Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/00559

 

 

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/00559

 

 

 

АТБТТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/03283 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АТБТТ ХХК-ийн хариуцагч Монгэйт ХХК-д холбогдуулан 73 983 150 төгрөг гаргуулах хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантуяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай компани Сэлэнгэ болон Сүхбаатар аймагт хоёр төсөл дээр сонгогдсон. Манай ажилчид 2015 оны  06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймагт очсон. Хариуцагч талаас н.Доржсамба, н.Бат-Эрдэнэ гэсэн 2 инженерийг явуулсан.  Манай компанийн зүгээс ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэхээр төлөвлөгөө гаргаж,  хамгийн сайн бригадуудаа авч явсан. 8 030 м.куб талбайг бетоноор цутгахад өртөг нь тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцоход 5-10 см өргөнтэй, 1 м.кв цемент цутгах ажил 10 000-12 000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Гараар цементээ зуурч хийхэд өндөр үнэтэй байсан учраас бригадын даргатай нь ярьж байгаад хоёр бригадын дарга нарт өдрийн 70 000 төгрөг, туслах ажилчдад өдрийн 30 000-35 000 төгрөг, цахилгаанчин зэрэг бусад ажилд 40 000 төгрөг болон хоол, унаа, хэрэглээний мөнгө өгнө гэж тооцсон. Нийт төсөв нь 70 000 000 төгрөг болох бөгөөд 30 гаруй хоногийн хугацаанд дээрх цалинг өгч ажиллуулахад хэдэн төгрөгийн ашиг олохыг тооцоолсон. Ингээд н.Цогтбалын бригад нь бетон цутгалт хийх, н.Баярсайханы  бригад хашаа барихаар ажлаа хуваарилсан. Бид хашааг 14 хоногийн дотор барихаар төлөвлөж, бетон цутгалтын ажлыг 25 хоногт багтаана гэж тооцоолсон. Гэрээ байгуулах үед Б.Алтанзул захирал хөл бөмбөгийн талбай 2014 оны төсөл, цаг агаарын байдлаас болж удааширсан та нар очиход бүх зүйл бэлэн ямар ч асуудалгүй бетоноо цутгаад явах боломжтой. Ажлын зургийн дагуу ямар ч алдаа байхгүй гэж хэлсэн. Манай компани Сүхбаатар аймагт очоод ажилтай танилцаж, 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэмжээ тавьсан. Тухайн үед хариуцагчаас явуулсан 2 инженер болон Б.Алтанзул захиралд бүх ажлыг танилцуулж ярьж хэмжээ тавьсан. Талбайн хэмжээ алдаатай гэдэг нь тогтоогдож, хашаагаа хэрхэн барих, бетоноо хаанаас нь цутгах талаар ярилцах зүйл гарсан. Энэ хугацаанд бүх ажилчид хашаа барих ажилд орсон. Бетон цутгах гэхээр газрын хэмжээ алдаатай бөгөөд хайрга байхгүй байсан. Хашааны шонгийн хэв хашмалд шаардлагатай хар өнгөтэй паннер мод Сүхбаатар аймагт байгаагүй учраас  Б.Алтанзул захиралд захиж 10 гаруй хоногийн дараа  хотоос ирсэн. Ингэхдээ бидний захисан хэмжээнээс 50 хувь нь дутуу ирсэн. 420 мм хашааны шон тус бүрт хэв хашмал хийх ёстой байдаг. Хэв хашмал нь хатах хүртлээ хамгийн багадаа 7 хонох ёстой. Гэтэл ажил маань төлөвлөсөн хугацаанаасаа хэтэрч эхэлсэн. Бетон цутгах ажил дээр хүмүүсийн байр суурь хуваагдсан. Газар нь тэгш бус баруун урд талруугаа налуу хэвгий байрлалтай байсан. Бетон хийхийн тулд өмнөх явган хүний замаас өөр дахин зам байх шаардлагатай байсан. Бид нарыг очиход явган хүний зам, ус зайлуулах хоолой зэргийг хийсэн байсан. Дотор талын явган хүний зам нь тэгш бус алдаатай байсан учраас  миний хувьд бүх зүйлийг зургийн дагуу хий гэсэн чиглэл өгсөн. Зургийн дагуу ажлаа хийж байгаад 06 дугаар сарын 22-ны өдөр хашаа босгож дуусаад шонгоо хооронд нь тороор холбоход зориулалтын япон шат нь байгаагүй. н.