| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0617/Э |
| Дугаар | 654 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Э Т-д холбогдох эрүүгийн 1811020170671 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овгийн Э.Т, 1993 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, Мөнх-Ариусгал ХХК-д нягтлан ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 17-19 тоотод оршин суух хаягтай,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Амарболдын хүзүүн тус газар хутгалж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ийм хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Дахин хэрэгт холбогдохгүй байж чадна. Хөгшин настай эмээгээ зовоож байгаадаа маш их харамсаж байна. Хохирогчид хохиролд 2 сая төгрөг төлсөн...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч С.Амарболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэмүүлэн хажуунаас хүрч ирээд миний хүзүүний зүүн талын хойд тал руу жижиг хутгаар хутгалсан. Тэгэхээр нь би цааш нь түлхээд хойшоо зугтаагаад байрнуудын урдуур явж байгаад ухаан балартаад газар унасан бөгөөд сэргэхэд цагдаа болон эмнэлэг дээр ирчихсэн байсан. Ийм зүйл болоод цагдаа Т-г авч яваад би Ваанчигравдангийн хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн хүзүүндээ оёдол хийлгэсэн. ..Би Т-тэй бол хэрэлдэж маргасан зүйл байхгүй. Би Сансүндэвийг гэдэс рүү нь цохиод, хавсраад газар унагаасан ба Сансүндэв босоод ирэх үед Тэмүүлэн хажуу талаас миний хүзүүнд хутгалсан...” гэжээ /хх-12/.
Гэрч А.Ваанчигравдан мэдүүлэхдээ: “...шөнийн 05:00 цагийн орчим буцаж машин дээр ирэхэд бөөнөөрөө машиндаа хоноё гэтэл Амарболд, Сансүндэв хоёр хоорондоо муудалцаад байсан. Би бол хол байсан болохоор нээх сайн анзаараагүй. Тэгээд такси бариад Сансүндэвийг яв гэхэд явахгүй байсан ба байрны булан тойроод гараад иртэл Тэмүүлэн Амарболдыг гүйж очоод хүзүү рүү нь цохих шиг болсон. ...Амарболд Сансүндэвтэй муудалцаж байгаад Сансүндэв больсон. Тэгсэн Амарболд харилаа гэтэл Т чи яахаараа бид нарыг хаяад харьдаг юм гээд хүзүү рүү нь цохисон. Би хутгалчихлаа гэж бодоогүй...” гэжээ /хх-21/.
Э.Т нь яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Сансүндэв Амарболд хоёр машинаас буугаад хоорондоо маргалдаад нэг нэгийгээ газар унагаад байсан ба юунаас болж маргаад байгааг нь ойлгоогүй. Би дундуур нь орж салгахад Амарболд миний эрүү рүү 1 удаа гараараа цохьчих шиг болоод зугтаачхаар нь араас нь хөөж өөрт байсан түлхүүрийн оосрын жижиг эвхдэг хутгыг гаргаж ирээд түүний ар хүзүү хэсэгт нь 1 удаа хутгалсан... Би согтуудаа ийм үйлдэл хийсэн байна. Миний буруу...” гэжээ /хх-35-37/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн №8553 дугаар дүгнэлтэд:
“1. С.Амарболдын биед хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн зөрөөгүй хугарал, хүзүүнд шарх, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн зөрөөгүй хугарал, хүзүүнд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-26/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-44-46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Амарболдын хүзүүн тус газар хутгалж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, хохирогч С.Амарболд, гэрч А.Ваанчигравдан нарын мэдүүлэг, шүүгдэгч Э.Тэмүүлэнгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч С.Амарболд “...Эрүүгийн хэрэг шалгах хугацаанд Т-тэй сайн дураар эвлэрсэн. Эмчилгээнд 2.000.000 төгрөг гаргуулан авсан тул ямар нэгэн гомдол, санал байхгүй...” /хх-49-50/ гэсэн байх тул шүүгдэгч Э.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 14 см урттай, хуванцар цагаан иштэй хутганы иж бүрдэл 1 ширхгийг /эвхдэг хутга/ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэмэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 14 см урттай, хуванцар цагаан иштэй хутганы иж бүрдэл 1 ширхгийг /эвхдэг хутга/ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН