Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/79

 

     Н.Өд холбогдох

    эрүүгийн хэргийн  тухай

 

            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, Ерөнхий шүүгч А.Сайнтөгс, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

прокурор: Ц.Цэрэндулам,

шүүгдэгч Н.Ө, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Өд холбогдох 2519000000220 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.*, хэрэг хариуцах чадвартай (РД:*).

2.Шүүгдэгч Н.Ө нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн *ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа байгууллагын орлогоос хувьдаа 15,257,711 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газраас яллагдагч Н.Өы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч Бурд овогт Намсрайжавын Өнөрсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан "М” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа байгууллагын орлогоос хувьдаа 15,257,711 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Н.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/291 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй" гэх заалтыг хүчингүй болгож 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Өыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ял, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/291 дугаар шийтгэх оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өд оногдуулсан 13,000,000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Энэ хэрэгт бусад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 5.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг давж заалдах гомдол, шүүх хуралдаанд тайлбартаа: “...Н.Ө нь "М” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаанд ажиллаж байх хугацаандаа тухайн хэрэгт холбогдсон. Худалдааны төлөөлөгч нь борлуулалтын өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцагч нарт бараа бүтээгдэхүүний танилцуулга хийх, захиалга авах, лангууны өрөлт хураалтыг хариуцах, түгээгч нартай уялдаа холбоотой ажиллах чиг үүрэг бүхий ажил үүргийг гүйцэтгэж байсан.

Гэтэл шүүхээс Н.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлж авсан идэвхтэй үйлдэл бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэртэй байх шинжийг хангадаг бөгөөд Н.Өы худалдааны төлөөлөгч гэх ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа тухайн орлогоос 15,257,711 төгрөгийг завшсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашигласан гэх зүйлчлэлд бус харин тухайн хэргийн үндсэн шинжид хамаарна. Албан тушаалын байдлаа ашигласан гэдгийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн 2021-10-27-ны өдрийн №290 тогтоолд дэлгэрэнгүй тайлбарласан. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр Н.Өд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ө гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа” гэв.

7.Прокурор Ц.Цэрэндулам давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбар, хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Н.Өд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анх шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс хэргийг 28 хоногийн хугацаагаар хойшлуулж, Н.Өд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлтийг дахин үйлдэж яллагдагчид гардуулах талаар прокурорт даалгасан. Шүүгчийн захирамжид заасны дагуу зүйлчлэлийг хүндрүүлж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлтийг дахин үйлдэж, яллах дүгнэлттэй холбоотой материалыг шүүхэд шилжүүлсэн.

Уг шүүгчийн захирамж нь гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйгээр гарсан байсан тул уг захирамжийн дагуу ажиллагаа хийгдсэн. Захирамжид заасан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгч урьдчилан шийдвэр гаргасан байна гэж үзэж байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн ноцтой зөрчилд хамаарна гэж үзэж байгаа.

Улсын Дээд шүүхээс хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэдгийг тайлбарлахдаа 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай тогтоолд 1, 2 дугаар гарын зурах эрх хэмжээ бүхий, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн захиран зарцуулах бүрэн эрхтэй, төлөөлөх, удирдах чиг үүрэг бүхий албан тушаалтан хамааруулж ойлгоно гэж тайлбарласан. Уг тогтоолоос анхан шатны шүүх зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн.

Н.Ө нь “М” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тухайн компанийн бараа бүтэгдэхүүнийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үргэлжилсэн үйлдлээр 15,257,711 төгрөгийг хувьдаа завшиж авсан. Байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан бараа материалыг захиалагч талд хүргэж өгч, улмаас төлбөрийг өөрийн дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй, харин тус гэмт хэргийн үндсэн шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзсэн. Иймээс анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн эсэргүүцэл бичсэн боловч прокурорын байгууллагын туслах ажилтны зүгээс шийтгэх тогтоолыг гардаж авсан прокурорын дардас, шүүхийн байгууллагын шийтгэх тогтоол гардуулан өгсөн баримттай огнооны хувьд зөрүүтэй байдлаар хүлээн авсантай холбоотойгоор эсэргүүцлийг хуулийн хугацаанд хүргүүлж чадаагүй.  

Прокурорын тайлбарт орхигдуулсан байсан зүйлийг нэмж тайлбарлахыг хүсч байна. Н.Өыг өмнө нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Уг тэнссэн шийдвэрийг шүүхээс хорих ялаар сольж шийдвэрлэсэн нь мөн хуулийг буруу хэрэглэж байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт ял оногдуулна гэж заасан байгаа болохоос биш хорих ял оногдуулна гэсэн зохицуулалт байхгүй. Н.Өд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан шийдвэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг байгаа. Уг гэмт хэрэг нь хорих болон хорихоос өөр төрлийн ялтай. Тэгэхээр заавал хорих ялтай дүйцүүлэн сольж байгаа нь Улсын дээд шүүхийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 130 дугаар тогтоолтой зөрчилдөж байгаа учраас түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Энд хүүхдийн эрхийн асуудал мөн хөндөгдөөд байгаа. Н.Ө ам бүл гурвуулаа байдаг. Хоёр хүүхдийг одоо болтол харах хүнгүй, хэдийгээр аав нь байдаг ч хүүхдүүдээ хардаггүй. Тиймээс түүнд заавал хорих ял оногдуулах нь хэр зохимжтой вэ гэж үзэн, түүнд хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэн дээрх тайлбарыг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Иймд шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно.

4.Хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь хянан үзвэл, шүүгдэгч Н.Ө нь "М” ХХК-тай хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллаж, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 12 удаагийн үйлдлээр нийт 16,532,166 төгрөгийг “ХААН банк” ХК дахь өөрийн эзэмшлийн * дугаартай дансаар шилжүүлэн авсан, үүнээс 1,274,455 төгрөгийг сайн дураар төлсөн үйл баримт болсон.

5.Энэ үйл баримтад холбогдуулан:

5.1.Дорноговь аймгийн прокурорын газраас 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 193 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, яллагдагч Н.Өыг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн *ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа байгууллагын орлогоос хувьдаа 15,257,711 төгрөгийг завшсан нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож,

Яллагдагч Н.Өтай “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд биелүүлэх үүрэг хүлээлгэхээр ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

5.2.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “шүүгдэгч Н.Ө нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, түүний холбогдсон гэх гэмт хэрэг тэнссэн хугацаанд хамаарч байгаа тул тухайн гэмт хэрэгт ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох эсэхийг шалгах шаардлагатай үндэслэлээр ердийн журмаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт нийцсэн байна.

Тодруулбал, прокурор яллагдагч Н.Өы холбогдсон эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, түүнд ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагчид танилцуулан, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн хуулийн 5.11-д заасан “Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял нэгтгэснээр яллагдагчийн нийт эдлэх ялын төрөл, хэмжээ”-г тусгаагүй нь буруу болсон.

5.3.Анхан шатны шүүх 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдлыг тодруулж, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрт прокурор эсэргүүцэл бичээгүй байх ба хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх үндэслэл болох нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийлгүйгээр зөвхөн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, Н.Өнөржаргалаас яллагдагчаар мэдүүлэг авч, яллагдагч Н.Өыг үргэлжилсэн үйлдлээр ...байгууллагын орлогоос хувьдаа 15,257,711 төгрөгийг завшсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр тогтоосон прокурорын 193А дугаартай яллах дүгнэлтэд Н.Өы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг журамлаагүй нь түүний нэг удаагийн үйлдэл, эсхүл үргэлжилсэн үйлдлийн аль нь болох нь ойлгомжгүй болсон./хх-132-137/