Наранхуягтай явган хүний зам болон хөл бөмбөгийн талбайн хэмжээ алдаатай талаар ярилцахад талбайгаа барь, бид нар өөрсдөө асуудлаа шийднэ гэж хэлсэн.  Бетон цутгалт тэгш бус байсан. Тухайн үед барьж ажилласан зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх гэхээр нотлох баримтын шаардлага хангаагүй. Хашааны хойд, урд талын шон нь 6 метрийн өндөртэй, голын шон 4 метрийн өндөртэй. Хашааны шонгийн суурийг 30 см-ийн гүнд суулгана гэж байсныг 60 см гүнд суулгахаар болсон. н.Мягмардорж болон Хятад инженерүүдтэй ярилцахад 10 диаметртэй, 6 метрийн өндөртэй шонг суулгахад суурь бат бөх байх ёстой гэсэн онолын зүйл ярьсан. Бид нарт ирсэн зургийн дагуу хашааны шон 30 см-ийн гүнд 4 боолтоор 20 см-ийн гүнд бэхлэгдэхээр байсан. Б.Алтанзул захиралтай ярихад дахин мөнгө санхүүжилт гаргаж өгөхөөр болж нүхийг доошоо 1 метрийн гүн ухаад 50 см гүнд суулгахаар төмөр залгаж гагнасан. Гэтэл залгаж гагнах турбо олдоогүй, сүүлд нь 1 кг төмрийг 2, 3 төгрөгөөр авсан. 700 000-800 000 гаруй төгрөгийн төмрийг 400 000- 500 000 төгрөгөөр авсан. Ингээд хашаа дээр нэмэлт ажил хийсэн. Хашааны шон дээр тор боолтыг гаднаас болон дотроос нь боох заавартай. Гэтэл хөл бөмбөгийн нарийн бичгийн дарга хүүхдүүд 200 ам.долларын бөмбөг өшиглөдөг. Бөмбөгөө боолт дээр цохиод хагалчихна, боолтоо эргүүлээд өгөөч гэж гуйсан. Бид нар ажил дууссаны дараа хийж өгье гэсэн. 0.5 хайрга дэвсээд хийхээр зардал их гарахаар байсан учраас ярьж байгаад уулын хайрга авч ирж дэвсээд цутгахаар болсон. 0.5 хайрга хүрэхгүй байсан. Анхнаасаа хайрга байгаагүй гэж хэлэхгүй. Явган хүний зам цутгах ажилд бас хайрга орсон. Цемент нь  бас хүрэлцээгүй байсан. Шон бүрт хайрга цемент орсон. 07 дугаар сарын 05-ны өдөр  хайрга, цемент байхгүй цэргийн анги орсон. 7-8 өдөр  ажилгүй зогссон. 07 дугаар сарын 09-нд 100 тн цемент буусан.  Хашаа барихад өмнө барьсан байсан замын гадуур хашаа явах ёстой байтал энэ хэмжээ нь зөрсөн. Машинаар хайрга зөөж баруун урд талын хэсэг нь налуу байсан учраас гүн ухаж байгаад суурь хийсэн. Бидний цалинг Б.Алтанзул захирал 100 хувь хариуцаж байсан. Биднийг хотод ирсний дараа Б.Алтанзул захирал дуудаж уулзаад та нар дахиад яваад өгөөч мөнгө төгрөгийг нь одоо хоцроохгүйгээр өгнө гэсэн. Бид хийсэн ажилчдын цалингаа авъя гэхэд цалин өгнө. н.Мягмардорж, та хоёрыг гомдоохгүй бонус өгнө. Ажлаа дуусгаад ирэхээр нь өгье одоо ахад нь мөнгө байхгүй байна гэсэн. 07 дугаар сарын 15-нд Сүхбаатар аймагт очсон. Ажлаа эхэлж, гэрээний дагуу материалыг Монгэйт ХХК олж ирсэн. Заримыг нь замын наад талын бохир хайрга авч ирж асгаж байгаад тэгшилсэн. Газрыг тэгшлэхэд маш их хүч хөдөлмөр орсон. Сүхбаатар аймгаас туслах ажилчдыг өдрийн 20 000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулсан. Хоёр 10 жилийн хүүхдийг өвөөгийнх нь гуйлтаар ажиллуулж 500 000 төгрөг өгсөн. н.Наранхуяг нь зарим үед том машин, индүүгээр тусалж байсан боловч бүгдийг нь индүүдэж тэгшлээгүй. Нийт тэгшлэх ажлын 80-90 хувийг гараар хийсэн. 100 тонн цементдээ багтаах зорилгоор бүгдийг нь гараар дэвхрэгээр тэгшилж янзалсан. 