагчийн зардал 170,200 төгрөг гаргуулж, орчуулагчид 100,000 төгрөг, нэхэмжлэгчид 70,200 төгрөг олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн*******, Зайсан /17020/, зайсангийн тойруу гудамж 202 байр тоот хаягт байршилтай 168.28 м.кв талбайтай, таван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, нэхэмжлэгч д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцыг чөлөөлж өгөөгүйн улмаас олох байсан орлогыг 2024 оны 03 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаагаар тооцож  54,000,000 төгрөг гаргуулах, Сууц өмчлөгчдийн холбоонд төлөгдөөгүй 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх нийт 16 сарын төлбөр болох 3,920,000 төгрөгийг тус тус гаргуулж, Хан-Уул дүүргийн*******,*******,*******, тоот, талбай бүхий 5 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч гийн урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч урьдчилан төлсөн 567,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Маралаас 170,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д 70,200 төгрөг, орчуулагч Г.Пүрэвсүрэнд 100,000 төгрөгийг тус тус олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ТӨРБОЛД