| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 24190026000306 |
| Дугаар | 2025/ДШМ/80 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/80
Л.Э, О.Т, О.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, Ерөнхий шүүгч А.Сайнтөгс, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
прокурор: Д.Зуунай,
шүүгдэгч О.Ма /цахим/, түүний өмгөөлөгч: Б.Батбаяр /цахим/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Л.Ээ нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Л.Ээчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.Э, О.Т, О.М нарт холбогдох 24190026000306 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.1.*, хэрэг хариуцах чадвартай (РД:*),
1.2.*, хэрэг хариуцах чадвартай (РД:*),
1.3.*, хэрэг хариуцах чадвартай (РД:*).
3.Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э, О.Т, О.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
4.Анхан шатны шүүх: “…* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э, О.Т, О.М нарыг тус бүрийг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э, О.Т, О.М нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Шүүгдэгч Л.Э, О.Т, О.М нарт оногдуулсан торгох Ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.Э, О.Т, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Gold Monster 1000 загварын металл хайгч 2 ширхэг, Gold Monster 4000 загварын металл хайгч 1 ширхгийг улсын орлогод оруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан * арлын дугаартай "Subaru Forester" загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч О.Ма давж заалдах гомдол гаргаж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан. Үндэслэл нь:
Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь талын эхний цогцолборт “Шүүгдэгч О.Мын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч нараас цагдаагийн байгууллагад гаргасан баталгаа гэх бичиг нь Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын Тайлбарлах нь 1 дэх хэсгийн 1.1-д “Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна” гэж заасныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул шүүхийн шийдвэр шүүгдэгч нараас гэрчээр асуусан мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлээгүй болно" хэмээн хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.
Тухайн үед мэдүүлэг авахгүй хүлээлгэж, хэрэг хүлээсэн агуулгаар мэдүүлэг өгөхгүй бол мэдүүлэг авахгүй, бас явж болохгүй гэх зэргээр 3 хоног гадаа хоносны эцэст гэртээ харихын тулд хэрэг хүлээсэн агуулгатай мэдүүлэг өгч, баталгаа бичээд гарч ирсэн. Яг энэ нөхцөл байдал О.Ма намайг сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөх үед арилаагүй. Учир нь дээрх үе шатанд түүнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч А.Баттуяа, С.Ичинхорлоо нарын зүгээс анх гэрчээр өгсөн мэдүүлгээ үргэлжлүүлэн "тогтвортой мэдүүлэх хэрэгтэй" гэж зөвлөсний дагуу би өөрийн сайн мэдэхгүй нөхцөл байдлыг судалж, мэдсэний үндсэн дээр сэжигтэн, яллагдагчаар анх өгсөн гэрчийн мэдүүлгийг агуулгыг дэлгэрүүлж ярьсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн хууль бус, бодит үнэнд нийцэхгүй мэдүүлгийг дахин давтан өгч, миний эрх ашгийг дордуулсан үйл явдал болсон.
Миний хувьд О.Тт гагцхүү гуйлтынх нь дагуу "хань, бараа" болох зорилгоор л явсан бөгөөд надад ямар нэгэн гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа, зорилго огт байгаагүй болно. Үүнийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Л.Э, О.Т нар ч хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.
Хоёр. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно", мөн зүйлийн 14 дэх хэсэгт "Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” хэмээн хуульчилсан. Эдгээр зохицуулалт нь хүн төрөлхтний хүний эрхийг дээдэлж, эрх зүйг хөгжүүлсэн дэвшилтэт онол, сургаалийн ололт, амжилт болж, харьцуулсан эрх зүйн судалгааны үр дүнгээр хүмүүнлэг, иргэний, ардчилсан дэглэмтэй улс орнуудын эрх зүйн тогтолцоонд хуульчлагдсан бэхжсэн юм.
Тухайлбал, "хортой модны үр жимс" буюу Fruit of Poisonous Tree гэх эрх зүйн сургаал, номлол (doctrine)-ын дагуу "Хортой мод” гэх ойлголт нь мөрдөн шалгах ажиллагааг гардан явуулж буй эрх бүхий албан тушаалтан хууль бус аргаар нотлох баримт цуглуулсныг ойлгодог. Харин түүний “үр жимс” гэдэгт тухайн хууль бус аргаар цуглуулагдсан нотлох баримтыг хамааруулан авч үздэг. Ийнхүү хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байх нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй эрх бүхий албан тушаалтан хувь хүний Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхийг зөрчхөөс сэргийлж, зөрчигдсөн тохиолдолд хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа нь ямар нэгэн үр дүнгүй болохыг шийдвэрээрээ баталгаажуулах агуулгатай юм.
Энэ нь зөвхөн хууль бус аргаар цуглуулсан нэг нотлох баримтыг үнэлэхгүй байх тухай асуудал биш уг хууль бус арга нь “дарамт, шахалт үзүүлж” бодит байдалд нийцэхгүй "худал агуулгатай" нотлох баримт болж хэрэгт бэхжсэн бол энэ бодит байдалд нийцэхгүй эх сурвалжаас шууд үүссэн нотлох баримтууд нь мөн "бодит байдалд нийцэхгүй”, “хууль бус” гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6, 14 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй нь шийтгэх тогтоолын 6 дахь талын гуравдугар цогцолборт шүүгдэгч нарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна" хэмээн дүгнэснээс тодорхой харагдаж байгаа болно. Шүүгдэгч нар гадаа 3 хонож, гэртээ харихын түүс болохдоо гэрчээр өгсөн худал мэдүүлгээ буруу хууль зүйн зөвлөгөө авсны балгаар давтан дэлгэрүүлж, өөрийнхөө эсрэг сэжигтэн, яллагдагчаар татагдахдаа үргэлжлүүлэн өгсөөр хэрэг шүүхэд шилжсэн болох нь туйлын тодорхой юм.
Үүнээс гадна "гэмт хэрэгт бэлтгэх тухай ойлголт”-ыг Улсын дээд шүүхээс "Гэмт хэрэгт бэлтгэх нь санаатай гэмт хэрэг үйлдэх эхний үе шат бөгөөд гэмт санаагаа бодитой хэрэгжүүлж, хүссэн үр дүндээ хүрэхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн байх шинжээрээ завдалтаас ялгагдана хэмээн тайлбарласан. Тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх гэдэгт “гэмт санаагаа бодитой хэрэгжүүлэх боломж" бүхий нөхцөлийг бүрдүүлэхийг ойлгохоор байна.
Гэтэл миний холбогдсон хэргийн хүрээнд О.Т анх удаа хайгч төхөөрөмж олж аваад түүнийгээ угсрах гээд чадаагүй нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл ашигт малтмалыг олборлохоор завдах бодит боломж энэ бүхнийг санаачилж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн О.Тын мэдлэг, туршлагагүйн улмаас огт бүрдээгүй.
Дэлхийн аль ч улс оронд төгсөөгүй гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх үндсэн шалгуур нь тухайн гэмт хэргийг төгсгөх бодит боломжтой нөхцөл бүрдсэн байх юм. Харин оюун санаандаа төлөвлөсөн боловч түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх мэдлэг, чадваргүй байдал нь тухайн этгээдийг оюун санаандаа төлөвлөсөн тэр л үе шатанд үлдээдэг. Учир нь ийм нөхцөлд гэмт хэргийн нийгмийн хор аюул бодитоор бий болдоггүй. Иймээс гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн буюу бодитоор хэрэгжих боломжгүй нөхцөлд хүний дотроо бодсон бодлын төлөө хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглодог бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүний үзэл бодол итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” хэмээн хуульчлан баталгаажуулсан юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү” гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан тайлбартаа: “О.Мын гаргасан гомдол дээр нэмж тайлбарлахад юуны өмнө түүний гэрчээр өгсөн мэдүүлэг хийгээд бичиж өгсөн баталгааг анхан шатын шүүх үнэлээгүй. Миний урьдчилсан хэлэлцүүлэг дээр гаргасан гомдлын дагуу түүний үндэслэл мэдээж эргэлзээ байна. Уг нотлох баримтыг үнэхээр албадлага эрхшээлд байлгаад 2 хоног гэрт нь хариулахгүй гадаа хонуулсны үүднээс өгсөн байх боломжтой гэж дүгнэсэн. Тэгсэн атлаа гэм буруутайд тооцсон гол нотлох баримт нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн энэ 3 хүний мэдүүлгийг үндэслэсэн. Өөр хэрэгт яг тодорхой тийм нотлох баримт байхгүй. Энэ нь төгсөөгүй гэмт хэрэг. Тэгэхээр гэрчээр анх өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд давтагдаад байгаа энэ шинж нь өөрөө сэжигтнээр, яллагдагчаар гээд 2 удаа давтаж өгснөөрөө хууль бус худал мэдүүлгийг хуульд нийцсэн үнэн мэдүүлэг болгож хувиргах боломжгүй. Одоо хортой модны үр жимс гээд үүнтэй холбоотой онол байгаа. Тэгэхээр энэ хүрээнд О.Ма, Л.Ээ нарын шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлгээс бусад мэдүүлгүүд бодит байдалд нийцдэггүй. Ялангуяа энэ О.Матай холбоотой хэсгүүд нь нийцдэггүй гэдгийг анхаарахыг хүсэж байна.
Үүн дээр нэмээд гэмт хэрэгт бэлтгэх талаарх ойлголт дээр хууль хэрэглээний хувьд мөн тайлбар өгөхийг хүсэж байна. Тэгэхээр гэмт хэрэгт бэлтгэх гэдэг ойлголт өөрөө гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлсэн гэсэн ийм 2 шинжтэй байгаа. Тэгвэл гэмт хэрэг үйлдэх талаар үгсэж тохиролцсон гэдэг нь чухам юу юм бэ? тухайн хэргийн хувьд хууль бусаар ашигт малтмал олборлох буюу шунахайн сэдэлтээр үйлдэгддэг гэмт хэргийн хувьд уг хэргийг бүлэглэж үйлдэхээр зорьж буй талууд төлөвлөгөөгөө биелүүлэхэд чиглэсэн хийхэд шаардлагатай зүйлсийг бэлдэх, энэ хүрээнд гарах зардлаа тооцох, тооцоогоо хуваарилах, мөн гэмт хэрэг үйлдэж орлого олсны дараа зардлаа хэрхэн нөхөж, хэн хэдэн хувийг авах тухай буюу энэ ашиг алдагдлын хэмжээгээ тохирсон байхыг ойлгодог. Энэ нь өөрөө хэлбэрийн хувьд Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний шинжийг хэлбэрийн хувьд агуулдаг гэж хэлж болно.
Гэтэл О.Мын хувьд ийм тохиролцоо байсан юм уу гээд харахаар машин нь Төгсбаярын машин байсан, бензиний мөнгийг Л.Ээ гаргасан, 2 ширхэг хайгч авч явсан гэж байгаа. Нэг нь Төгсбаяр жил гаруйн өмнө худалдаж авсан гэдэг. Нөгөөдхийг нь Л.Эийн санал болгосон танилаас нь Төгсбаяр худалдаж авсан. Энэ нөхцөл байдлаас харвал уг гэмт хэрэгт бэлдсэн этгээдүүд нь Л.Э, О.Т болох нь тодорхой харагдаж байгаа. Шүүх дээр ч үүнийгээ үнэнээр нь мэдүүлсэн. Энэ хоёр хүн бензиний мөнгөө хэн гаргах юм, хөл дүүжлэх унаа хэн олох юм, багаж хэрэгслээ хэн бэлтгэх юм гэдгээ тохирчихсон байна. Ашгаа мөн 60, 40 хувьтай хуваахаар тохирсон байдаг. Зардлаа тооцохоос гадна. Гэтэл О.Мын хувьд Л.Э, О.Т нартай ийм ямар нэгэн тохиролцоо хэзээ ч хийгээгүй, энэ нь тогтоогдсон.
Тэгвэл эрх зүйн үүднээс О.Ма яг юу хийчхэв гээд харахаар Төгсбаяр хэлсэн байдаг. О.Ма Төгсбаярын хамаатных нь дүү. Би Л.Ээ гэдэг хүнтэй танилцаад нэг ажилд явах гээд байна, юунд явах гээд байгаагаа хэлээгүй, гэхдээ танихгүй хүн учраас бас жаахан айдастай байна. Чи эр хүн юм чинь надад хань бараа болоод яваад өгөөч гэж анх авч явсан байдаг. Явдал дундаа ерөнхийдөө Дорноговь аймагт ирэхэд алт хайх гэж байгаа зорилгоор ирсэн юм байна гэж авч яваа эд зүйлийг нь хараад ойлгосон. Энэ дунд шууд хаяад явчхаж чадаагүй. Хамт байлцсан. Гэхдээ идэвхтэй үйлдэл хийгээгүй. Тэгэхээр иргэний эрх зүйн үүднээс харвал бусдад туслах үйлдэл байсан. Харин үүргийн эрх зүйн харилцаанд оролцоогүй. Яагаад гэвэл энэ хүн зардал хуваарилалтад оролцоогүй, ашиг хуваарилалтад оролцоогүй, эргээд О.Мад олсон орлогыг шаардах эрх үүсгэхгүй. Гаргасан зардлыг төлөх үүрэг үүсэхгүй. Тэгэхээр олсон орлогыг ч шаардахгүй, гарсан зардлыг ч хуваалцахгүй, хүн үгсэн тохиролцсон байх шинж нь бүрэн үгүйсгэгдэж байгаа.
Өөрөөр хэлбэл болгоомжгүйгээр гэмт хэрэг бэлтгэх боломж байхгүй энэ төгсөөгүй гэмт хэрэг учраас үндсэн шинж нь гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлсэн гэдэг энэ шинж байгаа. Үүнийг анхааралтай ажиглавал Л.Ээ анхан шатын шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. О.Ма замын туршид утсаа оролдож, чихэвчтэй хөгжим сонсож унтаж явсан ярианд ч тодорхой оролцоогүй. Мөн машинаас буугаагүй гэдгийг Л.Э, О.Т нар аль аль нь мэдүүлсэн. Тэгэхээр замын зардал буюу бензин хийх, алт хайгч төхөөрөмжүүдийг олох зэрэг энэ бүх зүйлүүдийг Төгсбаяр болон Л.Ээ нар хийсэн. Тиймээс О.Мын хувьд гэмт хэрэгт бэлтгэсэн зүйл байхгүй. Нэгэнт бэлтгэсэн зүйл байхгүй учраас түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Д.Зуунай гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Мын өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа. Уг гомдолтой холбоотой дараах тайлбарыг гаргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Л.Э, О.Т , О.Ма нар нь бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан үндэслэлээр анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Учир нь О.Мын оролцооны хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас гэрчээр мэдүүлэг авсан, сэжигтнээр авсан мэдүүлэг, яллагдагчаар авсан мэдүүлэг, тухайн мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс эрх үүргийг тайлбарладаг, худал мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах эрхийг хангах, мөрдөгчөөс бүхий л эрхийг нь хангаж оролцсон нөхцөл байдал анхан шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн О.Ма нь Баттуяа болон Ичинхорлоо гэсэн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээ хангуулсан байдаг. Энэ өмгөөлүүлэх эрхээ хангуулаагүйгээр өөрийнх нь эрхийг зөрчөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэдэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Маас энэ талаар гаргасан гомдол, санал огт байдаггүй, миний эрхийг зөрчиж байна, Цагдаагийн байгууллага худал мэдүүлэг өгүүлэхээр шахсан ч гэдэг юм уу энэ талаар гаргасан гомдол санал байдаггүй. Үнэхээр энэ хүн эрхээ мэдэхгүй, үүргээ мэдэхгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад эрхийг нь зөрчөөд явж байсан бол О.Ма өнөөдөр хувийн байдлыг нь харахад өөрөө эрх зүйч мэргэжилтэй хүн, шүүхийн шатанд өөрөө өмгөөллийн товчоонд өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байгаа талаараа илэрхийлдэг.
