Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00238

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Эийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03820 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Эийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д, Г.Чнарт холбогдох, орон сууцнаас албадан гаргуулах  тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Г.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие иргэн О.Бадамцэцэгээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамжны 32-Б байрны 6 тоот хаягт байрлах байрыг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж худалдан авсан. Гэтэл миний нэр дээр шилжүүлэх явцад буюу иргэн О.Бадамцэцэгийн нэр дээр байх үед байрны хаалганы түлхүүрийг Г.Д, Г.Чнар дур мэдэн эвдлэн орж, өмчлөх эрхэд халдаж, хаалганы түлхүүрийн голыг солин хууль бусаар амьдарч байна. Энэ талаар хууль хяналтын байгуулага, хариуцагч нарт удаа дараа хэлж сануулсан боловч энэ барилгыг анх ашиглалтанд оруулсан “Монгол глобал” ХХК-ийн Санхүүгийн дарга н.Мөнхзул н.Ганзориг нартай холбогдож, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл суухаар зөвшөөрөл авсан гэж хэлээд гарахгүй байна. Тус байрыг суллаж өгөөгүйн улмаас арга буюу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Санни таун хотхоны 157, 158 тоот байрыг хөлслөн ажлаа явуулж байгаад 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр буцааж өгсөн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу уг байрыг худалдан авч, албан ёсны өмчлөгч болсон. Гэтэл өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч Г.Д, Г.Чимэдцэеэ нар дээрх байранд амьдарч, байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хохиролд нэхэмжилсэн 5 500 000 төгрөгөөсөө татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Г.Чимэдцэеэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэвдоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Г.Чимэдцэеэ өмчлөгч Б.Ганбаярын зөвшөөрлөөр уг орон сууцанд сууж байгаа. Энэ байр маргаантай, эрүүгийн хэрэг үүсгээд, шалгагдаж байна. Тус байрыг худалдан авсан гэх Б.Ганболд бусдыг хууран мэхэлж авсан. Анх 3 ширхэг орон сууцыг Б.Ганболд барилгын арматур төмөр нийлүүлнэ гээд төлбөртөө авсан бөгөөд өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Худалдах худалдан авах гэрээтэй ямар ч хамааралгүй, иргэн О.Бадамцэцэгийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. О.Бадамцэцэг орон сууцанд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй зөвхөн нэр дээрээ байруудыг шилжүүлэн авч, дээрх хэрэг үүссэнийг мэдсээр байж Ц.Эт шилжүүлсэн нь хууль зөрчсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн энэ хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхзулын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энэ байр маргаантай, эрүүгийн хэрэг дуусаагүй учраас шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамжны 32-Б байрны 6 тоот хаягт байрлах, 3 өрөө байрнаас хариуцагч Тавинтай овогт Г.Д Боржигон овогт Г.Ч нарыг албадан гаргаж, нэхэмжлэгч Хар адуудынхан овогт Цэцэгмаагийн Энхцэцэгт орон сууцыг хүлээлгэн өгч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/07474 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэвдорж, хариуцагч Г.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхзул нарын давж заалдах гомдолд:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, 32б байрны 6 тоот орон сууцны анхан захиалагч, хууль ёсны эзэмшигч нь Б.Ганбаяр бөгөөд тэрээр 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгаар барих тухай гэрээний дагуу уг орон сууцыг захиалсан. Гэтэл М.Ганболд гэх этгээд Б.Ганбаярыг хууран мэхлэх замаар залилж, түүнтэй арилжааны гэрээ гэх хэлцлийг байгуулж халхавчлан дээрх орон сууцыг залилан авч, анхны өмчлөгчөөр нь нэхэмжлэгч Ц.Эийг бүртгүүлсэн байдаг.

Б.Ганбаяр нь М.Ганболдод залилуулсан тул Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргасан ба гомдлын дагуу 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр М.Ганболдын үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Мөн М.Ганболдын залилан мэхэлсэн үйлдлийг шалгаж улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №1705007900151 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар М.Ганболдын үйлдлийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №312 тоот Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрлөөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 32б байрын 6 тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Эийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас М.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийн талаарх тодорхойлолт баримтуудыг гаргуулахаар шаардсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №5/2946 тоот Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын албан бичгээр М.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаарх мэдээлэл холбогдох баримтуудыг ирүүлсэн.

            2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №00334 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч тус захирамжид гомдол гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны №00360 дугаар шүүхийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны шүүх Ц.Э нь орон сууцны өмчлөгч тул өмчлөх эрхийг ямар замаар хэрхэн олж авсан, өмчлөх эрхтэй холбоотой гэмт хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа эсэх нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй хэмээн үзэж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №03820 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Ц.Э өмчлөх эрхийг хууль ёсны дагуу олж аваагүй, тухайн орон сууц маргаантай гэдгийг мэдсээр байж н.Бадамцэцэгээс ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр олж авсан нь нотлогддоггүй. Өмчлөх эрх үүсэх үндэслэл болсон М.Ганболдын үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж, яллагдагчаар татсан. Хэрэв М.Ганболд Б.Ганбаярыг залилан мэхэлсэн нь эрүүгийн журмаар тогтоогдох тохиолдолд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Б.Ганбаяр тогтоогдох бөгөөд Ц.Эт өмчлөх эрх үүсэхгүй ба тухайн орон сууцны өмчлөлийг хэн нэг этгээдээс шаардах эрхгүй. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №312 тоот мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухайн прокурорын зөвшөөрлөөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 32б байр 6 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байтал шүүх дээрх баримтыг үндэслэлгүйгээр маргааныг шийдвэрлэснээрээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл байдлыг бүрдүүлсэн.

            Мөн эрүүгийн хэрэгт цугларсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулан, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй татгалзлын талаар огт дүгнэлт хийгээгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний хувьд залруулга хийх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Г.Д, Г.Чнарт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх, хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө ашигласнаас учирсан хохиролд 5 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 дахь шаардлагаасаа татгалзжээ.

Маргаан бүхий орон сууцны өмчлөгч, эзэмшигчийн талаарх баримтууд хэргийн 93-118 дугаар талд авагдсан байх ба уг орон сууцыг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээгээр “Бишрэлт пропертиз” ХХК-аас О.Бадамцэцэгт, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Эт тус тус шилжсэн, уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2205066130 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. Дээрх нотлох баримтуудад үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шударгаар олж авчээ гэж үзэв.

Хууль ёсны өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байдаг ба мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, шүүхээс нэхэмжлэгчийн өмчлөл, шаардах эрхийн талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч тал орон сууцны анхны захиалагч, эзэмшигч нь Б.Ганбаяр, түүний зөвшөөрлөөр уг орон сууцанд сууж байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй учраас Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан хууль ёсны эзэмшигчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Хэргийн 56-60 дугаар талд Б.Ганбаярын “Бишрэлт Пропертиз” ХХК-тай  байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, орон сууцны төлбөрийг бартераар тооцсон акт авагдсан байх боловч орон сууцыг эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэн авсан, эзэмших, өмчлөх эрхийг нь баталгаажуулсан баримтгүй байна.

Түүнчлэн хэргийн 27-29, 157-162 дугаар талд авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай Прокурорын зөвшөөрөл зэрэг баримтуудад М.Ганболдыг “... 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул групп” ХХК-ийн байранд арматурын төмөр нийлүүлэх боломжтой хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон “Саруул групп” ХХК-ийн захирал Б.Ганбаярыг арилжааны гэрээ байгуулан төөрөгдөлд оруулж 3 өрөө 3 орон сууцыг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үйл баримт тусгагдсан боловч энэ нь нэхэмжлэгч буюу  хууль ёсны өмчлөгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Дээрх тогтоолд дурдсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалтад байхгүй үг хэрэглэсэн байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө ашигласнаас учирсан хохирол 5 500 000 төгрөг шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй байхын зэрэгцээ шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсгийг зөрчсөн байх тул залруулах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Тавинтай овогтой Г.Д, Боржигон овогтой Г.Ч нарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 32-Б байрны 6 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй” гэж,

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Э 5 500 000 төгрөг хариуцагч Г.Д, Г.Д нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож гэж,                                                 

шийдвэрийн 2 дахь заалтын “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/07474 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай” гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасны дагуу “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/07474 дугаартай захирамжийн үйлчлэл нь тухайн хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.НАРМАНДАХ

 

                                       ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

 

                                                                                               А.МӨНХЗУЛ