| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0626/Э |
| Дугаар | 651 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Б.Ц,
шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овгийн Болдбаатарын Цогтбаатар, Төвд овгийн Мягмарын Чингис нарт холбогдох эрүүгийн 1811017440658 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. И овогт Б.Ц, 1993 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Set /Сэт/ бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо хилчин 1-6 тоотод оршин суух хаягтай,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 381 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар бүгдийг багтааж нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар
2. Т овогт М.Ч, 1990 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, MGL хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5 дугаар хороолол 13-29 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 37-32 тоотод түр оршин суудаг гэх,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 462/Ө дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Ц, М.Ч нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэт нэртэй бааранд иргэн Б.Гантулга, М.Өлзийням нарыг зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардал өгсөн…” гэв.
Шүүгдэгч М.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж эмчилгээний зардал өгсөн…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.Өлзийням нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хар өнгийн хослолтой залуучууд зодоод байсан юм, татаж хавирч унагаагаад байсан. Миний зүүн нүд хөхөрсөн, хацар, шанаа, уруул хавдсан. Би Ц, Ч нартай эвлэрсэн тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-15-17/.
Хохирогч Б.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах СЭТ нэртэй бааранд орсон юм. Тэгээд тэнд найзуудтайгаа хамт нэг шил архи уучхаад тооцоогоо хийх гээд биллийг нь асуусан чинь бид нарын захиалсан барааны үнийн дүн дээр илүү мөнгө биччихсэн байсан юм. Тэгээд тэрийг нь зөөгчид нь хэлсэн чинь зөөгч нь хамгаалагч нартаа хэлсэн. Тэгсэн хоёр хамгаалагч нар нь нийлээд Өлзийням бид хоёрыг зодсон юм. Тэгээд цагдаад хандаж байгаа юм. Хар өнгийн хослолтой байсан шар царайтай хоёр залуу байсан юм. Намайг шалан дээр унагаасан тэгээд толгой руу өшиглөсөн, дэвссэн. Миний зүүн хөмсөгний дээд хэсэгт шалбарч цус гарсан, өвдөгний үеэр өвдөж байна, баруун гарын шуу өвдөж байна, бас хоёр гар хэсэг хэсэг газар улайсан байна...” гэжээ /хх-19-21/.
Гэрч У.Төрмаа мэдүүлэхдээ: “...Нэг хамгаалагч нь Гантулгыг унагаачихсан толгой руу нь өшиглөөд цохиод доош нь дарчихсан босгож ирээд дэгээдэж унагаагаад байсан Өлзийнямыг харахад амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд манай хоёр найзыг зодоод байхаар нь би цагдаа дуудсан. ...Манай найз Гантулгыг хоёр хамгаалагч ээлжлээд барьж аваад зодоод байсан...” гэжээ /хх-37/.
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...04:06:25 секундэд хар өнгийн пиджак өмссөн хамгаалагч Б.Ц нь саравчтай малгайтай цайвар саарал өнгийн хувцастай /М.Өлзийням/ залуутай зууралдаж гарч ирээд баруун хөлөөрөө хавсарч тэнцвэр алдагдуулаад баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиход саравчтай малгайтай залуу жижиг тайзан дээр унах үед хамгаалагч Б.Ц нь өвдгөөрөө нүүрэн тус газарт нь нэг удаа өвдөглөв. ...Б.Ц нь хохирогч Гантулгыг газар унаган толгойн тус газар нь гараараа 4 удаа цохин 3 удаа өшиглөв. Энэ үед хамгаалагч М.Ч нь хохирогч М.Өлзийнямыг газар унаган толгойн тус газар нь 3 удаа гараараа цохив...” гэжээ /хх-12/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн №7300 дугаар дүгнэлтэд:
“1. Өлзийнямын биед зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн 2-р араа үзүүр хэсгээрээ эмтрэл, мөчдөд зулгарал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-37/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн №7299 дүгээр дүгнэлтэд:
“1. Гантулгын биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн дээд, доод зовхи, мөчдөд зулгарал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-41/.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-64-70, 74-78/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62-72/, Хохирогч Б.Гантулгын “...Хэрэг шалгагдах явцад хохирол барагдаж гомдол саналгүй болсон. Хохиролд 550.000 төгрөг хүлээн авч, сайн дураар эвлэрч гомдолгүй болсон...” гэх хүсэлт /хх-85/, хохирогч М.Өлзийнямын “... Хэрэг шалгагдах явцад хохирол барагдаж гомдол саналгүй болсон. Хохиролд 550.000 төгрөг гаргуулж авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлт /хх-87/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц, М.Ч нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэт нэртэй бааранд иргэн Б.Гантулга, М.Өлзийням нарыг зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ц, М.Ч нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу хуульд заасан торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Ц, М.Ч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар оногдуулсан торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Б.Ц, М.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахыг тус тус дурьдах зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн Б.Ц, Т овгийн М.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, М.Ч тус бүрийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, М.Ч нарт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, М.Ч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, М.Ч нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН