Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00220

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00220

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 6 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******-*******т холбогдох хөлсөөр ажиллаж гэрээний үүргийн биелэлт 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 2025 оны намар 96 тооны тугал худалдан аваад ирэх жил хүртэл хүнээр маллуулахаар шийдсэн. 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******-******* гэх хүнээр маллуулахаар тохиролцож маргааш нь тугалнуудыг хүлээлгэн өгсөн. Ажлын хөлсийг сарын 1,500,000 төгрөгөөр тохиролцсон ба эхний сарын хөлсийг малаа хүлээлгэж өгөхдөө талыг нь өгөөд үлдэгдлийг нь сардаа багтааж өгсөн. *******-******* нь надад их хэмжээний өр зээлтэй байна, тэрийгээ дарчихвал сэтгэл амар малаа хармаар байна, 6 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би саналыг нь хүлээн зөвшөөрч нийт 4 сарын ажлын хөлс болох 6 сая төгрөгийг *******-*******ын хүсэлтээр түүний хүү Э.*******гийн Хаан банкны *********** тоот данс руу 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Тугал маллаж байсан газар зуд болж машин очих боломжгүй зам хаагдсан байдалтай, хэдэн тооны тугал үхэж, мал хорогдож эхэлсэн. Мөн *******-******* нь ажлын хөлсөө урьдчилж авсан атлаа манай хадам ааваас 1,000,000 төгрөг, сувай үхэр авна гэж нэхсэн байсан. Ажлын хөлсөө авчихаад нэмж юм нэхээд байгаа байдал нь цаашид малаа маллуулахаас татгалзах үндэслэлийн нэг болсон. Мөн зуд болсон тул би малаа өөр газар Хэнтий аймаг руу аваачиж хүнээр маллуулахаар шийдэж 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр машинд ачиж авч явсан.

Өөрөөр хэлбэл *******-******* манай малыг 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 1 сар 18 хоног малласан. 1 сарын ажлын хөлсөө тусад нь авсан. Харин 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 4 сарын ажлын хөлс болох 6,000,000 төгрөгөөс ажилласан 18 хоногийн хөлс болох 900,000 төгрөгийг 11 сарын ажлын хөлсөө тусад нь авсан хасаж тооцвол 5,100,000 төгрөг болно. Бид 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ярилцаж гэрээгээ цуцлахдаа үлдэгдэл 5,100,000 төгрөгийг *******-******* нь буцааж төлөхөөр тохиролцсон. 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дахин уулзаж мөнгөө буцаан төлөх хугацаагаа даруй эргэж хэлээрэй гэж би түүнд хэлсэн. Гэвч эргэн төлөх хугацаагаа хэлэхгүй байсан учир би түүнийг үүнээс хойш 14 хоногийн дараагаас эхлэн үүргээ зөрчсөн гэж үзсэн, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр *******-*******той ярихад мөнгөө төлж чадахгүй гэсэн. Иймд *******-*******оос мал маллагааны хөлсний үлдэгдэл 5,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

Хариуцагч Д.*******-******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.*******гийн нэхэмжилсэн 5,100,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Д.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******-*******т холбогдох хөлсөөр ажиллаж гэрээний үүргийн биелэлт 5,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 48,275 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.*******-*******оос улсын тэмдэгтийн хураамж 48,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