| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 2539000000023 |
| Дугаар | 2025/ДШМ/61 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/61
2025 11 12 2025/ДШМ/61
Ш.И, С.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: прокурор Н.А,
Шүүгдэгч Ш.И, түүний өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч С.Н
нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Х-н даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ш.И-н өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч С.Н нарын давж заалдах гомдлоор, шүүгдэгч Ш.И, С.Г нарт холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2.1 Монгол улсын иргэн,
2.2 Монгол Улсын иргэн,
3.1 Шүүгдэгч Ш.И нь С.Г-тэй бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой 20-21 цагийн үед Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газарт хашаатай байсан Д.Ө-н бог малаас 1 хонь, 3 ямаа, Ө.Б-н малаас 2 тооны ямаа, нийт 1 хонь, 5 ямааг машин механизм ашиглан хулгайлсан,
3.2 Шүүгдэгч С.Г нь Ш.И-тэй бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой 20-21 цагийн үед Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг ... гэх газарт хашаатай байсан Д.Ө-н бог малаас 1 хонь, 3 ямаа, Ө.Б-н малаас 2 тооны ямаа, нийт 1 хонь, 5 ямааг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
4. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.И, С.Г нарт холбогдох эрүүгийн ... дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.И, С.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.И, С.Г нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.И, С.Г нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.И, С.Г нарын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.И, С.Г нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8,300,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч Ш.И-с 4,150,000 төгрөгийг, шүүгдэгч С.Г-4,150,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ... УНҮ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч “Н- ББСБ” ХХК-д буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.И, С.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгч Ш.И-н өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ш.И нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн адил өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулж оролцсон. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ш.И-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн А гэх хүнтэй цуг хулгай хийсэн..." гэх мэдүүлгийг онцолж шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3-т заасан хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч Ш.И-н гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч хохирол барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэв.
7. Шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болон зүйчлэлийг хүлээн зөвшөөрч шүүхээс хүлээлгэх хүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ялын доод хэмжээнээс хоёрны нэгнээс багагүй ял оногдуулах санал гаргасныг анхан шатны шүүх "Шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй" гэх хууль зүйн дүгнэлт хийж хүлээн авч шийдвэрлээгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.И-н " А гэх хүнтэй хулгай хийсэн, шүүгдэгч С.Г-н "... аймгаас гарахдаа хулгай хийх гэж байгааг мэдээгүй гэх мэдүүлэгт тулгуурлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаагүй шийдвэрлэсэн нь нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг болгосон императив хэм хэмжээ биш учир өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийг заавал эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-дүгээр зүйлийг журамлах ёстой гэх утга бүхий үндэслэлээр гомдол гаргаагүй ба харин гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх дүгнэлт хийсэн үндэслэлийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна...” гэв.
8. Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-дүгээр зүйлийг журамлах ёстой гэх утга бүхий үндэслэлээр гомдол гаргаагүй ба харин гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх дүгнэлт хийсэн үндэслэлийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна...” гэв.
9. Шүүгдэгч Ш.И, түүний өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч Ш.И-н гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч хохирол барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэв.
10. Прокурор Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
11. Шүүгдэгч Ш.И-н өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч С.Н нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ш.И нарт холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлэхдээ нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулахын зэрэгцээ оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаагүй.
13. Шүүгдэгч Ш.И, С.Г нар нь бүлэглэн, 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой 20-21 цагийн орчим машин механизм ашиглан Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг, “А” гэх газарт хашаатай байсан Ө.Б-н малаас 2 ямааг хулгайлж, 360,000 төгрөгийн, тавиул малын эзэн Д.Ө-н 1 хонь, 3 ямааг хулгайлж 790,000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:
- хохирогч Ө.Б, тавиул малын хохирогч Д.Ө нарын бог мал алдсан талаарх мэдүүлэг /1хх-34-46х/,
- гэрч Э.М-н “А ахын цагаан өнгийн приус 20 маркийн машины араас 5 ямаа, 1 хонины толгой авч, уурын зууханд хуйхлах гээд очтол Д манай ахын хулгайд алдсан ямааны толгойнууд имээрээ таарч байна. Тэгээд цагдаагийн байгууллагад хэлсэн” гэх /1хх-51-55х/,
- гэрч Д.А-н “2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай ...дугаар уурын зууханд ажилладаг И, Г-н хамт зээл төлөх гэсэн юм, машинтайгаа хамт хөдөө яваад хэдэн хонь ямаа аваад ирье гэхээр зөвшөөрч, 100,000 төгрөгт бензин хийгээд Тахилгат тосгоноос зүүн хойшоо 10 орчим км яваад нэг айлаас 200 орчим метрийн зайтай зогссон. Г, И хоёр тэр айл руу явж, Г 4 ямаа 1 хонь тууж машины ард хийсэн. Хонь ямаагаа аймаг борлуулан машины ард 4 ямааны толгой, 1 хонины толгой үлдсэн байсан.” гэх /1хх-56-60х/,
- гэрч Ш.Д-н “...2024 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг өнгөрч байхад цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй И ирээд манайхаас хутга авч, хогон дээр 5-6 тооны хонь, ямаа нядалсан.”гэх /1хх-61-64х/,
- гэрч Д.О-н “...2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5 ямаа, 1 хонь надад И гэдэг залуу зарж, Хас банкны ... дансанд 989.400 төгрөг хийсэн.” гэх /1хх-71-72х/ мэдүүлгүүд,
- Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд /1хх-79-85х/
- Шүүгдэгч Ш.И-н Хас банкны ... дугаартай харилцах дансны хуулга /2хх-21-22х/,
- Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт, 04 дүгээр сарын 06-ны өдрийн 175, 176 дугаартай дүгнэлтүүд /1хх-98-101, 2хх-69-72, 81-84х/ зэрэг болно .
14. Шүүгдэгч нар нь машин механизм ашиглан шөнийн цагаар очиж бусдын эд хөрөнгө болох хашаанд байгаа малыг тууж, машины ард хийн өөр газарт очин айлаас хутга гуйн янзалж, бусдад борлуулсан үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлаж байгаа атлаа шунахайн сэдэлттэй буюу хувийн хэрэгцээгээ хангах, ашиг олох зорилгын үүднээс хүсэж, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
15. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад нийцүүлэн шүүгдэгч нарын үйлдлийг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын мал хулгайлах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар зүйлчилсэн нь тухайн харилцааг зохицуулсан материаллаг хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах зорилгоор гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд, доод хэмжээ зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай зохицуулалт юм.
17. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.И , С.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус бүрд 2 жилийн хорих ял оногдуулан түүнийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасанд нийцнэ.
18. Шүүгдэгч нар нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж, түүндээ чин санаанаасаа гэмшдэггүй, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б, С.Н нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ш.И, С.Г нарын шийтгэх тогтоол гарсан буюу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болсон буюу 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгч Ш.И-н өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч С.Н нарын нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.И, С.Г нарын цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.