08 дугаар сарын 20 гараад хүүхдийн хичээл сургуулийн төлбөр төлөх үед ажилчид бөөн хэл ам гаргасан. Б.Алтанзул захирал руу ярихад мөнгөгүй байна та нар аргалаад өгөөч гэсэн. н.Мягмардоржийн байрыг 20 000 000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг нь ажилчиддаа цалин гэж тарааж өгсөн. Сүхбаатар аймгийн 10 гаруй залуучууд ажилласан боловч тэдэнд юу ч өгөөгүй. 09 дүгээр сарын 15-ны өдөр ажил дуусч буцахаар болсон. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөл бөмбөгийн холбооноос хүмүүс ирж уулзсан. Бетоны бэхжилт 60-70 хоног явагддаг. Гүйцэт бэхэжсэний дараа зүлгийг наахгүй бол амархан сална тиймээс хатсан үед нь наахыг хүссэн. Дараа нь ус зайлуулах хоолойг зургийн дагуу хийж өгөх шаардлагуудыг тавьсан. Хоолой байрлуулах талаар газраа тэгшилчихээд 3 давхарга хийнэ. Тэгээд бүдүүн хоолой тавьж цутгаад тэгшилнэ. 10, 20-ын хайрга дэвсдэг. Тэгээд сүүлд нь зүлгээ наах ёстой байтал энэ ажил хийгдээгүй байна гэж ярьсан. Бид нарын ажил зогсоод н.Мягмардоржийн байрыг буцааж авах болоход Б.Алтанзул захирал мөнгө өгсөн. Мөнгийг бэлнээр болон н.Мягмардоржийн данс руу хийж байсан. Бид Ачит гялбах ХХК-д 4 000 000- 5 000 000 төгрөгийн ажил хийж өгсөн. Энэ  мөнгийг аваад ажилчддаа цалинг нь буулгачих гэж Б.Алтанзул захирал хэлсэн. Гэтэл уг мөнгийг өгөөгүй. Ингээд Б.Алтанзул захиралд хэлж байгаад өөрийнхөө хашаа байшинг барьцаанд тавьж ажилчдынхаа цалинг нь буулгасан. Ачит гялбах ХХК нь 4, 5 сарын хугацаанд 100 000-500 000 төгрөгөөр цувуулж өгсөн. Баянгол дүүргийн эвлэрүүлэн зуучлалд очоод тохиролцож чадаагүй. Б.Алтанзул захирал 70 000 000 гаруй төгрөг төлсөн гэж тайлбарладаг. Миний тооцоогоор 58 000 000 гаруй төгрөг авсан. 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд олимп цогцолборын хөл бөмбөгийн талбайн 420 м хашаа угсрах, 8 030 м.куб хиймэл ширэг суулгах, 6 ширхэг гэрэлтүүлэг хийх, 320 хүний суудал угсрах ажлыг хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манайх ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хүртэл нийт 33 хоногийн дотор гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч хөл бөмбөгийн талбай барихад зайлшгүй шаардагдах бараа материал, хангамж нь байгаагүйгээс болж төлөвлөсөн ажлаа хугацаандаа дуусгаж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Хөл бөмбөгийн талбайг тойруулж  420 м хашаа угсрах ажилд шаардлагатай төмөр шонгоос 1 м богино шон ирсэн. Дахин нэмэлтээр төмөр олж  гагнах ажил хийсэн. Бетон цутгахад бэлэн гэж байсан ажлын талбай тэгш биш байснаас нэхэмжлэгч 1 290 м.куб хайрга дэвсэх нэмэлт ажил хийж бетон цутгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний компаниар дүгнэлт гаргуулахад 1 290 м.куб гэсэн хэмжээ гарсан. 2015 оны ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохирсон хөлсөө авсан. Харин нэмэлтээр хийсэн ажлын хөлсөө аваагүй. Хариуцагч Монгэйт ХХК-аас  компанид учирсан хохирол 15 000 000 төгрөг нь, алданги 2 890 500 төгрөг, нэмэлт ажлын хөлс 48 890 000 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлс 7 000 000 төгрөг гаргуулна гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгч компани байсан. Анх Ачит гялбах ХХК-тай ерөнхий гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан. АТБТТ ХХК-тай уулзаад Ачит гялбах ХХК-тай хамтарч үйл ажиллагаагаа явуулаарай санхүүжилтийг манай компаниас өгнө гэсэн. АТБТТ ХХК-ийг 3 сар 90 хоног ажиллуулна гэж хэлэхэд хариуцагч тухайн газрыг өмнө очоод үзчихсэн, объемоо мэдэж байгаа  гэсэн ойлголт авсан. Урьдчилгаа мөнгийг наадмаас өмнө өгсөн. Шаардсан мөнгийг нь цаг тухайд нь өгсөн. н.Наранхуяг бол талбай дээр нь хяналт тавьж байсан. Гэрээний дагуу ажлаа хийсэн учраас цалин мөнгийг нь өгөөд явсан. 09 дүгээр сар гарахад илүү ажил хийсний төлбөр нэхсэн. Би тийм зүйл мэдэхгүй. н.Наранхуягтайгаа уулзаад учраа олно биз гэж хэлсэн. Гэрээний дагуу төлбөрийг Монгэйт ХХК өгнө. Нэмэлт ажлаа Ачит гялбах ХХК-тай ярилцаарай гэж хэлж байсан. Нэхэмжлэгч ажлыг 60 хувийн гүйцэтгэлтэй орхисон байсан. Дахин 09 дүгээр сарын 15-ны өдрөөс зохих байгууллагаар дүн шинжилгээ хийлгэхэд 65 хувьтай ажил хийсэн байсан.   Тухайн ажлыг 100 хувь гүйцэтгэсэнтэй ижил хэмжээний зардал болох 71 000 000- 72 000 000 төгрөг өгсөн.  Эвлэрүүлэн зуучлал дээр улсын төсвөөс мөнгө авах юм чинь та нар сэтгэл санаа дундуур байгаа бол хэдэн төгрөг өгнө гэдгээ хэлсэн. Улсын төсвөөс санхүүжилтийн 60 хувиас өөр мөнгө орж ирэхгүй байна. н.Батдэлгэр, н.Мягмардорж  нар 25 000 000 төгрөг өгөхөд болно гэсэн. Гэтэл н.Алтантуяа, н.Наранхуяг нар 25 000 000 төгрөг өгөх боломжгүй. Ажлаа 100 хувь дуусгаагүй байхад нь бид нар хөлсийг 100 хувь өгчихсөн. Нэмэлтээр 70, 80 машин шороо авч ирэх хэрэгцээ байхгүй. Тийм үүрэг ч өгөөгүй. Тодорхой хэмжээний орхигдуулсан зүйл гээд 5, 6 машин шороо орсон байх ёстой. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх:    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2-т заасныг баримтлан хариуцагч Монгэйт ХХК-аас 37 260 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АТБТТ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36 723 150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч АТБТТ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Монгэйт ХХК-аас 344 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Алтанзулын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй, өмгөөлөгч С.Оюунцэцэг хуульчийн кредит цагийн сургалтанд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хамрагдаж байгаа талаар баримт өгч шүүх хурлыг хойшлуулах, шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан байхад шүүх ямар шалтгааны улмаас хүлээж аваагүй талаар огт дурьдаагүй. Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа авч шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох эрхийг маань хууль бусаар хязгаарлан Иргэний хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх боломж олгоогүйд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгч Б.Азбаярыг уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзэж шүүгчээс татгалзах хүсэлтийг 3 удаа гаргасан боловч хүлээх авах эсэхийг шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шүүгчийн захирамж гаргаагүй, ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлээгүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгч АТБТТ ХХК нь бетон цутгалтын гадарганд зүсэлт хийхгүй дутуу орхисон, гадна хашааны угсралтыг дутуу буюу 60 хувьтай гүйцэтгэн орхин явсан бөгөөд гэрээнд тохиролцсон хиймэл ширэг 8 030 м.кв талбайд суулгах, талбайн гэрэлтүүлэг 6 ширхэг, 320 хүний суудал угсралтын ажлуудыг огт хийгээгүй, гэрээний 3.5, 3.6 дахь заасан 21 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй. Монгэйт ХХК нь АТБТТ ХХК-д 79 773 260 төгрөг төлсөн нь нотлогдож байхад шүүх 60 781 360 төгрөг төлсөн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч гэрээгээр хийхээр тохирсон хоёр ажлаа хагас дутуу, хоёр ажлаа огт хийгээгүй орхиод явсан байхад нийт ажлыг хийж гүйцэтгэсэн үед төлөхөөр тохирсон 70 000 000 төгрөгөөс илүү төлсөн нь нотлогдсоор байхад шүүх нэмэлт ажил хийсэн гэж дүгнэн 37 260 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч хайрга тэгшлэх, нягтруулах ажлын хөлсийг 30 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь зах зээлийн ханшаас илүү биш тул 1 290.63 м.куб талбайд хийсэн ажлын хөлс Сод Сортоо ХХК-ийн АТБТТ ХХК-ийг 1 290.36 м.куб эзэлхүүнд гараар хайрга тэгшилж нягтруулсан гэх дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Уг дүгнэлтээр 1 290.63 м.куб эзэлхүүнд хэдэн машин хайрга шороо, хаанаас ямар тээврийн хэрэгслээр хэдэн удаа тээвэрлэсэн, шороо хайрганы үнийг хэн, хэрхэн төлсөн, 8 030 м.кв газрын аль хэсэгт буюу ямар газарт гараар тараасан, техник хэрэгсэл ашиглахгүй, хэдэн хоногт хийсэн зэрэг нь нотлогдохгүй байхад бодит байдалд илтэд нийцэхгүй хуурамч дүгнэлт гаргасан. Хариуцагч нь Сод Сортоо ХХК-ийн гаргасан тайлан, Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн дүгнэлтийг зөвшөөрөөгүй тул 2014 онд хийж гүйцэтгэсэн газар шорооны ажлын гүйцэтгэл, санхүүжилт зэрэгт үнэлэлт өгөхөөр шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлт гаргасан. Шүүх Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон боловч Шинжээчдийн баг бүрэлдээгүй гэх үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан. Иймд хариуцагч Монгэйт ХХК-аас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргахад шүүх шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна гэсэн шалтгаанаар хүсэлтийг шийдээгүйд гомдолтой байна. Шүүгч хариуцагчийн хүсэлтийг шийдээгүй талаар захирамж гаргаагүй атлаа Сод Сортоо ХХК-ийн илтэд хууль бус, хуурамч дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас анх 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн захирамжаар Баян Модот ХХК-ийг шинжээчээр томилсон. Гэтэл Баян Модот ХХК ... дүгнэлт гаргах боломжгүй гэсэн. Дараа нь нэхэмжлэгч талын хүсэлтээр Бэсгэ ХХК-ийг томилсон боловч ... шинжээчийн ажлаас татгалзсан хариу ирүүлсэн. Барилгын төсөвчдийн холбоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтаар шинжилгээний обьект болох барилга байгууламжийн зураг төсөв шаардлага хангахгүй эдгээр ажлууд нь төсвийн үнэлгээ гаргах зураг төсөлгүй, төсвийн үнэлгээгээр тооцох боломжгүй. Иймд шинжээчээс татгалзсан. Гэтэл эдгээр шинжээчдийн татгалзсан үндэслэл хэвээр байхад Сод Сортоо ХХК юунд үндэслэн дүгнэлт гаргасан нь тогтоогдоогүй байна. Сод Сортоо ХХК нь гадаад худалдаа, авто машины худалдаа, аялал жуулчлал, хүнсний дэлгүүр, цайны газар, бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг нэг гишүүнтэй компани бөгөөд Барилга Хот Байгуулалтын Яамнаас геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан байдаг. Талбайг өрөмдөж, цемент хайрга дайргын хэмжээг нарийвчлан хэмжээгүй атлаа ямар аргачлалаар бетон 0.07 м, хайрга 0.25 м, хайрга 0.165 м, дайрга 0.08 м гэж үеийг тодорхойлсон нь тогтоогдохгүй байна. Нягтаршсан хайрга дайргыг яаж мэдээд 0.165 м , 0.25 м хайрга гэж дундуур нь хуваав. Дор нь байгаа 0.165 м хайргыг хариуцагч хийсэн байх, дээр нь хийгдсэн 0.25 м хайргыг нэхэмжлэгч хийх байтал доод талын 0.165 м хайргыг нэхэмжлэгч АТБТТ ХХК хийсэн мэтээр тодорхойлсон нь илтэд худал дүгнэлт гэдгийг анхаарч үзнэ үү. Сод Сортоо ХХК нь нийт 7 822 м.кв хайрга, 0.165 м зузаан, 1290.63 м.куб нягтруулсан гэж дүгнэсэн байх тул нэг машин 18 м.куб багтаамжтай ачдаг гэж тооцоход 72-90 машин хайрга тээвэрлэж хөл бөмбөгийн талбайд тарааж гараар нягтруулсан байх тооцоо гардаг. 1 машин хайргыг 450 000 төгрөгөөр авч байсан тул 72 машин авсан гэж үзвэл 32 400 000 төгрөг, сийрэг ачигдан 90 машин хайрга авсан гэвэл 40 500 000 төгрөгийн хайрга гараар нягтруулж ажилласан. Үүнээс 32 000 000-40 000 000 төгрөгийг хэн гаргасан, ямар машинаар, хэдэн удаа хайрга тээвэрлэсэн, хэдэн хүн, хэдэн өдөр энэ их хэмжээний хайргыг техник огт ашиглалгүй гараараа тарааж нягтруулав гэдэг нь нотлогдоогүй, хийх боломжгүй ажил болох нь илтэд тодорхой байхад шүүх гараар нягтруулсан гэж үзсэнийг ойлгохгүй байна. Тухайн үед манай компани бүх материалын зардлыг гэрээний дагуу хариуцан гаргаж хайргыг худалдан авч өгсөн. Нэхэмжлэгч талаас хайрганы зардал гараагүй тул нэмэлт ажил хийгдсэн байх боломжгүй, хуурамч дүгнэлт гэж үзэж байна. Ачит гялбах ХХК-ийн АТБТТ ХХК -ийн байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 25- ны өдрийн 15/Г дугаартай хамтын ажиллагааны гэрээний 2.4-т ажлын нийт үнийн дүн 70 000 000 төгрөг, 3.2-3.6 дахь заалтад 70 000 000 төгрөгийг ажлын гүйцэтгэлтэй уялдуулан зургаан удаа тасалж өгөхөөр талууд тохиролцсон байдаг тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тодорхойлсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгч байгаагүй. Монгэйт ХХК-тай байгуулсан гэрээнд нэмэлт ажил хийх зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон. Зөвхөн захиалагчийн хүсэлтээр нэмэлт ажил хийх, ажлын хэмжээ, үнийг талууд урьдчилан тохиролцож гэрээгээр хийх байсан. Гэтэл нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь хариуцагч болох захиалагч талтай тохиролцоогүй буюу хийх ажлын хэмжээ, үнийн дүнг тогтоолгүйгээр нэмэлт ажил хийсэн байх үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний Хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасан ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон талаар Монгэйт ХХК-д нэн даруй мэдэгдэх үүргээ огт биелүүлээгүй. Энэ нь АТБТТ ХХК-аас Ачит Гялбах ХХК болон Монгэйт ХХК-д гэрээт ажлын гүйцэтгэл төлбөрийн тухай гэх 2015 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн 5/0919 албан тоотоор нотлогддог. Иргэний Хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмэлт ажил хийсэн гэж үзэхээс, нэмэлт ажил хийсэн гэх гэрчийн мэдүүлгийг үнэлсэн шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлохоор өгсөн баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлэлгүй, шийдвэрт дурдаагүйд гомдолтой байна. Автогрейдэр түрээслэх тухай гэрээнд авто замын Р\/-165Е маркын автогрейдэрийг нэг цагт 80 000 төгрөгөөр түрээсэлсэн, газрын хэмжилт дурангаар хийж буй 2014 оны фото зураг, авто замын гарц хийсэн зураг, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн налуу 0.05 хувь гаргасан, тэгшилгээ хийж буй 2014 оны фото зургууд, Монгэйт ХХК дансанд хөл бөмбөгийн талбайн санхүүжилтаар 2015 оын 03 дугаар сарын 26-ны өдрийн 100 000 000, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 200 000 000, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 100 000 000 төгрөг шилжүүлсэн баримт, Б.Наранхуяг болон Монгэйт ХХК-ийн хооронд 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хийсэн ажил гүйцэтгэх гэрээ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум хөл бөмбөгийн талбай байгуулах ажлын төсөвт өртөг 599 862 350 төгрөг, улаан шугамыг шалгаж тэг тэнхлэг тавьсан акт, Шаргын зам ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр нэг ширхэг ковш, нэг ширхэг хово машин 15 000 000 төгрөгөөр 20 хоног түрээсэлсэн, Синчи Ойл ХХК-аас 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 118 879 600 төгрөгт шатахуун авсан зургаан ширхэг баримт зэргээр Монгэйт ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 4 сар зургаан техник ашиглан хөл бөмбөгийн талбайг 599 862 350 төгрөгийн төсөвт өртөгтэй тэгшлэн цемент цутгахад бэлэн болгосон. 2014 оны 10 дугаар сард талбайг тэгшилж дууссан үеийн фото зураг, агаараас авсан зураг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний үзлэг, 2013 оны 07 дугаар сарын 16-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зургийг татаж хавсаргасан баримтуудаар талбай тэгш байсан нь нотлогддог. Эдгээр нотлох баримтууд нь 2014 онд газар шорооны ажил хийгдэж дуусаад цемент цутгахад бэлэн болсныг нотлодог атал шүүх огт үнэлж дүгнэхгүй орхигдуулсанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5 дахь хэсэгт заасан гүйцэтгэгчийн гаргах шаардлагад хамаарахгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч АТБТТ ХХК нь хариуцагч Монгэйт ХХК-д холбогдуулан хохирол 15 000 000 төгрөг, алданги 2 890 500 төгрөг, нэмэлт ажлын хөлс 48 890 000 төгрөг, хууль зүйн үйлчилгээний зардал 7 000 000 төгрөг, нийт 73 983 150 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч АТБТТ ХХК нь Ачит гялбах ХХК-тай Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олимп хөл бөмбөгийн талбайн гадна хашааны угсралт 420 м.кв, бетон цутгалт 8 030 м.кв, хиймэл ширэг суулгах 8 030 м.кв, талбайн гэрэлтүүлэг 6 ширхэг, 320 хүний суудал угсралтын ажлыг 70 000 000 төгрөгөөр, 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгүүлэх тухай хамтын ажиллагааны гэрээг, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Монгэйт ХХК-тай Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны паркийн хөл бөмбөгийн талбай байгуулах ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь төлбөр төлөх, гэрээнд заасан ажлуудыг гүйцэтгэсний дараа ажлын акт техникийн бичиг баримтыг харилцан баталгаажуулан хүлээлцэх тухай ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь хашаа угсрахад нэмэлт төмөр залгаж гагнасан, ажлын талбай тэгш бус байснаас 1 290 м.куб хайрга дэвсэн, тэгшилгээ хийж, тараан байршуулах, нягтруулах, бетон цутгах ажлыг нэмэлтээр хийсэн гэж ажлын хөлс 48 890 000 төгрөг нэхэмжилсэн бол хариуцагч нэмэлт ажлын талаар гэрээнд заалт байхгүй, нэмэлтээр ажил хийх үүрэг өгөөгүй, нэхэмжлэгч ажлаа дуусгаагүй орхиод явсан гэж үгүйсгэдэг.