5.4.Шүүгдэгч Н.Өы өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн ялын тооцоог гаргуулж ирүүлэхийг даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулсан 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжийн дагуу Дорноговь аймгийн прокурорын газраас шүүхээс шаардсан ялын тооцоо хүргүүлэх тухай албан тоотыг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн прокурорын 193Б дугаартай яллах дүгнэлтийн хамт шүүхэд ирүүлсэн байна. /хх-146-154/

Уг яллах дүгнэлтийн ТОГТООХ нь хэсэгт “Яллагдагч Н.Ө нь ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан” гэж нэмэлт оруулсан байх боловч яллах дүгнэлт гардуулан өгсөн тухай 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон тэмдэглэлд “2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн 193Б дугаартай 4 хуудас яллах дүгнэлтийг ... Н.Өд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14:20 цагт гардуулав” гэснийг шүүх мөн өдрийн 14:22 цагт хүлээн авсан байна.

Прокурорын 193Б дугаартай яллах дүгнэлтийг үйлдсэн гэх цаг хугацаанаас өмнө уг яллах дүгнэлтийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл үйлдэгдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн, яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулан өгсөн гэж үзэхээргүй болжээ. /хх-154/

6.Анхан шатны шүүх Дорноговь аймгийн прокурорын газрын 193, 193А, 193Б дугаартай яллах дүгнэлтүүдтэй эрүүгийн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Өнөржаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолыг хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

7.Шүүхээс хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  ял өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах” гэсэн шийдвэр гаргаж, прокурорын яллах дүгнэлтийг өөрчлүүлж, шүүгдэгч Н.Өыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь буруу болсон.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол...  шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна”, 6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол ...шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангаж, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасныг буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөн сонсгохыг зааж,  шүүгдэгч Н.Өы үйлдлийг хүндрүүлэх тухай нотлох баримт хэрэгт авагдсан эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан нь мөн хуулийг зөрчсөн гэх үндэслэл болсон.

Иймд анхан шатны шүүхийг шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

8.Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийг бусад төрлийн хуулиар тогтоож болно” гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үйлдэж буй яллах дүгнэлт нь прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрт хамаарна.

Яллах дүгнэлт нь яллагдагчийн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлоход “тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээ”-г тодорхойлдог хууль зүйн баримт бичиг болохын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан тусгай шаардлагуудыг хангаснаар хууль ёсны болно.

Хэрэгт авагдсан 193, 193А, 193Б гэсэн яллах дүгнэлтүүдэд “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, учруулсан хохирлыг” хэрэгт авагдсан баримтаас өөрөөр дүгнэсэн.

Тухайлбал, яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт: “Яллагдагч Н.Ө нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хооронд” гэж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг хөдөлмөрийн гэрээний хугацаагаар тооцсон нь мөнгөн хөрөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан хугацаатай тохирохгүй, мөн учруулсан хохирлыг “15,257,711 төгрөг” гэж тогтоосон нь Н.Өы бодитоор өөрийн данс руу шилжүүлэн авсан мөнгөн дүнгээс зөрүүтэй” болсон;

-193, 193А дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч Н.Өы биеийн байцаалтыг урьд “ял шийтгэлгүй” гэж тодорхойлсны улмаас яллах дүгнэлт үйлдэхдээ ялын тооцоог хийгээгүй, яллах дүгнэлтийн хавсралтад энэ талаар тусгаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаанд яллах тал болж мэтгэлцэгчийн хувьд яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулахдаа яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах болсон хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг бэхжүүлж цуглуулах, тодруулах ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүйгээр “хэлбэрийн төдий” өөр хоорондоо зөрүүтэй хэд хэдэн хүчин төгөлдөр яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхээр шийдвэрлүүлж байгааг зөвтгөх боломжгүй бөгөөд энэ алдааг шүүхийн шатанд залруулах боломжгүй байна.

9.Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн "...зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү..." гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Н.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2., 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БОЛОРМАА

       ШҮҮГЧИД                                  А.САЙНТӨГС

Д.МӨНХБҮРЭН