Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Прокурор Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000520062 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт 2018 оны 01 сарын 18-ны өдөр эхнэр *******ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт эхнэр *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч *******ын ... 2018 оны 01 сарын 18-ны өглөө хүүхдүүд цэцэрлэгт хүргэж өг гэхэд Б нь унтаад байхаар нь өөрөө босч галаа түлж охиноо хувцаслачихаад *******ийг босохгүй байхаар нь 2 хоног архи ууж ирчихээд босолдоо гээд нуруу руу нь 2 удаа өшиглөхөд унтаад байсан. Би тэгээд хүүхдүүдээ хувцаслаад нөхөртөө уурлаад байж байтал хар хүйтэнд хүүхдүүд босгодог хэн бэ гээд над руу сандал аваад шидсэн. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ухаан ороход эмнэлэгт байсан. ... /хх-ийн 32-38/,

Гэрч *******ын ... 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 08 цаг 50 минутын үед ******* надруу залгаад эгчийг чинь зодчихлоо Сүхбаатар эмчийнхээ утасны дугаарыг өгөөч түргэн дуудах гэсэн юм гэж ярьсан. Тухайн үед Сүхбаатар эмч байхгүй байсан болохоор дугаарыг өгөөгүй байхгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд 09 цагийн үед ажил дээрээ байж байтал ******* манай эгч хоёр хүлээн авах өрөөнд ирсэн байсан. Тэгээд ороод хартал манай эгч *******ын дээд уруул нь хэгзэрч унжсан цус гоожсон байдалтай, толгойн ар дагзан хэсэг, толгойн оройн баруун хэсгээр хавдартай байсан. Тухайн үед ******* хүргэж ирсэн байсан. Манай эгч намайг хэн хүргэж ирсэн бэ? юугаар ирсэн гэж дахин дахин асууж байсан. Тэгээд ******* эмч урууланд нь 9 оёоо тавиулсан. Тэр өдрөө тасаг руу шилжүүлж эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд үдээс хойш манай эгчийг тасагт хэвтэж байхад ******* орж ирээд уйлаал манай эгчийн нүүрэнд хүрээд байхаар нь та хойшоо байгаачээ хүнийг зодохоосоо өмнө ингэнэ гэж бодцоггүй юмуу гэсэн чинь чамаас болж ийм болж байгаа юм. Чамайг аав, ээжтэй чинь дуусгачихъя шүү гэж хэлчихээд гараад явсан. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Бат-эрдэнийн аав Даш-ёндон гэдэг хүн эмнэлэг дээр ирээд намайг дуудаад чамд одоо авах юм юу байна, танайх хоёр хүүхдээ шинжилгээнд өгөөрэй гэх мэтээр манай гэр бүл болон манай аав, ээж хоёрыг дуусгана гэж доромжилсон. *******, ******* нар нь гэр бүл болоод 10 гаран жил болж байгаа том хүүхэд нь 13 настай. Би 9 дүгээр ангид сурдаг байхдаа хамт амьдардаг байсан тэр үед манай эгч жирэмсэн байхад нэг удаа зодож байсан тэр үед ******* согтуу байсан. Ер нь согтуу байхдаа манай эгчийг зоддог намайг оюутан байхад зоддог гэж дуулддаг л байсан. ******* ноднин нэг жил архинаас гарсан гээд чимээгүй амар байсан. Намраас архи ууж эхлээд ийм асуудал гарч байна ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 42-44/,

Гэрч Э.*******ы ... 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 09 цаг өнгөрөөд байж байтал ******* эхнэр *******ыг хөтөлсөөр орж ирсэн. ******* уруулаа маарлаар дарсан байсан ******* за болохоо байлаа уруулыг нь хэгз цохьчихлоо гээд нилээн тэвдсэн байдалтай орж ирсэн. Тэгээд *******ын биед үзлэг хийхэд дээд уруулан хэсэгт 2 см сэтэрсэн байсан. Шарханд анхны цэгцэлгээ хийж 9 оёдол тавьсан. Биеийн эсэргүүцэл сайжруулах өрөвслийн эсрэг өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийж эмнэлэгт хэвтүүлсэн. Даралтыг үзэхэд 100-70, 110-70, зүрхний цохилт тод хэвийн, хүүхэн хараа хэвийн, хүзүү хөшингөгүй бусад эрхтэн систем хэвийн байсан. Дээд үүдэн шүднүүд байхгүй байсан гэхдээ буйл нь шарх сорви байхгүй байсан. Тэгээд асуутал хиймэл шүдтэй байсан тэгээд унасан гэсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/,

Гэрч *******гийн ... Би 6 хүүхэдтэй, 4 банди, хоёр охинтой, ******* айлын хоёр дахь хүүхэд байгаа юм. Томоотой үг дуу цөөтэй, хааяа архи уугаад байдаг байсан. Сүүлийн нэг жил архи уугаагүй байж байгаад шинэ жилийн хоёр хоног архи уугаад байна гэсэн. Тэгээд эхнэрээ зодсон байсан. Миний сонссоноор манай хүү хоёр хоног архи уугаад хоёр дахь хоног дээрээ үүрээр гэртээ орж ирээд унтсан өглөө нь хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд дуудаад сэрэхгүй болохоор нь эхнэр нь сандалаар нүдсэн гэж байгаа юм. Тэгээд унтуулахгүй байна гэж хэлээд ******* босч ирээд сандалаар юмуу, гараараа юм уу уруул руу цохьсон юм шиг байгаа юм. Тэгээд тэр сандалных нь хэсгээс уруулыг нь зүссэн юм шиг байгаа юм. … гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/,

Шинжээч эмч *******ын ... 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 168 дугаартай “*******ын биед учирсан тархи доргилт, дээд урууланд шарх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын шарх гэмтэл нь нүүрний төрхийг алдагдуулаагүй тул нүүрийг засрашгүй гэмтээсэн гэж үзэхгүй. 2018 оны 03 сарын 05-ны өдрийн цээжний рентген зурагт хавирганы шинэ болон хуучин хугарлын шинж тэмдэг тогтоогдоогүй тул хавирга хугарсан гэж үзэхгүй. 2015 оны 10 сарын 09-ний өдрийн Хонгор дент эмнэлгийн үзлэгээс харахад 33 дугаар шүд буюу зүүн доод 3 дугаар шүд хийлгэж байсан байх ба 1 шүдний булгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацаа болон гэмтлийн гаралтай үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-80/,

Шүүгдэгч *******ат-Эрдэнийн ... 2018 оны 01 сарын 18-ны өдөр эхнэр *******птанзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг ойлгож хүлээн зөвшөөрч байна. Мөн хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ч гэсэн зөвшөөрч байна … гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 109 дугаартай шинжээчийн ... *******ын биед тархи доргилт, дээд урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 67- 69/, хх-ийн 10 дугаар талд авагдсан фото зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 172 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******н ийн эзэмшлийн цагаан чулуун хөөргийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хиймэл шүд хийлгэсэн баримт, рентген зураг зэргийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч ******* эзэмшлийн цагаан чулуун хөөргийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хиймэл шүд хийлгэсэн баримт /хх-ийн 20/, рентген зураг зэргийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА