Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0290/З |
Дугаар | 221/МА2018/0464 |
Огноо | 2018-08-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2018/0464
Д.Х-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0395 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Х-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0395 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Х-гийн гаргасан “Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Х давж заалдах гомдолдоо: “...Нэг.Анхан шатны шүүхийн шүүгч Н.Д нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ, Монгол Улсын төрд тухайн албаны багахан цалинг авч амьдралынхаа турш зүтгэсэн төрийн албан хаагч, өндөр настай болж төрийн албанаас чөлөөлөгдөх үед нь нэг удаа буцалтгүй тусламж олгож, төрийн албанд олон жил ажилласан байдлыг нь үнэлэн урамшуулж байгаа Монгол Улсын төрийн бодлого гэж хууль журмын агуулга үзэл баримтлалыг тунгаан ойлгохгүйгээр тухайн тусламжийг улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, намын бодлого болгож байгаа эрх баригч намынхны бодлогыг илтэд дэмжин шийдвэрлэсэн.
Хоёр: Би гаргасан нэхэмжлэлдээ буцалтгүй тусламж авах эрх зүйн үндэслэл баталгаа болох Монгол Улсын болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудын холбогдох заалтуудыг тодорхой дурдсан боловч шүүхийн шийдвэрт Монгол Улсын Төрийн албаны хууль болон манай улсын шүүх дагаж мөрдөн аливаа шийдвэртээ анхааран тусгаж байх олон улсын эрхийн актууд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохыг харгалзан үзээгүй. Шүүгч нь аливаа шийдвэрийг гаргахдаа тогтоогдсон зүйл, заалттай хуулийг үндэслэх боловч уг хуулийн агуулга, үзэл баримтлалыг өөрийн итгэл үнэмшлээрээ дүгнэн шийдвэрлэдэг чадвар шүүгчид илтэд дутагдлаа.
Гурав: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарт гурван удаа явуулсан өргөдлийг тухайн дарга нарт хүргэн танилцуулахгүйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтан Ш.Н гэгч надад хариу өгч Монгол Улсын Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.10, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл, заалтуудыг удаа дараа зөрчсөнийг шүүх анхаарч Зөрчлийн хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байсан ч зориуд анхааралгүй орхисон.
Дөрөв: Надыг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн буюу 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул тусламж авах эрх үүсээгүй гэж шүүх шийдвэрлэжээ.
2016 онд сонгуулийн дараа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С, нарийн бичгийн дарга Б нар улс төрийн золиос болгож 30 хүнийг ажлаас халахдаа хүн бүрийг өргөдөл бичихийг даалгасан бөгөөд би өргөдөлдөө “Төрийн алба хаах насны дээд хязгаарыг давсан тул хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгон ажлаас чөлөөлөхийг хүсч” өргөдөл гаргасан байхад Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсгийг үндэслэлгүйгээр 24.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон халсныг би тухайн үед анхааралгүй өнгөрснөөс бусдын адил хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүрснийг шүүх зөв гэж үзэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын талд илтэд буруу шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны үед энэ талаар тодорхой хэлж тайлбарласан боловч шүүгч түүнийг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэнд харамсаж байна.
Тав: Төрийн албаны тухай хуулийн 30 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1. 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан байхад надыг халсан шийдвэр гаргахдаа санаатайгаар буруу зүйл, заалтыг үндэслэн гаргасныг шүүх хянан тогтоож чадсангүй.
Гомдлын хүсэлт: 2016 оны 8 дугаар сарын 11-нд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд миний гаргасан өргөдлийг үл хэрэгсэн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.3-ийг үндэслэн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчаар 38 жил 1997 оноос “Тэргүүн зэргийн ахлах түшмэл”-ийн зэрэг дэвд хүртэл ажиллаж байсан миний хохирсон эрхийг сэргээн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд даалган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Х нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албыг нэрлэн зааж, нэхэмжлэлийн агуулгаа “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас төрийн жинхэнэ албан хаагчид олгох буцалтгүй тусламж олгохгүй байгааг хянан шийдвэрлүүлэх тухай” гэж тодорхойлжээ.
Анхан шатны шүүхийн шүүгч 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 128/ШЗ2018/1811 дугаартай захирамж гаргаж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон байна. Уг захирамжид хариуцагчийн талаар “Д.Х-гээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэл ...“ хэмээн зааж байжээ.
Гэсэн атал гэнэт шүүх өөрөө хариуцагчийг өөрчилж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/ШЗ2018/2173 дугаар захирамжаараа “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд” холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн. Улмаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2018/3550 дугаар захирамжаар “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид”-д холбогдох шүүх хуралдааныг товлон зарласан байна.
Гэтэл шүүхээс хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хянан шийдвэрлэж, 128/ШШ2018/0395 дугаартай шийдвэр гаргахдаа хариуцагчийг дахин өөрчилж, хариуцагчаар “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ыг нэрлэн зааж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Х нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар ажилд орж, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн байх бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Хурлын ажлын албаны бүтэц, зохион байгуулалтын тухай” 2/07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь Ажлын албаны дарга байхаар тусгасан байгааг шүүх анхаараагүй нь буруу байна.
Иймд эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах зөрчил, дутагдал гарсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэргийн оролцогч нарт эрх, үүрэг тайлбарласан баримт байхгүй, нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зуруулаагүй, хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын 1998 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчаар баталгаажуулах тухай” 04 дүгээр захирамж болон Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу өгөх тухай” 1103 дугаар албан бичгүүд нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгчийг шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн атлаа шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч төлөөгүй 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0395 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР