Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 650

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг 

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Б.Э,

хохирогч Ч.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Б овгийн Б. Э-д холбогдох эрүүгийн 1811020070702 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б.Э, 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  Ховд аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхэд нарын хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 15 дугаар гудамж, 764 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамж, 352 тоотод Ч.Чинзоригийг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Ч.Чинзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би болсон явдлыг сайн санахгүй байгаа. Хамар ясны хугарал эмчлүүлэхэд 660.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй байхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ч.Чинзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Нямка, Э бид гурав гудамжныхаа айлд нэг шил архи хувааж уучхаад Буянхишигтэй тааралдаад нэг шил архи авахуулаад тэрийгээ уучхаад Э-тэй маргалдсан. Намайг мөргөж цохисон байх би согтуу байсан болохоор сайн санахгүй байна...” гэжээ /хх-5-6х/.

Гэрч С.Буяндэлгэр мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 8-ны өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад явж байгаад дугуй шаттай дэлгүүрийн гадаа Чинзориг, Э, Нямка гуравтай тааралдаад Э ах ганц юм аваад өгчхөөч ах нь үхлээ гээд байхаар нь би картаа өгөөд та энэ картаар ороод авчих гэж хэлсэн. Намайг тэд нартай тааралдахад Чинзоригийн гар зүсэгдсэн, футболк нь жоохон урагдсан байсан. Тэгээд би гараа яасан юм бэ гэж асуухад төмөрт авчихсан юм гэж хэлсэн. Тэгээд архийг Чинзориг, Э, Нямка бид дөрөв ууж байхад Чинзориг, Э  хоёр хоорондоо маргалдаад Э Чинзоригийг зохихоор нь би салгасан. Тэгээд Чинзоригийн фудболк тэр чигтэй урагдчихаар нь наадахаараа гараа боо гэж хэлсэн. Тэгээд Чинзориг гарч явчхаад буцаж орж ирээд би жаахан унтаж байгаад явъя гэж хэлэхээр нь би тал архиа үлдээгээд бүтэн шилтэй архиа аваад гараад явсан...” гэжээ /хх-10-11х/.    

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8500 дугаар  дүгнэлтэд: 

“1. Чинзоригийн биед хамар ясны хугарал, уруул, зүүн баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, зулгаралт, баруун баруун гарын алганы шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх-14х/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31х/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-23-24/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамж, 352 тоотод Ч.Чинзоригийг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ч.Чинзоригийн “…Э-тэй маргалдсан. Намайг мөргөж цохисон байх би согтуу байсан болохоор сайн санахгүй байна …” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Э-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8500 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Э-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав.   

Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Ч.Чинзориг нь “...Хамар ясны хугарал эмчлүүлэхэд 660.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй байхгүй...” гэх тул шүүгдэгч Б.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б. Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН