Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 944

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Т*******” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн шийдвэрийг хүчингүй болгож, “Т*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “Т*******” ХХК-ийн захирал Г.Г Ашигт малтмалын газарт хандаж Дундговь аймгийн Луус сумын нутагт Түшигт гэх газарт планшетийн L кодтой 810 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн учир тус газрын Кадастрын хэлтэс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өргөдлийн Х******* дугаартай ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гардуулан өгч өргөдлийг хавсаргах 6 баримт бичгийн хамт 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10 цаг 15 минутаас 10 цаг 30 минутын хугацаанд хүлээн авах тухай түүнд мэдэгдэж гардуулсан байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс "Т*******" ХХК-д тавьсан шаардлагуудыг хангасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл түүний хавсралт 6 төрлийн баримт бичгийг бүрдүүлэн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутад захирал Г.Г Кадастрын мэргэжилтэн Н.М*******д гардуулж өгөх гэхэд “танай цаг хоцорсон тул одоо бүртгэхгүй, та 17 цаг 30 минутаас өмнө бодит шалтгаанаа тайлбарласан бичгийн хамт бүрдүүлбэртэйгээ ирээрэй” гэсэн байна.

Ингээд захирал Г.Г тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүртгэлийн хугацааг хоцроосон тухай тайлбараа бичгээр гаргаж Кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* дээр мэргэжилтэн Н.М*******ын хамт орж танилцуулахад мэргэжилтэн Н.М*******ыг өөрөө мэдээд шийд гэсэн боловч тэрээр өргөдөл холбогдох баримт бичгийг ямар нэг тодорхой шалтгаан заалгүй хүлээж авахаас шууд татгалзсан байна.

АМГ-ын удирдлагад хандан “Т*******” ХХК-иас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авахгүй байгаа тухай гомдол гаргаад хариугаа хүлээж байх хугацаанд Кадастрын хэлтэс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн Х******* дугаартай өргөдөлд заасан талбай дээр 101 дугаартай өргөдлөөр давхцуулан өөр компанид олгож Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин хууль журамд зааснаар өрсөлдөж “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл” гаргах эрхийг хүчингүйд тооцсон байна.

Гэвч “Түшиг ээл” ХХК тусгай зөвшөөрөл хүссэн Х******* дугаартай өргөдөлтэй холбогдуулан өргөдлийг хянан шийдвэрлэх эрхтэй Ашигт малтмалын газрын эрх бүхий албан тушаалтанд шат дараалан гомдол гаргахад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өргөдлөө хоцроосон байна гэж бодит шударга дүгнэлт хийж байснаа Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн а******* тоот тушаалаар баталсан Захиргааны журмаар гомдлыг хянан шийдвэрлэх зөвлөлөөр 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцэн Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлийн дүгнэлт гаргаснаа мэдэгдээгүй, энэхүү шийдвэрийн талаар эрх бүхий албан тушаалтнууд амаар, бичгээр хариу мэдэгдээгүй байна.

Харин Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлийн дүгнэлтийн нарийн бичгийн дарга С.Д******* 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлийн дүгнэлтийн хуулбарыг “Т*******” ХХК-ийн төлөөлөгч Б.А*******д 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн байна.

Ашигт малтмалын газрын Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлийн дүгнэлт нь Ашигт малтмалын газрын даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 тоот тушаалын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 3.4-т “дугаар авсан аж ахуй нэгж нь өргөдлийн маягт болон түүнд хавсаргах баримт бичгийн хамт өргөдөл хүлээн авах дугаарт заасан хугацаанд ирээгүй тохиолдолд тухайн өргөдөл хүлээн авах дугаарыг хүчингүйд тооцно” гэснийг баримтлан “Т*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн Х******* дугаартай өргөдлийг хүлээн аваагүй нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

“Түшиг ээл” ХХК нь “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х******* дугаартай өргөдөл”-ийг Ашигт малтмалын газарт гаргахдаа ашигт малтмал хайхад тавигдах ерөнхий шаардлага, хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, Ашигт малтмалын газраас тогтоосон журмын дагуу өрсөлдөн шалгарч авсан эрхийнхээ дагуу гаргасан байна.

“Т*******” ХХК нь хуульд заасан нөхцөлийн дагуу Дундговь аймгийн Луус сумын нутагт Түшигт гэх газарт плантешийн L кодтой 810 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлөөр хайгуул хийх ажлын төлөвлөлт, бэлтгэл, үйл ажиллагааг эхлүүлэх цаг хугацаа, хөрөнгө, зардал зэргээр хохирч байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс “Т*******” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х******* дугаартай өргөдөл”-ийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй тул “өргөдөл”-ийг хавсралтын хамт хүлээн авч бүртгэхийг АМГ-ын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулан өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэж байна. Үүнд:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Дундговь аймгийн Луус сумын нутагт орших “Түшигт” нэртэй талбайн 810 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Х******* дугаартай, ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийг Ашигт малтмалын газрын тогтоосон журмын дагуу өрсөлдүүлэн шалгаруулсан боловч “бүртгэлийн хугацаа”-г хождуулсан шалтгаанаар “өргөдөл”-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх (Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно) хэсгийг зөрчиж бүртгэхээс татгалзсан байна. Гэтэл “Т*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Х******* дугаартай, ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад “Т*******” ХХК-ийн “өргөдөл”-д заасан “Дундговь аймгийн Луус сумын нутаг Түшигт гэх газарт планшетийн L кодтой 810 га талбайд Ашигт малтмалын газраас "Мэйн ланд блайкгоулд" ХХК-ийн “Х201510123062 дугаартай, ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахдаа өргөдлийн талбайг Дундговь аймгийн Луус сумын L, мөн аймгийн Хулд сумын L-48-92 гэж өөрчлөн нэмэгдүүлэх, улмаар давхцуулан олгох шийдвэрийг гаргасан байна. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1104 дүгээр шийдвэрийн “Дундговь аймгийн Луус сумын нутаг Түшигт гэх газарт планшетийн L кодтой 810 га талбай” хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах.

 АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 сарын 09-ний өдрийн ХV-019621 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийн Дундговь аймгийн Луус сумын L талбайн 810 га-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

“Т*******” ХХК-ийн Дундговь аймгийн Луус сумын нутагт орших “Түшигт" нэртэй талбайн 810 га талбайд ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл хүссэн “Х******* дугаартай, ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийг хүлээн авч бүртгэх, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг нэхэмжлэлд заасан “Дундговь аймгийн Луус сумын нутаг Түшигт гэх газарт планшетийн L кодтой 810 га талбай”-д олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компанийн захирал Г.Г нь тухайн үед Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж Дундговь аймгийн Луус сумын Түшигт гэх газар 810 га ердийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн учир тус газрын Кадастрын хэлтэс 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цахим өрсөлдөөнд оруулан Х******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зөвшөөрч өргөдлийн маягтыг өгсөн. Энэ өргөдлийн дагуу бичиг баримт бүрдүүлж 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 10 минутаас 10 цаг 30 минутын хооронд өгөх ёстой байсан. Гэвч хүндэтгэх шалтгааны улмаас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутанд Кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.М*******д гардуулж өгөхөд заасан хугацаанаас хоцорсон учраас 17 цаг 30 минутаас өмнө хоцорсон шалтгаанаа тайлбарласан албан ёсны бичигтэй ирээрэй гэсэн. Энэ үед Г.Г захирал мэргэжилтэн н.М*******ын хамт Кадастрын хэлтсийн дарга н.Ч******* дээр орж уулзахад н.М*******ыг өөрөө мэдээд шийд гэсэн. Гэсэн ч тодорхой шалтгаан заалгүй огт хүлээн аваагүй. Үүнтэй холбогдуулан удаа дараа гомдол гаргасаар байсан ч гомдлыг шийдвэрлээгүй байж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уг газрыг өөр компанид өгөхөөр шийдвэр гаргасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлагуудыг хангасан  “Т*******" ХХК-ийн гаргасан өргөдлийг бүртгэх ёстой байтал бүртгээгүй нь нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмалын газарт гомдол гаргасан. Энэ гомдлыг үндэслэж Ашигт малтмалын газрын дарга энэ асуудлыг маргаан таслах комиссоор шийдвэрлүүлсний дараа шийднэ гэсэн хариу өгөөд байсан хэрнээ тухайн газрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Тодруулсан шаардлагаа 2016 оны 11 дугаар сарын 03-ны өдөр өгсөн. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн а******* тоот тушаалаар баталсан журмыг мөн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 тушаалаар баталсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврыг зөрчиж олгосон байсан тул гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үеэр энэ бүхнийг тодорхой болно гэж үзэж байгаа. Яагаад Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1104 дугаартай шийдвэрийг цуцлуулах үндэслэл бий болсон талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан.

Дотоод зааварт тодорхой заасан. Цахим сонгон шалгаруулалтаар тэнцэж ирсэн хуулийн этгээдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авч бүртгэх тухай байгаа. Эхнээсээ өргөдлийг хүлээн аваагүй. Ашигт малтмалын газрын өргөдөл хүлээн авдаг хүн энэ зааварт зааснаар хүлээн аваагүй шалтгаанаа тодорхой бичиж өгөх ёстой байсан. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга н.Ч******* гэх хүн гуравдагч этгээдэд эрх олгосон. Гэтэл энэ маргаанд н.Ч******* дарга өөрөө 09 дүгээр сарын 22-ны өдөр хариу бичиж өгсөн. Үүнтэй холбогдуулаад тухайн үед дарга нь өөрөө тухайн газар өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг түр түдгэлзүүлж цохолт хийсэн. Гэтэл 10 дугаар сарын 16-ны өдөр шалгаруулалт явуулсан нь хууль зөрчиж байна. Дотоод журам нь Ашигт малтмалын тухай хуульд нийцэж гарсан журам юм гэж гуравдагч этгээд хэлж байна. Нийцэх нийцэхгүйг би мэдэхгүй. Энэ зааврыг дагаж хүний өргөдөл гомдлыг хүлээж авахгүй байсаар ийм байдал үүссэн. Хуулиас дээгүүр заавраа мөрддөг газар гэж байхгүй гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шат дараалан гаргасан. 

Өргөдлийг бүртгэх асуудал дээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тухайн үед энэ талаар шалгаж, нэг мөр болгохын оронд уг газар дээр 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг нийтэд зарлаж гуравдагч этгээдийн компанийг оролцуулан, түүнд цахим эрх олгосон эсэх нь тодорхойгүйгээр тусгай зөвшөөрлийн хайгуулын өргөдлийг хүлээж авсан асуудал нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан. Тухайн үед манай компанийг хууль зөрчсөн эсэх талаар эрх бүхий байгууллага шийдвэрлэх боломжтой байсаар байхад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч өөр байгууллагад олгосон явдал нь нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөж байгаа учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1104 дугаартай шийдвэр гарах хууль зүйн үндэслэл байхгүй. Яагаад гэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Ашигт малтмалын газрын дотоод журамд зааснаар бол уг газар дээр өөр аж ахуй нэгж байгууллагын байгууллагын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авах ёсгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1104 дугаартай шийдвэрийн дагуу гуравдагч этгээдэд олгосон тусгай зөвшөөрөл нь анх гаргасан өргөдөлтэй зөрчилдөг ба гуравдагч этгээдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан өргөдөл дээр Дундговь аймгийн Луус сумын L гэсэн дугаартай талбайд өргөдөл гаргахийг хүлээж авсан ба мөн Дундговь Хулд сумын L-48-92 талбайтай нийлж, нийтдээ 2609 га газрыг хүлээж авах тухай өргөдлийг хүлээж авсан байдаг. Гэтэл тодорхойгүй байдлаар 2609 га газар биш, харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрт уг газрын хэмжээ 2613.03 га болж ихэссэн ба энэ нь тодорхойгүй байгаа. 

Гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авах үед тухайн газарт зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтыг хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн. Уг тодорхойлолт нь дээр татгалзах зүйл байхгүй боловч лавлах зүйл байна гэсэн байдаг. Энэ нь Дундговь аймгийн Луус, Хулд сумын 2613.03 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудал нь маргаантай байж болзошгүй юм гэж хэлэхэд энэ талаар тодруулахгүй тусгай зөвшөөрөл олгосон асуудал нь нэхэмжлэгч компанийн эрх ашиг, сонирхлыг зөрчиж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд дараах баримтыг ирүүлсэн байдаг. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 07/1075 албан бичгээр гуравдагч этгээдийн өргөдөл заасан талбайн нь Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор батлагдсан талбайд хамаарагдаж байгаа ба нийтэд зарлагдсан гэж хэлдэг. Гэтэл Ашигт малтмалын газар нь 7 хоног дутам Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах талбайг нийтэд зарладаг, цахим мэдээллийг нийтэд зарладаг, цахим зарлалыг өөрийн вэб сайт нь дээр тавих ёстой байсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн тайлбар

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т*******” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан тус компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Кадастрын хэлтсийн шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

“Т*******“ ХХК нь Дундговь аймгийн Луус сумын нутаг дэвсгэрт орших “Түшигт” нэртэй талбайд 810 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаарыг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр авсан бөгөөд уг өргөдлийг хүлээн авах хугацаа нь 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 15 минутаас 10 цаг 30 минутын хооронд бүртгэгдсэн.

Нэхэмжлэгч нь дээрх заасан цагт уг өргөдлийг материалын хамт Кадастрын

хэлтэст ирүүлээгүй байсан бөгөөд үүнээс хойш 1 цагийн дараа буюу 11 цаг 30 минутад ирж өргөдлийг Кадастрын хэлтсийн ажилтанд өгөх үед бүртгэх боломжгүйг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 34 тоот, мөн сарын 22-ны өдрийн 01/35 тоот албан бичгүүдээр түүний төлөөлж өргөдлийг Кадастрын хэлтэст бүртгүүлэх ажилтны хамаатан зам тээврийн осолд орсноос биечлэн ирэх боломжгүй болсныг түүнээс тухай өдрийн 10 цагт мэдээд өргөдлийг тус компанийн захирал Г.Г би өөрийн биеэр уг өргөдлийг бүртгүүлэхээр ирсэн боловч цагтаа амжаагүй тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хүсэлтийг манайд ирүүлсэн. Эдгээр бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 6-7367 тоот албан бичгээр дээр дурдсан цахим дугаарын дагуу өргөдлийг заасан цагт өргөдлөө бүртгүүлээгүй байгаа нь өргөдлийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байгааг тогтоосон.

Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 тоот тушаалаар баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 3 дугаар зүйлийн 3.1-т “ дугаар авсан аж ахуйн нэгж нь өргөдлийн маягт болон түүнд хавсаргах баримт бичгийн хамт өргөдөл хүлээн авах дугаарт заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд тухайн өргөдөл хүлээн авах дугаарыг хүчингүйд тооцно” гэж заасан тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 6 7367 тоот албан бичгээр түүнд мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нь өмнө гаргасан хүсэлтээ дахин 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 85 тоот албан бичгээр манайд гаргасныг тус газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэс хүлээн авч шалгаад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өргөдөл хүлээн авах дугаарт заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаарх зохицуулалт байхгүй байгаа тул тус газрын даргын дэргэдэх Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлөөр түүний хүсэлтийг шийдвэрлэхээр болсон. Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлөөр тус хэлтсийн тайлан, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг холбогдох материалын хамт судлан үзээд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны дүгнэлтээр “Т*******“ ХХК-ийн хугацаа хэтрүүлсэн өргөдлийг хүлээн авч  шийдвэрлээгүй Кадастрын хэлтсийн үйлдэл нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилж, ихэсгэсэнтэй холбогдуулж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Т*******” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12  дугаар сарын 07-ны өдрийн 1104 дүгээр шийдвэрийн Дундговь аймгийн Луус сумын нутаг Түшигт гэх газарт планшетийн L кодтой 810 га талбайд хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах; 2...XV-019621 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийн Дундговь аймгийн Луус сумын L талбайн 810 га-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлагууд үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1104 дүгээр шийдвэрээр 11 аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд түүний дотор “NE026612 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Дундговь аймгийн Луус, Хулд сумын Дэл нэртэй 2613.03 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Майн ланд блайкгоулд" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч “...1104 дүгээр шийдвэрийн Дундговь аймгийн Луус сумын нутаг Түшигт гэх газарт планшетийн L кодтой 810 га талбайд хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах"-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд нэгэнт Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр олгогдсон тусгай зөвшөөрлийн 2613.03 га талбайгаас нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан 810 га талбайд хамааралтай хэсгийг “хүчингүй болгох” нь эрх зүйн үндэслэлгүй шаардлага болно.

 Кадастрын хэлтсийн даргын хууль ёсны үндэслэл бүхий шийдвэрээр олгогдсон Х\/-019621 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон 2613.03 га талбайгаас 810 га-д холбогдох хэсгийг нь хүчингүй болгоно гэдэг нь эрх зүйн үндэслэлийн хувьд ч, логикийн хувьд ч үндэслэлгүй шаардлага болно.

Нэмэгдүүлсэн  шаардлагын “Т*******” ХХК-ийн...Х******* дугаартай. өргөдлийг хүлээн авч бүртгэх, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг...олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэсэн нь мөн л үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, Х******* дугаартай өргөдлийн цахим дугаар авсан бөгөөд уг цахим дугаарт заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 15 минутаас 10 цаг 30 минутын хооронд өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан холбогдох материалын хамт тус газарт бүртгүүлэх ёстой байсан. Гэвч заасан хугацаанд өргөдлөө холбогдох материалын хамт ирүүлээгүй тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй болно.

Гэтэл тухайн өргөдөл нь бүртгэгдээгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдлийг хянан шийдвэрлэх журамд заасан ажиллагаанууд хийгдээгүй байхад тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа нь огт үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн тайлбар

Гуравдагч этгээд “Мэйн ланд блайкгоулд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Ашигт малтмалын газраас “Т*******” ХХК-д олгосон өргөдлийн дугаарыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцсэн. Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь шүүхэд “тус компанид олгогдсон цахим дугаарын дагуу 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 15 минутаас 10 цаг 30 минутын хооронд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах ёстой байсан ч 11 цаг 30 минутанд өргөдлөө гаргасан ... Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 3.4-т ...” гэснийг баримтлан "Түшээт ээл” ХХК-ийн ... өргөдлийн дугаарыг хүчингүйд тооцож. Өргөдлийг хүлээн аваагүй... энэхүү шийдвэр нь ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 (энэ хуулийн 7.1 болон 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно) дэх хэсгийг зөрчиж байх тул дээрх өргөдлийг хүлээн авч бүртгэхийг тус газрын кадастрын хэлтэст даалгах тухай” утга агуулга бүхий нэхэмжлэл гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь ... энэ хууль ..., эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан байдаг. Өнөөдөр Монгол Улсад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох харилцааг Ашигт малтмалын тухай хууль болон уг хуульд нийцүүлэн гаргасан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавраар нарийвчлан зохицуулж байгаа бөгөөд эдгээр нь ил харилцаан дахь ашигт малтмалын эрх зүйн эх сурвалжийг бүрдүүлж байна. Тус зааврын 3 дугаар зүйлийн 3.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл бүртгэх асуудал хариуцсан мэргэжилтэн цахимаар олгогдсон өргөдлийн дугаарын дагуу, заасан цагт өргөдлийг хүлээн авна” болон 3.4-д “дугаар авсан аж ахуйн нэгж өргөдлийн маягт болон түүнд хавсаргах баримт бичгийн хамт өргөдөл хүлээн авах дугаарт заасан хугацаанд ирээгүй тохиолдолд тухайн өргөдөл хүлээн авах дугаарыг хүчингүйд тооцно” гэж тус тус заасан байдаг. Энэхүү үйл ажиллагааны дотоод заавар нь ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг бүрдүүлж буй, нийтээр заавал дагаж мөрдөх, императив шинж чанар бүхий, эрх зүйн хэм хэмжээний акт юм. Ийнхүү хүчин төгөлдөр эрх зүйн хэм хэмжээний актыг үндэслэж гарсан шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс “Т*******” ХХК-ийн цахим бүртгэлийн дугаарыг хүчингүй болгож шийдвэрлэснийг Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, хууль ёсных гэж үзэж байна. “Т*******” ХХК-ийн өргөдөл хүлээн авах хугацааг хэтрүүлсэн явдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулсан эрх зүйн дээрх эх сурвалжуудад “хүндэтгэх үзэх шалтгаан”-ны талаарх харилцааг зохицуулаагүй. Харин Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт өвчтэй, өвчтөн асарсан, хорио цээр, гэнэтийн аюул, давагдашгүй хүчин зүйл гэх нийт 9 тохиолдлыг хуульчилсан байна. Гэвч нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гагцхүү гүйцэтгэх захирал байх ба түүний тайлбарлаж байгаачлан хариуцсан төрөл садангийн хүн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр авто осолд орсон явдал нь 09 дүгээр сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахад ийнхүү татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл нь ийнхүү хугацаа хэтрүүлсэн явдал нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал бөгөөд хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд огт хамааралгүй зүйл болно. Иймд “Т*******” ХХК-ийн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 Гуравдагч этгээд “Мэйн ланд блайкгоулд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэсэнтэй холбогдуулж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч тал 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1104 дүгээр шийдвэрийн ... планшетийн L кодтой 810 га талбайд хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах, ХV-019621 дугаартай тусгай зөвшөөрлийн мөн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон планшетийн L кодтой 810 га талбайд өргөдлийг хүлээн авч бүртгэх, ... хайгуулын тусгай зөвшөөрлийг L кодтой 810 га талбайд олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж тус тус дурджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа Кадастрын хэлтэс өргөдлийг бүртгэхээс татгалзаж, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно.” гэж заасныг зөрчсөн гэж дурджээ. АМтХ-ийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 нь өргөдлийг хүлээн авсны дараагаар тодорхой шүүлт, хяналт хийсний дараагаар анхлан өргөдлөө бүртгүүлсэн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт юм. Хэрэв хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, энэ талаарх шалтгаан үндэслэл бүхий хариуг өргөдөл гаргагчид хүргүүлэхээр мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д тодорхой заасан. Гэтэл нэхэмжлэлд дурдаж буй маргааны үйл баримт нь бодит байдал дээр АМтХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д заасан хүсэлт хүлээн авахаас татгалзсан явдал биш Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын дагуу өргөдөл хүлээн авах дугаарыг хүчингүй болгосон тусдаа үйл ажиллагаа юм. Түүнчлэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад дурдсан “хүчингүй болгуулах тухай” гэх шаардлага нь маргаан бүхий захиргааны акт нь хүчингүй болгуулах тухай юу эсхүл тухайн акт нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь огт тодорхойгүйгээс гадна, гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон 1104 тоот шийдвэр нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдөл огт гаргаагүй, түүнийг зохих журмын дагуу бүртгүүлээгүй этгээдийн ямар субъектив эрхийг зөрчсөн, цаашилбал АМтХ-ийн аль зүйл заалтыг зөрчсөнийг нотолж чадахгүй байна.

Гуравдагч этгээдээс 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбарт дурдсанчлан нэхэмжлэлд дурдагдаж буй тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар нь Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь ... энэ хууль ..., эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасны дагуу ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг бүрдүүлж буй, нийтээр заавал дагаж мөрдөх, императив шинж чанар бүхий, эрх зүйн хэм хэмжээний акт юм. Ийнхүү хүчин төгөлдөр эрх зүйн хэм хэмжээний актыг дагуу авсан арга хэмжээг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “Т*******" ХХК-ийн цахим бүртгэлийн дугаарыг хүчингүй болгож шийдвэрлэснийг Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй. хууль ёсны үйл ажиллагаа юм.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу өөрчлөхөд нэхэмжлэлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа  Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1104 дүгээр шийдвэрийн талаарх шүүхэд нэхэмжлэл гаргах талаар мэдэж байсан ба энэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд “...өргөдөлд дурдсан талбай дээр 101 дугаартай өргөдлөөр давхцуулан өөр компанид олгож Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин ...” гэж дурдсанаас тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэгч тал уг зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна.

Иймд ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргана” гэж заасны дагуу “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай Кадастрын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1104 тоот шийдвэрийн 810 га талбайд хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч компанид дээрх 810 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах гэсэн хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага байна. Нэхэмжлэгч талын өргөдлийг бүртгэхээс татгалзсан үйлдэл нь Ашигт малтмалын тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасан “энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлагыг хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно“ гэсэн заалтыг зөрчсөн гэж байна. Ашигт малтмалын тухай хуулийг аваад үзэхэд 18 дугаар зүйлд өргөдлийг хүлээн авч бүртгэсний дараа хяналт шүүлт хийгдээд шаардлага хангасан тохиолдолд хүлээн авч бүртгэдэг. Бусад тохиолдолд 19.2.1-т заасны дагуу өргөдлийг хүлээн авч бүртгэхээс татгалзаад энэ талаар шалтгаан үүсгэж хариуг өргөдөл гаргагчид хүргүүлдэг зохицуулалттай. Тогтоосон цаг хугацаанд ирээгүй учраас өргөдлийг хүлээн авч бүртгэх цахим дугаарыг хүчингүй болгосон. Тэрнээс нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг өргөдлөө гаргаад бүртгүүлсэн зүйл огт байхгүй. Энэ дээр үе шат дарааллыг анхаарч үзэх хэрэгтэй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодорхой шийдвэр, лицензүүдийг хүчингүй болгуулах гэж заасан. Энэ нь яг юу гэж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүйгээс гадна гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр нь нэхэмжлэгч талын ямар эрх ашгийг яаж зөрчсөн юм. Мөн цахим дугаарыг хүчингүй болгосон үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн аль зүйл заалтыг зөрчөөд байгаа нь тодорхойгүй. Манай зүгээс хариу тайлбартаа Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. Нэгэнт хуульд нийцээд хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол журмын дагуу тусгай зөвшөөрлийн дугаарыг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй биш.  Г.Г захирал хугацаанаас хоцорсон нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарладаг. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.“хүндэтгэн үзэх шалтгаан” гэж 4.1.8.а. өвчтэй, 4.1.8.б. эмчилгээ хийлгэж байгаа, 4.1.8.в. өвчтөн асарсан, 4.1.8.г. томилолтоор гадаад, дотоодод ажилласан, 4.1.8.д. сургалтад хамрагдсан, 4.1.8.е. нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, 4.1.8.ё. нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, 4.1.8.ж. галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг хэлнэ гэж заасан байдаг. Хариуцсан менежерийн ах дүү осолд орсон гэсэн заалт байхгүй. 

Мөн 09 дүгээр сарын 16-ны өдрийн цагдаагийн газрын тодорхойлолтын үзэхэд 09 дүгээр сарын 15-ны өдөр осол гарсан байдаг. Гэрчийн мэдүүлгээс харахад 11 цаг 40 минутанд Г.Г өөрөө ч ирээгүй н.А******* гэх хүн ирсэн байдаг. Осолд орсон хүн нь хэн нь тодорхойгүй. Үүнийг ярьж байгаа шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаантай хамааралгүй дотоод зохион байгуулалтын асуудал. Нэхэмжлэл гаргахдаа ч Захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрөх юм бол мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой гэсэн заалтыг мөн зөрчсөн. н.Ү******* дарга цохолт хийсэн байхад яагаад лиценз олгож байгаа юм гэж бас ярьдаг. Хэргийн материал дээр тодорхой байгаа. 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан өргөдлийг нь тэр дор нь хүлээж аваад ахиж энэ талбайд тухайн өдрөөс эхлэн өргөдөл хүлээн авахгүй гэж цохсон байдаг юм билээ. Гэтэл манайх өмнө нь 10 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргаад 12 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гарсан.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь дээр хүчингүй болгуулах, даалгах гэсэн зүйлүүд байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д хамгийн түрүүлж өргөдөл гаргаад бүртгүүлсэн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох асуудал байгаа. Өргөдөл гаргах, гаргасан өргөдлийг хянаж үзээд бүртгэх 2 тустай өөр зүйл байгаа. Хэрвээ өргөдөл нь шаардлага хангаагүй тохиолдолд өргөдлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалт нь мөн хуулийн 19 дүгээр зүйл дээр маш тодорхой заасан. Гэтэл “Т*******” ХХК нь өргөдлөө бүртгүүлээгүй байж тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү гэж хүсч байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хожуу гарсан захиргааны актыг нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа гээд хүчингүй болгуулах гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч талаас уг актыг маргаан бүхий захиргааны акт гэж үзэж байгаа юм уу? Эсвэл илт бус захиргааны акт гэж үзэж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Энэ талаар дурдаж тодруулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүртгүүлж чадаагүй гэдэг тайлбарыг хэлдэг. Хүндэтгэн үзэх шалтгааны талаар Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд огт хамааралгүй юм. Урьдчилсан шийдвэрлэх комиссын дүгнэлт нь дээр өөрөө хэлсэн байдаг. “Би уг нь хотод орж ирсэн. Гэхдээ зам түгжрээд амжаагүй” гэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд осол 14-ний өдөр гарсан, мөн гэрчийн мэдүүлэг гэх мэт баримтуудаас үзэхэд зөрүүтэй зүйлүүд байдаг. Тиймээс энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан бол биш. Уг газар манай компанийн зүгээс 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 91 сая төгрөгийн зардал гаргасан. Тиймээс уг захиргааны актыг хүчингүй боллоо гэхэд уг зардалтай холбоотой асуудал яригдах байх. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн шийдвэрийг хүчингүй болгож, “Т*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийг анх гаргажээ.

 Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “1.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1104 дүгээр шийдвэрийн “Дундговь аймгийн Луус сумын нутаг Түшигт гэх газарт планшетийн L кодтой 810 га талбай” хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах, 2.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ХV-019621 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийн Дундговь аймгийн Луус сумын L талбайн 810 га-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3.“Т*******” ХХК-ийн Дундговь аймгийн Луус сумын нутагт орших “Түшигт" нэртэй талбайн 810 га талбайд ашигт  малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Х******* дугаартай, eрдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийг хүлээн авч бүртгэх, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг нэхэмжлэлд заасан “Дундговь аймгийн Луус сумын нутаг Түшигт гэх газарт планшетийн L кодтой 810 га талбай”-д олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү”  гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ /хх 157-158/.

Нэхэмжлэгч нь “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хоцроосон, хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарласан байтал тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас хариуцагч татгалзсан, хүлээж аваагүй шалтгаанаа өргөдөлд заасан хайгуулын талбайг хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн /ерөнхий шаардлага, хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг бүрэн хангасан/ этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олголгүй  гуравдагч этгээдэд олгосон, ” гэж маргажээ. 

Нэг.Маргааны үйл баримтын талаар:

1.Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь Ашигт малтмалын газарт хандаж Дундговь аймгийн Луус сумын нутагт дахь Түшигт гэх газарт планшетийн L кодтой, 816 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х******* дугаар бүхий өргөдөл хүлээн авах дугаарыг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр авчээ. Энэ өргөдөл хүлээн авах дугаар олгогдсоны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 15 минутаас 10 цаг 30 минутын хооронд  хариуцагчаас хүлээн авахаар заасан байна /хх-9, 36, 45/.

Нэхэмжлэгч талаас өргөдөл хүлээн авах дугаарт дурдсан 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 15 минутаас 10 цаг 30 минутын хооронд хүрэлцэн очоогүй,  харин энэ хугацаанаас хойш 1 цагийн дараа буюу 11 цаг 30 минутад хүрэлцэн очиж өргөдлөө холбогдох материалын хамт хүлээлгэн өгөх үед өргөдлийг бүртгэдэг ажилтнаас өргөдлийг хүлээн авч, бүртгэхээс татгалзсан, өргөдлийг бүртгэдэг ажилтнаас “цаг хоцорсон тул бүртгэхгүй, 17.30 минутаас өмнө бодит шалтгаанаа тайлбарласан бичгийн хамт, бүрдүүлбэртэйгээ ирээрэй” гэсэн тайлбараар өргөдлийг хүлээн авч бүртгээгүй  байна. Энэ байдал нь нэхэмжлэгчийн тайлбар /хх 1-2/, Татгалзсан өргөдлийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хх-48-49/, тухайн өргөдлийг хүлээн авах өдөр бүртгэлийн ажил хариуцаж байсан мэргэжилтэн М.М*******ын “Т*******” ХХК нь өргөдөл гаргах 15 минутын хугацаандаа ирээгүй, ...хэлтсийн даргатай уулз гэсэн..., Над дээр н.Г гэж хүн 5 цагт ирээд н.Ч******* дарга руу хамт орсон. Надад ямар нэгэн чиглэл өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-203, 204/ зэргээр тогтоогдож байна. 

2.Нэхэмжлэгч компаниас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 34 албан бичгээр өргөдлийг хүлээн авах хугацаандаа гаргаж чадаагүй шалтгаанаа тайлбарлан, шалтгааныг харгалзан үзэж өргөдөл бүртгэх эрхийг сэргээж өгөх агуулгатай хүсэлт /хх 30/-ийг гаргажээ. 

Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 6/7377дугаар албан бичиг /хх-33/-ээр нэхэмжлэгч “Т*******” ХХК-д “...Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 3.4-д ” дугаар авсан аж ахуй нэгж нь өргөдлийн маягт болон түүнд хавсаргах баримт бичгийн хамт өргөдөл хүлээн авах дугаарт заасан хугацаанд ирээгүй тохиолдолд тухайн өргөдөл хүлээн авах дугаарыг хүчингүйд тооцно” гэж заасны дагуу танай компанид олгогдсон өргөдлийн дугаар хүчингүй болсон байна. Иймд ... олгогдсон цагт өргөдлөө гаргаагүй байх тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариуг өгчээ. 

Нэхэмжлэгч компаниас Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/35 тоот албан бичиг /хх-30, 183/-ээр шалтгааныг харгалзан үзэж өргөдөл бүртгэх эрхийг сэргээж өгөх хүсэлтийг дахин гаргажээ.  

Уг албан бичгийн хариуг хариуцагч байгууллагаас амаар өгсөн гэдэг нь “2015-09-22-ны 6-7367 тоот албан бичгээр хариу өгсөн тул дахин хариуг амаар өгөв” гэсэн тэмдэглэгээг ирсэн бичгийн бүртгэлийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8067 дугаар карт, гэрч М.М*******ын мэдүүлэг /хх 35, 182, 204/ зэргээр тогтоогдож байна. 

3.Үүний дараа нэхэмжлэгчээс 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 85 тоот албан бичиг /хх 56/-ээр “... манай компани шударгаар өрсөлдөж авсан өргөдлийн дугаараараа бүртгүүлэхийн тулд Ашигт малтмалын газарт албан бичгээр хүсэлт тавиад хүлээгдэж байх хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 19-нд манай компанийн мэдүүлсэн координатын цэгтэй яг давхцуулан тухайн өдрийн өргөдлийн 101 дэх дугаарыг өөр компани бүртгүүлэн авсан байна. Иймд ... манай компанийн асуудлыг шийдтэл нөгөө компанийн өргөдөл болон бусад асуудлуудыг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг /хх-56/ Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******д гаргажээ.

Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*******гаас “ХШҮСМХ, КХ-т Хүсэлтийг судалж, шалгаж танилцуулах, ХШҮСМХ-ийн дүгнэлт гартал энэ талбайд өргөдөл хүлээн авах ү.а түр түдгэлзүүлэх” гэсэн цохолт /хх 55/ бичжээ. 

Уг цохолтын дагуу Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс  “Т*******” ХХК-ийн гомдлыг хянан үзэж, хяналт шинжилгээний ажлын тайлан /хх 57-58/ гаргасан гэдэг нь уг тайлан болон гэрч Б.Хонгорзулын мэдүүлэг /хх 200/ зэргээр тогтоогдож байна. Энэ ажлын тайлангаар “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааварт дугаар авсан аж ахуй нэгж өргөдөл хүлээн авах дугаарт заасан хугацаанаас тухайн өдрөө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хоцорч ирсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулалт байхгүй байна. Иймд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өргөдөл өгөх хугацаандаа амжиж ирээгүй “Т*******” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авах эсэхийг Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх зөвлөлөөр хэлэлцүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ. 

Улмаар захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх 10-11, 59-60/-ээр “Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 тоот тушаалаар баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 3 дугаар зүйлийн 3.4-т “дугаар авсан аж ахуйн нэгж нь өргөдлийн маягт болон түүнд хавсаргах баримт бичгийн хамт өргөдөл хүлээн авах дугаарт заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд тухайн өргөдөл хүлээн авах дугаарыг хүчингүйд тооцно” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг хүлээн авч бүртгээгүй нь журмыг зөрчөөгүй байна. “Түшиг ээл” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүссэн өргөдлийг өргөдөл хүлээн авах дугаарт заасан хугацаанд ирээгүй тохиолдолд тухайн өргөдөл хүлээн авах дугаарыг хүчингүйд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар гомдлыг хангах үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ. 

4.“Мэйн ланд блайкгоулд” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмалын газарт хандаж Дундговь аймгийн Хулд, Луус сумуудын нутагт планшетийн L, L-48-92 кодтой 2609 га бүхий Дэл /газрын нэр/ талбайд ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х201510123062 дугаар бүхий өргөдлийн дугаар /хх-45/-ын дагуу цаг авч, өргөдлийн бүртгэлийн NE-026612 дугаараар тус компанийн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авчээ /хх 125/.  

Ашигт малтмалын газраас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6/8248 дугаар албан бичиг /хх 124/-ээр Дундговь аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1104 дугаар шийдвэр /хх 113/-ээр “Мэйн ланд блайкгоулд” ХХК-д Дундговь аймгийн Луус, Хулд сумын Дэл нэртэй 2613.03 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэжээ. 

Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6/8248 дугаар албан бичиг /хх-123/-ээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг  олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэж, Ашигт малтмалын хайгуулын XV-019621 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл /хх 41-43, 120-122/-ийг олгожээ. 

Гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл авсан Дундговь аймгийн Луус, Хулд сумдын нутаг Дэл нэртэй 2613.03 га талбайд Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор баталсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солиболд хамаарагдаж, нийтэд мэдээлэгдсэн талбай гэдэг нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 7/1075 дугаар албан бичиг /хх 181/-ээр тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч өргөдөл гаргах хугацаандаа очоогүй өдөр /2015 оны 09 дүгээр сарын 16/-өөс 1 сарын дараа,  нэхэмжлэгч түдгэлзүүлэх хүсэлт /2015 оны 11 дүгээр сарын 11/ өгснөөс өмнө гуравдагч этгээд компани хайгуулын тусгай зөвшөөрөл авах /2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр/ өргөдлөө гаргасан. Хариуцагчаас нэхэмжлэгчийн түдгэлзүүлэх хүсэлтийг 1 сар гаруйн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэрлэж дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авчээ /хх 55/.

Маргааны үйл баримтаас дүгнэхэд 1.нэхэмжлэгчээс өргөдлийн дугаар авсан боловч өргөдөл гаргах тогтоосон цагт хүрэлцэн очоогүй учир өргөдлийг хүлээн авч бүртгэхээс хариуцагч татгалзсан, 2.хүндэтгэх шалтгаанаа тайлбарлан өргөдлийг бүртгэж өгөх хүсэлт гаргасан боловч өргөдлийг бүртгэхээс хариуцагч татгалзсан, 3.хүсэлтийг шийдвэрлэтэл гуравдагч компанийн ашигт малтмалын зөвшөөрөл авах өргөдөл болон бусад асуудлуудыг түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хариуцагч хүлээн аваагүй, 4.нэхэмжлэгч өргөдөл гаргах байсан хугацаанаас хойш гуравдагч этгээд өргөдөл гаргаж, улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл авсан, уг талбай нь Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор баталсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солиболд хамаарагдаж, нийтэд мэдээлэгдсэн талбай зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. 

Хоёр.Хууль зүйн үндэслэлийн талаар:

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд шаардлага хангасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах, тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагуудыг зохицуулжээ. Харин уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д хуульд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор, 18.2-д шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээд батлагдсан маягтын дагуу хуульд заасан баримт бичгийг хавсарган төрийн захиргааны байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргахаар заажээ. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц хуульд заасан  ажиллагаа явуулахаар, 19.1.3-д  бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийхээр,  19.1.4-д энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоохоор заажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газар нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх чиг үүрэгтэй байхаар заажээ. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд Ашигт малтмалын газрын даргаас 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалын хавсралтаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар” /хх 107-114/ баталжээ.

Уг зааврын 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл бүртгэх асуудал хариуцсан мэргэжилтэн нь цахимаар олгогдсон өргөдлийн дугаарын дагуу, заасан цагт өргөдлийг хүлээн авахаар, 3.2-д өргөдлийн бүрдэл хангагдсан эсэхийг шалган хүлээн авч, кадастрын бүртгэлийн санд бүртгэх хугацаа нь 15 минутаас хэтрэхгүй байхаар, 3.4-д  дугаар авсан аж ахуйн нэгж нь өргөдлийн маягт болон түүнд хавсаргах баримт бичгийн хамт өргөдөл хүлээн авах дугаарт заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд тухайн өргөдөл хүлээн авах дугаарыг хүчингүйд тооцохоор заажээ. Мөн зааврын 4 дүгээр зүйлийн 4.7-д Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан түрүүлж ирүүлсэн өргөдөл гэдэг нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлагыг хангасан өргөдөлд хавсаргасан материал нь бүрэн гүйцэд түрүүлж ирүүлсэн өргөдөл байхаар, уг шаардлагыг хангаагүй тохиолдолд дараагийн бүртгүүлсэн хүчин төгөлдөр өргөдөл нь түрүүлж ирсэн өргөдөлд тооцогдохоор заажээ. 

Дээр дурдсан хууль, журмын заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хуулийн 7.1-д заасан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлөгчийн хувьд цахимаар олгогдсон өргөдлийн дугаарын дагуу тогтоосон цагт очиж өргөдлөө гаргах эрхтэй болжээ. Хэрэв нэхэмжлэгч компани өргөдлийн дугаарын дагуу тогтоосон цагтаа очсон тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргаж, Ашигт малтмалын газрын өргөдөл бүртгэх мэргэжилтэн түүний өргөдлийг хүлээн авмагц мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан ажиллагаануудыг явуулж, тухайлбал 19.1.2-д заасны дагуу түрүүнд бүртгэгдсэн өргөдөл эсэхэд тэмдэглэгээ хийж, 19.1.3-д заасны дагуу өргөдөл нь хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийж, хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлагыг хангасан өргөдөлд хавсаргасан материал нь бүрэн гүйцэд тохиолдолд түрүүлж ирүүлсэн өргөдөлд тооцохоор байжээ. 

Гэтэл нэхэмжлэгч компани өргөдлийн дугаарын дагуу олгогдсон тогтсон цагтаа хүрэлцэн очоогүйгээс шалтгаалж дээр дурдсан хууль, журмын заалтын дагуу өргөдлөө гаргах боломжгүй болсон, түүний өргөдлийг хүлээн авч, хамгийн түрүүнд ирүүлсэн өргөдөлд тооцох анхан шатны шүүлт болон өргөдөлд хавсаргасан баримт бичиг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг хариуцагч байгууллага шалгах үндэслэлгүй бөгөөд энэхүү нөхцөл байдалд өргөдлийг хууль, журамд заасны дагуу бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс хүндэтгэх шалтгаанаа тайлбарлан өргөдлийг бүртгэж өгөх агуулга бүхий 2015 оны 09 дүгээр сарын 16-нд гаргасан хүсэлтэд хариуцагчаас 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр буюу 6 хоногийн дараа өргөдөл бүртгэх үйл ажиллагаандаа баримталдаг дотоод зааврыг үндэслэн өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуг өгсөн үйлдлийг мөн хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэтэл гуравдагч компанийн ашигт малтмалын зөвшөөрөл авах өргөдөл болон бусад асуудлуудыг түдгэлзүүлж өгөх агуулга бүхий хүсэлтийг даргаас өгсөн цохолтын дагуу Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэс, улмаар Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх зөвлөлөөр хэлэлцүүлэн үйл ажиллагаандаа баримталдаг журмын заалтыг баримтлан тодорхой дүгнэлтүүд гарган, нэхэмжлэгчид мэдэгдсэн зэрэг үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй бөгөөд бүрэн эрхээ хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар нэхэмжлэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг  өгснөөс хойш 1 сар гаруйн дараа захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөл хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн, зөвлөлийн дүгнэлт гарахаас өмнө гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг дурдах нь зүйтэй. Гэвч энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохооргүй байна. 

Хариуцагч нь гуравдагч этгээд компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан өргөдөл хүлээн авах, бүртгэх хянан шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. 

Үүний учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

              3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйл, 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 7, 8 дугаар зүйлийг баримтлан  нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн “1.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1104 дүгээр шийдвэрийн “Дундговь аймгийн Луус сумын нутаг Түшигт гэх газарт планшетийн L кодтой 810 га талбай” хамааралтай хэсгийг хүчингүй болгуулах, 2.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 сарын 09-ний өдрийн ХV-019621 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийн Дундговь аймгийн Луус сумын L талбайн 810 га-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3.“Т*******” ХХК-ийн Дундговь аймгийн Луус сумын нутагт орших “Түшигт" нэртэй талбайн 810 га талбайд ашигт  малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Х******* дугаартай, eрдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийг хүлээн авч бүртгэх, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг нэхэмжлэлд заасан “Дундговь аймгийн Луус сумын нутаг Түшигт гэх газарт планшетийн L кодтой 810 га талбай”-д олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                         А.САРАНГЭРЭЛ