Гэрээний 5.1.3-т гэрээт ажлын явцад захиалагчийн хүсэлтээр гэрээнд заагдаагүй нэмэлт ажил гарсан тохиолдолд ажлын хэмжээ, үнийн дүнг харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулснаар гүйцэтгэж болохоор талууд тохиролцсон байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 37 дугаар зүйлийн 37.1.19, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаас үзэхэд гэрээний зүйл болох барилгын ажлыг тодорхой зураг төслийн үндсэн дээр захиалагчийн хяналтанд гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлийг зургаар баримтжуулж ил, далд ажлын актаар баталгаажуулан тэмдэглэл хөтлөх журмаар гүйцэтгэдэг байх бөгөөд маргааны үйл баримтад ач холбогдол бүхий нотлох баримтууд болох ажлын зураг төсөл, ил далд ажлын актууд, талуудын тооцоо нийлсэн акт зэрэг баримтгүйгээр уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нь ажлын зураг эх хувиар байгаа гэж тайлбарласан болно.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр .., хөл бөмбөгийн талбайд АТБТТ ХХК-ийн нэмэлтээр гүйцэтгэсэн ажил буюу талбайн тэгшилгээ хийсэн ажлын хэмжээг тогтоох, хэдэн м.куб хайргыг хэдэн м.кв талбайд тарааж нягтруулсан болох, шонгийн нэмэлт ажлаар хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг гүйцэтгэсэн, нийт хэдэн төгрөгийн хайрга гараар нягтруулах ажлыг гүйцэтгэсэн, нийт ажлын гүйцэтгэлийн хувь, хэмжээг тогтоолгохоор Баян модот ХХК, Бэсгэ ХХК, Барилгын төсөвчдийн холбоо, Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон боловч шинжээч ..., ажил гүйцэтгэхэд зарцуулсан материалын хэмжээ болон гүйцэтгэсэн ажлаа тодорхойлж өгөөгүй, нэмэлт ажлын талаар гэрээнд тодорхой заагаагүй, дүгнэлт гаргахад шаардлагатай материалуудыг шинжээчид өгөөгүй, шинжилгээний объект болох барилга байгууламжийн зураг төсөв шаардлага хангахгүй, ажлууд нь төсвийн үнэлгээ гаргах зураг төсөлгүй .., гэх үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан байна. /1хх236-240, 2хх1, 158-160, 173, 194, 221-223 , 228, 3хх134-136, 140/

Шинжээчдийн дүгнэлт гаргахаас татгалзсан үндэслэлд шүүх тодорхой дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, маргаан бүхий асуудлаар дүгнэлт гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй хуулийн этгээдийн дүгнэлтийг үндэслэсэн нь буруу болжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4, 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжээчийг шинжилгээ хийх нөхцөлөөр хангах үүрэгтэй, шинжээч нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүсэх эрхтэй. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтийг мэргэжлийн түвшинд, тогтоосон хугацаанд түргэн шуурхай, үнэн зөв гаргах нөхцөлөөр хангаагүй, шинжээчийг дүгнэлтээ хуульд заасан журмын дагуу гаргуулах талаас нь зохих арга хэмжээг аваагүй байх тул шүүгчийн захирамжийн биелэлт хангагдах боломжгүй байсан гэж үзэхгүй. Түүнчлэн шүүх шинжээчдийг томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг нь тайлбарлан танилцуулж, гарын үсэг зуруулах ажиллагааг хийгээгүй байна.

Хэргийн 2 дугаар хавтасны 195-202, 242-244 дүгээр талд авагдсан Сод сортоо ХХК болон Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн үнэлгээний талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааг дутуу хийсэн, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/03283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

А.МӨНХЗУЛ