Тэгэхээр энэ хүн хууль огт мэдэхгүй, мөрдөгчийн тайлбарлаад байгаа зүйлийг ойлгоогүй, өмгөөлөгчөөр хангаагүй гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддоггүй, гэрчээр, сэжигтнээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг тогтвортой. Төгсбаяр болон Л.Ээ нартай би Улаанбаатар хотоос гарахдаа алт ухах зорилгоор эхлээд Төгсөө ах намайг аваад дараа нь Л.Ээ ахыг аваад бид 3 алт ухах зорилготой * руу шөнөжингөө явж байгаад очсон. Очсон чинь хайгч барьсан хүмүүс явж байсан. Тэнд байсан хүмүүс хэдэн тийшээ гүйлдээд байсан. Яагаад гүйлдээд байсан гэхээр цагдаа нар ирж байсан учраас бид 3 зугтаасан талаараа тогтвортой мэдүүлдэг. Энэ тогтвортой мэдүүлсэн мэдүүлгийг өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс мөрдөгч нарын буруутай үйл ажиллагаа мөн өмгөөлж байсан 2 өмгөөлөгчийн буруутай үйл ажиллагаанаас болж би эрхээ хангуулж чадаагүй учраас ийм мэдүүлэг өгсөн талаар мэдүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Мын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн *ын 3-р багийн “Х” гэх газарт Л.Э, О.Т, О.М нар нь Subaru Forester загварын * улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Gold Monster 1000 загварын металл хайгч 2, Gold Monster 4000 загварын металл хайгч 1 ширхгийг ашиглан алт хайж олборлохоор ирснийг Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар илрүүлсэн үйл баримт болсон.
3.Дорноговь аймгийн прокурорын газраас Л.Э, О.Т, О.М нарын дээрх үйлдлийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн ...тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан шинжтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
4.Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Л.Э, О.Т, О.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр бэлтгэсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүгдэгч О.Ма эс зөвшөөрч “...гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, үйлдэл оролцоо байхгүй, замын хань болж явснаараа гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж маргаж, өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
5.1.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч алт хайхаар бэлтгэж, хэргийн газарт очсон боловч гэмт хэрэгт ашиглахаар бэлтгэсэн зүйлийг машинаас гаргаагүй, үйлдэл хийж чадалгүй цагдаагийн ажилтанд баригдсан талаарх шүүгдэгч нарын мэдүүлэг, газрын хөрсөнд ухаж гаргасан, ул мөр байхгүй талаарх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр хэргийг бодитой тогтоож, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг завдсан бус, уг гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.
Гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт бэлтгэх нь санаатай гэмт хэрэг үйлдэх эхний үе шат бөгөөд гэмт санаагаа бодитой хэрэгжүүлж, хүссэн үр дүндээ хүрэхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн байх шинжээрээ завдалтаас ялгагдана. Гэмт хэрэг үйлдэх дараагийн үе шат болох завдалт нь гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдлээ хэрэгжүүлж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой халдлага, довтолгоон хийж эхэлсэн боловч өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас таслан зогсоогдсон нөхцөл байдлыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн объектив талын шинж нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан үйл ажиллагаа бөгөөд ашигт малтмал олборлох гэдэг нь газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялгаж авахыг хэлнэ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль бусаар ...” гэдэг нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй буюу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй, хуульд заасан бусад нөхцөлөөр ашигт малтмал олборлох эрхгүй атлаа ашигт малтмал олборлохоор бэлтгэсэн нь энэ гэмт хэргийн шинжийг агуулна.
5.2.Шүүгдэгч Л.Э, О.Т нар нь Дорноговь аймгийн *ын нутаг, “Х” гэх газар гар аргаар алт олборлох зорилгоор металл хайх зориулалттай техник, хэрэгслийг урьдчилан зэхэж, өөрсдийн тээврийн хэрэгслээр тухайн газарт очиж, улмаар тоног төхөөрөмжөө ашиглаж амжаагүй байхад цагдаагийн байгууллагад саатуулагдсан, газрын гадаргуу, түүний хэвлийд халдах аливаа оролдлого хийх боломжгүй болсон байх тул уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэгт бэлтгэх шатандаа таслан зогсоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Э, О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцож, тухайн газраас ашигт малтмал олборлох эрх олгогдоогүй байхад буюу тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ялыг сонгон оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, шударга ёсны зарчимд тус тус нийцжээ.
Прокурор шүүгдэгч Л.Э, О.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завдалтын шатандаа төгссөн гэж дүгнэснийг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч мөн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь буруу байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтаас энэ хэсгийг хасч зөвтгөнө.
5.3.Харин анхан шатны шүүх шүүгдэгч О.Мыг дээрх гэмт хэргийг үйлдсэн буюу шүүгдэгч Л.Э, О.Т нартай бүлэглэн үйлдсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, энэхүү дүгнэлт хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан, энэхүү үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд уг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх хуульд заасан шинжүүд хангагдах учиртай.
Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан, энэхүү үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд уг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх хуульд заасан шинжүүд хангагдах учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь заалтад “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, ...яллах, цагаатгах, ...нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан.
Учир нь прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч О.Мыг энэхүү гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхой заагаагүй /ямар үйлдлээр хэрхэн яаж гэмт хэрэг үйлдсэнийг/, хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч О.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэх шинжийг тодорхойлон тогтоогоогүй байгааг тус тус анхан шатны шүүх анхаараагүй, гэмт хэргийг үйлдэхэд үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж тус тус заасан ба гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх эдгээр шинжийг шүүгдэгч О.Мын шүүгдэгч О.Тын гуйлтаар үйлдэлд хэрхэн яаж хангасан болохыг тогтоогоогүй, энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Шүүгдэгч О.Баттулгын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэгтээ “...2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төгсбаяр ах *анд алт гарч байна хүмүүс ярьсан хамт явах уу гэж асуусан. Тухайн үед би ажилгүй байсан болохоор зөвшөөрөөд маргааш хамт явахаар болсон. Тэгээд маргааш нь ...машинтай ирсэн тухайн үед Л.Ээ ахтай танилцсан...” гэх, “...Тэгээд бид 3 Дорноговь аймгийн Айраг сумаас салаад шороон замаар * руу өдөржингөө явж байгаад орой нар жаргах үед хүмүүс бужигнаж байсан газар очиход алт хайгч барьсан хүмүүс явж байсан. Тэгээд Төгсөө ах машины хойд талаас хайгч аваад ир гэж хэлэхээр нь хайгчийн нь авч өгсөн. Төгсөө ах машин дотроо хайгчаа угсраад байж байсан чинь тэнд байсан хүмүүс машинтайгаа давхилдаад эхлэхээр нь бид нар бас машинаа асаагаад хөдлөөд явж байхад хойноос мотоциклтой 2 хүн ирээд зогсоорой гэхээр зогссон цагдаа нар байсан” гэж өөрийн үйлдлийн талаар мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.
Хэрэгт авагдсан бусад баримтууд, хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд анхан шатны шүүхийн шүүгдэгч О.Тын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн, шүүгдэгч Л.Э, О.Мын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд, тэдний 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн баталгаа гэх бичиг нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 16 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван зургаадугаар бүлгийн зарим зүйл хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар” тогтоолын ТАЙЛБАРЛАХ нь 1 дэх хэсгийн 1.1-ийг зөрчиж авсан гэж дүгнэж, нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэл бүхий болжээ.
Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохих ба мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжүүлж цуглуулан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч О.Мын гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруутай үйлдэлд санаатай нэгдсэн гэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэсэн.
Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар буюу шүүгдэгч О.Мад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэл байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч О.Мын өмгөөлөгчийн буруу зөвлөгөөг дагаж мэдүүлгээ өөрчлөөгүй, хуулийн мэдлэггүйгээс болж... гэх мэтээр өгсөн тайлбарууд нь түүнийг цагаатгах үндэслэл болохгүйг дурдвал зохино.
6.Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч О.Мын давж заалдсан “...надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарна.
Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулсан өөрчлөлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад үндэслэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн:
-1 дэх заалтад “*нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг
-2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э, О.Т, О.М нарыг тус бүрийг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э, О.Т нарыг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж,
-3, 4, 5 дахь заалтаас “...О.Ма…” гэснийг тус тус хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Мын гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Д.МӨНХБҮРЭН