| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2412002610727 |
| Дугаар | 2025/ДШМ/62 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/62
2025/ДШМ/62
Б, З нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: М.Билгүүтэй
Яллагдагч нарын өмгөөлөгч Г.Энхбаяр, Б.Жамъян
Нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/914 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б, З нарт холбогдох 2412002610727 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19 оны 0 сарын 0-ний өдөр Х аймагт төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, хүүхдийн хамт амьдардаг, О аймгийн Б сум 0-0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Дын З /РД:000000/
Монгол Улсын иргэн, 19 оны 0 сарын 0-ний өдөр А аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Х сумын хүүхдийн цэцэрлэгт биеийн тамирын багш ажилтай, ам бүл 0, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, А аймгийн Х сум 0-р баг Ө оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Гийн Б /РД:00000000/
Яллагдагч З нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн Хунтын дөрөлж гэх газарт шороон зам дээр 0-0 улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1-р заалт буюу". Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэснийг зөрчсөний улмаас, 0-0 улсын дугаартай Субару порестер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар 0- 0 улсын дугаартай Субару порестер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, 0-0 улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 0-0 улсын дугаартай Субару порестер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан,
Яллагдагч Б нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн Хунтын дөрөлж гэх газарт шороон зам дээр 0-0 улсын дугаартай Субару порестер маркын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг 3.7 "в"-р заалт буюу" суурин газрын гадна цагт 80 км -ээс хэтрүүлэхийг хориглоно", тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, гэснийг тус тус зөрчсөний улмаас, 0-0 улсын дугаартай Тоёота ланд круйзер маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар 0-0 улсын дугаартай Субару порестер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, 64- 63 ОРБ улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 0-0 улсын дугаартай Субару порестер маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас ДЗ, Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/914 дугаартай шүүгчийн захирамжинд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Б, З холбогдох 2412002610727 дугаартай дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Тээврийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч ДЗ, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл дүгнэлтдээ: Прокурорын зүгээс шүүгчийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах нь хуульд нийцнэ гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж хуульчилсан байна. Улмаар өдрийн шинжээч Б.Чын 2024 оны 08 дугаар сарын 27-ны 25 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн дахин шинжээч томилсноор Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургуулийн 3 шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08/210 дугаартай дүгнэлт гаргасныг хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Түүнчлэн 1 хавтаст хэргийн 18-20 дугаар тал хэргийн газрын үзлэгийн бүдүүвч, болон дэлгэмэл зургуудаас үзэхэд гүвээ, даваагүй газар байсан нь нотлогдож байх ба хэргийн газрын үзлэгийг дахин хийх үндэслэлгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс “...Хэрэгт авагдсан баримт, хэргийн газрын үзлэг зэргээс орчин нөхцөл хязгаарлагдсан байгаа эсэх талаар үндэслэл бүхий мөрдөн шалгах ажиллагаа буюу хэргийн газрын үзлэгийг дахин хийх нь зүйтэй гэж үзлээ. Үзлэгээр хэргийн газрын орчин нөхцөлийн байдлыг дахин тогтоож, уг байдал нь урьд хийсэн үзлэгээс зөрүүтэй эсэх, зөрүүтэй байдал илэрвэл уг байдал нь осол гарахад нөлөөлөх эсэх, шинжээч Б.Чын 25 дугаартай дүгнэлт үндэслэл бүхий зэрэгт дүгнэлт хийж холбогдох мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй байна...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчөөгүй, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/914 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа: ... А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/914 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна..гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Жамъян давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа: ...Тал газарт яагаад мөргөлдсөн талаар дүгнээд өгөөч гэж хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтгүйгээр шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох хэрэгтэй. Прокурор эсэргүүцэлдээ шинжээчийн дүгнэлтийг зөвхөн шүүгч, прокурор гаргуулах боломжтой мэтээр бичсэн байсан. Тиймээс хэргийн нөхцөл байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн агуулга:
2.1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 914 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийн газрын үзлэгийг дахин хийж, хэргийн газрын орчин нөхцлийг тогтоож, хэргийн газрын орчин нөхцөл нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоолгох, шинжээч Б.Чын 25 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
3. Прокурорын эсэргүүцлийн үндэслэл:
3.1. Прокурор хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зураг, дэлгэмэл зургуудаас үзэхэд гүвээ, даваагүй газар байсан нь нотлогдож байх ба хэргийн газрын үзлэгийг дахин хийх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх “Хэрэгт авагдсан баримт, хэргийн газрын үзлэгээс орчин нөхцөл хязгаарлагдсан байгаа эсэх үндэслэл бүхий мөрдөн шалгах ажиллагаа буюу хэргийн газрын үзлэгийг дахин хийх нь зүйтэй” гэж үзсэн нь үндэслэлгүй гэжээ.
3.2. Мөн шинжээч Б.Чын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургуулийн шинжээчдийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэжээ.
4. Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийн талаарх дүгнэлт:
4.1. Шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.
4.2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...хоёр талаас өгсөн гарч ирж буй үзэгдэх орчин хязгаарлагдсан...” гэж тэмдэглэгдсэн, Ослын газрын бүдүүвч зурганд зам орчны байдал үзэгдэх орчин хязгаарлагдмал гэж тэмдэглэгдсэн байна. /хх 5, 16/
4.3. Шинжээч Б.Чын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар дүгнэлтэд: “Шороон, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй зам нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн зүйлгүй” гэж дүгнэсэн.
4.4. Гэтэл ШУТИС-ийн механик инженер, тээврийн сургуулийн багш Б, М, Д.Б нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08/210 дугаар техникийн дүгнэлтэд зам орчны нөхцөл байдлын талаар тусгаагүй, ослын шалтгааныг тогтооход зам орчны нөхцөл байдал нөлөөлөх эсэх талаар мөрдөгч шинжээчээс асууж тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
4.5. Ямар замыг үзэгдэх орчин чөлөөтэй, ямар тохиолдолд үзэгдэх орчин хязгаарлагдсан гэж үзэх тухайн зам тээврийн осол болсон зам нь үзэгдэх орчин чөлөөтэй, эсхүл үзэгдэх орчин хязгаарлагдсан замын аль нь болох, тухайн замаар зорчин явсан тээврийн хэрэгслийн жолооч нар өөдөөс эсрэг урсгалд яваа тээврийн хэрэгслийг ямар зайнаас харах боломжтой байсан, зам орчны нөхцөл байдал осолд нөлөөлсөн эсэх зэрэг нь хэргийг үндэслэлтэй, бодитой шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохоор байх бөгөөд эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
4.6. Харин шинжээч Б.Чын 25 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн учраас дахин дүгнэлт гаргуулсан талаарх прокурор эсэргүүцэлдээ дурдсан нь үндэслэлтэй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарахыг дурдах нь зүйтэй.
4.7. Мөн анхан шатны шүүхийн тухайн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж хийлгэх үндэслэлд хамаарахгүй байх бөгөөд талуудын оролцоотойгоор явуулсан урьдчилан хэлэлцүүлгээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
4.8. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/914 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Д.БАЙГАЛМАА